Тэтгэлэг

Galaa bagshБи энэ тэтгэлэг гэдэг зүйлийн үнэ цэнийг сайн мэддэгийн хувьд хэдэн зүйл тэрлэж бичихээр шийдсэн юм. Мөн манай Шинэ Монголыг төгсөөд гадаад, дотоодод сурч буй шавь нар маань санаачлаад “Шинэ Монгол Ирээдүй сан” байгуулсантай холбогдуулж тэдэнд хандаж хэдэн үг хэлэх гэсэн юм.

Өнөөдрийн намайг бий болгосон нэгэн хүчин зүйл бол яалт ч үгүй “тэтгэлэг” хэмээх энэхүү ид шидтэн юм. Би яг тэтгэлэг гэдэг ойлголтыг шууд тодорхойлоод хэлчихэж зүрхлэхгүй байна л даа. Энэ бол ихэнхийнх нь ойлгож байгаа шиг зүгээр нэг шагналын мөнгө, мөнгөн дүн бол огт биш.

Өөр дээрээ жишээ авч тэтгэлгийн тухай тодорхойлохыг оролдъё. Би 4-5 удаа их бага хэмжээний тэтгэлэг авч байсан ба тэдгээр тэтгэлгийн агуу их хүч чадлын талаар, гайхамшигтай ид шидийн талаар сэтгэгдлээ бичих гэсэн юм.

1. Анхны тэтгэлэг маань 1.5 жилийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд зориулсан Японы засгийн газраас өгсөн тэтгэлэг. 1995 оны 10-р сар. Эхэндээ би энэ тэтгэлгийг мөнгө, бүр асар их мөнгө л гэж харж байлаа. Сарын 150,000 иен, 1.5 жилд 2,700,000 иен буюу $27,000. Би тэтгэлгээ мөнгө гэж харж байсан учраас сурах хугацаандаа зарлага бага гаргаад, тэтгэлгээсээ хурааж байгаад, жаахан мөнгөтэй ирнэ гэсэн тов тодорхой зорилготой, үүрэгтэй явж байлаа. Мэдээж зардал бага гаргахын тулд гэр бүлээ орхиж явна.

Гэтэл Японд очоод тэр улсын хөгжлийг хараад, буруу бодож байснаа ойлгосон. Мөнгө хурааж өвөртөлж харих биш, энэ тэтгэлгийн ачаар үр хүүхэддээ Япон орныг үзүүлэх боломж байгааг олж харсан юм. Шууд л 6 сарын дараа 4 охин, эхнэрээ дуудлаа. Аав, эгч, эхнэр, найз нөхөд гээд олон хүн эсэргүүцэж байсан. Тэд юу гэж бодсон гэвэл, хүүхдүүддээ Япон үзүүлэх нь зөв ч, зургаагийн зургаан гэр бүлийг тэжээж чадах уу? гэдэгт санаа нь зовж байсан. Би тэдэнд ганцхан л хариулт өгч байлаа. “Би чинь Засгийн Газрын том тэтгэлэгтэй хүн шүү дээ” гэж. Үнэндээ тэр хүмүүсийн хэлж байсан үнэн болохыг гэр бүлээ Японд авчирсны дараа л ойлгосон. Мөнгөгүй болж, хүнээс мөнгө зээлэхийн хэцүүг ойлгож, юун хичээл хийх манатай болж байсан үе ч байсан. Гэхдээ л энэ бүх бэрхшээлийг даван туулж үр хүүхдээ Японд сургаж чадсан, тэд маань тэнд өндөр боловсрол олж чадсан.

Дүгнээд хэлбэл засгийн газрын тэтгэлэг зөвхөн надад төдийгүй, манай гэр бүлд маш том хөрөнгө оруулалт болсон. $27,000-р огт хэмжигдэхгүй, түүнээс хэдэн арав дахин том хөрөнгө оруулалт болсон юм. 4 охин маань өнөөдөр сайхан амьдралтай, өндөр боловсролтой, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан хувь хүмүүс болцгоожээ. Үнэхээр том хөрөнгө оруулалт.

2. Миний 2 дахь тэтгэлэг бол магистрийн 1-р курст байхдаа гадаад оюутнуудын дунд зарласан Хигаши Нихон Хаус XXК болон Санкэй сонины нэрэмжит зохион бичлэгийн уралдаанд оролцож 500,000 иен (5,000$)-р шагнуулсан тэтгэлэг байсан юм.

Дээр дурдсан тэтгэлэгтэй 1.5 жил харвасан сум шиг л өнгөрч билээ. Тэр үед би нэг зүйлийг хийж чадсан, нэг зүйлийг хийж чадаагүй. Чадсан зүйл маань хувийн зардлаар магистрт суралцах шалгалтанд тэнцсэн явдал. Хийж чадаагүй нь магистрт сурах үедээ тэтгэлэг олж чадаагүй явдал юм.

Анх гэр бүлээ авчирчихаад тэтгэлэгтэй ч гэсэн хэцүү байна даа гэж бодож байсан маань магистрт орсны дараа улам л хүндэрсэн юм. Мэдээж шүү дээ, сар болгон авдаг байсан нөгөө том тэтгэлэг маань ор мөргүй алга болсон юм шүү дээ. Тэгээд би гэр бүлээ тэжээхийн тулд ажлын мал болно гэдэг л болсон доо, хөөрхий. Өдөрт 3 ажил хийнэ, 4-5 цаг л унтана гээд. Одоо заримдаа тэр үеэ бодохоор хар дарсан зүүд шиг санагддаг.

Эргээд тэтгэлгийнхээ ярианд оръё! Зохион бичлэгийн уралдаан сониноор зарлагдаж, мөрөөдлийнхөө тухай бичих болсон юм. Юу бичих билээ? Бодоод л байлаа, нээрээ би чинь багш юм чинь нутагтаа харихаараа сургууль нээж, цөөхөн ч гэсэн хүүхдэд чанартай боловсрол олгохыг хүсч байна гээд л биччихлээ. Азаар 850 гаруй хүнээс 40-д шалгарч гар дээрээ 500,000 иен авах боллоо. Токиод очиж гардаж авах үедээ аминдаа их л зүйл хэлэхээр бэлдэж очсон ч индэр дээр гараад юу ч хэлж чадахгүй, зүгээр л гацаж, гацаж “баярлалаа” гэдэг ганцхан үгийг л хэлээд бууж байсан юм. Хүн үнэхээр их баярлахаар тэгж мэдрэлийн сааталд орж, толгой тархи нь хов хоосон болдгийг ийм  байдалд орж байгаагүй хүн ойлгохгүй байхаа.

Би үнэндээ яг тэр үед мөнгө л боддог болчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Ер нь бол шантарч эхлээд байв. Магистраа яаж ийж дүүргээд монголдоо хурдан харихыг боддог болсон байв. Шөнө 01 цагт ажлаасаа гэр рүүгээ дугуйгаар харьж явахдаа аяга угааж норсон цамц минь хөлдчихсөн, дугуй маань цасан дунд зоогдчихсон байхад ганцаараа хэнгэнэтэл уйлж ч байсан. Гэтэл арчаагүй энэ байдлаас намайг дээрх тэтгэлэг л салгаж өгсөн. Мөн надад нэг хүчтэй сэдэл төрүүлсэн  юм.

“Чи тэтгэлэг авахдаа хэт баярлаад, сэтгэлээ олигтой илэрхийлж чадаагүй юм бол, мөрөөдөл болгож бичсэн зүйлээ л бодитоор биелүүлж харуулах хэрэгтэй” гэсэн хүчтэй мэдрэмж төрсөн. Үнэхээр ч би тэр хүчтэй мэдрэмжийн ачаар 3 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж сургуулиа байгуулчихаад Накамура захирал дээр очиж билээ. Гэтэл тэр Накамура гуай яасан гээч. Миний өмнөөс тэр хүн нулимс гаргаж, үнэхээр баярлаж байгааг хараад миний үнэхээр сэтгэл хөдөлсөн. Накамура захирал надад нэгэн түүх ярьсан юм. “Гадаад оюутанд зориулсан тэтгэлгийг 8 жил дараалан зарласан бөгөөд чи бол отгон оюутнуудын нэг. Би мөрөөдлөө биелүүлдэг оюутан гарахыг их хүлээдэг байсан. Гэвч эргэж над руу холбогддог, мэдээлэл тайлан хийдэг нь ховор байсан даа. Гэтэл чи бол бүүр мөрөөдлөө биелүүлчихээд ирж байна шүү дээ” гэсэн юм. Тэрээр цааш нь “Чи бол миний мөрөөдлийн биелэл. Иймд би чамд одоо ч гэсэн дахин тусалмаар байна” гээд газар дээр нь 3 сая иен шийдэж, сургуульд маань хандив өргөх болов.

Үнэндээ тэр үед би ахиад шоконд орж, нэг л буруу зүйл хийсэн мэт санагдаж, “Би таниас мөнгө авах гэж ирээгүй, таниас авсан урмын ачаар л мөрөөдлөө биелүүлж чадсандаа талархсан сэтгэлээ л хэлэх гэж ирсэн” гэдгээ тайлбарлахад, өөдөөс үг сонсохгүй, “Би мэдэж байна. Чи бас миний мөрөөдлийг биелүүлж өглөө” гэж зүтгэсээр байгаад сургуульд маань тэр нэгэн тэтгэлгийг бас өгч билээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд, энэ мөнгө асар их цагаа олсон дэмжлэг байсан юм. Сургууль маань байгуулагдаад удаагүй байсныг хэлэх үү санхүүгийн хувьд ч хүнд, багш нарын цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан юм. 3 сая иен гэдэг нь сургуулийн жилийн төсвөөс ч их байв. Энэ үйл явдал надад ахиад л асар их хүч өгч, гал эрмэлзлийг маань дүрэлзүүлсэн юм. Тэгэхээр энэ тэтгэлэг гэдэг зүйлд учир битүүлэг нэгэн гайхамшиг байгаад байх шиг. Хүмүүсийн мөрөөдлийг биеллээ олтол нь нөлөөлөөд ч байх шиг, нэг л гайхамшигтай.

3. Дараагийн нэг тэтгэлэг бол магистрийн 2-р курсдээ Японы Ротаричуудаас авсан Ёнэяма-ийн нэрэмжит тэтгэлэг юм. Өдөрт 3 ажил хийгээд, хүмүүст биеэ “хэмхэлэв ээ!” гэж хүртэл хэлэгдэж байсан миний хувьд сар бүр 150,000 иен авах болсон нь зүүдэлж байна уу? гэмээр л сонин үйл явдал болов.

Энэ тэтгэлгийн онцлог нь сар бүр өөрийн харъяалагдаж байгаа Ротари клубын хуралд сууж, клубын ерөнхийлөгчөөсөө гардаж авна. Тэр үедээ өөрийнхөө сэтгэгдлийг 2-3 минутад хэлнэ. Би тэтгэлэг гардаж авах бүртээ талархаж байгаагаа чадлаараа хэлдэг байсан ч нэг л сэтгэлийн гүнийх биш юм шиг санагдаад, сэтгэлээ бүр л хүчтэй илэрхийлмээр санагддаг байв. Тэгээд 4 дэх удаагийн тэтгэлэг гардаж авах үедээ нэгэн зүйлийг клубынхээ хүмүүст амласан юм.

“Би та бүхний энэ их ачийг, өөрийн мөрөөдлөө биелүүлж хариулах болно. Миний мөрөөдөл бол Монголдоо Япон хэв шинжийн ахлах сургууль байгуулах явдал юм” гээд маш их итгэлтэйгээр, зориг золбоотойгоор тэр хүмүүст үнэн сэтгэлээсээ амлаж билээ. Гэтэл ч хүмүүс маань алга нижигнүүлээд л явчихав. За ашгүй хүмүүст миний талархсан сэтгэл хүрлээ дээ гэж дотроо баярлаж,сэтгэл онгойх шиг болж билээ.

Ямагата их сургуульд Магистраа төгсөөд би үргэлжлүүлэн Тохоку ИС-ийн докторт суралцах болсон юм. Докторынхоо сэдвээ сонгохдоо ирээдүйд хийх өөрийн ажилтайгаа холбож, удирдагч багштайгаа сайтар ярьсны үндсэн дээр “Монголын ахлах сургуулийн каррикулумын шинэчлэл” гэж тогтов. Өөрийн хүсч байсан сэдвээ сонгосон тул докторын 1-р курсээсээ судалгаа маань ч эрчтэй, хурдтай, ахиц их сайтай байлаа. Тэгээд 5 сарын дараа нөгөө Ямагата Xойд Ротарийн клубээс урилга ирж, ойрын үеийн мэдээллээ сонирхуулаач гэсэн юм. Би ч уриалгахнаар очиж, докторын ажлын талаар болон ирээдүйд байгуулах сургуулийнхаа дүр зургийг нүдэнд харагдтал яриад, сонин сайхнаа хуваалцсан юм. Гэтэл ярианы эцэст “Жанчив сан, оюутан байхдаа сургуулиа байгуулж болохгуй юу?” гэдэг асуулт гардаг байгаа. Би ч “болохгүй ч юм байхгүй л дээ” гээд хариултал, “чиний мөрөөдөл ийм тодорхой байгаа чинь сонирхол татаж байна, бид дэмжинэ шүү” гэдэг байгаа.

Үнэхээр цаг хугацааны учрал байдаг гэдэгт би тэр үед гүнгзгий итгэсэн юм. Яриа хийсний дараа амралтаараа Монголд ирчихээд, нөгөө хүмүүсийн хэлсэн үг санагдаад, нэг өдөр зав гаргаад Боловсролын Яам, Нийслэлийн Боловсролын Газар зэргээр орж, сургууль байгуулахад юу хэрэгтэй байдаг зэргийг судлах санаатай явсан юм. Гэтэл нийслэлээс “920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын дуудлага худалдаа явагдах гэж байгаа. Түүнд ороод үзэхгүй юу?” гэсэн яриа гардаг байгаа!!! Гэхдээ хурлын тов нь 9 сарын сүүлээр тул, би байхгүй байж таарах гээд, орноосоо аавыгаа оруулах болоод, өөрийн дотны багш нараасаа гуйгаад буцсан юм. Гэтэл удалгүй, хурал болсон, манайх нэг их сүйдтэй өрсөлдөгчгүйгээр газраа авчихлаа гэдэг мэдээ ирдэг байгаа. Сургууль байгуулах зөвшөөрөл ч төвөггүй гарна гэдгийг сонсов. Цаг хугацааны тохирлоо гэж. Ингээд гялс амжуулсан хүн чинь нөгөө клубын хүмүүстэйгээ холбогдож, би та нарт мэдээлэл хийх гэсэн юм гээд нэг хуралд нь очихоор болов.

Нөгөө л индэр дээрээ гараад ярьж өгсөн дөө. Нөгөөдүүл маань гайхаад явчихлаа. Ийм хурдан ажил эхэлж байгаад баяртай байгаа ч бодож байснаас нь их зардал гарахыг сонсоод, зөвхөн клуб гэлтгүй олон нийтийг хамруулахаар болж, Монголд сургууль байгуулах хөдөлгөөн өрнүүлэхээр болов. Ингээд энэ хүмүүс намайг нуруунаас минь түлхэж, их ажил руу оруулсан юм даа. Ингэж “Шинэ Монгол” хэмээх нэгэн сургууль байгуулагдсан түүхтэй..

Энэ ид шид шиг санагдахгүй байна уу. Үнэхээр ид шид. Сайн бодвол, Pотаригийн тэр л тэтгэлэг энэ бүхний эхлэлийг тавьжээ. Тэр л тэтгэлгээс энэ их ид шид гарчээ. Гэхдээ тэтгэлэг болгон ийм ид шидтэй байх юм болов уу?

Би дээр 3 тохиолдол бичиж, тэдгээр тэтгэлэгт нэр өгөх гээд байгааг анзаарч байгаа байх. “Их хөрөнгө оруулалт болсон тэтгэлэг”, “Гайхамшгийг бүтээсэн тэтгэлэг”, “Ид шидийн хүчтэй тэтгэлэг” гээд нэрлэх гэж оролдоод байна. Гол хэлэх гэсэн санаа маань тэтгэлэг бол, их ид шидтэй, эрч хүчтэй, гайхалтай зүйл юм шүү гэдгийг л хэлэх гээд байна.

Миний шавь нар, та нар минь бүгд л тэтгэлгээр сурч байгаа. Ид шид, их хүч чадал, гайхамшгийг нь мэдэрч байна уу? Хараахан мэдэрч амжаагүй хүн байвал багш нь хэдэн зөвлөгөө өгье!

Тэтгэлгийг зүгээр нэг шагналын мөнгө гэж битгий хараарай. Талх, мах, унаанд зардаг хэрэгцээний мөнгө төдий битгий бодоорой. Юуны түрүүнд энэ тэтгэлэгт маш сайн талархаарай. Онц сурсны минь төлөө, эсвэл миний авъяасыг, амжилтыг маань үнэлж өгч байгаа гэж битгий эндүүрээрэй. Би энэ тэтгэлгийг яг авах ёстой хүн байсан гэж битгий хөөрчихөөрэй. Би Шинэ Монголыг төгссөн юм чинь ивээн тэтгэгчийн тэтгэлэг авах эрхтэй нэгэн, тийм ч учраас авч байна. Би Шинэ Монголыг төгссөн учир Монбушод тэнцэх нь ойлгомжтой байсан, би Америкт тэтгэлгээр сурах чадварыг угаасаа биедээ шингээж авсан байсан гэж онгирч бодуузай. Хэрэв эхнээсээ ийм бодлын аль нэгийг тээж байгаа бол тэтгэлгийн ид шидийг мэдэрч чадахгүй л болов уу?

Харин эсрэгээрээ энэ тэтгэлгийг яагаад надад өгөөд байгаа юм бол, яаж намайг сонгосон юм бол, яагаад ийм сайхан боломж надад олдоод байгаа юм бол оо? гэдгийг сайтар шүүн бодоорой. Тэгээд энэ тэтгэлэг олгож байгаа засгийн газар, компани, хувь хүмүүст яаж сэтгэлээсээ талархлаа илэрхийлэх вэ? гэдгийг чин үнэн сэтгэлээсээ бодож байвал наад тэтгэлэг чинь чамд ид шидийг авчрах болно. Итгээрэй!!!

Эцэст нь чи хүнээс авсан бол хэн нэгэнд бас өгч байгаарай. Авсныгаа бүгдийг гэсэн үг биш, өчүүхэн хэсэг нь ч байхад болно. Чи сард $1,000, жилд $12,000 тэтгэлэг авч байгаа бол хэн нэгэнд зориулаад ердөө 1/100 хувь буюу $100 жилд хандивлаж чадах сэтгэлтэй байгаарай. Чи өнөөдөр төрд ч бай, компанид ч бай ажилд ороод цалинтай сайхан амьдарч байгаа бол цалингийнхаа өчүүхэн хэсэг болох, сарын 15,000 төгрөгийг хэн нэгэнд хандивлаж чадахгүй гэж үү. Жишээ нь 1,5 саяын цалинтай бол ердөө 1/1000 нь байна шүү дээ. Орлогын чинь ердөө 0.1 %.

Одооноос  залуу байхаасаа, оюутан байхаасаа ийм үйлийг эхлүүлж чадвал, ийм үйл хэрэгт оролцож дадвал ирээдүй чинь улам л гэрэлтэй байх болно. Энэ эхлэл чинь яван явсаар байгаад, $100 өгч байгаа чиний хүч, ид шидээр аривжиж, сая сая доллар ($1,000,000) өгдөг агуу хүн болж ч болно. Энэ бол хэн нэгэнд тусалж, тэтгэлэг өгөхийн ид шид! Энэ тухай дараа үргэлжлүүлэн ярилцаж болно шүү.

За хайрт шавь нартаа хамгийн сайн сайхныг хүсье! Та нарынхаа эхлүүлсэн ажилд амжилт хүсье!

Ж.Галбадрах
Шинэ Монгол Бүрэн Дунд Сургуулийн үүсгэн байгуулагч
NMIT Технологийн Дээд Сургуулийн ТУЗ-ийн дарга
2013.12.19

 

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*