Оюутан, Мэргэжил, Боловсрол…

images-1

2010 оны байдлаар Монгол дахь нийт оюутны тоо 181 мянга давсан байсан бөгөөд энэ онд энэ тоо улам л өссөн таамаг байна. Их сургууль гэдгийг хялбараар хэлэхэд нийгэмд гарахдаа биеэ бэлдэх газар, бидний хэлж заншсанаар дээд боловсрол эзэмших газар. Монгол дахь оюутнуудын дунд эрэлттэй мэргэжил ба нийгмээс шаардлагатай мэргэжил хоорондоо нилээд зөрж байсан 90 ээд оны үетэй харьцуулахад, одоо үед тэр зөрөө арай л багассан. Учир нь ямар мэргэжил хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг нэг үеэ бодвол хүмүүс олж авч, аль болох нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээр их сургуулиа дүүргэх хүсэлтэй болсоор байгаа нь ил тод үзэгдэл билээ. Жишээ нь 2012 оны байдлаар Монгол улсын хэмжээнд эрэлттэй 20 мэргэжлийг ингэж жагсаасан байна. Монгол улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт

  1. Aвтo замын барилга
  2. Бага ангийн багш
  3. Сургуулийн өмнөх боловсролын багш
  4. Байгалийн ухааны чиглэлийн багш
  5. Геологи
  6. Гидрогеологи
  7. Тидромеханик инженер
  8. Усны нөөц эклоги
  9. Уул уурхайн ашиглалтийн технологи
  10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
  11. Малын эмч
  12. Мэдээллийн систем
  13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
  14. Сантехник, инженерийн байгууламж
  15. Сэргээгдэх эрчим хүч
  16. Нано инженерчлэл
  17. Биотехнологи
  18. Цөмийн эрчим хүч
  19. Онош зүй
  20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал

(оллоо.мн Огноо: 2012-04-19 08:39:23)

Манай улсын хувьд байгалын баялагтайгаа ирээдүйгээ, эдийн засгаа, хөгжлөө холбон тайлбарладаг. Тиймдээ ч эрэлттэй мэргэжил дотор уул уурхай, байгаль экологитой холбогдох мэргэжил цөөнгүй харагдаж байна. Энэ нь ч бодит байдалтайгаа нийцсэн гарцаагүй үнэн байдал гэж ойлгож байна. Мөн дээрхи мэргэжлийг сонгон суралцах оюутны тоог нэмэх тухай: БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэрэгжилтэн доктор, профессор Б Батсайхантай ярилцсан ярилцлагаас.
-Энэ мэргэжлийг сонгосон хүүхдүүдэд төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Мэдээж бусад мэргэжлүүдээс хамгийн түрүүнд тэтгэлэг, зээл тусламжид хамрагдах боломжтой. Мөн 2012-2013 оны хичээлийн жилээс эхлээд дээрх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сурлагын дүнг үл харгалзан cap бүр 105 мянган төгрөг олгох юм.
(Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn – Єдєр бvр дэлхий даяар, Сурвалжилсан:Д.Баяржаргал) гэсэн байна.

Төрөөс ийнхүү дэмжиж буй байдлаас үзвэл дээрхи мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй нь ч гарцаагүй боллоо. Дээрх мэргэжлээр суралцах хүүхдийн тоо ч ихэссэн болов уу гэж найдаж байна. Гэхдээ манай орны өнөөгийн нийгмийн байдлаас харвал ийм төрлийн (уул уурхай) эрэлттэй мэргэжлүүдийг онцгойлон, бэлэн мөнгөөр хөхүүлэн дэмжихийн оронд нийгэм рүүгээ чиглэсэн, дийлэнхи хүч болсон оюутнууд руугаа хандсан төрийн бодлогыг яаралтай явуулах шаардлагатай гэж үзэж байна. 180 мянга хол давсан оюутнууд ирээдүйд Монголын нийгмийг бүтээнэ гэж үзвэл тэд наад зах нь их сургууль дүүргэсэн ДЭЭД боловсролтой иргэний хувьд нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүрхтэй болон гарч ирэх хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхийн тулд их сургуулийн амьдралыг наад зах нь цэвэр цэмцгэр орчин нөхцөлд өнгөрүүлж, сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх (онолын бус талаараа) бүх л бололцоогоор хангагдсан байх ёстой.

Монголд их сургуулийг мэргэжил олж авах зорилготой, мэргэжилтэн болж гарч ирэх ёстой газар гэж ойлгодог бол өөр хөгжсөн гэж нэрлэж байгаа орнуудад их сургуулийн үндсэн гол хариуцлага бол нийгэмд нийгэмшсэн, соёлтой боловсролтой хүнийг гаргах л гэсэн гол зүйл байдаг. Жишээ нь Японы боловсролын системийн гол ухагдахуун болох (生きる力)гэж үг байдаг. Энэ хоёр ханзыг утгачлан орчуулбал (амьдрах хүч) гэж орчуулагдах бөгөөд миний өөрийн ойлгомжоор тайлбал (амьдрах ухаан, тэвчээр, ёс суртахуун) зэргээр тайлагдаж байна. Их сургуульд тухайн оюутан ямар мэргэжлээр сурч буй нь тэр хүний ирээдүйн амьдралын сайн сайханд нөлөөлнө гэхээс илүүтэйгээр, их сургуулийн амьдралаар дамжуулан тухайн хүүхэд ХҮН болох ёстой гэсэн нийтлэг ёс журмыг баримталснаар аюулгүй, гэрэлтэй, урагшилсан нийгмийг бүтээж чадна.

Хүнийг хүн болгоход чиглэсэн боловсрол гэдэгт орчин нөхцөл буюу ямар анги танхим, ямар сургуулийн орчин гэдэг асуудал нэгдүгээрт тавигдах болов уу гэж оюутан би үзэж байна. Америк ба барууны их сургуулиудын хэв загвар гэвэл хотоос зайдуу, ой модоор хүрээлэгдсэн, оюутны дотуур байр, хичээлийн байр хамтдаа байрласан цогцолбор хотхон гэж хэлэгдэхээр байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй сонссон хүмүүс цөөнгүй биз ээ. Сүүлийн үед Хятад, Тайван гээд азийн хөгжингүй орнууд ч ийм хэв маягтайгаар их сургуулиудаа цогцлоосоор байна. Японы хувьд хот хөдөөнөөсөө хамааран их сургуулиудын барилга байгууламжийн загварууд өөр болж ирнэ. Мэдээж Токио шиг хөл гишгэх газаргүй хотод тусд нь цогцолбор гаргаж ойр хавьд нь нийтийн үйлчилгээний ямар ч цэггүй байлгана гэдэг бүтэшгүй асуудал. Гэхдээ сургуулиудын анги, танхим номын сан бол улсаас тавьсан хатуу шаардлагын дор бүрэлдэн бий болсон байдаг.
Жишээ нь ямар ч их сургуулийн номын сан сурагч, оюутны хүсэлтээр шинэ ном байршуулах өргөдөл хүлээн авсан тохиолдолд 7 хоногийн дотор номыг байршуулсан байх зэрэг сайхан зарчим энд үйлчилдэг. Мөн их сургуулиас клуб, сайн дурын оюутны ажиллагааг дэмжих зорилгоор тусад нь өрөө, төсөв зэргийг гаргаж өгдөг. Энэ мэтчилэн сайн орчин нөхцөл гэдэг бол тухайн оюутны, оюунаа хөгжүүлэх тухтай өрөө нь байх ёстой.

Хөгжингүй орны жирийн их дээд сургуулиудад оюутнууд зөвхөн биеэ цэх зөв авч явах, ажил хийх явцад биентэйгээ зөв шудрага харьцах, биеэ даах, үзэл бодлоо зөв илэрхийлэх, өөрийгөө төлөвшүүлж дуртай зүйлээ олох зэрэг хүн болж суралцахад хэрэгтэй зан чанарын эрдэмд суралцдаг юм шиг санагддаг. Тэд эдийн засагч, хуульч, нисэх, сэтгүүл гэсэн мэргэжлээс үл хамааран өөрсдийн нийгэмших гэдэг зүйлийг л сурж авдаг. Их сургуульд аль нэгэн мэргэжлээр сураад, төгсөөд заавал тэр мэргэжлээрээ ажиллах ёстой гэсэн сандрал японд лав байдаггүй.

Их сургууль гэдэг бол хүн хүн болох оюуны өргөө. Тэнд мэргэжил гэхээсээ илүү хүн боловсорч гарч ирэх ёстой. Монголд өнөөдөр уул уурхай эдийн засаг, гоё ганган барилгаас илүүтэйгээр тэрийг зөв ашиглах ухааныг мэддэг, хэрэгцээгээ мэддэг, орчин үеийн нийгмийн байдлаа сайтар ойлгодог боловсролтой иргэн хүн шаардлагатай гэж бодож байна.

Бусад мэдээллийн эх сурвалж : http://www.mext.go.jp/a_menu/shotou/new-cs/

Г. Чимэдлхам
2013.11.13

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*