Монголын боловсролын хөгжлийн асуудал

Орчин үеийн боловс­ро­лын шинж төрх бол

  1. XXI зууны иргэншил нь хүний бүх талын чадвар, чанарыг хөг­жүүл­дэг боловсролын систе­мийн боловсронгуйн хэр хэм­жээнээс улам бүр шалт­гаа­лах болсон;
  2. Эдүгээ­гийн нийгмийн хөгжлийн стра­тегийн номлол нь хүний чад­варыг бүх талаар хөгжүүлэх зарчимд суурьлах болсонтой уялдан боловсрол нь нийг­мийн амьд­рал үйл ажил­ла­гаанд тэргүү­лэх байр суурьтай болсон;
  3. Шинжлэх ухаан, бо­ловс­ролын харилцан холбоо гүнзгийрэн бэхжиж буй өнөөгийн нөхцөл байдлаас шалт­гаалан боловс­рол улам бүр суурь шинжтэй болж байгаа;
  4. Орчин үеийн шинж­лэх ухаан, техни­кийн ололтыг хүний оршихуйн хүрээлэн буй орчныг хадга­лан хамгаалах, сайжруулах үр нөлөөтэй хэ­рэг­сэл болго­хын тулд боловсролыг эколо­гижуулах, экологийн соёл, боловсрол, ухамсар, хүмүүж­лийг залуу үеийнхэнд төлөв­шүүлэх, тэд­нийг хүмүүнлэг ёс сурта­хуунтай болгох хэ­рэг­цээ шаард­лагаар боловс­рол эко­ло­гижсон,хүмүүнлэг шинжтэй болж буй;
  5. Эдүгээгийн дээд боловсрол зөвхөн нийг­мийн үйлдвэр­лэлийн хэрэг­цээг хангахад зориулагдах төдийгүй, түүний дээд зорилго нь хүн, түүний сонирхол, хэрэгцээ, хүсэл тэмүүлэл болсон зэргээр тодор­хойлог­дож байна.

Өнөө үед дэлхийн бо­ловс­ролын хүрээнд гарч буй өөрчлөлт нь дараах гурван гол хандлагаар явагдаж бай­гааг боловсролын фило­со­фийн судалгааны дүн ха­руулж бай­на.

Үүнд;

  1. Боловсролын үндсэн пара­дигмыг солих дэлхийн ханд­лага (бо­ловс­ролын системийн хуучин сон­годог загварын хямралыг даван туулах, бо­ловс­ролын философи, хү­мүүн­лэгийн ухаанд шинэ суурь үзэл санааг боловс­руулах зэрэг);
  2. Тухайн улс орон дэлхийн соёлд өөрийн­­­хөө боловсрол, сур­гуулийг ойр­туулан интег­ра­цчи­лах хөдөл­гөөн өрнөж бай­гаа (сургуулийг ардчилах, тасралтгүй боловсрол олгох, боловсролыг хүмүүнлэг бол­гох, компью­тержүүлэх сис­темийг бий болгох, сургалтын хөтөлбө­рийг чөлөөтэй сонгох, дунд, дээд сургуулиудын бие даасан байдлыг хангах үнд­сэн дээр багш, суралцагсдын хамтла­гийг үүсгэх зэрэг бол­но);
  3. Үндэсний уламж­лалаа сэргээх үндсэн дээр боловс­ролоо шинэчлэх явдал юм.

Сүүлийн 10-аад жилд Мон­­­­гол Улс дэлхийн улс түмний адилаар боловсролыг тэр­гүүлэх салбар болгон тавьж, түүний системийг төгөл­дөржүүлэн олон улсын боловсролын стандартад ойр­туулж, улмаар дэлхийн нийт­лэг соёлыг залуу үеийнхэнд эзэмшүүлэх зорилгоор нэ­лээд арга хэмжээ авч хэрэг­жүүлжээ. Тухайлбал, төрөөс зарчмын шинэ боловсролын хууль батлан гаргаж, хэрэгжүүлсний дүнд сургууль, боловсролыг ардчилах, сур­гал­тын хөтөлбөрийг чөлөөтэй сонгох, сургуулиуд, ялангуяа дээд сургуулиудын бие даа­сан байдлыг хангах, боловс­ролыг компью­тер­жүүлэх сис­те­мийг үүсгэх эхлэл суурийг тавих талаар зарим ахиц өөрчлөлт гарч байна. Энэ бүхэн бол манай боловс­ролын хүрээний өөрчлөлт шинэчлэл нь дэлхийн нийтлэг соёлын ололтыг залуу үеийн­хэнд эзэмшүүлэхэд чиглэсэн, орчин үеийн боловсролын жишигт ойртох гол хандлагатайгаар явагдаж байгааг харуулж байна. Харин үндэс­нийхээ соёлыг сэргээх, түү­ний дэвшилтэт уламжлал, онцлогийг харгалзан үзсэн боловсрол өнөөг хүртэл үгүй­лэгд­сээр байна. Ерөөс мон­гол­чуудын үндэсний сэргэн мандалт нь нэгд, олон зууны туршид хуримтлагдсан яз­гуур болон уламжлалт соёлын баялаг өв санд; хоёрт, энэ уламжлалыг хадгалан хам­гаалах, бэхжүүлэн хөгжүүлэх чадвартай эх оронч боловсон хүчинд тулгуурлах нь зүйн хэрэг. Монгол Улс 90-ээд оны эхээр зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан ний­гэмд шилжин орсноор ерөн­хий боловсролын сургуу­лиудад дэлхий дахины нийт­лэг соёлын ололтыг сурал­цагсдад эзэзм­шүүлэхийн зэ­рэг­цээ үндэсний соёлын гол зүйл болох нүүдлийн мал аж ахуйн технологи арга ажил­лагааны тухай мэдлэг болон монгол бичиг үсгээ зааж байснаа одоо бүрмөсөн орхи­сон нь манай боловсролыг үндэсний гэх шинж төрхгүй болгоход хүргэжээ. Харин манай улсын хувьд боловс­ролын шинэчлэлийн гол чиг хандлага бол суралцагсдад орчин үеийн нийтлэг соёлын ололтыг дээд зэргээр эзэмшүүлэхийн хамт үндэс­ний­хээ хүмүүнлиг соёлын баялаг өв санг сэргээж, түүнийг дэлхий дахины соёлын ололт­той амин холбоотой болгон нэгтгэж, амжилттай хослуу­лах нь тус оронд нүүдлийн болон техникийн гаралтай суурин иргэншил зэрэгцэн оршиж буй өвөрмөц нөхцөл байдлаас ч урган гарч байна. Өнөөгийн Монголд идээ­шин хөгжиж буй суурин үйлд­вэржсэн иргэншлээс үүдэлтэй үйлд­вэр­лэлийн үйл ажил­лагаа эрхэлдэг ажилтан хүний чад­варын хөгжил нь орчин үеийн дэлхий дахины нийтлэг бо­ловс­рол, шинжлэх ухаан, тех­ник технологийн мэдлэг мэргэжилд тулгуурладаг аж. Тэгвэл тус орны экологийн хүчин зүйлсээс шууд ха­мааралтай нүүдлийн мал аж ахуйн хөдөлмөр эрхэлдэг малчин хүний чадвар нь уг аж ахуйн өвөрмөц арга ажил­лагаагаар нөхцөлдсөн, уламж­­лалт туршлага, мэдлэг ухаанд суурилсан хэвээр байна. Чухамдаа малчин хүний мэдлэг чадвар нь бай­гальтайгаа нэгдэлтэй байж, түүнтэй харилцан үйл ажил­лагааг хэрэгжүүлэхэд чиглэ­сэн олон мянганы турш ху­римт­луулсан ардын язгуур цогц мэдлэг ухаан, туршлагад суурилдгаараа содон онц­логтой. Сүүлийн 10-аад жилд малчдын хүүхэд сургуулиас завсардах явдал гарсаар байна. Зарим малчид хүүхдээ бичиг үсэгт тайлагдан дөрвөн аргын тоо бодож сурмагц сургуулиас гарган мал аж ахуйн хөдөлмөр эрхлүүлэх сонирхолтой байд­гийн цаад уг шалтгаан нь нэгд, манайд бүрэлдэн тогтсон европ мая­гийн боловсролын систем нь анхнаасаа Мон­голын нийг­мийн эдийн зас­гийн суурь дэвсгэр болох нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үйл ажиллагааны эрэлт хэрэг­цээгээр бус харин тус оронд техникийн гаралтай үйлд­вэрж­сэн иргэншил тө­лөв­шин хөгжих хэрэгцээ шаард­лага, түүнийг хэ­рэг­жүүлэх чухал нөхцөлийг хар­­галзан бий бол­сон; хоёрт, энэхүү техникийн иргэншил нь нүүдлийн иргэн­шил, түү­ний цөм болсон бэлчээрийн мал аж ахуйн хөдөл­мөрийн үйл явцад гүнзгий нөлөө үзүү­лэх, хөгжлийг нь дээш татах хүч болох хэм­жээнд хараа­хан хүрээгүй; гуравт, ийм нөхцөлд нүүд­лийн мал аж ахуйн хөдөл­мөрийн технологи арга ажил­лагаа уламжлалт мэдлэг ухаан, туршлагад тулгуурлан явагддаг; дөрөвт, нэг талаар Монголын нүү­дэлч­дийн соё­лын уламжлалт цогц мэдлэг ухааныг орчин үеийн шинж­лэх ухааны мэд­лэгтэй нягт хослуулсан, нө­гөө­тэйгүүр нүүдлийн мал аж ахуйн үйл ажиллагааны технологитой ягштал холбосон сургалтын тогтолцооны олон янзын тө­рөл хэлбэр бий бо­лоогүй, зөв­хөн орчин үеийн тех­­никийн гаралтай иргэнш­лээс үүдэл­тэй боловсролын сур­галтын систем дангаараа ноёр­хож байгаа зэрэгт ор­шино.

Орчин үеийн малчид ялангуяа залуу малчдын нэлээд хэсэг нь мал малла­гааны болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн нарийн арга тех­но­логийг сайтар эзэм­шээгүй, түүнийг хялбарчлан үзэх ханд­лага өргөн дэл­гэрсэн нь байгаль орчинтой харилцан зохицсон оновчтой үйл ажил­лагаагаар байгалийн шалгарлыг амжилт­тай гэтлэн давж, мал сүргийнхээ тоо толгойг нэмэг­дүүлэх, чанар чансаа, ашиг шимийг нь дээшлүүлэх олон талт арга ажиллагааг технологийн дагуу эрхлэн явуулж чадах­гүйд хүрч байна. Байгаль экологийн байдал улам таагүй болж буй өнөөгийн нөхцөлд тэдэнд нүүдлийн соё­лын гол цөм болсон бэлчээрийн мал аж ахуйн хөдөл­мөрийн язгуур техно­логийн олон талт турш­лага, дадлага, ур дүй, мэдлэг ухааныг шинжлэх ухааны үндэс­тэйгээр эзэмшүүлэх цэгцтэй сургалтын тогтол­цоо зайлшгүй хэрэгтэй болов. Гэхдээ мал­чин хүн зөвхөн натурал үйлдвэрлэгч төдий биш, эдүгээгийн нийтлэг соёл, шинжлэх ухаан, технологийн ололтыг зохих ёсоор хүртэгч, эзэмшигч, нийгэм улс төрийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч субъектийн хувьд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг боловс­ролыг эзэмших нь зайлш­гүй чухал.   Дэлхий дахинаа нийгмийн амьдрал даяар­ших үйл явц эрчимжиж буй өнөө үед хөдөөгийн малчид уламжлалт соёлыг эзэмшээд зогсохгүй орчин үеийн шинж­лэх ухааны мэдлэг боловсролтой байхын зэрэгцээ хот, суурин газар амьдардаг хүмүүс, түүний дотор залуу үеийнхэн хэдийгээр мал маллахгүй ч гэсэн эдү­гээ­гийн нийтлэг соёлоос суралцах тө­дийгүй, монгол угсаатныхаа хувьд олон зуунаар хуримтлагдсан үндэснийхээ язгуур болон уламжлалт соёлын баялаг өв сангаас боловсролын системээр дамжуулан сурч эзэмших нь нийгмийн шаардлага болов. үндэснийхээ соёлын баялаг мэдлэгийг эзэмшсэн хүн бол язгуур соёлын мэд­рэмжтэй болж төлөв­шин бусдын соёлыг механикаар хуулах, дуурайх сэтгэлгээнээс ангижирч, үндэс­ний эрх ашиг, соёлынхоо үүднээс түүнд ханддаг, орчин үеийн нийтлэг соёлтой өөрийн өвөрмөц соёлыг хослуулан хөгжүүлж чаддаг, чингэснээрээ монгол­чуудын язгуур болон уламжлалт соёлын дахин давтагдашгүй ховор нандин чана­рыг хадгалан хамгаалах, бэхжүүлэн хөгжүүлэх сэтгэлгээ, чадвартай болж хүмүүждэг жамтай. Ийнхүү манай ерөнхий боловсролын сургуулийн өнөө­гийн сургал­тын агуулга, бүтцийг эдүгээгийн Монголын нийгмийн өвөрмөц онцло­гийг бүрэн тусгасан тухайлбал уламж­лалт нийг­мийн­хээ үйлдвэрлэлийн техно­л­оги, үндэсний соёл, эрдэм ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгтэй органикаар холбож оновчтой хослуулан сургах систем болгон өөрч­лөх шаардлага нийгмийн амьдралаас урган гарч байна. Үүний тулд юуны өмнө Монголын үндэсний ахуйн болон оюуны соёлын цогц тогтолцооны үндэс, тухайл­бал нүүдлийн мал аж ахуйн технологи арга ажиллагаа хийгээд хүнээс бай­гальтай, бусад хүмүүстэй, өөртэйгөө харьцах хүмүүнлиг ёс суртахуун бүхий харилцааны үндэс зэргийг дунд сургуулиудад тусгай хөтөлбөрөөр заах, харин их дээд сургуульд “соёл судал” гэдэг хичээлийн дор монголчуудын язгуур болон уламжлалт соёлын өв санг орчин үеийн дэлхий нийтийн соёлтой харьцуулан системтэй судлах сургалтын тусгай хөтөлбөр боловсруулж хэрэг­жүүлэх нь чухал болохыг тэмдэг­лүүш­тэй. Энэ бүхэн нь үндэсний болон дэлхийн нийтлэг соёлын утга чанарыг гүнзгий ойлгох үндсэн дээр өөрийн соёлыг ойлгон эзэмшээд зогсохгүй бусдын соёлыг хүлээн авах, ойлгох, түүнд хүлээцтэй хандах чадвартай, өөрийнхөө соёлын байр суурь, үнэ­лэм­жийг хоосон тунхаглах бус харин түү­нийг бусдын соёлтой зөв хослуулан ажиллах идэвхтэй харилцааг хувь хүнд бий болгох, улмаар соёлын талаар жинхэнэ боловсорсон хүнийг төлөвшүүлэхэд ихээхэн тус дөхөм болох нь эргэлзээгүй. Дэлхийн хэмжээнд сэтгэж, үндэсний хэм­жээнд ажиллаж, бүтээж чаддаг чад­вар­лаг боловсон хүчнийг бэлтгэх нь үн­дэсний аюулгүй байдал, тулхтай хөгж­лийн нэг гол асуудал мөн. Тусгаар тогт­нолоо улам бататган экологи, эдийн за­саг, нийгэм соёлын хувьд тогтворжсон хөг­жил­тэй орон байхын тулд дэлхийн соёл ялангуяа шинжлэх ухаан, тех­нологийн ололтыг гүнзгий эзэмшсэн, түүнийгээ практикт хүмүүнлигээр хэрэг­лэж чаддаг ёс сурта­хуунтай, чанар чансаа бүхий боловсон хүчнээр хангагд­сан байх явдал хамгаас чухал. Өргөн мэдлэгтэй, нарийн мэргэшсэн мэргэжил­­тэн бэлтгэх нь юуны өмнө манай боловс­ролын сургалтын суурь чанараас багагүй шалтгаална. Дунд сургуульд сурал­цагсдыг гүнзгий суурь мэдлэгтэй болгох нь угтаа тэдэнд чанартай дээд боловсрол олж авах замыг нээж өгдөг жамтай. Ялангуяа орчин үеийн шинжлэх ухаан, боловсролын холбоо харилцаа сул байгаагийн цаад шалтгаан нь боловс­ролын суурь чанар, тухайлбал дунд сургуулийн математик, байгалийн ухаа­­ны мэдлэг бэлтгэл хангалт­гүй байгаад оршдогийг Америкийн эртэм­тэд судлан тогтоожээ. Манайд боловс­ролын системийг өөрчлөн шинэчлэх явцад сургалтын ачаалал хэт хүндэрнэ гэдгээс болгоомж­лон, дунд сургуулийн байгалийн болон нийгмийн ухааны хичээлийн цагийг танаж хорогдуулсан, ялангуяа нийгэм суд­лалын хичээлийг төрөл бүрийн салбарын “механик хэлхээс” болгосон, сүүлийн жилүүдэд сурах бичгийн чанар зарим талаар доголдож байгаа зэрэг нь боловс­ролын суурь чанарыг сулруулахад хүргэж байна. Сургалтын ачаалал хэт хүнд байх нь сурагчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тухай төсөөлөл эцэг эхчүүдэд төдийгүй нийт хүмүүсийн дунд өргөн дэлгэр байдаг. Энэ талаар 1995-1999 онуудад 38 улс орныг хамруулан явуулсан олон улсын судалгаагаар тэдгээр орны сургалтын ачааллын дундаж хэмжээ (нэг жилд үзэх хичээлийн дундаж цаг) 1022 цаг, үүнээс ОХУ-д 870 цаг байжээ. Манай ерөнхий боловсролын сургуулиудын нэг жилд үзэх хичээлийн цаг эдгээр орны дундаж хэмжээнд байна. Сурагчдын эрүүл мэнд муудаж байгааг нь сургалтын ачаалал хэт хүндэрснээс болоогүй, харин тухайн улс орны хүн амын амьжиргааны чанар, ялангуяа тар­чиг амьдралтай гэр бүл байвал зохих ча­нар­тай хоол хүнсний зүйлээр төдийлөн хан­гагдахгүй байгаагийн улмаас хүн амын эрүүл мэнд муудаж буй хандла­гатай холбоотой болохыг уг судалгаа тог­тоожээ. Ерөнхий суурь мэдлэгийг гүнзгий эзэмшсэн залуу хүн бол чанартай дээд боловсрол эзэмших чадвартай төдийгүй, тусгай мэргэжлийн боловсрол эзэм­шихэд ч, практик амьдралд ч чиг барим­жаа­гаа чадамгай олж чаддаг. Иймд ерөнхий боловсролын суурь чанарыг зохих төвшинд нь хадгалж байхаас олон зүйл шалт­гаалдагийг тэмдэглүүштэй.

Дээд боловсролын суурь чанар бол шинжлэх ухааны мэдлэг, боловсролын үйл явцын нэгдэл бөгөөд энэ нь бид байгаль, нийгмийн хууль, жам ёсны дагуу амьдрах ёстой гэсэн гүн бат ойлгоцыг боловсролтой хүнд төлөвшүүлэхэд тусалдаг. Бага боловсролтой, эсвэл боловсролгүй хүмүүс энэ хуулийг зөр­чиж, хүрээлэн буй байгаль орчин төдий­гүй, бусад хүмүүсийг, өөрийгөө ч хор хо­хиролд учруулах нь бий. Зөвхөн шинжлэх ухаа­ны суурь боловсрол бол үлгэр жи­шээ боловсрол байж чаддаг бөгөөд, түү­ний гол зорилго нь дэлхийн нийтлэг соё­лын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох шинжлэх ухааны мэдлэгийг залуу үеийн­хэнд эзэмшүүлэх, дэлгэрүүлэх явдал юм. Оюутан ахуй цагаасаа шинж­лэх ухаанчаар, бүхэл бүтэн суурь онолоор сэтгэж сурах, тийм суурь мэд­лэгийг олж авах аргуудыг амьд­рал­даа хэ­рэг­лэж, ажиллаж сурах нь чухал. Энэ нь эх орны шинжлэх ухаан, дээд боловс­ро­лын цаашдын хөгжлийн үндэс мөн. Га­даадын түүхэн туршлагаас үзэхэд үлгэр жишээ суурь боловсролын асуу­далтай нягт холбоотойгоор тэргүүлэх дээд сургуулийн тухай буюу тэргүүлэх их сургуулийн тухай асуудлыг дэвшүүлэн тавьж хэрэгжүүлж иржээ. Иймд манай үндэсний гол гол их сургуулийг дэлхийн жишигт хүрсэн жинхэнэ их сургууль болгох нь боловсролын шинэчлэлийн стратегийн нэг чухал зангилаа асуудал мөн. Одоогоор манай улсад нийт 274 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 44 нь төрийн өмчийнх юм. Төрийн өмчийн эдгээр олон сургуулийг бүгдийг нь тэргүүлэх дээд сургууль болгоно гэвэл үл гүйцэлдэх асуудал болох нь мэдээж. Эдгээрийг мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр нь нэгтгэн томруулах, бололцоотой заримыг нь хувьчлах арга замаар цөөрүүлэн чанар­жуу­лах үндсэн дээр цөөн хэдэн их сур­гуу­лийг сонгон авч төрөөс тусгайлан ан­хаарч, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг бод­лого баримтлах нь зүйтэй болов уу. Төрийн тэргүүлэх их сургуулийг цаашдаа улс орны соёл, шинжлэх ухаан, тех­нологийн гол гол хэтийн чиглэлийг авч явах төвшинд хүртэл хөгжүүлэх шаард­лага гарч байна. Энэхүү хэрэгцээ шаард­лагыг ханган хэрэг­жүү­лэхийн тулд нэгд, тэргүүлэх их сур­гуулиудыг хөгжүүлэх эдийн засаг, эрх зүй, зохион бай­гуу­лалтын механизмыг улам боловсронгуй болгох; хоёрт, эдгээр сургуулийг хувь­чилахгүй байх (хувьчилбаас тэдгээр нь суурь чанар, тэргүүлэх чанараа алд­дагийг бусад орны туршлага харуулж байна); гуравт, тэдгээрийн сургалтын чанарыг сайжруулах, суурь шинжийг улам бэхжүүлэх зорилгын үүднээс багшлах боловсон хүчнийг эрдэмжүүлэх, магист­рантур докторантурын сургалтын чанарыг эрс дээшлүүлэх, зөвхөн тэр­гүүлэх их сургуулиудад докторантур нээн ажил­луулдаг чиглэлийг голлон ба­римтлах; дөрөвт, авьяаслаг сурагч, оюут­нууд Монголын ирээдүй гэдгийг гүнзгий ухаарч, эдгээр сургуульд оюутан элсүүлэхдээ нийт улсын шалгалтыг үндсэн шалгуур болгохын зэрэгцээ сургалтын сорилго, шалгалтын бусад хэлбэр болох олимпиад, бүтээлч урал­даан зохион байгуулах, сурагчдын оюуны чадвар (IQ)–ын төвшин шалгах зэрэг аргыг өргөн хэрэглэж суралцагсдыг сонгон шалгаруулж авах, тэргүүлэх их сур­гуулиудыг авьяаслаг хүүхдүүдийг сонгон шалгаруулж авч тусгай хөтөл­бөрөөр сургадаг бааз дунд сургуультай болгох, энэ талаарх ажлын зарим эх­лэлийг цаашид хөхүүлэн дэмжих, түүнч­лэн зах зээлийн эрэлт хэрэгцээ багатай ч гэсэн улс орны эрх ашгийн үүднээс зайлшгүй хэрэгтэй авьяас чадвар шаард­сан нарийн мэргэж­лээр суралцагсдын сургалтын зардлыг төрөөс хариуцаад зогсохгүй зарим тохиол­долд авьяаслаг оюутанд тэтгэлэг өгч хөхүүлэн урам­шуулах, оюутан ахуй цагаа­саа эрдэм судлалын ажилд авьяас чад­вартайгаа харуулсан залуу мэргэжилтний док­то­ран­турт суралцаж эрдмийн зэрэг хам­гаалах зардлыг төрөөс хариуцдаг журам бий болгох; тавд, тэргүүлэх их сур­гуулиудын материаллаг бааз, ялангуяа суурь судалгаа явуулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, материаллаг хангамжийг бэхжүүлэхийн үүднээс оюут­нуу­дын сур­галтын төлбөрийн нэлээд хэсгийг төрийн санд төвлөрүүлдэг одоогийн практикийг эрс өөрчилж, харин энэ талаар төрөөс санхүүгийн нэмэлт дэмж­лэг үзүүлдэг тогтолцоог бий болгох явдал зайлшгүй чухал юм. Оюутнаас авсан төлбөр нь тэднийг чанартай сургах сургалт зохион байгуулахад л зориу­лаг­дахаас өөрөөр байж болохгүй. Төлбөртэй тө­рийн их, дээд сургуулиудын үйл ажиллагааг сан­хүү­жүүлэх эрх чөлөө маш хязгаарлагдмал байгаа, өөрөөр хэлбэл оюутнуудаас авсан сургалтын төлбөрийн нэлээд хэсгийг нь төрийн санд төв­лөрүүлдэг санхүүгийн хатуу тогтолцоо үйлчилж байгаа нь судалгаа шин­жил­гээний болон сургалтын баазыг бэх­жүүлэх, сургалтын ажилд тэргүүний эрдэмтэн багш нарыг татан оролцуулахад муугаар нөлөөлж, улмаар гал унтраах байдалтай тарчиг сургалт явуулахад хүргэж байна. Ийнхүү зах зээлийн нөхцөлд жинхэнэ суурь боловсрол эзэмшүүлдэг их сургуулийн оршин тогтнож хөгжих нэг нөхцөл нь төрийн зүгээс түүнд үзүүлэх бүх талын тусламж дэмжлэг. Тэргүүлэх их сургуулийн эрдэм шинжилгээний үйл ажиллагаа бол түүний хөгжлийг шийдвэрлэх нөхцөл юм. Их сургууль бол залуу эрдэмтдийг өсгөн бойжуулах, хүмүү­жүүлэх орчин, суурь судалгааны үндэс­ний төв байдгийг бусад орны туршлага бэлхнээ харуулж байна. Боловсролын системд орчин үеийн их сургуулийн зарчмыг нэвтрүүлэх нь урьд өмнө хэвшин тогтносон олон ойлголт төсөөл­лийг эвдэж даван туулахтай холбоотой нь мэдээжийн хэрэг. Манай төрийн их сургуулиуд (МУИС-аас бусад) 10 гаруйхан жилийн өмнө “их сургууль”-ийн статустай болсон бөгөөд энэ хугацаанд багшлах боловсон хүчин, сургалтын баазын хувьд чамгүй бэхжиж, судалгаа шинжилгээний ажил хийх зарим эхлэл тавигдсан хэдий ч шинжлэх ухааны шинэ санаа, мэдлэгийг үйлдвэрлэн бүтээх, залуу үеийг өсгөн хүмүүжүүлэх үүр­гээрээ ч, эзэмшсэн мэдлэг, эрдэм шин­жилгээний болон амьдралын туршлагаараа товойн гарах талаараа ч, дээд хэм­жээнд мэргэшсэн багшлах эрдэмтэн мэр­гэжилтнүүдийн бүтцийн хувьд ч гэсэн жин­хэнэ академик дээд боловс­ролын түв­шинд хараахан хүрээгүй, өсөлт бэрхшээл дундаа явж байна. Ерөөс шинжлэх ухаан, дээд боловс­ролын холбоо сул байгаагийн цаад шалтгаан нь нэгд, жижиг буурай монгол орны хувьд ахадсан “зөвлөлтийн” загвараар шинжлэх ухааны болон дээд боловсролын бай­гуул­­лагыг бүр анхнаас нь бие биеэс нь салангид тусгаар байгуулсан, үүний улмаас эрдэм шинжилгээ, дээд боловс­ролын харьцангуй тусгаар байдал өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа; хоёрт, өнгөрсөн хугацаанд дээд боловсролын систем нь шинэ мэдлэг бүтээхээсээ илүү нэгэнт бий болсон мэдлэгийн үлгэр загварыг залуу үеийнхэнд эзэмшүүлэн дэлгэрүүлэх, чингэснээрээ өдөр тутмын амьдралын практик хэрэгцээг хангахад чиглэсэн боловсон хүчин, мэр­гэ­жилт­нүүдийг бэлтгэхээс хол давж чадаагүй явж ирсэн; гуравт, шинжлэх ухааны шинэ санаа, мэдлэгийг үйлдвэрлэн бүтээх үйл ажиллагааг эрхлэх хийгээд багшлах өндөр ур чадвар эзэмшсэн элит боловсон хүчин бэлтгэх, өөрөөр хэлбэл судлан шинж­лэхүйн ухаан, сургахуйн ухаан хоёрыг нягт хослуулсан академик дээд боловсролын тухай ойлголт саяхан хүртэл манайд байхгүй байсан зэрэгтэй холбоотой. Энэ бүхний улмаас манай шинжлэх ухааны байгууллага, их сур­гуулиудын харьцангуй тусгаарлагдмал байдал бий болсон бөгөөд энэ нь шин­жилгээ судалгаа хийх, мэдлэгийг дэлгэ­рүүлэх нэгдмэл орон зайг үүсгэж чадах­гүйд хүргэсэн юм. Иймд тус оронд нэгэнт бүрэлдэн бий болсон суурь судалгааны зохих чадавхийг нэгтгэн төвлөрүүлэх замаар гол гол их сургуулийн онолын болон туршлагын судалгааг эрчим­жүү­лэх үндсэн дээр шинжлэх ухааны шинэ санаа, мэдлэгийг бүтээх хийгээд багши­лах дээд хэмжээний ур чадвартай эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх уурхай болгох нь үндэсний дээд боловс­ролыг цаашид хөгжүүлэх нэг чухал стратеги зорилт мөн. Эдүгээ үед нийгмийн амьдралыг бүхэлд нь хүмүүнлиг болгох, тухайлбал хүмүүнлигийн болон техникийн соёлын хоорондын салангид хөндий байдлыг даван туулах нь өнөөгийн боловсролын өмнө тавигдаж буй нэг чухал стратеги зорилт болж байна. Эдгээр соёл бие биеэсээ салангид хөндий байх нь хүрээ­лэн буй орчин тойрондоо зөвхөн эдийн засгийн явцуу ашиг хонжоог гол болгон ханд­даг технократ байр суурьтай мэргэ­жилтэн хүнийг төлөвшүүлэх, тэгснээрээ хүн хийгээд нийгмээс байгальтай харь­цах харилцааг урсгал шинжтэй болгох, улмаар манай техникийн гаралтай иргэншлийн тогтворгүй байдал, хямралыг улам гүнзгийрүүлэх нөлөө үзүүлдэг. Бидний эрхэм зорилго бол энэ хоёр соёлыг ойртуулан амьд холбоотой болгох, тэдгээрийн аль алинд нь зөв чиг баримжаагаа олж чаддаг ёс сурта­хуунтай, хүмүүнлигийн хувьд ч, техни­кийн хувьд ч өрөөсгөл бус, бүхэл бүтэн бие хүнийг төлөвшүүлэн бэлтгэх явдал мөн. Тухайлбал хүмүүнлигийн мэдлэгийн үүд­нээс хандвал эдийн засгийн хөгжлийн утга нь уг хүн, түүний соёл, боловсрол, шинжлэх ухааны төвшин, бүтээл, эрүүл мэндэд агуулагдсан тохиолдолд л тэр нь нийгмийн хөгжлийн хувьд таатай нөхц­лийг үүсгэдэг. Чухам ийм үед л техник, материал, бүтээгдэхүүн, ашиг, мөнгө, эрх мэдэл зэрэг нь хүний эх сурвалж, үндсэн зүйлийг бататгах талууд болж, улмаар эдийн засгийн асуудлууд тех­нократ хандлагаас ангижирч, хүн хийгээд байгалийг дээдлэн үздэг жинхэнэ хү­мүүн­лиг маягийн соёлд багтан орох бол­но. Энэхүү шинэ маягийн соёлыг дээд бо­ловсролын сургалтын системээр дам­жуулан ирээдүйн мэргэжилтнүүдэд эзэм­шүүлэх нь угтаа өрнө, дорнын соё­лын дэвшилттэй зүйлсийг нь өвлөн авч, амьд нэгдэлтэй болгон хослуулахаас ихээ­хэн шалтгаална.   Өрнөдийн техникийн гаралтай ир­гэнш­лийн үнэлэмжүүд нь байгалийг эзэн­гүй, органик бус талбар мэтээр үзэж, түү­нийг захирах, эрхэндээ оруулан өөрч­лөхөд чиглэсэн хүч чадал, сэтгэлгээ, үйл ажиллагааг зонхилуулж ирснээр нийгэм, хүн, түүний соёлыг байгалиас салангид тусгаар бие даасан мэтээр авч үзэх төдийгүй, хүн байгаль хоёрыг, нийгэм байгаль хоёрыг, соёл байгаль хоёрыг бие биед нь сөргөлдүүлэн тавихад хүргэж, эцэстээ хүрээлэн буй орчны экологийн эмх цэгцгүй байдал, хямралыг бий болгожээ. Энэ нь зөвхөн улс төр, эдийн засаг, үзэл сурталын системд гарсан хямрал төдийгүй, өөрчлөгдөн буй нөх­цөлд хүмүүсийн соёлын шинэ хэм хэмжээг нөхөн үйлдвэрлэх явдлыг хангаж чадахгүйгээ харуулсан соёл хийгээд боловсролын хямрал, хүний өөрийнх нь хямрал юм. Үүний улмаас үүсэн бий болсон экологи, эдийн засаг, техник, нийгэм соёлын асуудлууд харил­цан гүнзгий зөрчилдөх болов. Ийнхүү өрнөдийн улс түмэн биднийг хүрээлэн буй байгалийг хүний “гадаад орчин”, “гадаад хүчин зүйл” хэмээн өөрөөсөө хүнийсгэн үзэх, хүний идэвх, үйл ажиллагаа зөвхөн гадагшаа чиглэсэн, түүнийг хэмжээ хязгааргүй өөрчлөх сэтгэхүй, философийг хөгжүүлж ирэв. Харин дорно дахины уламжлалт соёлд хүн байгаль хоёрыг дотоод амин нэгдэл­тэй, уг байгальтай харилцан зохицон амьдрах бүхэл бүтэн организмын хувьд нь авч үздэг. Энэ нь орчлон ертөнцийн суурь бүтэц, үйл явцад хүнийг орга­ни­каар багтаан оруулж, тэднийг хамтад нь авч үзнэ гэсэн үг. Энэ нь ч глобал эко­систем болох шим ертөнцийн тухай ор­чин үеийн онол, ойлголтоор нотлогдож бай­на. Дорно дахины соёлоор бол нэг та­лаар байгаль нь хүний оюуны дотоод ер­төн­цийн хэсэг болдог, нөгөөтэйгүүр хүн өөрийгөө байгаль ертөнцийн салшгүй хэ­сэг хэмээн ойлгодог бөгөөд байгалийн үнэт зүйлс, үнэлэмжийг өөрийнхөө үнэлэмжийн дээр тавьж, хүний идэвх гадагшаа бус дотогшоо, өөрийгөө хүмүү­жүүлэх, өөрийгөө хязгаарлахад чиглэдэг аж. Иймд дорно дахины улс түмэн түүний дотор монголчууд байгалийг өөрч­лөхөөсөө илүү түүнтэй идэвхтэй харил­цан зохицож амьдрах, түүний хууль, жам ёсонд өөрийгөө захируулах нь давам­гайлсан үйл ажиллагааг голлон эрхэлж ир­жээ. Чухам үүгээрээ дорно дахины ард түм­нээс байгальтай харьцах харилцааны соёл нь өрнөдийнхнөөс зарчмын ял­гаатай.   Өрнөдийн соёлын уламжлалаар бол жинхэнэ үнэн мэдлэгийг туйлын зорилго болгох үнэлэмж зонхилж, түүнийг ёс зүйгээс хөндий салангид зүйл мэтээр үзээд зогсохгүй оюун ухааны оновчтой мэдлэг нь ёс зүйн үндэс болдог мэтээр үздэг. Харин дорно дахины уламжлалын хувьд үнэн мэдлэг ёс суртахуунтай салшгүй холбоотой бөгөөд ёс суртахууны талаар төгс төгөлдөр байх нь үнэнийг ойлгох нөхцөл, үндэс суурь болох ёстой гэж үздэг. Энд байгаль ертөнцтэй, бусад хүмүүстэй харьцахын тулд өөрийгөө хүмүүнлиг, ёс суртахууны талаар төгс төгөлдөр болгох шаардлагатай байдаг.   Орчин үеийн иргэншлийг урсгалаар бус жолоодлоготой, тогтвортой, хүмүүн­лиг шинжтэй болгон хөгжүүлэх нь юуны өмнө эдгээрийн техникийн гаралтай соёлын нийтлэг ололт болох шинжлэх ухаан, техникийн мэдлэг төдийгүй, хүний хувьд аюултай элдэв туршилт болон “байгаль-хүн-нийгэм” гэсэн хүний хэм­жүүртэй нарийн ээдрээтэй системийг дур зоргоороо өөрчлөх хуучин аргуудыг хориглох шинэ маягийн ёс суртахууны зарчим, хэм хэмжээг тогтоон өнөөгийн хүнд эзэмшүүлэхээс үлэмж шалтгаална. Энэ талаар Дээрхийн гэгээн XIV далай лам Данзанжамц : “өрнөдийн шинжлэх ухаан хийгээд дорно дахины гүн ухаан хоёрыг хамтатган зангидвал жинхэнэ бүрэн төгс агуу хүмүүнийг цогцлоох юм шиг надад санагддаг. Энэ бол хүмүүнийг нөхцөл байдлаас нь төгс хүчтэй, бүрэн бүтэн болгох ганцхан зам…” бөгөөд “…хүмүүс гадаад эдийн засгийн хөгжлийн хажуугаар дотоод сэтгэлийн хөгжил буюу сайн сайхан сэтгэлийг төрүүлэх, энэ хоёрыг адилхан авч авах нь маш чухал…” гэж айлджээ. Иймд хүний үр нөлөөтэй үйл ажиллагааны нөхцөл болох ёс суртахууны талаар төгс төгөлдөр байж жинхэнэ үнэнд хүрдэг тухай, өөрийгөө хязгаарлах, өөрийгөө хүмүүжүүлэх тухай зэрэг дорно дахины, түүний дотор Монголын өвөрмөц соёлын уламжлалын хүмүүнлиг үзэл санаа, ёс зүйн зарчмыг орчин үеийн техникийн гаралтай соёлын нийтлэг ололттой нэгтгэн салшгүй нэг­дэлтэй болгон дээд боловсролын сур­галтад хэрэгжүүлэх нь аливаа асуудалд хүмүүнлигийн чиг баримжаатай ханддаг мэргэжилтэн хүнийг бэлтгэх, улмаар хүмүүнлигийн болон техникийн соёлыг ойртуулан амин холбоотой болгоход чухал үүрэг гүйцэтгэх болно.   Орчин дээд боловсролын зорилго нь нэг талаар нийгмийн хэрэгцээг хангах, нөгөөтэйгүүр хувь хүнээс тодорхой мэдлэг боловсрол эзэмших сонирхол хэрэгцээ, хүсэл тэмүүллээр тодор­хойлогддог. Үүнээс уялдан өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй төрийн дээд сургууль, төрийн бус дээд сургууль нь нийгмийн үүрэг, санхүүжилтийн эрх чөлөөт байдал зэргээрээ ялгаатай. Төлбөртэй төрийн дээд сургууль бол төрийн боловсролын бодлого, үзэл баримтлал хийгээд түүний за­хиалга, хэрэгцээ шаард­лагыг хэрэгжүүлэ­хийн хамт нийгмийн захиалгыг ч бас хэ­рэг­жүүлж байдаг ёстой. Харин төрийн бус дээд сургууль нь иргэдийн сурч бо­ловсрох эрхийг хэрэг­жүүлэн, нийгмийн за­хиал­­гыг биелүүлдэг бөгөөд, чин­гэснээрээ иргэний нийгмийн төлөвшилд тус дөхөм болдог. Энэ байдал нь дээд бо­ловсрол эзэмшсэн залуу мэргэжилтэн али­ваа ажил мэргэжлийн шаардлагыг хэр зэ­рэг хангаж байна гэдэг нь гол зүйл бө­гөөд, харин төгсөгчдийн ихэнх нь ажил­гүй байна гэдэг нь тухайн хувь хүнээс шалтгаалах асуудал гэдгийг л н эг талаас харуулж байдаг боловч тухайн сургуулийн сургалтын чанартай эргээд ихээ­­хэн холбоотой нь мэдээж. Иймд одоо ма­­най оронд тохирсон боловсролын мо­делийг зоригтой сонгон шуурхай хэрэг­жүүлэх цаг нь болжээ.

Цахим Өдрийн Сонингийн нийтлэлээс ( Шинжлэх ухааны доктор Ц.Эрдэнэболд )

Д. Дуламсүрэн
2013.10.05

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*