Босоо газар тариалан ба өсгөмөл мах, газар тариалангийн хувьсгал

Хүн төрөлхтөнд тулгамдаад буй хамгийн том асуудлуудын нэг бол яахын аргагүй хүнсний хангамжийн асуудал билээ. Зөвхөн 2014 онд гэхэд л хүн төрөлхтөн хоол хүнснийхээ хэрэглээнд нийтдээ 50 тэрбум толгой тахиа, 1.47 тэрбум толгой гахай, 545 сая толгой хонь, 300 сая толгой үхэр төхөөрсөн байна (далайн гаралтай бүтээгдэхүүнийг оруулаагүй болно).

Жил тутмын махны хэрэглээ малын тоо толгойгоор. ( Доороосоо үхэр, ямаа, хонь, гахай )

 Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, энэ их амьтдыг бие хаа гүйцэж, төхөөрөхөд бэлэн болтол нь тасралтгүй хооллож тэжээх хэрэгтэй гэсэн үг юм. Нэг килограмм цул үхрийн махыг бий болгохын тулд нэг үхэр ойролцоогоор 25 килограмм үр будаа, 15000 литр ус хэрэглэх шаардлагатай байдаг. 7.8 тербум хүмүүсийн идэж хэрэглэх хүнсний ногоо болон гурил будаа, дээрээс нь энэ их хэмжээний үхэр, тахиа зэрэг амьтны тэжээлийг ургуулахын тулд хүн төрөлхтөн өдөр тутам экологийн ширэнгэн ойгоо газартай нь тэгшилж тариалангийн талбай болгож байна. Тиймдээ ч хүн төрөлхтний нийт ялгаруулж буй хүлэмжийн хийний даруй 24% нь махны үйлдвэрлэл болон газар тариалангаас шууд ялгардаг юм. Одоо 2050 он гэхэд дэлхийн хүн ам “9.8 тэрбум” болно гээд та төсөөлөөд үзээрэй.

Тэгвэл хүн төрөлхтөнд нэн тулгамдаад энэхүү хүнсний хангамжийн асуудал болон дэлхийн дулаарлыг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдлүүдийн нэг бол яахын аргагүй “Босоо Газар Тариалан” ба “Өсгөмөл Мах” билээ. Яагаад гэвэл босоо газар тариалан нь уламжлалт газар тариалангийн ашигладаг нийт ус болон талбайн хэмжээний ердөө 10%-г, бас өсгөмөл мах үржүүлэхийн тулд бидэнд мал тэжээх шаардлага бараг огтхон ч байхгүй юм. Ногоог тарьж ургуулахын тулд хөрс ч хэрэггүй, нар ч хэрэггүй, мах үйлдвэрлэхийн тулд нэг ч мал төхөөрөх хэрэггүй гээд боддоо. Гайхалтай биш гэж үү? Тэгвэл энэ мөрөөдлийн мэт технологи яг хэрхэн ажилладаг вэ?

1. Босоо газар тариалан

Босоо газар тариалан нь тасалгаан дотор ногоог ургуулах бөгөөд, уламжлалт арга шиг зөвхөн газрын хөрсөн дээр ургуулах шаардлагагүй болох учир, хавтгай бус гурван хэмжээст эзлэхүүнийг олон давхар ашиглах боломжтой юм.

UrbanKisaan – Энэтхэг дэх босоо тариалангийн компани

 Босоо газар тариалан нь ургамлыг усанд ургуулах болон агаарт ургуулах хэмээх хоёр аргыг ихэвчлэн ашигладаг. Энэ нь: 1) Усанд ургуулах арга (Hydroponics). Энэ нь ургамлыг хөрсөнд бус, усан уусмалд ургуулах арга юм. Тухайн ургамлын үндсийг зөвхөн өсөлтөд нь хэрэгтэй шим тэжээлийг агуулсан уусмалд дүрснээр, илүү хурдан ургахаас гадна, хөрсөнд ургуулах шиг байнга услах хэрэггүй болж, шаардлагатай усны хэмжээ маш бага болно. Энэхүү аргаар улаан лооль, өргөст хэмх, чинжүү зэргийг ургуулдаг. 2) Агаарт ургуулах арга (Aeroponics). Энэхүү арга нь ургамлыг агаарт тогтоож (үндсэн ишийг нь дээш татах маягаар), үндэс болон иш рүү нь шаардлагатай шим тэжээлийг агуулсан уусмалыг цацаж, ургамлын эргэн тойрон дохь агаарыг хангалттай чийгшүүлдгээрээ онцлог. Мөн үндсээрээ агаар дахь хүчилтөрөгчтэй шууд холбогдож байгаа учраас фотосинтез маш эрчимтэй явагдаж, тэр хэмжээгээрээ хурдан ургадаг байна. Агаарт ургуулах аргаар төрөл бүрийн байцаа болон яншуй, базилик зэргийг ургуулах боломжтой.

LED гэрэл тусгаж буй нь. Ургамал тус бүрийн онцлогт тохирсон гэрлийг сонгох нь чухал юм.

 Үүнээс гадна, ургамлын фотосинтезэд зайлшгүй шаардлагатай нарны гэрлийг LED гэрлээр орлуулсан юм. Ургамлын эс нарны гэрлээс шингээж авдагтай адилхан долгионы урттай цахилгаан соронзон долгионыг 24 цагийн турш тасралтгүй тусгаснаар фотосинтез тасралтгүй явагдах боломжтой гэсэн үг. Мөн тасалгаан дотор учир хорт шавж зэрэг гадны нөлөөнд автахгүй, ургацын хэмжээ хангалттай сайн тул ямар ч нэмэлт бордоо, шавж устгах цацал зэрэг хэрэггүй болно.

 Ийнхүү ургамлыг хөрс ашиглалгүйгээр дээр дээрээс нь давхарлаж, LED гэрлээр тэжээж, тасалгаан дахь температур, агаарын чийгшил, шим тэжээл гээд л, ургамлыг эрчимтэйгээр ургуулах бүх факторуудыг компьютерын тусламжтайгаар удирдах нь “босоо газар тариалан” юм. Хүн ам ихтэй Энэтхэг(UrbanKisaan), Хятад(AEssenseGrows) улсууд, мөн Япон(SPREAD), Америк зэрэг улсуудад босоо газар тариалан эрчимтэйгээр хөгжиж, энэ салбарын хөрөнгө оруулалт ч ихэссээр байна. Жишээлбэл Японы Киото хот дахь Spread компани нь жилд 11 сая летус үйлдвэрлэдэг ажээ.

2. Өсгөмөл мах

Лабораторид ургуулсан өсгөмөл мах – АНУ

 Өсгөмөл мах гэдэг нь, ганцхан ширхэг булчингийн эсийг хэдэн мянган удаа хуваагдалд оруулж, хүн идэж болохуйц хэмжээтэй мах болтол өсгөхийг хэлнэ. Яг л лабораторид бактери өсгөдөгтэй адил гэсэн үг. Үхрийн махыг жишээ болгон тайлбарлая л даа. Эхлээд амьд үхэрний булчингийн эдээс бага зэргийг авна. Энэхүү булчингийн эдэнд “myosatellite” гэх эс байх бөгөөд, энэ нь амьтны булчингийн эд гэмтсэн тохиолдолд шинэ эдийг үүсгэдэг булчингийн үүдэл эс юм. Дараа нь энэ булчингийн үүдэл эсийг, яг л амьтны бие дотор байгаатай адилхан хэмжээний ус, эрдэс давс, уураг зэргийг агуулсан уусмалд хийснээр, үүдэл эс яг л амьтны бие дотор байгаатай адил хуваагдаж эхэлдэг байна. Үүдэл эс нь хуваагдалд орсноор эцэстээ хэдэн их наяд ширхэг булчингийн эс үүснэ. Булчингийн эс хангалттай үүсвэл тэдгээр эсүүд нь хоорондоо наалдаж, миотүб зэрэг булчингийн ширхэг болно. Хамгийн сүүлд булчингийн ширхгүүдийг хооронд нь залгаснаар булчингийн эд бий болж, бидний амтархан иддэг үхрийн мах үүсэж байна гэсэн үг юм.

Өсгөмөл махын үйлдвэрлэлийн үе шатууд

Өсгөмөл махыг зах зээлд бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа, амжилттай яваа компаниуд жишээлбэл Израиль улсын “Future Meat Technologies”, АНУ-ын “Impossible Foods” зэрэг олон бий. Future Meat Technologies компани нь өөрсдийн технологиор мах үйлдвэрлэснээр, уламжлалт мал аж ахуйн салбараас 80% бага хүлэмжийн хий ялгаруулж, 99% бага талбай газар, 96% бага цэвэр ус ашиглах боловч, 100% тэнцүү хэмжээний шим тэжээлтэй махыг үйлдвэрлэнэ гэдгээ амлаад байгаа юм.

3. Эцэст нь

Босоо газар тариалан болон өсгөмөл мах нь хэдийгээр маш ирээдүйтэй салбар боловч, илүү өргөн хэрэглээнд нэвтрэхийн тулд засах хэрэгтэй сул талууд ч бий. Жишээлбэл босоо газар тариалан маш их цахилгаан энерги ашигладаг тул түүнийгээ дагаад үйл ажиллагаа явуулах өртөг ихэсдэг байна. Эрдэмтэд одоо ч илүү хямд өртгөөр, илүү энергийн алдагдал багатай LED гэрэл зохион бүтээхээр ажиллаж байна. Харин өсгөмөл махы хувьд бол, бүтээгдэхүүний үнэ энгийн махнаас арай өндөр үнэтэй зарагдаж байгаа нь сул тал нь юм. АНУ-ын зах зээлд 2019 оны байдлаар 0.4535кг (1 pound) энгийн үхрийн махны үнэ дунджаар 3.70$ байсан бол, өсгөмөл махны үнэ 11$ байсан аж. Гэвч ирээдүйд хүн төрөлхтөнд зайлшгүй тулгарах хоол хүнсний асуудал, дэлхийн дулаарлын асуудлыг даван гарахын тулд бид өөрсдийн хоол хүнсний үйлдвэрлэлдээ шинэчлэл хийх шаардлагатай болоод байна. Энэ том өөрчлөлтийг хийх хамгийн том хөдөлгүүр нь эсийн биологи, биотехнологийн хөгжил нээлтүүд юм. Монгол улсад маань ч гэсэн босоо газар тариалан хөгжих бүрэн бололцоотой бөгөөд, Монголын -30 градусын өвлийг ч үл хамаар ургацаа хураах боломжтой болох юм.

-Токиогийн Их Сургууль, Г.Тэнгисболд

2020 оны 5 сарын 25

Эх сурвалжууд:

 This I how many animal we eat each year, 2019 Дэлхийн Эдийн Засгийн Форум https://www.weforum.org/agenda/2019/02/chart-of-the-day-this-is-how-many-animals-we-eat-each-year/

 UNESCO – усны боловсролын төлөөх институц (Institution for water education) https://waterfootprint.org/media/downloads/Report-48-WaterFootprint-AnimalProducts-Vol1_1.pdf)

 Нэгдсэн үндэстний байгууллагын харьяа хүнс хөдөө аж ахуйн байгууллага http://www.fao.org/3/i3671e/i3671e.pdf

 Grown from necessity : vertical farming takes off in ageing Japan , 2019 https://phys.org/news/2019-12-grown-necessity-vertical-farming-ageing.html

Холбогдох нийтлэл:

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДЭД: Байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүч үү? Орчны уур амьсгал өөрчлөгч орон нутгийн дайсан уу

Ирээдүйн инженерүүддээ: Далай дээр барьсан нисэх буудал

Ирээдүйн инженерүүддээ: Орчин цагийн Эйфел