Хүний амийг харсаар байгаад алдах гэж үү?

Дэлхийн аль ч өнцөгт хаа ч очсон бид эх орноороо энгэрийн тэмдэг хийн гайхуулах бардамнах зүйлтэй ард түмэн билээ. Миний Монгол шиг сайхан байгальтай эх орон хаа ч үгүй гэж хэний ч өмнө нүүр бардам хэлдэг. Гэвч дээрээс өндийж харвал захаасаа эхлэн чимээгүйхэн нутаг ус, хүн ардыг минь хэн нэгэн аваад л байна.

“Газар доороо эрдэнэс нуусан ард түмэн” гэж бидний эх орныг гадаадынхан нэрлэн шүлсээ асгаруулан атаархан сууна. Түүнийг дагаад Монголд ойрын жилүүдэд уул уурхайн салбар эрч хүчээ авч, уул уурхайн компаниудаас авахуулаад гараар ухагч нинжа нар хүртэл олширсоор байна. Энэ нь нэг талдаа Монгол орны өнөөгийн эдийн засгийн өсөлттэй холбоотой сайн зүйл боловч нөгөө талаасаа уул уурхайн дараах нөхөн сэргээлтийг хийгээгүйгээс болж маш их аюул нүүрлээд байна. Хамгийн наад захын жишээ бол Хонгор сум дахь цианит натрийн бохирдол юм.

Миний бие одоогоор Япон улсад Кочи Их сургуулийн Экологийн ангид оюутан болоод удаагүй байгаа ч энэ зун амралтаараа эх орондоо харьж, Япон багшийнхаа хамт судалгаа хийхээр хэд хэдэн газраар явж танилцлаа. Тэр дундаас Хонгор сум хамгийн эмгэнэлтэй байдалд байлаа. Тус сумын оршин суугчид нь ховорхон харагдах бөгөөд тэнд биднийг Хонгор сумын Засаг даргын туслах замчилж дагуулан, хэсэг бүлэг хүмүүс дээр очиж ярилцлаа.

Тэнд байсан 50 орчим настай нэгэн эмэгтэй ийн яриа өрнүүлэв. Тэрээр өөрийн нөхөр болон 20 настай охиноо алдсан нэгэн байлаа.

-Сайн байна уу?
-Сайн сайн байна уу?
-Бид нарт Хонгор суманд яг юу болсныг ярьж өгөөч
-2007 оны 4-р сарын эхээр. Аюул нүүрлээд байгааг бид нар огт мэдээгүй байсан цаг. Уурхайгаас холгүйхэн манай ногооны талбай байдаг юм. Хаврын улирал наашилж байсан болохоор ногооны талбайг цэвэрлүүлэхээр охиноо талбай уруу явуулсан юм. Тэр оройдоо охин минь надад хөлөө үзүүлэн өвдөөд байна гэсэн боловч жижиг цэврүү шиг л харагдаж байсан болохоор би ч тоосонгүй ажлаас зугатах гээд худлаа шалтаг тоочиж байна гэж бодоод “Маяглаад, битгий залхуураад бай. Маргааш очиж үргэлжлүүлэн цэвэрлээрэй” хэмээн загнасан юм. Тэр явдлаас бараг сарын дараа өнөөх уул уурхайгаас манай ногооны талбайг хамруулсан хэсэг газарт хорио цээр тавьж орохыг хориглосон юм. Тухайн үед манай сумын ихэнх хүмүүсийг эмнэлгийн үзлэгт хамруулж байсан. Харин охины минь хөлөн дээр гарсан цэврүү томорсоор хөлөө тайрах дээрээ тулсан юм. Олон эмнэлгээр явж үзүүлсэн боловч төдийлөн оношийг нь тогтоож чадалгүй 2 жил охин минь өвчиндөө шаналсаар өөд болсон юм.

Мөн тэндхийн хүмүүс хэлэхдээ:

-Бүгд л та нар шиг судалгаа хийгээд, ярилцлага аваад явдаг юм. Гэвч бүгд дараа нь таг болцгоодог. Түүгээр ч зогсохгүй “та хордсон байна” гэж хэлсэн эмчийг ганц биш нэлээд хэдийг ажлаас нь халсан. “Одоо эмнэлэг яваад ямар ч нэмэргүй, та баашилж байна, архи их уусан байна, сүрьеэ туссан байна” гэдгээс өөр юм хэлэхгүй. Анх бид олуулаа эсэргүүцэл үзүүлж байсан бол одоо ердөө 3-4 хүн л үлдэж дээ” гэж хэлэх нь байдал ийм аюултай байгааг мэдээгүй миний сэтгэл өөрийн эрхгүй дотогшоо өмөрлөө.

Замын хажуугаар маш олон байшин харагдаж байсан боловч тулаад очвол бүгд том том цоож хаалгандаа уяад нүүсэн байлаа. Явсаар бас нэгэн айлд орвол 6 настай охин хөл нь үл ялиг доголсон харагдана. Тэнд амьдардаг гэрийн эзэгтэй 2007 онд үрийн зулай үнэрлэсэн гэнэ. Тун удалгүй нөхөр аав хоёроо хорт бодисноос болж алдаж одоо охинтойгоо амьдрах ажээ.

Охин нь төрөхөөсөө л хөл нь гэмтэлтэй байсан бөгөөд сайн гэсэн эмнэлэг болгонд аваачин үзүүлж байсан ч ямар ч нэмэр алга бололтой гэх.

Тэдний байшинг сайн харвал уул уурхайн хаягдлаа хаядаг газартай ташуу харалдаа байсан. Энэ нь цианит натри агаарт дэгдэн хүчилжиж салхинд туугдан энэ айлын ногооны талбайд тархан хортой ногоо жимсийг идэж байсан байна. Одоо ч иддэг бөгөөд түүнчлэн, тэнд байгаа бохирдол хөрсөнд шингэн газар доорх усаар дамжин энэ айлын гүний усанд орсон байна. Гүний усаа өөрсдөө ундандаа хэрэглэдэг, малдаа уулгадаг, ногоогоо усалдаг гэнэ. Энэ маягаар яаж дээрдэхэв дээ гэж багш минь санаа алдан байлаа.

Харин тэр үеийн судалгаанаас хархад хамгийн анх, 2007 оны 6-р дугаар сарын 23-нд Улсын байгаль орчин судалгааны төвөөс 1,724 хүнийг үзлэгт хамруулсны үр дүнд 196 хүнээс бага хэмжээний хор илэрсэн бөгөөд 30 хүн хүнд байдалтай байна гэж гарсан байна. Мөн амьтны биеэс их хэмжээний мөнгөн ус илэрсэн байна. Цаашлаад 1,000 тн ус бохирдолтой байсан болно.

Энэ байдлын талаар багш судалгаа хийн, Уул Уурхайн Яам болон Байгаль орчны холбогдох хүмүүстэй уулзсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Хонгор сумыг цэвэрлэж ариутгасан, одоо зүгээр гэж хэлж байгаа боловч багш маань тухайн газрын хөрснөөс дээж авч хөрсний шинжилгээ хийж харахад хөрсөнд байж болох хүнд металл нь Япон орны дунджаас 20 дахин хэтэрсэн байлаа. Ард түмэн бидэнд эрүүл мэнд эрхэм болохоос баялаг мөнгө биш билээ.

Шижирийн АМИНЗУЛ
Кочи их сургуулийн
Хөдөө аж ахуйн факультет
1-р курс

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*