An incorruptible dream

great_gatsby

The Great Gatsby гэдэг киног үзээд нэлээд их юм бодогдлоо. Үзээгүй хүн байвал энийг битгий уншаарай.

Тэр үеийн нийгэм нэг талынх нь хүмүүсийн нүдээр харахад их сайхан, улс орон нь хөгжөөд л, ДНБ юу юу ч билээ тиймэрхүү юмнууд нь өсөөд л, баячууд нь сайхан сайхан машин унаж амралтын өдөр болгоноор хэн гэдэг, яадаг нөхөр хаанаас олсон нь мэдэгдэхгүй мөнгөөр хийдэг асар том үдэшлэгт очиж наргиж цэнгээд л, Америк гэдэг улс сайхан болоод байх шиг байна аа. Нөгөө талаасаа ажилчин анги гэдэг нийгмийн ихэнхийг бүрдүүлж цэвэр “Америк мөрөөдөл” гэдэг юмыг бодож төсөөлж ирсэн улсууд нь тостойгоо зууралдаж, шороотойгоо хутгалдан байж хүрз битгий хэл үзэг барьдаггүй улсуудын идэж ууж, наргиж цэнгэх мөнгийг олж өгч байна гэдэг сайхан юм лав биш ээ. Улс орны эдийн засгийн үзүүлэлт өндөр байна гэдэг сайхан ч гэсэн тэр хөрөнгө мөнгө хэдхэн тооны баячуудын гарт байгаа, үлдсэн хүмүүс нь маргааш юу идэхээ мэдэхгүйгээр хөнжилдөө шургаж байна гэдэг бас хөөрхийлөлтэй яа…

За тэгсэн тэр нэг хууль бус наймаа хийж асар том үдэшлэг зохион байгуулдаг нөхөр чинь нэг мангар хүүхэнд бүх зүрх сэтгэлээрээ дурлачихсан, хамгийн сайхан “incorruptible dream” гэдэг юмтай хүн болж таарч байгаа юм. Үнэхээр ямар ч нөлөөнд автаж, яаж ч нугарч хугарахааргүй сайхан мөрөөдөл л дөө. Жинхэнэ цэвэр ариун, зөвхөн хайртай гэсэн сэтгэл дээр тулгуурласан, байж болох хамгийн сайхан мөрөөдөл байсан байх. Тэгтэл тэр мөрөөдөл шазруун завхай залуу, хөөрхөн тэнэг хүүхэн гэх мэт эргэн тойрных нь бараг л бүх улсуудад “ЁС СУРТАХУУН” гэдэг юм байхгүйгээс болоод хөөс болж байх шиг байгаа юм. Надад бодогдсон киноны санаа ерөөсөө л энэ. Тийм сайхан хурдтай явж байгаа нийгэм эдийн засгийн хөгжил гэдэг юмны цаана тэр баялгийг бүтээсэн гэх нэртэй шинэ баячуудын ёс суртахууны дутмаг байдал, хүн хүнээ хайрлаж хүндлэх сэтгэл байхгүй болчихсоноос болоод хамгийн сайхан “incorruptible dream” гэгч юм хөөс болж байгаа юм. Юу хийж яаж мөнгө олдог, хэн гэдгийг нь ч мэдэхгүй мөртлөө үдэшлэгт нь тэр аяараа ирдэг байсан тэр “NEW” York-ынхон оршуулган дээр нь хаачсан бэ? Аль эсвэл энэ соёлжсон, ардчилсан, хөрөнгөтний нийгэм гэдэг юм чинь угаасаа л нэгнээ мөлжиж, үхсэн сэгэн дээр нь баярлан эргэлдэж байхыг илэрхийлсэн тогтолцоо юм уу???

За тэгээд иймэрхүү юм бодоод ирэнгүүт энэ бүгд нэг л таньдаг дүр зураг аа. Яалт ч үгүй л мэддэг таньдаг хүмүүс байгаа юм даа. Өө гэхдээ Nick Carraway, James Gatz энэ тэр хэн юм байгаа юм мэдэхгүй. Харин нөгөө Daisy, Tom, Myrtle гэх мэтийн улсууд нь бол яалт ч үгүй ойрхон байгаад байгаа юм. Ойрхон ойрхондоо их олон байх шиг байгаа юм шүү. Хаанаас олсон нь үл мэдэгдэх хөрөнгө мөнгөн дээрээ туйлсан, хүн хөрөнгө хоёрыг ялгахаа больсон шинэ баячууд, үрэгдээд дуусах хөрөнгө мөнгийг их юманд бодоод өөрийнхөө нэр, бие, залуу нас, амьдралаа алсан хөөрхөн тэнэгүүд, тэгээд цаашлаад эцэг эхийнхээ насаараа хөдөлмөрлөж толгойгоо гашилган байж олсон мөнгийг нь өөрийнхөө юм шиг ярьж, зарцуулж, хамгийн өрөвдөлтэй нь тэгж боддог юу ч ойлгоогүй залуучууд, iPhone5 гэдэг утсыг “Эрдэнийн сан Субашид” гэдэг номоос илүүд үзэж, нэг ном авч уншиж, нэг хүний яриа сонсохын оронд “брэнд” гэдэг сайхан нэртэй хувцас өмсөхийг илүүд үздэг хүмүүс их байна аа. Хэрэгцээ нь байгаа бол хамаа алга, үнэхээр элит давхраанд орчихоод НТ шопоос авсан “disdas” футболк, “lewis” жийнс өмсөөд, 3310 бариад явна гэдэг бол хэцүү асуудал. Гэхдээ хэрэгцээ гэдэг юм чинь өөрийнх нь санхүүгийн боломж, амьдарч хүрээлүүлж байгаа орчин гэдэг юмаа дагаж өсөх ёстой болохоос эцэг эх нь маргаашийн хоолоо яая гэж байхад надад машин, iPhone авч өг гэж орилохыг хэлдэггүй л байх. “Хэлбэрдэлт” гэдэг юм одоогийн залуусыг тодорхойлдог болчихсон юм шиг…

Угтаа бол Монголчуудад оюуны чадавх гэдэг юм нь бусдаас илүү заяасан юм шиг байгаа юм шд. Эх орон, ард түмнээ байг гэхэд ядаж 20 жил хоолыг нь өмсөх хувцастай нь бэлдэж өгөөд боловсрол олгох гэж махаа цайж байгаа эцэг эхээ бодоод хүн шиг амьдраад, хүссэн мэргэжлээ эзэмшээд сайхан ажилд ороод өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангаад явахад болохгүй бүтэхгүй чадахгүй юм юу байна аа. Хүн болгон тэрбумтан, хүн болгон эрдэмтэн мэргэн болох албагүй шдээ. Чадахгүй юм чадахгүйгээрээ сайхан, чаддаг юм чаддагаараа бүр сайхан. Хэдэн сайхан ном аваад уншчих л даа. Тэр “Метро” энэ тэрийхээ нэр байршлыг цээжилж байхын оронд газрын зураг дээр “Тунис” хаана байна гэхэд заадаг болчих л доо. Хүнд мэдсэн сурсан юм илүүднэ гэж бол байхгүй л гэдэг юм байна лээ. Ер нь тэгээд яг одоогийн Монголын нийгэм бол залуучуудын хувьд сурч боловсорч, ажил хийж хөдөлмөрлөж, сайхан юм бүтээж амьдрахад хамгийн гоё үе л гэж боддог. Өөрсдөд нь чадвар байгаа гэдэгт ч итгэдэг. Ганцхан өөрсдийгөө хөгжүүлээд хөрөнгө мөнгө гэдэг цаг зуурын юмны араас явахаа л болих ёстой байх. Би ч гэсэн Монгол хүний саруул ухаанд итгэдэг.

З.Сугар
Осака их сургууль
2013.10.05

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*