cropped-cropped-заhабарлаhан.png

 Танилцуулга 

Ихнүдэн нь анх 2013 оны 10 сараас Шинэ Монгол бүрэн дунд сургуулийг төгсөгчдийн холбооны санаачлагаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, ашгийн бус, цэвэр сайн дурын баг хамт олны нэгдэл юм. Манай хамт олонд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд баклавр, магистрын дамжаанд суралцаж төгссөн, суралцаж буй, цаашлаад гадаад дотоодын нэр хүндтэй компани, албан байгууллагуудад ажиллаж буй эрч хүчтэй залуус багтаж байна. Бид тус тусын суралцах, ажиллах явцад олж авах мэдлэг, боломжийг зөвхөн өөрсөддөө наан үлдээх бус, эх орон Монголынхоо оюутан залуустай ч мөн хуваалцах чин хүслийг тээн энэхүү вэб хуудсыг эрхлэн гаргаж байгаа билээ. Манай хуудсаас та нийгэм, байгалийн ухааны ойлголтуудын талаар сонирхолтой нийтлэлүүдээс гадна, цаг үеийн онц сонирхолтой сэдвүүдийн талаар бидний бэлтгэсэн бичвэрүүд, мөн өөрсдийнхөө онцлог шинжийг шингээсэн цуврал нийтлэлүүдийг маань олж унших боломжтой.

 Нэрний тухай 

Сорхугтани романаараа залуус биднээ хэдийн танил болсон авьяаслаг зохиолч Бямбаагийн Сарантуяа гуайн “Сайн хаан Бат” романаас бид энэхүү хуудасныхаа нэрийг олсон юм. Уг гайхалтай түүхэн романд Алтан Ордны улсын хаан, Зүчийн хөвүүн Батхааны амьдрал үйлсийн талаар өгүүлэх бөгөөд түүнтэй ойр шадар дүрүүдийн дундаас Ихнүдэн хэмээх хүмүүний дүр яахын аргагүй сонирхлыг татдаг билээ. Уг түүхэн дүр нь Батхааны их цэргийн хэвтүүлүүдийн ахлагч, орчин цагийн хэллэгээр тагнуул, туршуул хүн юм. Ажигч гярхайгаараа алдартай энэ хүн, дайн байлдааны өмнө бор морин дээр бор дээл өмсч их цасанд өөрийгөө далдлан, их цэргээс түрүүнд явж, дайсны хүрээний байр байдал, хүч бярыг шинжиж мэдэхийн дээр, зам зуурх нутаг орныг ажин, хаана байлдвал Бат хааны их цэрэгт давуу ашигтай  талаар чухал стратеги, төлөвлөгөөг боловсруулан их хаанд өргөн барьдаг нэгэн байжээ. Тиймдээ ч түүний энэ ажигч гярхай чанараас үүдэн олон түмэн “Ихнүдэн” хэмээх хочийг өгчээ гэж уг романд гардаг. Энэ түүхэн хүмүүний хоч нэрээр зүйрлэн, мэдлэгийн тэргүүн эгнээнд явж өндөр үр өгөөжтэй мэдээ мэдээллийг ард олондоо түгээхийг билэгшээн, бид бүхэн энэхүү хуудсаа “Ихнүдэн” хэмээн нэрлэсэн билээ.

 Үнэт зүйл 

Манай хамт олны үнэт зүйл нь мэдлэгийг SEEK(эрэлхийлэх), SHAPE(боловсруулах), SHARE(хуваалцах) буюу “3S” прожектыг хэрэгжүүлж, баталгаатай, боловсорсон мэдлэгийг Ихнүдэн хуудсаараа дамжуулан уншигч олондоо хүргэх явдалд оршино.