Атомын цахилгаан станц ба Аймшиггүй Франц

sss 2011 оны 3 сарын 11. Энэ өдөр Японы зүүн эрэгт 8,9 магнитудын асар том газар хөдлөлт болж, түүнийг дагасан Цунами маш олон хүний амь нас, орох оронг урсган одсоныг та бид мэднэ. Дэлхий нийтийг хүчтэй цочирдуулсан уг гамшиг эхэлснээс ердөө  1 цагийн дараа, гал дээр тос гэгч болсон нь Фукушима-№1 атомын цахилгаан станцын зуухны хөргүүрийн систем ажиллахаа больж, улмаар устөрөгчийн тэсрэлт болсон нь бүс нутгийн биосистемд цацраг идэвхт туяаны аюулыг учруулсан юм. Энэ аймшигт ослын нөлөө дэлхий даяар тархаж, цөмийн эрчим хүчний талаарх олон улсын чигийг орвонгоор нь  өөрчилсөн нь дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч АНУ шинээр атомын цахилгаан станц барих төслүүдээ цуцалсан, ХБНГ Улс цөмийн энергиэс бүрэн татгалзсан, Япон улсын 50 гаруй атомын тогооны 2 нь л ажиллагаатай үлдсэн, тэр ч байтугай манай Монгол улсад хэрэгжиж эхлээд байсан “Атомын цахилгаан станц-2020” төсөл татан буугдахад хүрсэн зэргээс илт харагдана. Гэтэл нэгэн улс энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан, цөмийн эрчим хүчний хэрэглээгээ огтхон ч багасгах биш, харин ч нэмэгдүүлэх бодлогыг баримталж буй нь нийт эрчим хүчнийхээ 75 гаруй хувийг атомын цахилгаан станцаар үйлдвэрлэдэг Франц улс юм. Франц улс ямар учраас уг чиг баримтлалыг барьсаар байна вэ? Энэ талаар энэхүү нийтлэлээрээ танилцуулахыг зорилоо.

 Франц улс анхлан атомын энергийг нэвтрүүлсэн нь 1970 оны Нефтийн 1-р хямралын үр дүн байлаа. Нефтийн хомсдолд орсноос үүдэн, улс орон даяар эрчим хүчийг хэмнэх хөдөлгөөн өрнөж байсан ч, нөхцөл байдал зогсолтгүй хүндэрсээр байв. Тухайн үед Франц улсын өмнө нефть горьдож бусдаас хамааралтай явах уу, аль эсхүл Хирошимагийн аймшигт дэлбэрэлтээр асар их энерги гаргаж авч болох нь батлагдсан атомын энергийг ашиглаж эхлэх үү, гэсэн 2 сонголт байлаа. Ингээд тухайн үеийн Францын засгийн газар атомын энергийг сонгож, жилд 5 тогоо барих маш том төслийг боловсруулсны үр дүнд одоо Франц улс 58 атомын тогоотой, атомын эрчим хүч үйлдвэрлэгч асар том гүрэн болсон юм. Тус шийдвэрийг гаргахынхаа өмнө Францын ЗГ ард түмнээсээ “Атом уу, лаа юу?” хэмээн асууж байсан гэдэг. Энэхүү шийдвэрт нөлөөлсөн бас нэг гол хүчин зүйл нь тэдний бахархал  М.Кюри, Беккерел зэрэг цөмийн салбарын акулууд гэж болох Нобелийн шагналт эрдэмтдийн оролцоо байжээ.

 Гэвч хэний ч мэдээгүй, мэдэж байсан байлаа ч дэлгэж чадаагүй зүйл нь атомын энергийг ашиглахад гарч ирэх эрсдэл, түүнийг дагасан хор хөнөөл байлаа. Франц улс атомын энергийг ирээдүйн түлхүүр хэмээн тунхаглаж, ёстой л дээдлэж байсан гэхэд хилстэхгүй. Тэр ч байтугай цөмийн идэвхт гоо сайхны бараа, цацрагаар цэвэршүүлсэн ус зэрэг хэрэглээний бүтээгдэхүүн гарч ирж байсан гээд бод доо? Энэ байдал удаан үргэлжилсэнгүй, дэлхий дахинаа атомын цахилгаан станцын хор хөнөөлийг  хангалттай таниулсан 2 том осол дэс дарааллан гарсан нь АНУ-н Пенсилван муж дахь Тримайл айланд атомын цахиргаан станцын мэлтдаун осол(1979) болон Европыг айдаст автуулсан Украйны Чернобилийн осол нар байлаа. Эдгээр ослуудаас үүдэн дэлхий даяар 2011 оны Фукушима-№1 атомын цахилгаан станцын ослын дараахтай ижлээр атомын энергээс татгалзах хандлага, атомын эрчим хүчийг хэрэглэхийг эсэргүүцсэн гадаад дотоодын олон хөдөлгөөн зэрэг эрчээ авч байсан ч, Франц улс өөрсдийн эрчим хүчний салбар дахь хаалттай бодлого, тууштай хатуу байр сууриараа үргэлж атомын энергийг хамгаалсаар байв. Тэдний ард түмнийхээ айдсыг дарж чадаж байсны учир нь цаг цагтаа аюулгүй хэмээгдсэн дэвшилтэт технологийг эзэмшиж байсан явдал, тухайлбал орчин цагийн атомын тогооны үндэс болох, гадагш цацраг алдах эрсдлийг хаасан даралтат тогооны (EPR) нээлт, мөн атомын эрчим хүчний салбарын хариуцлагатай ажлыг  “Коул Де Майнс” хэмээх Францын хамгийн шигшигдсэн элит түвшний боловсон хүчиндээ даатгадаг байсан явдал зэрэг байв. Жишээ дурдахад сүүлийн үед атомын энергийн асуудлаар Монголд нэр нь ихээхэн хадах болсон нөгөө алдарт Арева группын гүйцэтгэх захирлууд(CEO) энэхүү Коул Де Майнс хэмээх элитүүдээс сонгогддог аж.

 Ийнхүү атомын энергийн салбарын хөгжлөөр дэлхийд толгой цохисоор ирсэн Франц улсад, шинэ зууны босгон дээр атомын цахилгаан станцын томоохон осол болох аюулт нөхцөл бүрэлдэж, дэлхий даяар аюулын харанга дэлдсэн нь 2000 онд Бордо хотын ойролцоох нэгэн атомын цахилгаан станц байлаа. Шуурганаас үүдэн голын усны түвшин өндөрсч, атомын цахилгаан станцад орж ирснээр, станцын тоног төхөөрөмжийг доголдуулж осолд хүргэх нөхцлийг бүрдүүлжээ. Гэвч хурдтай арга хэмжээ авч станцыг зогсоосны үндсэн дээр ослоос сэргийлж байсан байна. Энэхүү нөхцөл байдал одоо харахад Фукушима-№1 атомын цахилгаан станцын ослын эрсдлийг урьдчилан харуулж байжээ. Улс орон даяар атомын эрчим хүч үйлдвэрлэлтийг эсэргүүцэх хөдөлгөөнүүд эрчимжиж байсан ч Франц улсын ЗГ мөн л бодлогоо хадгалан авч үлдэж чадаж байв. Атомын эрчим хүчийг үйлдвэрлэсний гол давуу талууд болох байнгын тогтвортой бөгөөд их хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэж, цахилгааны үнэ өртгийг хямд байлгах боломж хийгээд хүлэмжийн хийг үл ялгаруулах систем тэдний гол бамбай байж болох юм.

 Францын засгийн газар атомын эрчим хүчийг нэвтрүүлснээсээ хойш өдийг хүртэл ижил байр суурин дээрээ зогсож, энэ их эрсдлийг ямар байдлаар хүлээж авдаг вэ гэсэн эргэлзээнд хандан “Манай орны хувьд ашиг нь эсдлээсээ илүү”, мөн “Эрсдэлтэй нүүр туллаа ч, түүнийг хүлээж авч, хариуцлагатайгаар авч болох бүхий л арга хэмжээг улсынхаа нуруун дээр авна” гэсэн байр суурьтай байдаг байна.

 Эцэст нь хэлэхэд энэхүү нийтлэлээрээ ямар нэгэн үзэл санааг дэмжих бус, үнэн бодит байдлыг таниулахыг эрхэмлэж, гагцхүү уншигч таны оюуны цар хүрээнд эх дэлхийн хүн төрөлхтөн эрчим хүчийг хэрхэн зөв зохистой бий болгох вэ гэдэг талаар өчүүхэн ч гэсэн эргэцүүллийн галыг асаахыг зорин үзэглэлээ.

2013.12.20

Э.Өнөболд

with “We trust in nuke FRANCE” doc.

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*