Япон орны хөгжлийн түүхээс бидэнд үлдээсэн сургамж

Дэлхийн 2-р дайны дараах Япон орон бүх зүйлийг тэгээс нь эхэллээ.

Япон улс нь нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын дүнд 1950-аад оноос эхлэн эдийн засгийн чадамжаа нэн хурдацтай өсгөж бүрэн аж үйлдвэржсэн орон болох замдаа орсон байв. Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд ар араасаа баригдаж хүн амын дийлэнх нь баялаг бүтээх энэ салбарт ажиллаж байлаа. Үүнийг дагаад Япон өрх бүр хангалуун амьдралтай болж, дотоодын худалдан авалт сайжирч, бараа бүтээгдэхүүний эргэлт хурдассан нь үйлдвэрлэлийг ашигтай болгож яг л дайны дараа мөрөөдөөд зориод байсан нийгэмдээ хүрч чадсан юм.

Гэвч энэ бүх эдийн засгийн үсрэнгүй хөгжил, аж үйлдвэржилт нь дэлхий дахины түүхэнд үлдэх хэд хэдэн том байгаль орчны бохирдол, олон мянган хүмүүсийг гэр бүлийнх нь хамтаар зовоосон өвчин зэрэг сөрөг үр дагаврыг ч бас бий болгожээ. Хамгийн том жишээ нь 1956 онд Японы Күмамото мужийн Минамата хотод илэрсэн байна. Энэ нь тэр үеийн Японы эдийн засгийг хөдөлгөгч томоохон үйлдвэрүүдийн нэг Чиссо үйлдвэрийн хаягдал болох метилийн мөнгөн уснаас болж үүссэн төв мэдрэлийн систем доголдох Минамата өвчин юм. (үүссэн газрых нь нэрээр Минамата өвчин гэж нэрлэсэн)

Өвчний гол шинж тэмдэг нь “Дөрвөн мөч мэдрэлгүй болох, биеийн тэнцвэрээ олж чадахгүй болох, хэл ярианы чадвар муудах, хөл гар салгалах” зэрэг болно. Цаашлаад  галзууран, ухаан мэдрэлгүй болж улмаар үхэлд хүргэх аюултай. Нийт өвчилсөн хүний тоо 10.000 орчим гэгдэж байгаа боловч ердөө 2300 гаруй хүн л Минамата өвчнөөр өвчилсөн болох нь нотлогдон, нөхөн төлбөр авч чаджээ.

Яг үүнтэй ижил өвчин 1965 онд Нийгата аймгийн Агано голын ай сав газарт илэрсэн бөгөөд Шова Дэнко (Showa Denko K.K) үйлдвэрийн хаягдал дахь мөнгөн уснаас үүдэлтэй. (Нийгата Минамата өвчин)

Энэ мэтчилэн аж үйлдвэржилтийн сүүдэр гэгдэх байгаль орчны бохирдол болон түүнээс үүдэлтэй хүн амын өвчлөлүүдтэй холбоотой хор уршгууд хэдэн арван жилийн дараах одоогийн Японд ч бүрэн арилаагүй хэвээр.

Xарин бид яг одоо бусад хөгжингүй орны үлгэр дууриалаар тэдний явсан замаар явах гэж байна. Гэхдээ энэ нь тэдний алдсан алдааг нь бас давтана гэсэн үг биш юм.

Шинэ үйлдвэр барих, баялаг, мөнгө бий болгоход анхаарахаасаа өмнө хамгийн эхэнд түүнээс гарч болох хор уршгийг бүрэн тооцоолж байя. Үйлдвэрээ хэрхэн үр ашигтай ажиллуулах вэ гэдгээ сайтар боддог шигээ ашиглалтын явцад гарах хаягдлаа  байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр хэрхэн боловсруулахаа бас шийдэж чаддаг байя. Бүгдийг өнөөдрөөрөө, түр зуурын ашиг харж шийдээд байвал  гуравхан сая хүнтэй Монгол орныг ямар ирээдүй хүлээх бол.

Э.Хонгорзул
Токиогийн Олон Улсын Их Сургууль

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*