Хүндлэл үгүй Монголын нийгэм

Аливаа улс орны хөгжлийн нэгэн тодорхойлолт бол тухайн нийгэмд амьдарч буй ард түмний хүн хоорондын нийгмийн харилцаатай яахын аргагүй холбоотой билээ. Аль ч төрлийн салбарт бид өдөр болгон бие биетэйгээ үг хэл, үйл хөдлөлөөрөө ойлголцон тэрхүү нийгэм дахь харилцааг үүсгэж байдаг.

Харин монгол улсын маань хувьд сүүлийн жилүүдэд бие биенээ хүндлэн харьцах зөв зохистой нийгмийн харилцаа алдагдаж хэт хувиа хичээсэн бас стресстэй нийгэм болж хувирсан нь ажиглагдсан.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу ардчилсан нийгэмд шилжин ороогүй байх үед, бага балчир хүүхэд , залуус нь ахмад хүмүүсээ хүндэтгэн харьцаж, танихгүй ч гэсэн үг хэлбэл түүнийг хүлээн авдаг, тэр тусмаа хажууд нь тамхи татаж, муу үг хэлэхээсээ хүртэл ичдэг байсан хэмээн бидний ээж аав, эмээ өвөө нар үргэлж дурсан ярьж бидэнд сургаалийн үг хэлдэг.

Гэтэл тухайн үеийн нийгмээс ардчилал хэмээх хувийн өмч, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд шилжсэнээс хойш монгол улсын маань иргэд, тэр дундаа энэ зууныг манлайлж явах залуу, дунд үеийнхэн маань хэт их эрх чөлөөжиж, дураараа аашлах болжээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр бие биенийгээ хүндлэн харьцах хүндлэл гэж алга байна. Энэ нь хүмүүсийн амьдралын бэл бэнчин, албан тушаалаас хамаарч, хэт их материаллаг тогтолцоог шүтэн бишрэх хандлага газар авсанаар хүнлэг байх, хүндэтгэлтэй харьцах явдал нь хоосон зүйл мэт санагдах болсон байна. Хэт их эрх чөлөөжсөн нийгэмд энэхүү хувиа бодох хандлага газар авсан нь би л болж байвал болоо гэсэн “БИ” төвт үзэл суртал, ёс зүйн доголдолтой холбоотой хэмээн бодогдож байна. Жишээ нь: Машинаа унаад хаа нэг газар хүрэх гэж буй хүмүүс, адилхан эд бараагаа аваад мөнгөө тушаахаар дугаарт зогсож буй хүмүүс дунд би л яарч байна, би л түрүүлж гарах ёстой би, би, би гэсэн хувиа хичээсэн зан нь түрэмгийлж байна. Энэ байдал нь эргээд уур бухимдал болж бие биеэ доромжлох, өөртөө стрессыг бий болгох стресстэй нийгэмийг бий болгосоор байна. Түүнчлэн аж ахуйн үйлчилгээний салбарт анхнаасаа харилцааны соёл, ёс зүйг нь бий болгох тогтолцоо байхгүй байгаагаас худалдан авагчийг хүндэтгэн харьцах, бараа материалаа сурталчлан тайлбарлах, хүний төлөө гэсэн үйлчилгээний соёл ч дутагдаж байна. Бид бүгд аль ч нөхцөлд хүнтэй хэрхэн яаж харьцах вэ гэдгээ ч мэдэхээ байж, дэлгүүр, эмнэлэг, ресторан, албан газар зэрэг олон нийтийн салбарын үйл ажиллагааны үйлчилгээнд сэтгэл хангалуун байх хүн ховор болсон. Жишээ нь: Дэлгүүрт ороод таалагдсан нэг бараагаа худалдан авмаар байдаг гэтэл худалдагч нь урдаас бохио тас тас хийтэл зажлаад, авбал ав авахгүй бол боль гэсэн шиг харьцдаг, эсвэл асуутал асуухад сонсоогүй юм шиг хэнэггүй царайлаж олон дахин асуулгаж байж хариулдаг гэх мэт хэлэхэд энгийн мэт боловч асар чухал нөлөөг бизнес болон хүн хоорондын харьцаанд нөлөөлдөг соёлд суралцаагүй л байна. Өнөөгийн залуус бид техник технологи хөгжсөн өндөр хурдацтай хөгжиж буй нийгэмд амьдарч сурч байгаа нь давуу тал боловч хүнлэг, оюунлаг чанараа гээж хүндлэлийг умартвал бидний ирээдүй ямар болох билээ. Хүн төрөлхтөн үеийн үед үр удам дамжин амьдарч хөгжих нь ойлгомжтой тул хүндлэл гэдэг үргэлж л байх ёстой.
Хүндлэл гэдэг нь өөрөө хувь хүний мөн чанарыг илэрхийлэхийн зэрэгцээ улс орны хөгжлийн нүүр царай болдог. Иймээс хүмүүс минь ялангуяа залуус минь хүндлэл гэдэг үгийг өөрөө өөртөө нэг хэлээд та өөрийнхөө ёс суртахуун, үзэл бодол, зөв хандлагатай байгаа эсэхтэй дүгнэлт хийгээд үзээрэй.

Э.Амина
Токиогийн Олон Улсын Их сургууль

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*