“JPXNikkei400” гэж юу вэ?

Хөрөнгийн зах зээлийн мэдээг уншиж байхад Nikkei225, TOPIX, NASDAQ  зэрэг индекс өссөн буурсан тухай өдөр болгон сонсоор байгаа байх. Энэ удаагийн нийтлэлээрээ эдгээр индексийн тухай ерөнхий ойлголт болон саяхан шинээр танилцуулагдсан Японы шинэ индексийн талаар мэдээллэе. Энэхүү шинэ индекс нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Индекс гэдэг нь хувьцааны зах зээлийн ерөнхий байдлыг тодорхой тооны компаниудын хувьцааны өөрчлөлтийн дундаж утгаар илэрхийлсэн тоог хэлнэ.

NIKKEI225 индекс

“Японы эдийн засгийн сонин” ХК (NIKKEI) өдөр болгон энэхүү индексийг тооцон гаргадаг бөгөөд Токио Хөрөнгийн Биржийн 1-р самбар дахь 225 компаниудын хувьцааны үнийн энгийн арифметик дундажийг хэлнэ. (225 компанийн хувьцааны үнийг нэмээд 225-д хуваасан дүн).  Анх энэхүү индекс нь 1950 онд гарсан  бөгөөд өдгөөг хүртэл 63 жилийн турш хэрэглэгдэж байгаа юм. Индексийн утга нь мөнгөн дүнгээр (иенээр) илэрхийлэгддэг тул хүмүүст илүү ойлгогдоход амар байдаг. Эдгээр шалтгааны улмаас Nikkei225  индекс олны анхаарлын дунд байсаар байна.

Nikkei225 индекс нь Токио Хөрөнгийн Биржийн 1-р самбар дахь компаниудын хувьцааны ерөнхий байдлыг үзүүлэх ч Японы хувьцааны зах зээлийг үнэн зөв илэрхийлж чадахгүй. Учир нь энэхүү индекс нь зөвхөн Токио Хөрөнгийн Биржийн 1-р самбар дахь 1600-с дээш компаниудын ердөө л 225 –ынх нь хувьцааны дүнг энгийн арифметик дундажаар гаргасан үзүүлэлт юм. Энгийнээр хэлэхэд аль компани нь сайн,  аль компани нь муу болохыг шууд хэлж чадахгүй юм.

TOPIX индекс

Токио Хөрөнгийн Биржийн гаргадаг индекс бөгөөд анх 1969 онд гарсан. Токио Хөрөнгийн Биржийн 1-р самбар дахь хувьцааны үнийн өөрчлөлтийг хамгийн үнэн зөв илэрхийлдэг индекс юм. Nikkei225 индекстэй харьцуулбал компаниудын хувьцааны дүнг бодохдоо энгийн арифметик дундаж бус жигнэсэн арифметик дундаж ашигладгаараа онцлог юм. TOPIX нь Токио Хөрөнгийн Биржийн 1-р самбарт арилжаалагдаж буй бүх компаниуд зах зээлийн үнэлгээний(тухайн компанийг хувьцааны үнээр нь  үнэлэх арга.)  нийлбэр дүнгээр тооцдог ба  1968 оны 1 сарын 4 өдрийг 100 гэж үздэг. Өөрөөр хэлбэл 2013 оны 11 сарын 15 өдөр TOPIX индекс 1239.04 гэдэг нь 1968 оны 1 сарын 4 өдрөөс 12.394  дахин өссөн гэсэн үг.

JPXNikkei400 индекс

“Японы эдийн засгийн сонин” ХК (NIKKEI), Японы Хөрөнгийн Биржийн Групп (JPX), Токио Хөрөнгийн Биржийн хамтарсан шинэ хувьцааны индекс юм. 2013 оны 11 сарын 6 нд зарлагдсан бөгөөд 2014 оны 1 сарын  6 өдрөөс эхлэн бодож эхлэх юм. Шинэ индексийн нэр нь JPXNikkei400 бөгөөд Токио Хөрөнгийн Биржийн дээр арилжаалагдаж буй 3400 нэр төрлийн хувьцаанаас өмчийн үр өгөөжтэй байдлыг илэрхийлэх үзүүлэлт болох “өмчийн өгөөж (ROE)”-ийг ашиглан бодож гаргах юм.

ROE-ийн утга өндөр байх тусам тухайн компани өмчөө үр дүнтэй ашиглан ашигтай ажиллаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрт байгаа бэлэн мөнгөөрөө хэдий хэмжээний ашиг олж чадаж байна гэдэг харьцаа юм. Компанийн үйл ажиллагааг сайн явж байгааг илэрхийлэх чухал үзүүлэлт юм.

JPXNikkei400 индекс  нь компанийн ROE-г тооцон, хөрөнгө оруулагчидад хамгийн чухал гэгдэх 400 нэр төрлийн компаниудыг сонгоно. Нэг секунд тутамд бодогдон гарах бөгөөд  2013 оны 8 сарын 30 өдрийг 10000 пункт гэж тооцно.

Компаниудыг жил болгоны 8 сарын ажлын сүүлийн өдөр бүр тодорхой шалгуурын үндсэн дээр сольж байна. Компаниудыг  солихдоо сүүлийн 3 жилд хэт их өрөнд орсон, мөн удаа дараалан алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хасна.  400 компаниудыг сонгохдоо эхлээд арилжааны тооны болон зах зээлийн үнэлгээгээрээ эхний 1000  компаниудыг нэр дэвшүүлнэ. Түүний дундаас 400 нэр төрлийг дараах шалгуураар шалгаж авна.

1) Өмчийн өгөөж (ROE)
2) Үйл ажиллагааны ашиг
3) Компанийн зах зээлийн үнэлгээ гэсэн 3 үзүүлэлтүүдээр шалгана.

ROE-г зөвхөн нэг жилээр тооцохгүйгээр 3 жилээр нэгтгэн үзэж, үйл ажиллагааны ашгийг 3 жилийн нийлбэрээр  тооцно. 3 жилийн ROE болон үйл ажиллагааны ашгийн нийлбэр сөрөг байвал тухайн компанийг хасах журмаар компаниудыг сольж байх юм. Өмнөх индексүүдийг бодвол энэхүү индекс нь илуу уян хатан бөгөөд хувьцааны зах зээлийг улам зөв илэрхийлэх боломжтой болж байна.

О.Баярсайхан
Шиншү их сургууль

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*