Хэн, хаана, юу гэж хэлэв?

Өнөөдрөөс эхлээд хэдэн цуврал нийтлэл явуулаад үзье гэж шийдсэн юм. Энэ нь хэн хаана юу гэж хэлэв гэдэг нэртэй. Та бүхэнд хэрэг болно гэсэн үүднээс олон залуучууд уншаасай гэж бодсон нийтлэл болон блог хөтлөгч нарыг танилцуулж байхаар шийдлээ.

Цуврал нийтлэлийн анхны дугаарыг У.Билгүүн гэх хөвгүүний блогоор нээхээр шийдлээ. У.Билгүүн нь 2010 оны намар Харвардын их сургуульд, Хобби бүрэн дунд сургуулиас элсэн орсон бөгөөд, элссэн даруйдаа ийм нэгэн нийтлэлүүдийг бичиж байжээ. Түүний блог “Америкийн шилдэг сургуулиудад олон Монголчууд сураасай гэсэндээ энэ блогийг нээсэн билээ” гэж эхэлдэг. Энэхүү блогт Билгүүн Америкийн их сургуульд хэрхэн шалгалт өгдөг талаар маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Түүнээс гадна шалгалтанд хэрхэн бэлдэх, бэлдэж байсан өөрийн туршлагын талаар гээд бүхий л зүйлээ бичиж үлдээсэн байгаа. Олон олон Монгол залуус дэлхийн хамгийн мундаг сургуулиудад суралцаж байгаа, тэр тоо улам олон болох болтугай! Улам олон болоход та бидний оролцоо ч бас гарцаагүй хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна. Түүний нийтлэлүүдийн нэг болох Харвард дахь эхний өдрийг нүдэнд харагдтал дүрслэн бичсэн бичвэрийг хүргээд блогийг нь танилцуулж байна.

<<<<<<<http://www.bilguun.mn/>>>>>>>>>>

Нийтлэлийг бичсэн: Уламмандахын Билгүүн (Bilguun Ulammandakh) on Monday, September 6, 2010 Харвард дахь эхний өдрүүд 2:56 AM

“Annenberg Hall, Харвардын хоолны заал Харвардын байдаг Кэмбридж гэдэг Бостонтой хөршлөх хотод ирэхдээ Бээжин, Уошингтоноор дайран өнгөрч нийт 25 цаг нисэв ээ. Бээжингийн онгоцны буудал дээр түр зуур төөрснийг эс тооцвол замын туршид ихэвчлэн унтаж явсаар саад бэрхшээлгүй явж ирэв. Уошингтон руу явах нислэгээр Хятадын хөдөөний охины дэргэд сууж үе үе яриа өрнүүлэхэд зарим талаар сонирхолтой байлаа. Delaware-ийн их сургуульд сурах гэж байгаа тэр охиноос Хятадын засгийн газар Гүүглийг блоколсны талаар Хятад хүний хувьд юу гэж боддогийг асуувал бодож бодож байснаа зөв байх аа гэж байв. Бас facebook-ийн талаар асуухад facebook гэж амьдралдаа ганц ч сонсож үзээгүй нь урьдчилан таамаглаж байсан хэдий ч сонин хариулт санагдсан. Ийн ниссээр Уошингтонд онгоц дүүрэн Хятад оюутнуудын хамт нар жаргах үеэр буугаад Америкийн хилийг давах болоход жижигхэн спикэр дээр Beyonce цангинуулан сонсох хар арьстан гаалийн ажилтан “Why did you come to the states?” хэмээн ёсыг бодон асуунгаа хариулт сонссон уу үгүй юу пасспортон дээр тамга дараад гаргаж өглөө.

Sever Hall, Harvard Yard Өнгө өнгийн арьстай хүмүүс, яаран алхах мөртлөө ард нь явж байгаа хүнийхээ өөдөөс хаалга хэзээ ч хаадаггүй, чөлөөтэй харьцаатай мөртлөө эелдэг Америкчууд урьд зун Америкад миний ирэхэд байсан шигээ л байж байна. Дахиад нэг цаг гарам нисч шөнийн 12 цагт Бостонд очоод Кэмбридж хүрэх таксинд суув. Хаашаа явахав хаягаа хэл гэж жолоочийг хэлэхэд нь газрын зураг харуултал газрын зураг ойлгодоггүй, GPS-ээр л замаа заалгаж явдаг гэлээ. Тэгэхээр нь Харвард явъя гээд хөдлөв. Нөгөөдөх чинь бас Харвардын ойр ирчихээд хаашаа явахаа сайн мэдэхгүй байсан уу, илүү мөнгө авах гэсэн үү жижиг жижиг гудамжаар авч явсаар Харвардын үүдэнд ирэв. Буугаад типэнд 5 доллар өгөхөд аз жаргал хүсээд л ихэд баясаад яваад өгч байна. Алдарт Харвард руу төв хаалгаар нь ороход эхлээд өөрийн эрхгүй инээмсэглээд л явж байсан бол сүүлдээ үе үе энд ирчихсэн байгаадаа итгэхгүй л гайхаж явлаа. Чемодануудаа Harvard Yard-аар чирч явсаар намайг миний өрөөнд оруулж өгөхөөр хүлээж байсан хүмүүстэй уулзаад өрөөндөө оров. Мэдээж онгоцоор явах туршдаа унтсан, мөн 12 цагийн зөрүүтэй орноос ирсэн тул нойр хүрэхгүй, үүр цайтал хүлээгээд өрөөнөөсөө гарч Кэмбрижээр алхаж тэнэлээ. Харвардын оюутны хотхон үнэхээр сайхан санагдсан. Хаа сайгүй ногоон зүлэг модтой, бараг мод болгонд хүмүүст дасчихсан хэрэм амьдарна, энд тэнд туулайнууд хүртэл харагдав. Хотхоноос гараад Кэмбрижээр алхаад явахад тун сайхан байлаа. Явган хүний гарц руу ойртонгуут л машинууд шууд зогсоод гаргаж өгнө, бүүр өглөө атал дасгал хийгээд гадаа гүйх хүмүүс зөндөө. Хааяа ногоон цэцэрлэг тааралдаад ер нь л амьрдахад сайхан газар ажээ. Маргаашнаас нь хоёр хоног цэвэрлэгээний ажил хийв. Цэвэрлэгээний ажил ч гэж, нээх сүйдтэй юм байхгүй, гол нь хичээл эхлэхээс өмнө хамт ажиллаж байгаа оюутнуудтайгаа танилцаж нөхөрлөх боломж олгож байгаа хөтөлбөр юм. Манай цэвэрлэгээний баг ч эхлээд ярих гэхээр нэг л ярих юм олдохгүй чимээгүй ажиллаад шал шүүрдэх зуураа үг дуугарахгүй чимээгүй байгаагаа шоглон өөрсдийгөө “silent sweepers” хэмээн нэрлэв. Ажлын хоёр дахь өдрөөс харин ажил хийхээсээ илүүтэй цагийг ярьж өнгөрүүлсэн ч цалингаа урьдны адил хэвээр нь авах боллоо. Цэвэрлэгээний ажлын дараа долоо хоног олон улсын оюутнуудад Америкад амьдарч Харвардад сурах талаар зөвлөгөө өгөх хөтөлбөрүүдэд хамрагдав. Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдаж байхад сонирхолтой санагдсан зүйл гэвэл Харвардад ирж буй оюутнууд бие биенээсээ хэчнээн ихээр өөр өөр байгаа нь байлаа. Сургууль сургуулийнхаа шилдэг хүүхдүүд гэхээр бүгдээрээ жоохон ч гэсэн төстэй байх болов уу гэж бодсон чинь бүр бүхий л төрлийн (зүгээр ч нэг хэлж байгаа юм биш шүү!) хүмүүс байх аж.

Хөршүүд Хэд хоногийн өмнө байнгын өрөөндөө нүүж ороод төвхнөсөн. Миний өрөөнд Al Gore, хажуу өрөөнд Tommy Lee Jones амьдардаг байсан нь Харвардын олон олон сонирхолтой зүйлсийн нэг нь л байв. Нийт 15 гаруй сая номтой Харвардын номын сангуудаар явахад үнэхээр аугаа санагдаж байлаа. Харвардын төв номын сангийн аварга том байшингийн 4 давхар гаруйд нь дүүрэн номнууд байх ба нийт номын тавиуруудын урт нь 90км орчим болдог гэсэн. Дотор нь алхаад явахад зарим газраар хэн ч байхгүй, чив чимээгүй, зөвхөн алхсан газраар мэдрэгч гэрлүүд асах нь Харри Поттэр дээр гардаг Hall of Prophecy шиг санагдаж байв.

Sanders Theatre, хамгийн том лекцүүд энд болдог. Есөн сарын нэгэнд хичээлүүд эхэлсэн. Эхний хагас жилд 4 хичээл сонгож болно гэхээр нь эдийн засаг, хэл шинжлэл, expository writing, Франц хэл гээд сонгоод байна. Эдийн засгийн лекцийг нь дэлхийд алдартай Mankiw гээд профессор тавьдаг ба лекц бүрт дор хаяж 600 оюутан Харвардын Sanders Theatre-г дүүргэдэг. Хэл шинжлэлийн хичээл их сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ сонирхож буй чиглэлүүд зөндөө, бас мэргэжлээ дараа жил болтол сонгох албагүй учраас энэ жилдээ аль болохоор олон төрлийн хичээлд сууж үзэх төлөвлөгөөтэй байна.”

Дэлгэрэнгүйг http://www.bilguun.mn/– ээс

Г. Чимэдлхам
2013.12.11

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*