Миний ном зурагтай ном! Зугаатай ном!

nom

Ном хүнд хэрхэн ач холбогдолтой талаар энд дурдах нь илүүц хэрэг. Харин ном, номыг уншиж сурах гэдэг тухай бусад үндэстэн, улс орны жишээн дээр тулгуурлан яривал арай амьд мэдээ болж болох юм л даа.

Дээрх гарчиган дээр бичигдсэн дууг сонсоогүй, мэдэхгүй хүн гэвэл бидний үеийнхэн дунд  ( 1980-1990 ээд онд төрөгсөд) лав байхгүй болов уу. Гэхдээ сүүл үеийнхэн буюу 2000-аад оныхон дунд бол энэ дууны бараа сураг бараг л үзэгдэж харагдахгүй болтлоо бүдгэрсэн байх…

Яагаад гэвэл дууны эзэн нь ч алга, эзэн нь байхгүй болохоор дуу нь ч өөрөө хаягдаж эхэлж байгаа хэрэг.

Ном бол Боловсрол гэдэг үгний нөгөө тал. Манай оронд бага насны хүүхдүүд номоор дамжуулан хэрхэн нийгмийн тухай, танин мэдэхүйн, хорвоо ертөнцийн талаарх мэдээ мэдлэгийг авч байна вэ гэдэг талаар бодож үзэцгээе.

Нэгдүгээрт бага насны хүүхдүүд хэрхэн, ямар номтой танилцах вэ гэдэг асуудал.

Хэрхэн гэдэгт бол олон арга зам байж болно. Аав ээж нь авч өгөх, эмээ өвөө нь бэлэглэх, аль эсвэл цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бол улсаас цаанаас нь унших ёстой номын жагсаалтыг гаргаж өгөх, эсвэл нийлүүлэх. Гэвч аваад бэлэглэх, унш гээд шаардах ном нь өөрөө байхгүй байхад хэрхэн гэдэг асуулт өөрөө байгаад ч хэрэггүй юм. Ямар ном байна вэ гэх сонголт байж байж хэрхэн түүнийг гартаа оруулах вэ гэдэг дараагийн асуудал яригдах ёстой. Уучлаарай манай Монголд өнөөдөр хүүхдэд зориулсан ёгт үлгэрийн, зурагтай гоё ном нь даана ч алга даа. Сүүлд Ирмүүн агентлагаас гаргасан хүүхдийн комикс бол шинэлэг зөв санаа байсан ч гэсэн түүнийг яг бага насны хүүхдэд зориулсан ЗӨВ хүүхдийн зурагт ном гэж хэлэх үү гэвэл үгүй.

Яагаад би ийм итгэлтэй хэлээд байгаа юм бэ гэдгийг хоёрдугаар асуудлыг дэвшүүлсний дараа ойлгох байх аа.

Хоёрдугаар асуудал, асуулт бол хүүхдийн зурагт ном гэж юу вэ?

Ганц Японтой харьцуулаад үзэхэд хүүхдийн номын чанар , түвшин, түүний үүрэг хариуцлага гэдэг зүйл маш тодорхой харагдана. Хүүхдэд зориулсан, хүүхэд өөрөө уншиж танилцах ном гэдэг бол ойлгоход тун хялбар бөгөөд ЗУРАГТ НОМ гэдэг утгаараа гараар зурагдсан, гараар хийгдсэн мэт бодитой харагдаж , адал явдалтай, ухаан санааг хөгжүүлсэн, зарим талаараа бодлого таавар мэт байх ёстой ажээ. Ялангуяа цэцэрлэг ба цэцэрлэгийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан ном бол бүгд зургаар бүх утга санаагаа илэрхийлсэн байх ёстой байдаг байна. Зурагт номоор дамжуулан хүүхдүүдэд чи хаана төрсөн болох,чиний соёл юу болох, нийгэм харилцаа гэж юу болох, гэр бүл гэж юу болох, сайн сайхан ба муу муухайн ялгааг хэрхэн таних , чи юуг хийж болох юуг хийж болохгүй гэх зэрэг хүн болж амьдрахад хэрэгтэй хамгийн наад захын асар чухал боловсролыг эзэмшүүлж болдог байх нь. Японд хүүхдэд зориулсан зурагт номын эхлэл аль 1900 ээд оны эхээр тавигдсан бөгөөд нийгмийн өөрчлөлтүүдээс болоод байнга хувирч ирсэн байх юм. Жишээ нь дайны үеийн хүүхдүүдэд зориулсан зурагт номыг сөхөөд үзвэл дайн гэсэн утга санаа мөн түүний ард эх оронч хатуу үзэл зэргийг харуулсан байдаг байна.

Гэвч одоо бол өөр хэрэг. Бага насны хүүхдүүдэд зориулсан зурагт номнууд яг л жинхэнэ зөвхөн ганц чамд зориулсан мэт томоос том хатуу өнгө алагласан хавтастайн дээр, зураглал, өнгө будаг зэрэг нь яг л гараар зурчихсан юм шиг хэвлэгдсэн гэж огт хэлэхээргүй тийм ном хүртэл байдаг. Номын өмнөх хавтсанд, номын эзэн хүүхэд өөрийн нэрээ бичиж, хэзээ авсан зэргээ тэмдэглэж болохоор зайг аль ч ном үлдээсэн байдаг нь энэ үеэс эхлээд л номыг хайрлаж өөриймсөг байлгах, түүнчлэн өөрийн эд зүйлдээ аривч хямгач хандах сэтгэлгээг суулгаж өгч байгаа юм шиг санагдсан.Бас гадаад хэлнээс орчуулсан үлгэр, дэлхийн сонгодог зохиолуудаар нас насанд нь зориулсан зурагт номыг гаргасан байгаа нь харагдсан. Их ажиглагдсан зүйл гэвэл бичиг үсэг хараахан заалгаагүй байгаа хүүхдүүдэд зориулсан ямар ч бичиг оруулалгүйгээр тухайн хүүхэд өөрөө эргүүлж тойруулаад л уншиж харах боломжтой номнууд үнэхээр олон бөгөөд төрөл төрлөөрөө байдаг юм байна лээ. Байгальтайгаа ойр байх, танин мэдэхүйн сонин содон, жижиг сажиг мэдээллүүдийг ихэнх ном өөртөө тусгаж өгсөн байдаг нь хүүхдийг шинжлэх ухаанч, шинийг эрэлхийлэгч, мэдлэгтэй хүн болоход чиглүүлж байгаа юм шиг санагдсан.

Боловсрол гэж ер нь юу юм бэ?…Бид өнөөдөр боловсролыг худалдаж авах гэж, өөрсддөө наах гэж далайг гаталж байна. Гэтэл боловсрол гэдэг чинь зүгээр л зурагт номноос л эхлэх юм биш үү… Бага насны хүүхдийн төлөвшил гэдэг тухайн орны ирээдүйн нүүр царай, эх орон гэхээс илүү тухайн хүүхэд том болоод хэн болох вэ гэдэг суурь нь байж магадгүй юм. Боловсрол хаанаас эхлэх вэ гэвэл би зурагт номноос гэж хэлнэ. Хүүхэд багачууд зөв сэтгэлгээтэй, зөв мэдрэмжтэй, бие биенээ хүндэлсэн, соёлч ухаалаг зан чанартай болоход зурагт ном хамгийн сайн багш нь байж чадна гэдэгт би итгэж байна.

Г. Чимэдлхам
2013.10.23

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*