Бидний нийгэм хаашаа тэмүүлнэ вэ?

Олон жилийн өнө эртний түүхийг бүтээн, улс гүрнээ байгуулж нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн хэмээн омогшиж байдаг бидний Монгол улс өнөөдөр хаашаа зүглэн алхана вэ? Бид Чингисийн Монгол, үр сад нь хэмээн хий онгирч цээжээ дэлгэн явсаар бахархах түүхээ уландаа гишгэж,  харсаар байж улс орноо үгүй хийх гээгүй биздээ. Улс орны хөгжил нь хүн ардынх нь оюун мэдлэг, түүний цар хүрээгээр нь хэмжигддэг гэсэн үг бий.

 Өдөр өдрийн мэдээ, мэдээллийг уншиж, сонсох бүрт өөрийн эрхгүй дотор минь бачимдаж, “арай ч дээ” хэмээн уулга алдах минь ихсээд байх шиг. Өдий юмыг ухаарч ойлгох насандаа хүрсэн болоод ч тэр үү өмнө нь байсан энэ олон асуудлыг анзаарч харсангүй өнгөрөөв үү хэмээн бодогдох юм.

  Тийм тал магадгүй байж болох ч, бас биднийг өсөж дэвшихтэй энэ тэнцүүгээр нийгмийн асуудал ч бас дагаад өсжээ. 3 настай хүүхдийнхээ толгойг тасдсан ээжийн тухай, цөмийн хог хаягдлыг монголын газар шороон дээр булах тухай, уран олборолтын хор уршгийн тухай, авсан идсэн уусан авилгын талаар, албан тушаал ажилдаа амжилт гаргахын оронд өрсөлдөж, хорсож яваа улс төрчид , хөндөгдөөгүй орхигдсон олон асуудлын тухай гэх мэт салбар салбарт үүсэн бий болоод буй эл асуудлууд өнөөдөр гэрлийн хурдаар тархаж байна. Хүний амь гэдэг тийм үнэ цэнэгүй болчихсон юм гэжүү? Чингисийн үр сад гээд омогшин цээжээ дэлдэдгээ мартаад гадны улсуудад улсаа худалдах юм гэжүү? Эдийн засгаа сайжруулах нэрийтлээр ард түмнээ хуурч, нийгмийнхээ хүнд асуудлуудыг нэмсээр л байх юм гэж үү. Өнөөдөр наад зах нь ард түмэн нь төр засагтаа итгэх ёстой юу? Телевиз, интернэт, сонин дээр буй мэдээ мэдээлэлд итгэх ёстой юу? гэдэг нь бэрх болсон байна.

  Анхнаасаа буруу систем, тогтолцоотой явж ирсэн энэ төр засаг гээчийн дор ялзарч дуусаад буй Монгол улсынхаа нийгмийг сайжруулах цаг нь нэгэнт ирсэн байлтай!

Мэргэн цэцэн хаан, хатад, багш, хүмүүдийн үгийг цээжээ дэлсэж омогших бүртээ ашигладаг байж тэр бурханлаг үгний үнэ мөн чанарыг ойлгохгүй л яваад байх шиг санагдах юм. Эсхүл эд хөрөнгө, эрх мэдэлд толгойгоо угаагаад хүний амиар солиход ч бэлэн ядуу сэтгэлгээтэй болчихсон юмуу?

  Тэгэхдээ энэ бүгдийн эсрэг тэмцэе зүтгэе гэсэн шинэ боловсон хүчнүүд өнөөдөр нийгэмд гараад эхэлжээ. Янз бүрийн вэб сайт, блогийг уншаад зарим хүмүүстэй уулзаж үзэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй Монгол улсаа хөгжүүлэх зорилготой дуу хоолойгоо илэрхийлсэн  залуучууд  олон байгааг ихээхэн мэдэрч байлаа. Гэвч урагшилж байна уу даа гэж бодохоор нэг л зүйл дутагдаад байх шиг. Тэр бол бие биетэйгээ нэгдэж хамтран харилцах явдал. Хүн бүр өөрийн санаагаа хэрэгжүүлэх гэж, хүн бүр бүхний манлай байхын тулд тэмүүлж бие биентэйгээ хамтран зэрэг алхан урагшлах бус бие биенийхээ дээр гарах гэсэн  атаархал  болон хувирч байна. Өөрөөр хэлбэл эв эе, нэгдэл гээч нь алга харин эсрэгээрээ өрсөлдөөн бий болж дахиад л нөгөө ёс бус үйлдлүүд нь үүсээд байх шиг.

Зах зээлийн нийгэмд мэдээж өрсөлдөөн үгүйгээр амжилт олно гэдэг хэцүү л байх. Гэвч бид өөр өөрсдийн ашиг бус нийтийн ашгийг харж нийтээрээ нэгэн зэрэг хөдөлж чадвал өнөөдөр улсаа хөгжүүлэн, ядаж гадны  барьцаанд орох бодлогоос улсаа хамгаалж, улс үндэстний мөн чанараа хадгалж чадах байр суурьт бүрэн эрхэт улс гэдгээ баталгаажуулсаар байх болно хэмээн бодож байна. Олон улс оронтой харьцуулахад уужим их тал нутагтай атал, хүн ам нь 3 сая ч хүрэхгүй бидэнд өнөөдөр эв нэгдэл, улсаа гэсэн сэтгэлээс өөр чухал зүйл алга.

 Түүх үргэлж ирээдүйг өгүүлэн байдаг, тиймээс түүхээ дахин нэг сөхөөд муу зүйл ахин давтагдахгүйн төлөө, хүн ам багатай ч улс орноо хөгжүүлэн дэлхийд таниулахын төлөө бие биенээ хүндэлж, өө хайсан илүү зангаа хойш нь татацгаая залуусаа. Та, би, бид бүгдийн оролцоо бага гэлтгүй чин сэтгэлээсээ улс орноо гэх эрхэм зүтгэл Монгол улсад маань өнөөдөр хэрэгтэй байна.

Эх нутаг, аав ээжээсээ хол хүний нутагт сурч буй оюутан би өөрт төрсөн сэтгэгдлээ сийрүүлэн Та нартай хуваалцлаа.

Б.Амина
Токиогийн Олон Улсын Их Сургууль
2-р курс

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*