Хэн, хаана, юу гэж хэлэв? цувралын хоёр дахь дугаар

Эх хэл дээрээ биш үргэлж өөр хэл дээр хичээлээ сонсоод, зурагтаа үзээд, мэдээгээ олж авсаар байгаад нэг мэдэхэд төрөлх Монгол хэлээ нэг их саначихсан байдаг юм. Та нар бас тэгдэг үү… Тийм учраас энэ удаад уран зохиолтой холбоотой блог танилцуулахаар шийдсэн юм. Мөн Монголын уран зохиолтой холбоотой блогийг дараа дараагаас оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.

Хүн уран зохиолоор дамжуулж маш зөв төлөвшлийг олж авдаг бололтой юм. Нэг ном, өгүүллэг, эссе уншаад түүнээс хэд хэдэн мэдээллийг зэрэг авч болно. Мэдээлэл гэдэг бол дан ганц тоо статистик судалгаагаар хязгаарлагдахгүй бөгөөд ялангуяа уран зохиолоор дамжуулаад хүний талаархи мэдээллийг маш олноор нь авч болдог гэж боддог. Хүн яг ямар төлөвтэй юм бэ, ямар ямар зан ааш гаргаж болдог юм бол оо ч гэдэг юм уу …

Хүмүүс номноос яг юуг хайж уншдаг нь хүнээсээ хамаараад өөр өөр байх. Жишээ нь манай уран зохиолын багш маань надад ингэж хэлж байсан юм. “Хүн номон доторхи агуулга, болсон явдал, дүрүүдийн дүрслэлийг цээжлэхэд ном унших утга оршдоггүй юм шиг ээ… Би оюутан байхдаа хичээлийн шаардлагаар, өөрийн хүслээрээ маш олон ном уншсан ч гэсэн одоо яг ой тоонд байгаа нь бол цөөхөн хэдэн дүр, цөөхөн хэдэн ном. Гэхдээ тэглээ гээд хүн нэг зохиолыг уншиж дууссаны дараа заавал нэг бодрол, ухаарал хүний тархинд өөрийн эрхгүй суугдчихаад байдаг юм шиг байгаа юм… Харах өнцөг ч гэх юм уу …” гэж хэлж байсан нь санаанд тод үлдсэн. Би ч бас үүнтэй санал нэг байна. Номноос ямар нэг үр дүн хүлээж унших тохиолдол мэдээж байна л даа. Жишээ нь тоефл-ийн шалгалтандаа бэлдэж байгаа тохиолдод ч юм уу… Аль эсвэл хичээл дээрхи үзэж байгаа сурах бичиг ч юм уу… Гэхдээ уран зохиолын гэдэг тодотгол бол дээрхээс арай өөр бөгөөд хариу нэхэхгүй бас хариу өгөхгүй бүгд таны дураар л шийдэгддэг юм шиг байгаа юм. Нөгөө сэтгэлийн таашаал, кайф гэдэг нь л дээ… Өөр хүмүүсийн хувьд ч гэсэн ном уран зохиол гэдэг бол яалт ч үгүй л зөв зүйтэй зүйл. Тийм учраас уран зохиолыг ойлгож, уншиж сурах нь лав л хүний биед муу биш биз ээ.

Энэ удаад танилцуулах гэж байгаа блог нь ерөнхийдөө японы зохиолуудаар дагнасан. Сор болсон, нийтэд хамгийн танигдсан зохиолч нарын зарим бүтээлүүдийг Монгол хэл дээр орчуулсан байгаагаараа онцлогтой. Миний үзэж байгаагаар бол ер нь нилээд гоё орчуулж тавьдаг залуус шиг санагддаг. Сайн дураараа учраас заавал мэргэжлийн түвшинд гэсэн юм байхгүй. Хамгийн гол нь Монгол дээрээ хүргэх гэсэн гол санаа нь байгаа юм. Надад бол хамгийн сүүлд оруулсан байсан Мураками Харуки-гийн “32 настай өдрийн аялагч” өгүүллэг маш их таалагдсан. Энэ өгүүллэгийг япон хэл дээр нь уншиж байсан болохоор Монголоор бичсэн хувилбарыг уншихад, аан ингэж Монгол руу хөрвүүлсэн байна, эсвэл энийг нь ингээд Монгол руу хөрвүүлвэл зүгээр байсан байна гэх зэргийн санаанууд гарч ирээд их сонирхолтой. Ганц энэ өгүүллэг ч биш бусад орчуулсан зохиолуудыг уншаад явж байхад япон хэл дээр нь уншаад үзэх хэрэгтэй юм байна даа гэж бодсон, харж байгаагүй сонирхолтой өгүүллэг зохиолуудыг тавьчихсан байдаг юм. Таны ч бас япон хэл дээр нь уншаад Монгол хэл дээрээ ямар байх байсан бол гэж бодсон зарим зохиолууд байж мэдэх юм. Ороод үзээрэй…

<<<<http://uuriin-tuya.blogspot.jp/2013/10/blog-post_29.html>>>

Г.Чимэдлхам
2014.1.8

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*