Үнэгүйдсэн дээд боловсрол

Дэлхийд нэг хүн амд ногдох дипломынхоо тоогоор Монгол улс нилээн дээгүүрт жагсдаг. Дээд боловсролын диплом гэдэг уул нь иргэний үнэмлэх мэт хүн бүхний авдаг зүйлийн нэг бол биш. Гэтэл Монголд дээд боловсролын диплом аль хэдийнээ утгаа алдаж дээд боловсрол үнэ цэнээ алдсан гэвэл хилсдэхгүй. Тэр хэрээрээ ч сургалтын ‘‘чанар’’ гээч зүйл шалан дээр уначихаад байгаа юм болов уу гэсэн бодол төрдөг.

Энэ нь чанартай, мэдлэгтэй мэргэжилтэнг бэлтгэж гаргахаасаа илүүтэйгүүр аль болох олон оюутан элсүүлж, хэтэрхий мөнгөний хойноос хөөцөлддөг Монголын сургалтын орчинтой л холбоотой байх.

Жил бүрийн хавар нийтдээ 30 гаруй мянган оюутан их дээд сургуулиа төгсдөг гэвэл тэдний хэд нь их дээд сургуульд сурсан мэргэжлийнхээ дагуу ажилд орж, харин хэд нь мэргэжлээсээ тэс өөр дэлгүүрийн худалдагч, жолооч, айлын хүүхэд асрагч хийж байна вэ?

Худалдагч болохын тулд нягтлангийн ангид элсдэг, утасны ченж хийхийн тулд электроникийн ангид элсэх шаардлагагүй. Хөдөө мал маллаж байсан хархүү нэг өглөө хот орж оюутан болно гэж ирээд хий хоосон дөрвөн жилийг эцэг эхийнхээ хураасан хэдэн юм, буянт малынхаа үр шимийн хэдэн төгрөгийг чанаргүй боловсролын төлөө их сургууль нэртэй мөнгө хүүллэгийн газарт тушааж байхаар малаа хариулаад явж байвал өөрт нь төдийгүй улсад хэрэгтэй биш гэж үү?

Уг нь манай улсад хийх ажил маш олон бий. Даанч түүнийг хийх чадварлаг боловсон хүчин цөөн. Гадаад дотоодын компаниудаас тавьсан өндөр цалинтай ажлын шаардлагад тэнцэх мэргэжилтэн олдохгүй байгаа нь манай сургалтын чанар болон сурах орчин ямар байгааг харуулж буй нэг жишээ. Мөн өнөөдрийн байдлаар манайдаа №1 т бичигддэг МУИС олон улсын сургуулиудыг эрэмбэлэхэд 3700 дугаар байрт жагссан байх жишээтэй. Энэ бол Монголын их дээд сургуулийн чанар ямархуу байгааг илтгэж байгаа юм.

Үнэгүй юм үнэгүй л байдаг. Хямд үнээр чанаргүй л бараа худалдан авдаг. Үүнтэй адилаар зах зээлийн нийгмийн бичигдээгүй энэ хууль дээд боловсролын салбарт ч хамаатай. Оюутан хүн хямд үнээр чанартай боловсрол, өргөн мэдлэг эзэмшинэ гэж байхгүй. Сургалтын төлбөр хэдий бага байна гэдэг тухайн сургуулийн хүчин чадал сул, сурах орчин төдий чинээ тааруу байгааг харуулдаг. Үүнээс улбаалаад сурч буй оюутан дундаж болон түүнээс доогуур түвшинд л мэдлэг боловсрол эзэмшинэ. Ийнхүү дундаж түвшний мэргэжилтэн болж бэлтгэгдэн гарсан хүн ажил дээр дундаж нэгэн болж хувирна, эсвэл өөрийн эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр ажил хийнэ.

Одоо тоо биш ‘‘чанар’’-ыг эрхэмлэх цаг нь болсон. Их дээд сургуулиудынхаа сургалтын чанарыг яаж дээшлүүлэх вэ?

Миний бодлоор бол нийгмийг тэргүүлэн авч явах ёстой оюунлаг залуусыг бэлдэхийн тулд төлбөр шиг төлбөртэй, цалин шиг цалинтай томоохон их сургуулиуд бий болгох хэрэгтэй. Нэгэнт өндөр төлбөртэй сургуульд орсон хэн боловч хамаг чадлаараа хичээн, хий хоосон дэмий суухыг хэн ч хүсэхгүй. Өндөр төлбөртэй их дээд сургуулиуд байвал үнэхээр мундаг мэргэжилтэн болохын тулд тийшээ хүмүүс орох л болно, шилдэг эрдэмтэд багшлах л болно. Дэлхийн хэмжээний биш юмаа гэхэд Азийн хэмжээний сургуультай болохыг л зорих хэрэгтэй.

Бодит жишээн дээр авч үзье. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ Монгол турк, Шинэ монгол, Сант гэх мэт өндөр үнэтэй хувийн ахлах дунд сургуульд сургахыг эрмэлздэг болсон. Энэ нь хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд буюу хүүхдийнхээ боловсролд нь хөрөнгө оруулж буй явдал. Тиймдээ ч дээрх өндөр үнэтэй сургуулийн сурагчид төлсөн төлбөртэйгээ дүйцэхүйц мэдлэг боловсрол эзэмших боломжтой байдаг.

Их дээд сургуулийн төлбөр үнэтэй байна, жил ирэх тусам нэмэгдэж байна гэдэг ч үнэндээ тэдний эдэлж хэрэглэж байгаа зүйлийн үнэ, зугаа цэнгэлд зориулдаг мөнгө нь нэг жилийн сургалтын төлбөрөөс нь хэд дахин давна гэхэд хилсдэхгүй боловуу. Өнөөдөр гадаадын их дээд сургуулиудын жилийн төлбөр дунджаар 30-40 мянган доллар байхад манай их дээд сургуулиудын жилийн төлбөр дунджаар 2 сая төгрөг байдаг. Гэсэн атлаа оюутнууд нь сая гаруй төгрөгийн үнэтэй гар утас, үнэтэй брэндийн хувцас хэрэглэдэг.

Оюутан хүний хамгийн гол зүйл болох сурах, мэдэхдээ сая гаруйхан төгрөг зарцуулчихаад үнэ цэнэтэй боловсрол, мэдлэг эзэмшинэ гэх нь утгагүй шүүдээ. Өмссөн хувцас, хэрэглэдэг утаснаасаа хямдхан үнээр дээд боловсрол эзэмшинэ гэдэг боловсролдоо дэндүү үнэ цэнэгүй хандаж буй хэрэг.

Ингэж дээд боловсролыг үнэгүйдүйлж байгаа нь оюутнуудыг сурагчдаас дор харагдуулахад хүргэж байна. Өнөөдөр хувийн дунд сургуулийн төлбөр 5-7 мянган доллар болчихоод байхад оюутнуудын дээд боловсрол эзэмшихийн тулд төлдөг мөнгө тэднээс хэд дахин бага байгаа нь хачирхалтай.

Ийм учраас л сургалтын орчин, нөхцөл, чанараа сайжруулж, сайн мэргэжилтэн бэлтгэмээр байвал сургалтын төлбөрийг нэмсэн шиг нэмэх хэрэгтэй юм болов уу. Ингэснээр хэрэгтэй, хэрэггүй их дээд сургуулиудын тоо цөөрч, чанартай чанаргүй мэргэжилтнүүдийн ялгаа ч гарна. Хэн дуртай нь их дээд сургуульд орж, аав ээжийнхээ цуглуулсан мөнгөөр архи уугаад явж чадахаа болино гэсэн үг. Болсон болоогүй дипломын тоо ч багасна. Тооны хойноос хөөцөлдөж, толгойтой бүхэн дээд боловсролын дипломтой болдог явдал багасна. Боловсролын салбарын үнэгүйдлийг арилгаснаар дипломын төлөө, цаг зав, хөрөнгө мөнгөө гарздах хүн ч цөөрнө.
Өндөр төлбөр төлсөн хүн шөнө нь баардаж, өдөр нь автобусанд нойр авсан шигээ ном сурахыг хүсэхгүй. Төлсөн мөнгөнийхөө хэрээр чанартай боловсрол нэхнэ. Дөрөв, таван жил өндөр төлбөр төлөөд дэлхийн аль ч улс оронд очсон нүүр улайхааргүй чанартай боловсрол, мэдлэг, дадлага эзэмших юм бол насан туршийнхаа эд баялагтай боллоо гэсэн үг шүү дээ.

Эргээд энэ нь Монголын эдийн засаг, нийгэмд ихээхэн том хөрөнгө оруулалт болох нь эргэлзээгүй биз ээ.

Н.Баянмөнх
2013.12.18

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*