Ардчилсан нийгмийн талаарх миний бодол

1990 оны 12-р сарын 25-ны өдөр дэлхийн түүхэнд нэгэн томоохон өөрчлөлт бий болж ЗХУ задран, социалист үзэл суртлаас перестройка буюу Горбачевын шинэчлэлт өөрчлөлт эхэлж, ардчилал хэмээх шинэ үзэл руу шилжих гараагаа тавьсан билээ. Энэхүү үйл явдал дээр үндэслэн ЗХУ-ыг даган социализмын замаар хөгжиж байсан зүүн талын ихэнх улсууд нь ч мөн адил социализмаас татгалзан ардчилсан замруу шилжицгээсэн билээ. Тэдгээр улсуудын нэг нь яахын аргагүй бидний Монгол улс юм. Түүхээс дурьдвал 1989 оны 12-р сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж , 1990 оны 3 дугаар сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласнаар Улс төрийн товчоо огцорч, нийгмийн тогтолцоог шинэчлэх үйл явдал эхэлжээ. 1992 онд Ардчилсан Шинэ Үндсэн хуулиа баталж, анхны ардчилсан ерөнхийлөгчийг сонгож байсан түүхтэй юм.

 1992 онд ардчилал руу шилжсэнээр, төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж, улсын мэдэлд байсан өмч хөрөнгө, үйлдвэрийг хувийн өмч рүү шилжүүлэн, хувийн өмч гэдэг шинэ ойлголтыг түгээн, ард иргэд нь өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй улам сайхан амьдрах итгэл үнэмшлийг бий болгох болж, мөн иргэн хүн гэдэг хариуцлагатай байх төлөвшлийг бий болгож эхэлсэн. Түүнчлэн ардчилалд шилжсэн нь иргэн бүр өөрөө улс орныхоо хөгжилд гар бие оролцох, өөрийн сонголтоо хийх, хүний эрхийг эрхэмлэн дээдлэж хүндэтгэх тухай шинэ хандлагыг бий болгож, хувь хүн бүр хичээн зүтгэх ёстой гэсэн ухамсрыг бий болгож чадсан гэж үзэж байна.

 Ардчилсан үзэл гэдэг хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэсэн ерөнхий том ойлголтыг өөртөө агуулдаг билээ. Бид ардчиллын үнэт зүйлсийг хөгжлийн чиглэл, зарчмаа болгож эхэлснээр улс орны хөгжлийн тал дээр олон том хаалгыг нээж, зөвхөн урд хойд хоёр хөрш улс оронтойгоо л харьцаж хамтын ажиллагааг хөгжүүлж байсан бол гурав дахь ертөнц, гуравдагч улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эхлүүлэх сайхан боломж бүрдэн, Монгол гэдэг улс орны талаар сонирхон шинэ гадны улсуудаас хөрөнгө, санхүүгийн дэмжлэг авах боломж бий болж зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэн өөрийн орны баялгийг хөгжилд ашиглах боломжууд нээгдсэн. Түүнчлэн эдийн засгийн хөгжил өргөжсөн нь мэдээллийг олон талаас нь авдаг болж, техник технологийн дэвшлээс монгол хүмүүсийн оюун санаа, сэтгэлгээний хувьд асар том өөрчлөлт гаран, даяарчлагдан хөгжиж буй улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж байгаа хэмээн боддог билээ.

 Ардчилсан тогтолцоо нь бидэнд олон олон шинэ хөгжлийн гарц, үр дүнг авчирч байгаа ч хөгжлийн хурдцыг дагах нийгмийн сөрөг асуудлыг ч мөн авчирч байгааг дурьдах нь зүйтэй гэж бодож байна. Түүний нэгээхэн том жишээ бол нийгмийн давхаргын асуудал юм. Бүх зүйл чөлөөт зах зээлрүү шилжиж, өрсөлдөөнийг бий болгож буй болохоор ёстой л нөгөө “арчаатай нэг нь амьд үлдэж , арчаагүй нэгэн нь явдаг хорвоо” гэдэг дүрэм үйлчлээд байна. Нийгмийн давхаргын асуудал гэдгийг баян, ядуугийн ялгаа асар их болж байгаа, хот болон хөдөөгийн ялгаа их байгаа зэрэг олон зүйлээр ойлгож болно. Аливаа үзэл санаа нь итгэл үнэмшил болж байж л сая нэг нийгмийн амьдралд эергээр нөлөөлөх чадвартай болдог гэдэг. Магадгүй бид давамгайлагдаж байсан эл үзлийг итгэл үнэмшил болголгүйгээр хоосон цээжилж, лоозон болгосон болохоор нийгмийн амьдралд маань чамгүй хохирол үзүүлээд байгаа юм болов уу. Бид энэ байдлыг засаж залруулах үүрэгтэй хүмүүс. Иймээс бид энэ алхмыг хүн бүр өөрсдөөсөө эхлэх л юм бол өөрчлөлт шинэчлэлт гарна.

 Ардчилсан нийгэм гэдэг нь хүний эрхийг дээдлэх, хүн хүнээ харилцан хайрлаж хүндэлсэн, ядарч яваа нэгэндээ хүнлэг сэтгэлээр хандсан, угтаа бол хүний мөс чанартай байхыг эрхэмлэдэг төдийгүй сонголтоо өөрөө хийдэг, хийсэн сонголтыг нь хүндэтгэн дэмждэг хүмүүнлэг нийгэм гэж би боддог.

Б.Амина
Токиогийн Олон Улсын Их Сургууль
2-р курс

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*