Хэрэг илрүүлэх инженерчлэл

Орчин үед тагнуулчтай адал явдалт кино нилээн гарах болсон. Жишээлбэл, 007, Tourist, Spy Kids, Mission Impossibe гэх мэт. Тэдгээрийн хамгийн сонирхол татахуйц зүйлс нь ашигладаг багажууд билээ. Ихэнх тохиолдолд хамтрагчтай, тэр хамтрагч нь компьютер дээр сууж алсаас тусалж байдаг. Хамтрагчгүй зарим нь багаж хэрэгслийг нь зохион бүтээсэн инженер заавал байдаг. Тэгвэл тийм багажууд амьдрал дээр байдаг уу? Гэвэл харамсалтай нь хараахан тэгтлээ төгс хөгжөөгүй байгаа. Гэхдээ төгс биш ч гэсэн тодорхой хэмжээнд бол галзуу хөгжсөн гэж хэлж болно. Жишээ авахад, хурууны хээ, хүний нүүрний хэлбэр, нүд илрүүлэгч, гэх мэт. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ та бүхэнд нэгэн гэмт хэргийн хэрэгтэнг хэрхэн илрүүлж баривчилсан тухай бичье гэж бодсон юм. Кинон дээр гардаг технологи маань бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжсэн талаар энэ хэрэг маань хангалттай жишээ болж чадах болов уу.

2013.4.15 АНУ-ын Бостон хотноо зохиогдож байсан марафоний тэмцээний үеэр, бариан дээр бөмбөг дэлбэрсэн билээ. 3 хүн нас барж, 264 хүн хүнд бага бэртсэн уг дэлбэрэлтийн хэрэгтэнг 4 хоногийн дараа буюу 2013.4.19-ний өдөр баривчилжээ. Тэгээд уг хэргийн талаар болон уг баривчилгааны тухай инженерчлэлийн талаас нь бичье гэж бодсон юм.

1. Ямар бөмбөг ашигласан бэ?

Та бараг итгэхгүй байж магадгүй. Энэ бөмбөгийг та ч бүтээж чадна. Уг дэлбэрэлт нь магадгүй танай гэрт ч байдаг даралтаар жигнэдэг тогоог ашигласан байна. Махыг халуун уураар ялз болгодог энэ тогоог дэлбэлснээр 3 хүн нас барсан байна шүү дээ. Энд сануулахад та бас хоол хийхдээ болгоомжтой байгаарай гэж захих байна.
Эргээд бөмбөгнийхөө тухай яриандаа орцгооё. Уг дэлбэрэлт нь санаатай гэдэг нь тодорхой байсан бөгөөд, тогоонд мах биш харин электрон хэрэгслүүд байсан байна. Гар утас, гараж онгойлгогч, дижитал цаг гэх мэт хэрэгслүүдийг хийсэн байжээ. Энэ нь бидний хэлж заншсан гранатын бүтэцтэй адилхан бөгөөд Азийн орнуудад их ашиглагддаг юм байна. 21-р зуунд 2006 онд Мумбайн метроны буудал, 2010 онд Стокхолм (дэлбэрээгүй), 2010 онд Таймс Скуэр (дэлбэрээгүй) ба энэ оны Бостоны марафоны дэлбэрэлтүүд тэмдэглэгджээ. Энэтхэгийн Мумбайд болсон дэлбэрэлт 209 хүний амийг авч одсон байна.

2. Хэрэгтэнг хэрхэн баривчилсан бэ?

Яг дэлбэрэлт болсны дараа цагдаа болон мөрдөн байцаагч нар бүх камеран дээр ажиллаж эхэлсэн байна. Сэжигтэй гэсэн бүх хүмүүсийг нарийвчлан шалгаж эхэлсэн.

boston-bombing-suspects-fbi

 Яг тэр үед цүнхээ газар орхиж буй хар нүдний шилтэй, саравчтай малгайтай 2 хүнийг сэжиглэж эхэлжээ. Мөн 2 хөлөө алдсан нэгэн тамирчин цүнхтэй, саравчтай малгайтай хүн өөр рүү нь харж байсан гэсэн мэдээллээс үндэслэж тэр 2 хүний царайг толорхойлох болсон байна. Гэвч уг камер нь мэдээж хэрэг фокс муутай, бас эгц урдаас харсан зураг, нүдний зураг зэрэг нь тодорхойлогдох боломжгүй байлаа. Гэтэл орчин үеийн мөрдөн байцаах газар нь хүнийг хажуу талаас нь авсан ч эгц урдаас нь харсан юм шиг зургийг чих болон бусад нүүрний хэсгүүдээр 3 хэмжээстээр тодорхойлдог юм байна лээ.

Дэлбэрсэн тогооны хэсгүүд нь жижиг жижиг байдлаар бутарсан ч хэсгүүд нь үлдсэн байдаг бөгөөд, уг хэсгүүдийг цуглуулж хаана үйлдвэрлэгдсэн хаанаас худалдаж авсан зэрэг тухай дорхноо тодорхой болгосон гэсэн.
Гэх мэт дээрх хэдэн баримтаас үндэслэж сэжигтний царай, нэр ус зэргийг тодорхой болгосон юм байна. Харин одоо хамгийн сонирхолтой хэсэг.

download

Тэр нь юу вэ гэвэл, хэрэгтэнг дулаан мэдэрдэг камераар илрүүлж баривчилсан явдал юм.
Уг камер нь нисдэг тэрэг дээрээс ажиглах зориулалтаар суурилагдаж, газар унасан тамхиний цогийг хүртэл илрүүлдэг. Муу тал нь гэвэл ханыг нэвтэлж чаддаггүй юм байна. Тэгээд баривчлах үед, хэрэгтэн нь хэд хэдэн шарх авсан байсан ба, гадаа байсан завин дотор нуугдаж байжээ. Нэгэн оршин суугч цус олж харсан мэдээнээс үндэслэж, эргэн тойронг нь судлахад завины халхавч доорх хэвтэж буй хэрэгтэн яг таг баригджээ. Нисдэг тэргэн дээрээс шүү дээ.

 Ингээд бичвэл орчин үед цагдаа нар янз бүрийн тоног төхөөрөмж гарцаагүй ашигладаг болжээ. Магадгүй алан хядагчид ч гэсэн шинжлэх ухааныг буруу талаар нь ашиглах гэж оролддог биз. Та бидний сайн мэдэх хурууны хээ бол аль эрт үеэс ашиглагдаж байгаа билээ. Ямартаа ч та бидний кинон дээр хардаг зүйлсийг гүйцэхгүй байж магадгүй ч, техник тоног төхөөрөмж нь хэрэг илрүүлэх мөрдөн байц зайлшгүй нэгэн зүйл болжээ. Уг нийтлэлд хэргийн тухай гэхээсээ илүү, технологийн хөгжлийг л харуулахыг зорив. Та хүсвэл бусад зүйлсийг өөрөө судална биз ээ.

2013.12.6
И.Өгөөмөр

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*