Япон дахь ажил хайлтын систем

job_hunt-300x265

Япон улсад Job hunting буюу ажил хайлт нь ямархуу байдаг талаар, мөн Япон дахь ажил хайлтын системийг Монголд авч хэрэгжүүлж болох уу гэдэг талаар өөрийн бодлоо хуваалцья гэж бодлоо.

Японы их сургуулийн оюутнууд ихэвчлэн 3-р курст байхаасаа эхлэн ажлаа хайж эхэлдэг.  Хичээлийн шинэ жил 4 сард эхэлдэг ба 6 сараас 7 сарын төгсгөл хүртэл их сургуулиуд дээр 3-р курсын оюутнуудад зориулсан ажил хайлтын талаарх лекц семинар явагддаг. Эдгээр семинарууд нь оюутнуудад ямар ажил хийвэл зохилтой болох, мөн ямар албан байгуулга компанид ажиллавал өөрт тохирох вэ гэх мэтийн тодорхой хэмжээний мэдээлэл олгодог.

8 сараас 9 сарыг дуустал их сургуулиудын зуны амралт болдог ба зуны амралтын хугацаанд ажил хайж буй оюутнууд хэд хэдэн үйлдвэрүүд болон компаниудаар явж дадлага (Internship) хийдэг. Дадлагаар дамжуулан оюутнууд их сургуульд сурч байгаа зүйлээ хаана хэрэглэвэл зохих, төгсөх хүртлээ юуг сурч мэдвэл нийгэмд гараад хэрэг болох вэ зэрэг мэдлэгийг олж авдаг. Мөн тухайн дадлага хийж буй албан байгуулга компаний ажилтнаас хэрэгтэй мэдээллийг өөртөө олж авдаг байна.

10, 11 сард ажил хайж буй оюутнууд хувийн намтар (CV-curriculum vitae) болон ажилд орох анкетаа (ES-entry sheet) бичиж, ам ярилцлага болон бичгийн шалгалтынхаа бэлтгэлээ хийдэг.

12 сарын 1 нээс эхлэн албан ёсоор Японы ихэнх компаниудын танилцуулах өдөрлөг семинар зохион байгуулддаг. Эдгээр өдөрлөгөөр дамжуулан өөрийн орохыг хүссэн компанийхаа талаарх мэдээллийг олж авах боломж бүрддэг.

Ингээд 12 сарын сүүлээс эхлээд сонирхож буй хэд хэдэн компаниуд руугаа хувийн намтар болон ажилд орох анкетаа явуулж эхэлдэг. Судалгаанаас үзвэл япон оюутнууд дор хаяж 20 гаруй компаниуд руу өөрийн хувийн намтар болон ажилд орох анкетаа бичиж явуулдаг байна. Бүгдийг өөрийн гараар маш цэвэрхэн бичих ёстой ба нэг хувийн намтар бичихэд ойролцоогоор 2¬3 цаг зарцуулдаг аж.

Ерөнхийдөө 2 сараас 7 сарын хооронд ихэнх компаниудын шинэ ажилтан авах бичгийн болон ам ярилцлагын шалгалтууд явагддаг. Шалгалтууд нь ихэвчлэн 3-4 н үе шаттай ба 1-р шатны шалгалтандаа тэнцэж байж 2-р шатны шалгалтаа өгөх эрхтэй болдог. Эхний 1,2-р шатны шалгалтууд нь ихэвчлэн бичгийн шалгалтууд бөгөөд тухайн оюутны мэргэжлийн мэдлэг болон IQ-г шалгасан агуулгатай шалгалтууд байдаг. Сүүлийн шатны шалгалт нь ам ярилцлага бөгөөд энэ нь ажил хайгч оюутны харилцааны чадвар хэр түвшинд хөгжсөн эсэх, тухайн компанид хэр зэрэг тохирох, мөн хувь хүний бодол зэргийг голчлон харах бөгөөд хамгийн чухал шалгалт нь юм.

Ингээд 8 сараас 9 сар хүртэл ихэнх компаниудын хариу гардаг бөгөөд тэнцсэн оюутнууд тухайн компанитайгаа оюутан байхдаа гэрээгээ хийдэг.

Японы оюутнуудын энэхүү 3-р курсээсээ эхэлдэг энэ ажил хайлтын систем нь 2 давуу талтай.

1. Цаг хугацаа хожно.

3-р курст сурах хугацаандаа ажлаа хайж 4-р курсынхээ эхэн хэсэгт шалгалт өгсөн компанидаа тэнцсэн тохиолдолд тухайн оюутан төгсөхөөсөө өмнө компанитайгаа гэрээ байгуулж, их сургуулиа төгсөөд шууд компанидаа ажиллаж эхэлнэ гэсэн үг.

Харин Монголд ихэвчлэн оюутнууд төгссөнийхөө дараа албан байгуулга компаниуд руу намтараа явуулж ажил хайлтаа эхэлдэг. Ингээд их сургуулиа төгсөөд компанид орох хүртлээ ажилгүй байдаг.

2.  Ажил хайлтын энэхүү хугацаанд олон шалгуур шалгалтанд бэлдэж, өөрөө ямар ажил хийвэл зохих, ямар компанид ажиллавал өөрт хэрэгтэй вэ зэргээр тухайн ажил хайгч оюутнуудад оюутан байх хугацаандаа өөрөө өөрийгөө нээн илрүүлж, өсөж дэвшихэд нь түлхэц болдог. Өөрөөр хэлбэл оюутнуудын нийгэмд хөл тавихын өмнөх бэлтгэлийг нь оюутан байх хугацаанд нь өөрөөр нь бэлдүүлж байгаа явдал юм.

 Би хувьдаа Японы энэхүү 3-р курсээсээ эхэлж ажил хайдаг системийг Монголд хэрэгжүүлбэл манайх шиг хөгжил рүү яаравчлах ёстой орны хувьд их хэрэгтэй гэж боддог. Манай орны хувьд оюутнууд 6 сард төгсөөд мэргэжлийнхээ ажлыг хайж эхэлнэ. Гэтэл 6 сараас 9 сар хүртэлх хугацаа бол манай орны хувьд үйлдвэрлэл явуулах, хийж бүтээх хамгийн тохиромжтой улирал. Энэ хугацаанд төгссөн оюутнууд ажлаа хайж байна гэдэг бол цаг хугацааны хувьд ихийг алдаж байгаа юм шиг…

Төгсөөд л шууд ажлаа хийж эхэлнэ гэдэг их сургуульд сурсан зүйлээ шууд нийгэмд гараад хэрэглэх боломж нэг талаар бүрдэж, нөгөөтэйгүүр оюутан хүнийг сурахын хажуугаар завгүй байлгана гэдэг өөрийгөө олж, хөгжиж дэвших боломжийг нь бүрдүүлж байж болох юм…

Н.Баянмөнх
2013.10.30

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*