Спорт Инженерчлэл

Хүн төрөлхтний салшгүй нэгэн болсон зүйл бол яах аргагүй спорт билээ. Улс орон, дэлхий дахиныг тэр чигээр нь нэгтгэдэг ганцхан зүйл гэж хэлэхэд буруутахгүй. Цаашлаад улс орны нэр төр, хөгжил дэвшил, түүх соёл нь хүртэл спортын хөгжлөөс нь харагддаг. Жишээ нь, Япон улсын Сумо бөх тэр чигтээ японы соёлыг харуулсан байдаг бол хөлбөмбөг гэхэд Англи оронд дэлгэрсэн байдаг гэх мэт.

Тэгвэл орчин цагийн Спорт ямар шат хүртлээ хөгжсөн бэ?
Сүүлийн хэдэн жилд хамгийн их хувьсан өөрчлөгдсөн спорт гэвэл Цанын спортыг дурьдаж болох юм. Тэгвэл энэхүү спортуудын хөгжил юуны ачаар хөгжсөн бэ гэвэл, мэдээж тамирчин хүний шаргуу бэлтгэл байгаа ч гэсэн, яах аргагүй инженерчлэл юм.

Инженерчлэл шууд нөлөөлөх спорт гэвэл машины уралдаан зэрэг холбогдох ч, дурьдах нь илүү биз. Өөрөөр хэлбэл хүмүүсийн мэддэггүй хэдэн төрлийн тухай бичье гэж бодлоо.

  • Биеийн тамирын хувцас хэрэглэл.

Биеийн тамирын гутал буюу пүүз бол хамгийн тод жишээ болох болов уу? 80-аад оны сагсан бөмбөг гэхэд бидний хэлж заншсанаар кеттэй л тоглодог байсан билээ. Одоо үед кет өмсдөг тамирчин лав байхгүй биз ээ. Мөн 10 жилийн өмнөх пүүзийг одоогийн пүүзтэй харьцуулахад наад зах нь жингийн хувьд өөр билээ. Одоогоор Adizero Crazy Light 2 гэж пүүз ердөө 270 грамм байх жишээтэй. Гүйлтийн пүүз гэхэд улны бүтэц, хөлний хэв зэргийг судалсны дүнд улам л сайжирсаар байна. Цаашлаад хөлбөмбөгийн шипы ч ялгаагүй том брендүүд алалцдаг. Хүний хөдөлгөөнд тааруулж, хөлөнд өгөх ачааллыг судалсны дүнд материал хийц зэргийг судалж хийдэг болжээ.

Энэ бүх хөгжил тамирчны амжилтад нөлөөлдөг гэдэг нь нотлогдсоор байгаа билээ.
Хувцасны хувьд авч үзэхэд, цана болон усан сэлэлтийн хувцасны материал том жишээ юм. Цаны үсрэлт гэхэд, хэр хол харайхаас л хамаг юм хамаардаг. Мэдээж хэрэг тамирчны тэнцвэр хамгийн чухал гэдэг ч, хувцасны материалаас хамаарч агаарын эсэргүүцлийн хэмжээ огт өөр болдог байна. Та магадгүй хувцасны материал ямар нөлөө болдог юм? гэж бодож магадгүй.

imagesГэхдээ бейсболлын бөмбөг гэхэд зөвхөн оёдлоосоо хамаарч эргүүлэг үүсгэдэг гэдгийг санах хэрэгтэй болов уу?  Усан сэлэлт мөн ялгаагүй, аль болох эсэргүүцэлгүй материал сонгох нь тохиромжтой юм.

  •  Хэрэглэлийн дэвшил

Миний бичсэн анхны нийтлэл дээр та бүхэн уншсан байх. Гольфийн бөмбөг нүхтэй гадаргуутай байдаг талаар бичсэн байсан. Түүхэндээ бол анх гөлгөр гадаргуутай бөмбөг л ашиглаж байсан юм. Яагаад гэвэл бид нар тэр шинж чанарыг нээгээгүй байсан учраас тэр. Инженер хөгжсөний үр дүнд, спорт хөгжсөний нэгэн тод жишээ юм.
Мөн, цанын спортын хөгжил онцгой жишээ болох байх. 2 Хөлөндөө өмсөөд гулгаж л байвал гэж бодож магадгүй ч, та 3 талаас нь нэг хараад үзээрэй. Хотойсон хэсэг, өргөссөн хэсэг, урд хэсэг гээд бүгд утга учиртай юм. За тэгээд бүх төрлийн бөмбөгнүүд өнөө үед бүрэн дүүрэн судлагдаад дууссан гэхэд болно.
Үүн дээр нэмээд хамгийн чухал нэгэн зүйл бол бид бүгдийн төдийлөн мэддэггүй хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын төрлүүд юм. Хүмүүс зөвхөн Пара олимпийг л мэддэг төдий байдаг ч, теннис, сагс, цана гэх мэт бүх спортын төрөлд байдаг билээ. Тэгвэл гүйлтийн тамирчны хиймэл хөл, бүх төрлийн тэргэнцрүүд гэх мэт зүйлсийн хөгжилд бас л инженерийн шинжлэх ухаан гол үүрэгтэй билээ. Та лав нэг хөлөө алдсан цанын тамирчин байдаг гэж дуулаагүй байх.

  • Тамирчны арга барилд

Усан сэлэлтийн хувьд та хэр мэдэх вэ? Гараараа сэлүүрдэх үед сайн харвал шулуунаар биш, S үсэгS-curve зурж байгаа мэт сэлүүрддэг. Энэ нь хуйлралыг ашиглан илүү их урагшлах хүчийг олж авч байгаа юм. Байлдааны онгоцнууд гурвалжин далавчтай байдаг нь хуйлралыг ашиглахын тулд л байдаг шиг, хуйлрал гэдэг нь зөв ашиглавал маш чухал зүйл юм.
Жудо гэхэд, эсрэг бөхөө татах үед хөлийхөө аль хэсэг дээр тэнцвэрээ авах вэ? Гээд нарийн судлагдсан байдаг ажээ. Булчингийн үйл ажиллагаа, тэнцвэр зэргийг нарийн хэмжиж судалсны дүнд тамирчин маань сая нэг оновчтой бэлтгэл хийх боломжтой болно. Өнөө цагийн хөгжилтэй орны тамирчдын нэн чухал зүйл бол яалт ч байхгүй тамирчин бүрт тохирсон нарийн инженерийн судалгаа юм.

Нэмж хэлэхэд, зарим нэгэн төрөлд инженерчлэлийн үүднээс хийгдсэн зүйлсийг хязгаарлахад зориулагдсан хэмжүүр хүртэл байдаг. Жишээ нь цанын урт, хувцасны материалын сийрэгжилт гэх мэт тогтоогдсон стандартууд байдаг байна.

Тэгэхээр спорт гэдэг нь өнөө үед инженерийн нэгэн салбар болтлоо хөгжжээ гэж хэлж болно. Зөвхөн спорт инженерчлэлийн семинар хүртэл зохион байгуулагддаг юм. Цааш цаашдаа ч гэсэн инженерчлэлийн ачаар шинэ шинэ рекорд амжилтууд гарах биз ээ.

Өнөөгийн Монгол оронд маань энэ зүйлийг хөгжүүлэх нэн чухал хэрэгтэй гэж боддог юм. Спортыг олон төрлөөр хөгжүүлж, зөвхөн медалын төлөө бус, улс нийтээрээ биен тамир хийж байх нь жинхэнэ хөгжил болов уу? Монгол залуус бидэнд маш олон салбарын цав цагаан цааснууд маш их байна. Судлагдсан салбар бус, шинэ салбарт хүчээ үзэх боломж асар их байгаа юм шүү!!! Хөгжсөн орны залуусаас бид үүгээрээ илүү азтай юм.

2013.11.22

И. Өгөөмөр

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*