“Хөөс” эргэн ирэх үү?

  “Хөөсөн эдийн засаг” хэмээх үг хэллэгийн талаар уншигч та  нилээдbaagiisaagiishinshu сонссон байх. Энэ удаагийн нийтлэлээрээ хөөсөн эдийн засгийн талаар өнөөгийн Японы эдийн засагт гарч байгаа үзэгдэлтэй холбон тайлбарлая.

   Өдгөө Японы эдийн засагчдын дунд, Абэномикс “хөөсөн эдийн засаг”-ийг дахин эхлүүлнэ гэж үзэж байна. Абэномиксийн гол бодлогын нэг нь санхүүгийн бодлого (төв банк бодлогын хүүг өөрчлөх замаар зах зээл дэх мөнгийг ихэсгэх, багасгах бодлого. Энгийнээр хэлбэл, бодлогын хүү гэдэг нь төв банк бусад банкнаас авах хүүг хэлнэ) юм.  Энэхүү бодлого нь эдийн засгийн “хөөс”-ийг бүрдүүлэх гол хүчин зүйл болж байгаа юм. Санхүүгийн бодлогоноос үүдэн зах зээлд их хэмжээний мөнгө урсаж, улмаар тэрхүү мөнгө нь хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү шилжиж, хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөж байна. “Хөөсөн эдийн засаг” гэдэг нь бол хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ байх ёстой үнээсээ хэд дахин өсөх үзэгдлийг хэлнэ.  Шаарыг хэт хийлбэл дэлбэрдэгтэй адил “хөөсөн эдийн засаг” хэт хөөхөөр мөн адил “дэлбэрдэг”. Хөөсөн эдийн засаг дэлбэрвэл, эдийн засагт маш том цохилт өгдөг. Олон компани, банк дампуурч хувь хүмүүсийн амьдралд хүнд цохилт болдог аймшигт үзэгдэл юм.

NIKKEI индексийн өөрчлөлт (1984.01.04 – 2013.12.2 өөрчлөлт)

эх сурвалж: finance.yahoo.com

Японд 1980-аад оноос хойш хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч “хөөсөн эдийн засаг” үүссэн. Бусад улсад ч 1990 оноос хойш IT голчилсон дэлхийн хувьцааны “хөөс” үүссэн. Улмаар тэрхүү хувьцааны “хөөс” 2000 онд задарсан. Түүний дараа үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийгдэж үл хөдлөх хөрөнгийн “хөөс” үүссэн. Дэлхийн хэмжээнд үүссэн үл хөдлөх хөрөнгийн “хөөс”-ийн нэгэн жишээ бол Америкаас эхлэлтэй орон сууцны зээл юм. Энэхүү “хөөс” задарч 2008 оны дэлхийн хэмжээний хямрал үүссэн. Америк энэхүү “хөөсөн” эдийн засгийн хямралаас 5 жилийн дараа буюу одоо л нэг  юм гарч эдийн засаг нь сэргэж  эхэлж байгаа. Гэвч европын эдийн засаг хараахан сайжирч амжаагүй л байна.

   “Хөөс” бүрэлдэх үндсэн  нөхцөл бол мөнгөний илүүдэл юм. Зах зээл дээр илүүдэж буй мөнгө хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл руу урсан үнийг өсгөнө. Гэвч мөнгө илүүдлээ гээд  л хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулалт явна гэсэн үг биш. Хөрөнгө оруулагч нар хэзээ хувьцаанд хөрөнгө оруулалт  хийх вэ? гэвэл ХУВЬЦАА ӨСӨХ ТОХИОЛДОЛД Л АВНА. Үнэ нь унах хувьцааг худалдах авах хөрөнгө оруулагч байхгүй нь ойлгомжтой. Үнэ өснө гэсэн хандлага байх л юм бол хөрөнгө оруулагч нар уралдан хувьцааг худалдан авч эхэлдэг. ҮНЭ ӨСӨХ  ГЭЖ БАЙГАА УЧРААС ХУДАЛДАЖ АВНА. ХУДАЛДАЖ АВАХ УЧРААС ҮНЭ НЬ ӨСНӨ гэсэн цикл үүсч байгаа юм. Энэхүү цикл “хөөс”-ийг  үүсгэдэг. Энэхүү циклийг үүсгэгч нь хүний СЭТГЭЛ юм. ҮНЭ ӨСӨХ  ГЭЖ БАЙГАА УЧРААС ХУДАЛДАЖ АВНА. ХУДАЛДАЖ АВАХ УЧРААС ҮНЭ ӨСНӨ гэсэн циклийн дагуу  хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө гэж үзсэн хөрөнгө оруулагч нар  их хэмжээний ашиг олно. Их ашиг олсноор тэд улам л олохыг хүснэ. Тэр хэмжээгээрээ сэтгэл хөөрөлд автаж өөрийн нүдэнд тааралдсан бүхнээ худалдан авч, хийж үзмээр байгаа зүйлээ хийж эхэлнэ. 1980-аад оны хөөсөн эдийн засгийн үед  богино хугацаанд мөнгө олсон хүмүүс үнэтэй газруудаар орон, үнэтэй дарс уун, хаашаа ч явсан таксинд явж, арав арван мянган иенээр нь цацаж явсан гэдэг. Эмэгтэйчүүд ч гэсэн ганган хувцасаар гангарч явсан үе гэдэг. Хэн ч гэсэн ийм л мөрөөдлийн амьдралтай байхыг  хүсдэг. Хүн мөнгө олох тусам улам олохыг хүснэ. Түүнийг дагаад улам юмны үнэ өснө. Дээрх үзэгдэл нийгэмд харагдаж эхэлнэ гэдэг бол  эдийн засаг ХӨӨСӨРЧ эхэлж байна гэсэн үг.

   Эдийн засагчид Японы эдийн засаг хөөсөрч эхэлж байна гэж үзэж байгаад 2 нотолгоо байна.

NIKKEI индексийн өөрчлөлт (2012.11.14 – 2013.12.16 өөрчлөлт)

эх сурвалж: finance.yahoo.com

Нэгдүгээрт, хувьцааны үнэ 2012.11.14-с хойш өссөөр. Өнгөрсөн жилийн 2012.11.13 NIKKEI индекс 8661 иен байсан ч нэг жилийн дотор 80 хувь орчим өссөн.  (2013.12.16 байдлаар 15152.91 иен) 2013.04.04-с Японы төв банкны санхүүгийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш хувьцааны үнэ их хэмжээгээр өссөн.

NIKKEI индексийн өөрчлөлт (2013.01.04 – 2013.12.02 өөрчлөлт)

эх сурвалж: finance.yahoo.com

Хоёр дахь нотолгоо нь, үл хөдлөх хөрөнгийн үнэ юм. Гол гол хотуудын газрын үнэ 2008 оны хямралаас хойш өсөхгүй байсан ч энэ жилээс өсч эхэлж байна. Мөн албан байгууллагын оффисын өрөөний түрээслэгч ч олширч, сул өрөөний тоо багассаар байгаа байдлаас үзвэл хөрөнгө оруулалт үл хөдлөх хөрөнгө руу орж байгаа нь илт харагдаж байгаа юм. Иймэрхүү байдлаар төв банкны явуулсан санхүүгийн бодлогоноос үүдсэн их хэмжээний хөрөнгийн тодорхой хэсэг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү шилжин орсон болно. Өөрөөр хэлбэл, “хөөс”  бүрэлдэх таатай орчин бүрэлдэж байгаа нь тодорхой болж байгаа юм. Сүүлийн үед Токио хавийн гол гол гудамжуудаар эмэгтэйчүүдийн хувцаслалт ч гангарч байгаа хандлагатай байгаа гэнэ. Энэ нь эдийн засагчдын анхаарлыг аль хэдийн татаад амжсан аж. Эмэгтэй хүний хувцаслалт гангарна гэдэг нийгэмд гэгээлэг ч, түүний ард аюулын харанга дэгдэх “хөөсөн эдийн засаг” үүсч буй далд үзэгдэл илэрч болох юм. “Хөөс” бүрэлдэх нөхцөл болох мөнгөний илүүдэл үүссэн нь тодорхой харагдаж байна. Асуудал нь хүмүүсийн сэтгэл. Хувьцаа  болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө гэж бодох хүн байгаа юу үгүй юу? Гэсэн асуудал гарч ирж байна. Хүмүүс эдийн засаг сайжирна гэж бодвол санаа амар мөнгөө зарцуулж эхэлнэ. Хувь хүний хэрэглээ өсвөл компаниуд хөрөнгө оруулалтаа өсгөнө. Улмаар эдийн засаг идэвхижиж эхэлнэ. Тэр чинээгээр компаниуд шинэ бизнес эхлүүлнэ.Ажлын байр нэмэгдэж хүмүүстэй ажилтай золгож, хөрөнгө хуримтлуулж эхэлнэ. Нийгэм тэр чинээгээрээ гэгээлэг болж улмаар  хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө.  Улмаар эдийн засаг хөөрч ХӨӨС болно.

    “Хөөс” болох нь хэсэг хугацаанд эдийн засагт сайн ч, “хөөс” задарсны дараах хор нөлөө ямар аймшигтайг 2008 онд дэлхий нийтээрээ мэдэж авсан. “Хөөсөн эдийн засаг” давтамжтай үүсдэг гэсэн онол байдаг ч ерөнхийдөө 10 жилдээ нэг удаа том хэмжээний “хөөсөн эдийн засаг” үүсдэг гэж үздэг. Залуус бид “хөөсөн эдийн засаг”-тай дор хаяж 4 удаа нүүр тулна. Үүнд л бүдэрч унаж, ялагдахгүйн тулд хангалттай хэмжээний мэдлэг, туршлагатай байхгүй бол болохгүй. Тиймээс ойр орчинд болж буй энэхүү үзэгдлүүдийг байнга ажиглан дүгнэлт хийж байх нь хэрэгтэй болов уу.

2013 он 12 сарын 16 өдөр

О.Баярсайхан

Шиншү их сургууль, Эдийн засгийн факультет , 4-р курс

Мэдээллийн эх сурвалж:

  1. www.finance.yahoo.com
  2. Японы эдийн засгийн сонин – Газрын үнийн өсөлтийн тухай 都心周辺も需要、五輪期待 3大都市圏地価上昇 
商業ビル・マンション活況 12/17
  3. 2013 он газрын үндсэн үнэ өссөн тухай

http://jp.reuters.com/article/topNews/idJPTYE98I06K20130919

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

2 Comments

  1. Сайн байна уу,
    Байрны үнэ өсч байгаад гэнэт огцом уначихвал яагаад төв банкнаас бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй вэ?

  2. Bi bdohdoo (bairnii une unasan shaltgaan n todorhoi bus) , bairnii une buuhaar IS murui zuun deeshee shiljeed erelt iluu ih ihsene gej bodoh yum, getel hicheel deer baruun doosh n bolgoj zuraad tgd bodglogiin huugee buurulahar bolchih yum. Bodlogiin huugee buuruulahaar chen zah zeeld iluu ih mungu bii bolj humuus ulam l bair avii gene, avii gd bval erelt ihseed butsaad heviin uneluugee usnu, tiimuu!?? Tegeheer humuus mungugui (ereltgui) bolood une n ogtsom unatsim boluu??

    Yooy oidguiee, 2013 onii niitlel baina, gehdee hariu bichne gej itgii

    😀

Leave a Reply

Your email address will not be published.


*