Асуудал нь Сошиал медиад уу? Бидэнд үү?

Facebook, Twitter зэрэг сошиал медиа бидний амьдралын нэг хэсэг болоод уджээ. Сошиал медиа нь амьдралынх нь нэг хэсэг биш, өөрсдөө сошиал медиагийнхаа нэг хэсэг болчихсон хүмүүс ч бага биш байх. Хаана юу идэж, юу хийснээ цаг тутамд бусдад харуулж, хүний бичсэн сэтгэгдэлд 5 минутын дотор хариу бичдэг хэрэглэгчид цөөнгүй. Нэг аятайхан ресторан, нэг нэртэй зочид буудалд очих тоолондоо (бас яг дандаа очдоггүй байж мэднэ шдээ :D ) тэрийгээ бусдад гайхуулах хэрэг байгаа юм болов уу гэж бодогдох юм. Хичнээн өөрийнх нь хуудас ч гэсэн бас бусад хүмүүс тэрийг нь хардаг, боломжгүй нэг нь тиймэрхүү юмыг нь харахаараа өөрийгөө ядуу зүдүү, арчаагүй байна гэж бодож сэтгэлээр унадаг гэдгийг бодолцож үзвэл зүйтэй байх. Мэдээж хүний амьдралд сайн сайхан, бусдад хэлмээр юм их тохиолдоно. Эхнэр нь амаржаад нэг сайхан хүүтэй боллоо гэдгээ бусдад хэлмээр санагдсан байж болно. Хүмүүсийн хэлдгээр “Пожалуйста!” Харин манай хүү ёстой хөөрхөн инээх юм аа, ёстой хөөрхөн унтах юм аа, бараг л ёстой хөөрхөн баах юм аа гэж өдөр болгон бусдад дэлгэх хэрэг байгаа гэж үү. Таны энэ бусдад харуулах, гайхуулах гэсэн юмыг хараад сэтгэлээр унах хүн ч байгаа шүү дээ. Хүн болгон хүссэнээрээ хүүхэдтэй болж чадахгүй тохиолдол нийгэмд бишгүй л их байгаа. Бас нөгөө талаасаа та энэ бүгдийг бичиж бусдад дэлгэх, тэрийгээ хэдэн хүн харж Like дарсан байна гэж шалгах тоолондоо үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа хумсалж байгаа гэдгээ бодож үзсэн болов уу? Саяхан нэг олны танил хүн twitter дээр “Аавындаа ирчихсэн сайхан байна аа. Аавтайгаа юм ярьж цай ууж суулгүй удсан байна шүү. Сайхан байна” гээд биччихсэн байсан. Эхлээд харахад гоё юмаа л гэж бодмоор. Гэхдээ ингэж бичиж, хүмүүс юу гэж хариу бичих бол гэж шалгаж байн байн утсаа шагайж байх үедээ удаан уулзаагүй байж байгаад ярих гэж ирсэн аавыгаа ганцааранг нь орхиод байна гэдгээ бодсон болов уу. Бид нар сайхан газар үзэж, амттай хоол идэж, сонирхолтой зүйлс хийхээсээ илүү тэрнийгээ бусдад харуулж гайхуулах гэдэг юмнаас кайф авдаг болчихсон юм шиг. Болж байвал энэ бүхнээс кайф авч болно л доо. Гэхдээ амьд хүний харилцаа гэдэг юм чинь юугаар ч орлуулшгүй шүү дээ. Утсаа шагайж, компьютерээ ширтсээр байтал хажууд чинь байсан хүмүүс алга болохыг алийг тэр гэхэв.
За тэгэхээр иймэрхүү байдлаар өөрийнхөө талаар бусдад мэдээлж кайф авна гэдэг маань биднийг юу руу хөтөлж байна вэ? Narcissism гэдэг нэр томьёо байдаг юм байна. Яг толь бичгээс харвал хувиа хичээх үзэл гэсэн үг байна л даа. Гэхдээ нэг нийтлэл дээр дурьдагдсаныг ерөнхийд нь хэлбэл өөртөө хэт төвлөрсөн, бусдын анхаарлыг татах гэсэн хэт их оролдлого гаргах үзэгдэл юм уу даа. Энэ үзэгдэл нь даамжраад ирэхээрээ өөрийгөө л бусдаас илүүд үзэж, өөрийнхөө бодлыг бусдад тулгадаг би төвтэй хүн болчихдог юм шиг байгаа юм. Би би гэсэн хүн ямар сайхан байх вэ дээ. Адаглаад хүмүүстэй юм яриад суухад голоор орж ирж өөрийнхөө талаарх хэрэггүй юм яриад уур амьсгал алаад байна шүү дээ. Хамгийн гол нь энэ хүмүүсийн ийм зан өөрт нь болоод нийгэмд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдэг нь сонин. Нэг хүний хийсэн судалгааг харахад иймэрхүү narcissist хүмүүс энэ бүхнээсээ кайф авч баярлах нь цаг хугацаатай бололтой. Сонин дээрээ соохолзоно, сониноо буухаар гоохолзоно гэгчээр хүмүүс нэг л өдөр энэ хүнээс маань уйдна. Өдөр болгон бичдэг мэргэн үг, өдөр болгон тавьдаг пастаны зургийг нь хүмүүс тоохоо болино. Тэгээд ирмэгц нөгөө хүн маань хүмүүс намайг тоохоо больчихож, би тэнэг, би сонирхолгүй болчихож гээд л бүр хэрээс хэтэрсэн хичээл зүтгэл гаргаад бүр дэмий юманд өөрийгөө түлхээд ирнэ. Хэсэг хугацаанд энэ хичээл зүтгэл нь өгөөжөө өгч байгаад тун удалгүй хүмүүс ахиад л уйдна. Ингээд ирмэгц тэр хүнд өөртөө итгэх итгэл, идэвхитэй байдал гэх мэт зүйлс нь алга болдог бололтой. За тэгээд сэтгэл гутрал гэдэг юм руу ороод ирж байгаа юм. Анхаарал тавьж, хичээл зүтгэл гаргах шаардлагагүй юманд хэт их анхаарсны үр дүнд өөрт илүү нандин зүйлс болох гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрөөх цагаа хумсалж эцэст нь өөрийгөө ч гутраагаад дуусна. Ингэх хэрэг байхгүй шүү дээ. Гэхдээ энэ бол хамгийн муугаар дуусах тохиодлуудын нэг л дээ.
Харин бусдад яаж нөлөөлж байна вэ гэдэг тал дээр түрүүний хэлсэн бусад хүмүүс тэгж өдөр болгон хийж байгаа зүйлсийг нь хараад өөртөө гутрах гэдэг үзэгдэл гарна. Хөөх энэ ийм юм өмсчихөж, хөөх энд очоод энийг үзчихэж гээд л явж өгнө шүү дээ. Бүх хүн тэгдэггүй юмаа гэхэд тэгж сэтгэлээр унадаг хэсэг байж л байгаа. Тийм хүмүүст хандаж хэлэхэд хүн болгоны амьдрал өглөө болгон ургах нартай уралдаж босоод өдөр болгон ажлаа сайхан бүтээгээд орой болгон хайртай хүнтэйгээ сайхан хоол идэж сайхан тоглолт үзээд дуусдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж таны амьдралд байгаа шиг биш юмаа гэхэд тодорхой хэмжээний асуудал бусад хүний амьдралд байж л байгаа. Тэр хүнд танд байхгүй гутал байгаа бол танд тэр хүнд байхгүй даашинз ч гэсэн байгаа. Тиймэрхүү хүмүүс зүгээр л сайхан юм тохиолдох үедээ л ингэж бичиж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэн ч гэсэн эхнэртэйгээ муудалцах тоолондоо хайртай хүнээ интернетээр нэг муулаад бичээд байна гэж байхгүй шүү дээ. Тэр хүнд ч гэсэн танд тохиолддог таагүй зүйлс тохиолдож л байгаа. Зүгээр бичдэггүй л байхгүй юу. Тиймээс бусдын хааяа нэг тавьсан сайхан юмыг хараад өөрийгөө голох ямар ч шаардлага байхгүй. О.Дашбалбар гуайн хэлдэг шиг “Бидний амьдрал ав адилхан, бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно”.
За бүүр нөгөө талаасаа бусад хүмүүс надаас илүү байна, илүү юм хийж илүү юм үзэж байна гэдгийг харсан хүмүүс би дутаж болохгүй, би ч гэсэн адилхан байх хэрэгтэй гээд зүтгэж эхэлнэ гэдэг нэг бодол хүмүүст төрөх байх. Энэ нь мэдээж хүнд эрч хүч өгч, шинэ юманд тэмүүлж байна гэдгээрээ сайн ч юм шиг. Гэхдээ ер нь бол хүний туйлын зорилго аз жаргалтай амьдрах. Харин миний бодлоор тэр аз жаргал гэдэг юмыг бусдыг харж атаархсан зорилго тавьж биш бурхан багшийн сургааль дээрх шиг “Би аз жаргалыг хүсч байна” гэдэг өгүүлбэрээс “би” гэдэг аминч үзэл, “хүсч байна” гэдэг шунал тачаалыг хасч байж олж авдаг байх. Энгийнээр бол байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэсэн үг юм уу даа. Мэдээж хүн шинэ зорилго зорилт тавьж өсөж дэвжиж байх хэрэгтэй. Тэр бол маш сайн зүйл. Гэхдээ энэ шинэ зорилго гаргаж ирэх хөшүүрэг нь бусад шиг эсвэл бусдаас илүү болох гэсэн хүсэл биш өөрийнхөө сэтгэл зүрхийг дагасан, өөрийнх нь чин хүсэл байгаасай л гэж хэлэх гэсэн юм.
Ер нь энэ бичсэн юмыг уншаад хүн өөрийнхөө хуудсанд хэдэн удаа юу тавих ямар хамаатай юм, өөрийгөө хичээмээр шд энэ тэр гэсэн бодол зарим нэг хүнд төрж мэднэ. Нэг талаасаа тийм. Гэхдээ энэ бол зүгээр л нөхөрсөг зөвлөгөө. Хүсэх юм бол хэн ч хэнийг блок хийчихэж болно шүү дээ. Миний хэлэх гэсэн хамгийн гол санаа нь Social network гэдэг энэ цахим ертөнцийг өөрийнхөө бодит ертөнцтэй дэндүү хольж, бодит амьдрал дээр авч чадах илүү сайхан мэдрэмжээ Like, Share-ээр битгий солиосой л гэж байгаа юм. Хорвоо дэлхий чинь баялаг шүү дээ. Хийх юм их байна.

З.Сугар
2013.10.28

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

1 Comment

  1. Onoogiin niigemd yag iim l zuil tohioldoj bn..Uneheer ih taalagdlaa Bi ch bas humuusiin yu idej yu omsoj haana ochson zergiig haraad iim saihan amidrah ymsan l gj bddog blaa!

Leave a Reply

Your email address will not be published.


*