Амжилтанд хүрэхийн тулд хэдий хугацаа шаардлагатай вэ?

mooyo
Та бид мөрөөдөж явдаг холын холд буй мөрөөдөл болон амжилтандаа хүрэхийн тулд хэдий хир хугацааг ажил хөдөлмөр, өөрийгөө сайжруулахад зарцуулах шаардлагатай тухай бодож үзэж байсан уу? Тэгвэл өөрийн салбартаа тэргүүлэх хүрээнд орохын тулд хүн 10000 цагийг зарцуулдаг гэх сонирхолтой дүгнэлтийг 1990 онд сэтгэл зүйч Андерс Эриксон ” Экзибит А” гэх судалгааныхаа үеэр гаргасан байх юм.

Тэрээр энэхүү судалгаандаа Берлиний Хөгжмийн Академид тус сургуулийн профессоруудын тусламжтайгаар хийлчдийг 3 хэсэг болгон хуваасан юм. Эхний хэсэгт дэлхийн хэмжээний шилдэг хийлчдийг, хоёрдугаар хэсэгт сайн гэсэн үнэлгээтэйг, харин гуравдугаар хэсэгт тааруухан хийлчид буюу ирээдүйн хөгжмийн багш нар гэсэн багт хуваарилаж судалгаагаа явуулсан байна. Андерс хийлчдийн өнөөгийн байр сууринд ирэх хүртэлх нийт хичээллэсэн цаг хугацааг ерөнхийд нь тооцож үзсэн бөгөөд эхний хэсгийн мэргэжлийн гоц авъяастнуудын хувьд жил ирэх тусам бэлтгэлээ эрчимжүүлсний үр дүнд 20 насандаа 10000 орчим цаг хичээллэсэн тоом баримт гаргасан байна. Харин сайн хийлчдийн хувьд 8000 цаг, таарухан хийлчдийн хувьд ердөө 2000 орчим цаг хичээллэсэн байж. Андерс үүний дараагаар төгөлдөр хуурчдын дунд судалгаагаа явуулж үзсэн бөгөөд мөн л шилдгүүдийн тоонд багтах хүмүүсээс 10000 цаг гэх баримт илэрсээр байсан юм.

Бас нэгэн сонирхолтой судалгаа бол өнөөгийн интернэттэй холбогдох ихэнх программыг үүсгэн бий болгосон программист Билл Жой юм. Тэрээр их сургуульд орсноор программ хангамжид маш их сонирхолтой болж эхэлсэн бөгөөд их сургуульд байх амьдралынхаа ихэнх хугацааг шинэхэн нээгдсэн байсан төрөлх сургууль Мичиган их сургуулийн компьютерийн кабинетад өнгөрүүлдэг байв. Харин тэрээр жинхэнэ эхлэлээ Бэрклэй их сургуульд байхдаа хийсэн бөгөөд, тухайн үед гарсан байсан техникийн шинэчлэлийн ачаар хоногийн 8-10 орчим цагийг компьютерийн урд өнгөрөөх болсон юм. Тэрээр өөрөө хэлэхдээ, Мичиган дахи он жилүүд дээр Бэрклэй их сургуулийн эхний жилүүдийг нэмвэл 10000 орчим цагийг программ хангамжинд зориулсан байх ёстой гэж хариулсан байх юм.

Алдарт Битлз хамтлагийн түүх ч мөн 9800 орчим цаг амьд хөгжим тоглосноор эхэлсэн байх юм. Агуу Мозарт мөн өөрийн сод туурвилаа 20 гартлаа гаргаагүй явсан байх юм. (Малколм Гладвелл. Амжилтийн түүх номноос )

Үнэхээр 10000 орчим цагийг зарцуулж байж амжилтанд хүрдэг юм болов уу. Өөрөөсөө нэг асууж үзлээ. Мэдээж хэрэг миний хувьд багаас тууштай бэлдэж, цаг хугацаагаа зориулж байгаа зүйл бараг байхгүй юм. Одооноос л би мэргэжлийнхээ эдийн засаг гэдэг ухаан, мөн амьдрал гэдэг ухааныг бага багаар зах зухаас нь ойлгож эхэлж байна. Лав 10 орчим жил зарцуулж байж жинхэнэ мэргэжилтэн болох байх гэж бодоод байгаа юм. Хүн аливаа зүйлд авъяас жаахан л байвал хичээл зүтгэлээр үлдсэн хувийг нь нөхөөд явж болно гэж би итгэдэг. 1% авъяас,99% хөдөлмөр гэдэгтэй л адил юм. Цагийн ажил хийхэд та хэр их цаг ажиллана, төдий хэмжээгээрээ цалин авдагтай яг адилхан хэдий чинээ хугацааг өөртөө зарцуулна төдий чинээ үр дүн, амжилтыг олж авдаг юм шиг санагддаг юм. Гэхдээ цаг хугацаагаа зарцуулах хүсэл чамд хүчтэй төрөхүйц тийм зорилго мөрөөдлийг олж авах нь хамгаас чухал байх. Учир нь ухарч, хаяж болохгүй мөрөөдөл, биелүүлэх хүсэлтэй зорилго байж гэмээн хүн гэдэг шантралгүй урагшлах гэх агуу чанарыг бий болгож чадна. Нэгэнт шантрахгүй юм чинь хэзээ нэгэн цаг заавал амжилтанд хүрнэ, 10000 цагийг давна гэж бодож байна.

Эцэст нь миний нийтлэлийн гол зорилго санаа нь бол хөдөлмөрлөхгүйгээр амжилтанд хүрнэ гэдэг боломжгүй зүйл юм. Илүү хөдөлмөрлөх тусам илүү амжилтанд хүрнэ байх.

Сүүлийн асуултын хариултыг та бүгдэд үлдээе. Та ирээдүйн зорилго амжилтынхаа төлөө хэд орчим цагийг одоогоор зарцуулаад байна вэ?

М.Эрдэнэ-Очир
2013.11.08

Хуваалцах
Мооёо
About Мооёо 20 Articles
Эдийн засгаар сурч буй том мѳрѳѳдѳлтэй энгийн нэгэн оюутан.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*