Агаарын Бохирдол

Улс орнуудын аж үйдвэржилт, хотжилтын сүүдэр гэгдэх энэ асуудал орчин үеийн түүхэнд ул мөрөө үлдээгээд 100 гаран жилийг үджээ. 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгал, нүүрсний өргөн хэрэглээтэй зэрэгцээд Английн зарим хотуудад их хэмжээний агаарын бохирдол үүсч хүн амын эрүүл мэндэд нөлөөлж эхлэв. Үүнээс хойш 100 жилийн хугацаанд 10 удаагийн томоохон хүн амын эрүүл мэндэд хохирол учруулсан агаарын бохирдол дэгдсэн гэгддэг бөгөөд эдгээрээс хамгийн том нь 1952 онд Лондонд дэгдсэн Great Smog of 1952 юм.

londonsmog
1952 оны Лондонгийн Агаарын Бохирдол

1952 оны өвөл 12-р сарын 5-аас 12-р сарын 10-ны хооронд Англи орон даяар огцом хүйтэрсний улмаас хүмүүс энгийн үеэсээ хэд дахин илүү нүүрс зуухандаа шатаажээ. Ингээд нүүрсний цахилгаан станцууд дээр нэмэгдээд айл өрхүүдийн зуухнаас гарах утаа, мөн Англи даяар ашиглагдаад удаагүй байсан дизель хөдөлгүүрт нийтийн тээврийн машинуудаас ялгарах утаа нийлээд 5хан хоногийн дотор Лондонг бүхэлд бүрхээд авсан байна. Лондонгийн ихэнх хэсэгт урдах замаа ч харж чадахааргүй битүү утаанд дарагдан, энэ нь барилга байгууламжинд нэвтрэн бүр кино театрын дэлгэц харагдахгүй байна гэсэн шалтгаанаар үзвэр үйлчилгээ бүгд цуцлагдаж байжээ. Хүмүүсийн нүд нь хорсож, хоолой нь арган, ханиалга нь зогсохгүй байсаар олноороо эмнэлэгт хүргэгдэн хэдхэн долоо хоногийн дараа гэхэд нас барсан хүмүүсийн тоо 10.000 давсан байв.

Энэ мэтчилэн агаарын бохирдлоос үүдэлтэй гамшиг Англи, Америк, Япон зэрэг орнуудыг 20-р зуунд дайраад өнгөрсөн бол 21-р зуунд энэ асуудал үндсэндээ байгаль орчны хууль журам нь боловсронгуй бус, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх эдийн засгийн боломж муутай хөгжиж буй орнуудад нүүрлээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулгын 2011 онд гаргасан тайланд хөгжиж буй орнуудын хотын агаарын бохирдлоос болж нас барсан хүний тоо 13.000.000-д хүрсэн бөгөөд, үүнд 5-н нас хүрээгүй хүүхдийн эндэгдэл тал хувийг нь эзэлж байгаа талаар дурдагджээ.

Манай орны хувьд энэ асуудал аюулын харанга дэлдээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын концентрац MNS-4585-98 “Агаарын чанарын стандарт”-аас 10-25 дахин их болсон бөгөөд дэлхийн бусад нийслэл хотоос хамгийн их бохирдолтой хотуудын нэг гэгдэж байна . Энэ нь эргээд нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болов. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдэгдэж байгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь: Гэр хорооллын 177.000 айлын хэрэглэж буй гэрийн зуух (60 хувь), Нийслэлийн гурван дулааны цахилгаан станц (6 хувь), 180.000 автотээврийн хэрэгсэл (20 хувь), 1.400 бага болон дунд оврын нам даралтын уурын зуух (10 хувь), бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй барилга байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай хог хаягдал ( 4 хувь) гэгдэж байна .

Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл доорх линкэн дээр дарна уу.

http://air.president.mn/index.php?option=com_content&view=article&id=85:2011-11-04-05-17-35&catid=2:news&Itemid=3

http://mne.mn/v3/?p=1678#.UpJ6leKN6So

Э.Хонгорзул
2013.11.25

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*