“Тэтгэврийн оюутан”

ask-question-in-students-vs-teachers-discussion-forum“Оюутны намар аа миний намар аа гэдэг шиг” жил жилийн 9 сарын 1-н болж оюутны асуудлууд ундарч эхэлдэг. Эцэг эх болон оюутнуудын “толгойны өвчин” болдог сургалтын төлбөр нэмэгдлээ, оюутны байранд орж чадсангүй, мөнгө хүрэлцэхгүй байна, нийтийн тээврээр үнэгүй явах наалт хүрэлцсэнгүй, оюутнууд эрхээ эдэлж чадахгүй байна гээд л …

Улаанбаатар хотод 2013 оны байдлаар нийт 94 их, дээд сургуульд 176 мянган оюутан, улс орон даяар 220 орчим мянган оюутнууд ямар нэгэн мэргэжлээр дээд боловсрол эзэмшихийн төлөө суралцаж байгаа гэсэн албан тооцоо байдаг байна. Үндсэндээ ахлах анги төгсөгчид бараг л тэр чигээрээ их, дээд сургуульд оюутан болон элсэн орж байна гэсэн судалгаа бий.
Хувийн дээд сургуульд ч хамаагүй оюутан болж элсэхгүй л бол ангийнхан, найз нөхдийнхөө дунд «Онигоо» болно гэсэн айдас, эцэг эхчүүдийн маань үр хүүхдэдээ дээд мэргэжил эзэмшүүлэх гэсэн хүслээр албадан шахуу л оюутан болдог тал байдаг. Дээр нь нэгэнт оюутан болчихвол хичээлдээ сайн муу байхаас үл хамааран сар бүр 70 мянган төгрөг авна, болсон болоогүй багшаар хичээл заалгана, сурсан мэдсэн юмгүй сургуулиа төгсөнө, ямар ч хамаагүй үнээр дипломоо худалдаж авахыг хичээнэ.
Ихэнх нь суралцсан 4-н жилдээ уншиж судлан, сайн боловсролтой мэргэжилтэн болохоосоо илүү аливааг аргалж, өөрийгөө хуурч сурахыг суралцаад байна уу даа?
Мөнгөнд дургүй хэн байх вэ. Үндсэн үүрэг нь болсон сурах биш харин 70 мянга л чухал юм байна ч гэж бодогдохоор оюутан олширч байна. Ер нь “гавъяаныхаа амралтанд гарсан” эмээ өвөө нартайгаа барьцаж тэтгэвэр авч, автобусаар үнэгүй зугаалж байх л сонирхолтой хүмүүс болоод байна уу даа гэж бодогдох боллоо. Гэхдээ нөгөө талаар бяцхан дүү нар нь насаараа улс орныхоо төлөө хөдөлмөрлөсөн хөгшидтэй барьцахыг “Төр” тэдэнд заагаад өгчихсөн юм чинь яалтай ч билээ. Зөвхөн сурж чадах ч, төлж чадахгүй байгаа нийгмийн тодорхой хэсэг хүмүүсийг л дэмжээд тэтгэлэг олговол дээр баймаар санагдах юм. Гадаадын аль ч их сургуульд ийм л байдаг. Тэгэхгүй бол тэтгэврийн эмээ өвөө нар дээр нэмэгдээд “ Тэтгэврийн оюутан” гэдэг нэр зүүх нь удахгүй.

Миний мэдэх олон хүн их, дээд сургууль төгсчихөөд хүсч мөрөөдөж байсан ажлаа хийж чадалгүй тэс өөр ажил хийж амьдарч байгаа тохиолдол олон бий. Их дээд сургууль төгссөн олон залуус цамаан зан, цагаан гарнаасаа болж “хар ажил” хийхгүй гээд ажил хайсаар хоосон хонох дээрээ ч тулж байгаа нь ч байх.
Ажилд авах зарын сонин дээр “Эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн хүнийг худалдагчаар авна” гэсэн зар байгаа нь дээд боловсролын үнэ цэнийг унагаж байгаа хэрэг. Угтаа энэ зарыг бичсэн ажил олгогч биш, эдийн засгийн чиглэлээр 4-н жил сурж төгссөн ч худалдагчаас өөр ажил хийж чадахгүй байгаа залууст энэ зар хамаатай болж таарч байгаа юм.
Тэгэхээр та мэргэжлээ зөв сонгож чадсан уу? гэдэг асуулт гарч ирж байна. Хэрэв зөв сонговол тухайн салбартаа амжилт гаргаж, ажлаа сэтгэл хангалуун, үр бүтээлтэйгээр хийж чадна. Харин сонголтоо буруу хийвэл идэвхгүй, сэтгэл ханамжгүй байх нь тодорхой.
Төрийн ба хувийн их, дээд сургуулийн баримжааг хараад байхад нийт суралцагчдын бараг 90 хувь нь гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгүүл зүй, эдийн засаг гэх мэт чиглэлээр суралцаж байна. Дурдсан салбарын мэргэжилтэн тоймоо алдсан ба хуульч, сэтгүүлч, олон улсын харилцаа, эдийн засагч, урлагийн, бөхийн гэх салбараар бол ойрын 10 жилдээ сургалт явуулахгүй байсан ч багадахааргүй тооны дипломтон байгаа гэсэн үзүүлэлт байдаг. Гэтэл баялаг үйлдвэрлэл, техник, технологи, үйлчилгээний салбарыг төгсөгчид ойрын хэдэн жилдээ тоо нь ч өсөхгүй.
Уул нь мэргэжил гэж чухам юу болох, ямар мэргэжлийг сонговол ирээдүйд юу хийх вэ гэхчилэн олон асуултын хариултыг уг нь дунд сургуулийн сурагч байхаас нь зааж, сургах хэрэгтэй юм шиг. Гэтэл одоо ерөнхий боловсролын сурагчид ахлах ангиа төгсөхийн даваан дээр яаран, сандран шийдвэр гаргадаг. Нөгөөтэйгүүр эцэг, эхийнхээ хүсэл сонирхлын дагуу мэргэжил сонгох нь элбэг. Өөрийн хүссэн мэргэжлийг сонгоогүй учир сурагчид сайн сурахыг ч хичээхгүй нь ойлгомжтой шүү дээ. Үүнтэй ижил нөхцөл байдал олон залууст тохиолдсон биз. Зарим нь өнөөдөр харамсаад сууж байж ч болох…
Иймээс л хожим харамсахгүйн тулд юун түрүүнд өөрийн хүссэн мэргэжлийг сонгох нь их чухал. Гэхдээ зах зээлийн нийгэм учир хүсэл сонирхлоос гадна ажлын байрны эрэлт, хэрэгцээг бас сайн судлах ёстой. Тэгэхгүй бол хүн бүр бизнес эрхэлж, эсвэл хуульчид, эдийн засагчид болж болохгүй шүү дээ. Бүгд ижилхэн мэргэжилтэй болчихвол хэн “ мужаан, барилгачин, засварчин” хийх вэ?

Тэгэхээр гол асуудал бол хүсэхгүй бол хүн болгон заавал их дээд сургуульд сурах албагүй.
Дээр үеийнхний буюу бид нарын ах эгч нарын хэлдэгээр ТМС буюу одоогийнхоор МСҮТ (мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль) гэдэг зүйл одоо их ховордсон байх. Дээр үед ТМС-д хүмүүжлийн доголдолтой муу сурдаг хүмүүс сурдаг гэсэн ойлголттой байсан юм шиг байгаа юм. Одоо энэ ойлголтыг халах цаг нь болсон.
Япон орны жишээнээс харахад ахлах сургуулиасаа мэргэжлийн сургууль руу хүүхдүүд их ордог. Энэ нь муу сурлагатайдаа биш тухайн оюутан өөрийн хийхийг хүссэн мэргэжлээ практик тал руугаа илүү гүнзгий судлахыг хүссэндээ л тэр. Мөн мэргэжлийн сургуульд онол талыг сурахыг хүсвэл их сургууль руу шилжин орж болдог тогтолцоотой. Жишээ нь манай ангид мэргэжлийн сургуулиас орж ирсэн хүүхэд гэхэд л тухайн мэргэжлийн хичээлдээ хавьгүй илүү байгаа харагддаг.
Мэргэжлийн боловсролын дэлхийн хөгжингүй орнуудын практикаар бол их дээд сургууль болон мэргэжлийн сургуулийн мэргэжилтэй хүмүүсийн харьцаа 30:70 байх нь оновчтой гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл ямар ч хөгжилтэй орон бай нийт оюутны 70 хувь нь ТМС төгссөн байж гэмээ нь тухайн улс ажиллах хүчнээр хангагдаж, баялгаа бүтээх жамтай юм гэнэ. Гэтэл манай орон 90:10 ийн харьцаатай явж байна. Энэ нь манай оронд баялаг бүтээгчид ховор гэсэн үг болж таарч байгаа юм. Баялаг, хөгжил бүтээгчдийн гол тулгуур хөдөлгүүр нь үндэсний мэргэжилтэй ажилчид гэдгийг хөгжингүй орнуудын жишгээс харж улсаараа ойлгох хэрэгтэй.
Бид нар барилга дээр муусайн “хужаа” нарыг их ажиллуулж монголчуудаа ажиллуулахгүй байна гэж их муулдаг. Гэтэл нөгөө талаар барилга дээр ажиллах чадвартай барилгачин манайд хомс байхад яалтай ч билээ.
Нүдэн дээр тэр их дээд сургууль төгссөн хэдэн арван хүн ажилгүй л байна. Шал дэмий их сургуульд сурч, мөнгө үрж сүүлдээ ажилгүй болдог жишээ асар их…
Иймээс л эцэг эх нь хүүхдүүддээ мэргэжил бүхэн сайхан гэдэг ухагдахууныг бага байхаас нь сургах хэрэгтэй. Ингэж сургаснаар ажил мэргэжлийг голох ухаан сурагчдад байхгүй болох эхлэл тавигдах учиртай.
Мөн улс орон маань хөгжиж, бүтээн байгуулалт ид өрнөж, тэр хэрээр мэргэжилтэй ажилчид ус агаар мэт хэрэгтэй болж буй өнөө үед төрөөс мэргэжлийн сургууль олныг байгуулах бодлого гаргаж “баялаг бүтээгчид” -ээ бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм.

Бүгдээрээ дээд мэргэжилтэй байх албагүй. Барилгачин хүн барилгаа бариад, мужаан хүн заслаа хийгээд хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломжтой. “Тэтгэврийн оюутан” гэж хэлүүлэх бус улс орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулах өөрийн орон зайтай амьдарцгаая.

Н.Баянмөнх
2013.11.27

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*