Хөдөө Орон Нутгийн Цаашдын Хөгжил

statistik

1990 оноос хойшхи төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжсэн энэ 23 жилд манай орны хөгжлийн зам тийм ч дардан байсангүй. Эдийн засгийн зарим тоон үзүүлэлтийг харвал 1998 оноос нааштай үр дүнгүүд гарч, цаашлаад 2000 оноос дэлхийн зах зээл дээрxи алт зэсийн үнэ өссөн нь эдийн засгийн өсөлтөд том түлхэц өгөв. Цаашлаад Оюутолгой, Тавантолгойг дагасан их хөрөнгө оруулалт уул уурхайгаас олох орлого нь нэг хүнд оногдох ДНБ-г 3500$-т хүргэв. Нийт олонхын худалдан авалт сайжирч, эдийн засаг өсч эхэлсэн ч орон нутаг хоорондын xөгжлийн ялгаа, эдийн засгийн чадавхад маш том зөрөө гарч ондоошил явагдаж эхэлсэн байна. Бодит үр дүн нь бидний нүдэн дээр илхэн хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл. 2000 онд нэг хүнд оногдох ДНБ-ээрээ хамгийн их бүсийн нэг xүнд оногдох орлого нь хамгийн сүүлийн буюу 22 дахь (УБ-г оруулаад) аймгийнхаа нэг хүнд оногдох орлогоос 3 дахин их байсан бол энэ тоо 2011 онд 12 болсон байна. (12 дахин зөрүүтэй болжээ)

Тухайн орон нутгийн нэг хүнд оногдох дундаж орлогоор нь (21 аймаг ялгаатай)  тооцоолсон   нийгмийн тэгш бус байдлыг илтгэдэг Жини индекс 2001 онд  0.18 байсан бол 10 жилийн дараа буюу 2011 онд  0.38 болж өсчээ. (Жини индекс нь 1-рүү дөхөх тусам нийгмийн тэгш бус байдал хурцдаж байна гэсэн үг). Эндээс зөвхөн бүс бүсээрээ буюу Монголын 21 аймгийн хооронд үүсч буй хөгжлийн, эдийн засгийн чадавхын ялгаа улам ихсэж  байгааг харж болж байгаа ч нэг аймагт оршин суугаа иргэд хоорондын баян хоосон, хөрөнгөтэй хөрөнгөгүйн ялгаан дээр бол бүр ч өндөр тоо гарах бизээ. Гэхдээ энэ нийтлэлийн гол зорилго нь орон нутаг хоорондын эдийн засгийн чадамжийн зөрүү ба түүний хэрхэн арилгах цаашлаад орон нутгийг хэрхэн хөгжүүлэх талаар учраас тэр хувь хүмүүсийн дундах баян хоосны ялгаа Монгол даяар асуудал болж буй өнөөгийн нийгмийн тэгш бус байдлын асуудлыг түр хөндөлгүй орхиноо. 2001 оноос 2011 оны 10 жилийн хугацаанд манай орон  дэлхийд №1 гэх өндөр эдийн засгийн өсөлтийг (2011 онд 17,5%) үзүүлж нэг хүнд оногдох ДНБ-нээ хэд хэд дахин өсгөөд авлаа, xарин үүний цаана орон нутгийн хөгжил тийм ч бахархмаар төвшинд хүрч чадсангүй. Орон нутагт хөгжил муу сургууль соёл, эмнэлэг үйлчилгээ, амьдралын нөхцөл боломж муу гээд хүн амын тал нь Улааанбаатар руу нүүгээд ирлээ. Энэ нүүдлийг дагаад хотод агаарын бохирдол замын даац хэтрэлт, гэр хорооллын тэлэлт, хөрсний бохирдол гээд асуудал ар араасаа хөвөрсөөр. Орон нутгаа хөгжүүлж чадвал энэ асуудлууд ч гэсэн тодорхой хэмжээнд шийдэгдэж чадна. Xарин орон нутгаа хөгжүүлэх ямар арга зам байна вэ?

Орон нутгийг хөгжилд хүргэж чадах бүх л нөөц боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна. Уул уурхайн баялгийг эс тооцвол адилхан үр өгөөжөө өгч чадах, дээр нь байгаль орчинд ээлтэй мал аж ахуй дээрээ суурилсан хөнгөн үйлдвэр, агуу туух соёл дэлхийд гайхуулах нүүдэлчний соёл иргэншил, онгон дагшин байгальдаа түшиглэсэн аялал жуулчлал гэх мэтээр цаашлаад аймаг болгонд өөрийн гэсэн нэг онцлог дээр нь түшиглэж хөгжүүлэх арга зам юм. Үүнийг бодит ажил болгоход хамгийн чухал зүйл бол зөв менежмент, ялангуяа орон нутгийн иргэдийн өөрсдийнх нь санал санаачлага. Хэрхэн яаж хөгжих вэ гэдэг асуудлыг хаа хол хэдэн мянган километрийн цаадах Улаанбаатараас нэг хүн цаасан дээр зурах биш, төрсөн нутгаа гарын арван хуруу шигээ мэддэг, нутаг орноо хэнээс ч илүү хайрлаж хамгаалж чадах орон нутгийн иргэдийн өөрсдийнх нь санал санаачлагаар шийдэх нь илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл 「Орон нутгийн төвлөрсөн удирдлага」-aaс  「Орон нутгийн өөрөө удирдах тогтолцоо」, бие даасан хөгжлийн хөтөлбөр рүү шилжих нь зүйтэй.

 Э.Хонгорзул
2013.10.18

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*