Үг ба Шигэки

Үг, Шигэки, Гэрэл 3

“Бурмаар тэтгэхээр Урмаар тэтгэ” гээд сайхан монгол үг бий. Гэхдээ монголчууд бид нэг нэгэндээ магтаалын үг чин сэтгэлээсээ хэлэхээ больж, магтаж хэлсэн нэгнээ муулж, басамжилж байна гэж ойлгодог болчихжээ. Жишээ нь:

А: Чи өнөөдөр ямар гоё харагдаж байнаа

Б: Битгий доромжлоод байгаарай

А: Би чамдаа хайртай шүү

Б: Зассс

гэх мэт хэхэ.

Хүн бүр сэтгэл дотроо урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг нь лавтай. Хийж бүтээсэн зүйлийнхээ төлөө, бусдыг баярлуулсныхаа төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгаланг авч ирдэг. Бид хэдий болтол сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамласаар байх вэ. Тэгсэн мөртлөө маргалдаж муудалцах болохоороо зүрх зүсэж, дотор давчдам хараалын муу үгсийг их хэлдэг. Хүн чинь сэтгэлийн амьтан шүүдээ гээл хүн бүхэн хэлдэг мөртлөө нэгэндээ муу үгсийг хэлсээр л байдаг…

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг ч, нэгэндээ чин сэтгэлээсээ урмын сайхан үг хэлчихдэг, нэгнээ зоригжуулчихдаг, хийх хүсэл эрмэлзэл төрүүлчихдэг байж чадахгүй бол эв нэгдэл ч хол юм шиг санагддаг.

Япон хэлэнд Шигэки(刺激)гэдэг үг бий. Энэ нь монгол хэл рүү цочрол гэж орчуулагддаг. Хамгийн их хэрэглэгддэг хувилбар нь хүний сэтгэл санааг хөөргөж, хүсэл эрмэлзлийг бадраадаг “сэтгэлийн цочрол” гэсэн утгыг илэрхийлдэг хувилбар.

Тэгвэл хүн сэтгэлийн цочролыг юунаас, яаж авдаг вэ? Хүний бүтээсэн агуу зүйлийг хараад ч юмуу, эсвэл хэн нэгэн хүний ярианаас ч юмуу, цагаа олж хэлсэн ганцхан үнэ цэнэтэй үгнээс ч тэр сэтгэлийн цочролыг авч чадна байх. Гэхдээ хамгийн хүчтэй бөгөөд хүнийг дотроос нь буцалгаж чаддаг сэтгэлийн цочрол бол хэн нэгний чин сэтгэлээсээ хэлсэн “Үг”-ийг сонсох үед, эсвэл өөрийн хувьд үнэлж хүндэлж явдаг хэн нэгэнтэй сайхан ярилцсан тэр үед сэтгэлийн гүн рүү нэвтрэн орж хүнийг дотроос нь хийж бүтээх, өсөж дэвших эрмэлзлийг бадрааж өгдөг тэр цочрол юм шиг санагддаг. Ухаантай хүний сургамжтай үг яриа ангасан хүнд ус, өвдсөн хүнд эм дөхүүлж өгөх мэт тус болно гэдэг шиг амжилттай яваа хүний лекц, яриа сонсохоор нэг л хийж бүтээх хүсэл эрмэлзэл төрөөд, өөрийн эрхгүй тэр сэтгэлийн цочролыг хүлээн авдаг.

Өчигдөр би нэг Японы бизнесмен хүнтэй уулзсан юм. Амжилттай яваа тэр хүний хэлсэн хамгийн гоё үг нь “өмнө явж байсан хүний халааснаас хэчнээн их мөнгө унаад, тэр хүн мэдэхгүй байлаа ч, бас чи хэчнээн маргааш идэх хоолгүй байлаа ч чи тэр хүнд мөнгө чинь уначихлаа гээд аваад өгөх сэтгэл байвал чи хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнээ” гэж хэлсэн үг байлаа. Би энэ хүний үгнээс их урам авсан.

 Бид нар өрөөнийхөө гэрлийг ч юмуу ямар нэгэн цахилгаан хэрэгслийн гэрлийг асааж унтраахдаа On, Off товчлуурыг хуруугаараа дардаг. [On] Товчлуур дарахад цахилгааны утсаар цахилгаан гүйдэл гүйж гэрлийн шийдэн дотор нь оч өгч гэрэл асдаг. Яг үүнтэй адилаар нэгэндээ чин сэтгэлээсээ сайхан “Үг” хэлэхэд үг чихээр дамжин тэр хүний сэтгэлийн гүнд нь сэтгэлийн цочрол өгч, улмаар нүүрэнд нь инээмсэглэл тодрон тэр хүн “Гэрэл”-тэй болдог. Тэгэхээр физикийн хууль ч бас хүн дээр хэрэгжиж байгаатай ямар ч ялгаагүй гэсэн үг юм. Аав ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүдэнд оч гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирохыг харж байсан биздээ. Энэ чинь тэр хүүхэд аав ээжээрээ [On] товчлуураа даруулсны тод жишээ.

Гадаа гараад гудамжаар алхахад нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхах хүн хэр их зөрж өнгөрч байна?  Хөмсөг зангидсан, уурласан, шаналсан царайтай хүмүүс цөөнгүй байгаа биз.

Сүүлийн үед Facebook-ээр моод болоод байгаа “LIKE харамгүй дараарай” гэдэгтэй адилаар эргэн тойрныхоо хүмүүсийн [On] товчлуурыг нь ёстой харамгүй дарчихаж баймаар санагддаг юм. Нэг хүний гэрлийг асаахад тэр хүн ч бас өөр хэн нэгний гэрлийг асаах л байх. Ийм маягаар дамжаад явбал бид цөөхүүлээ болохоор бүгдээрээ урам зориг, эрч хүчээр дүүрэн өөрөөсөө гэрэл цацруулж амьдарч чадах байх. Бид бүгдэд 70000, 21000 төгрөгөөс илүүтэйгээр нэг нэгэндээ хэлэх урмын үг л илүү үнэ цэнэтэй гэж бодогддог.:

Гэхдээ нэг нэгнээ болохгүй байгаа зүйл дээр нь үнэн зэмлэж бол болно гэж боддог юм. Зэмлэл гэдэг бол доромжлол биш, алдааг нь хэлж байгаа хэрэг. Угаасаа монгол хүн “Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж явбал зохино” гэж үг байдаг.

Үг гэдэг агуу хүчтэй зүйл болохоор нэг нэгэндээ үнэ цэнэгүй муухай үгс чулуудсаар байвал бид тамын тогооны үлгэрийн амьдралаасаа хэзээ ч салж чадахгүй байх…

Тийм болохоор нэг нэгнээ урмын сайхан үгээр тэтгэж амьдрая.

Н.Баянмөнх
2013.10.05

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*