Эргономик Дизайнчлал Монголд

Эргономик гэж юу гэсэн нэр томъёо вэ?
Англи хэл дээр бол “Human Factors and Ergonomics” гэж холбоо үгээрээ байдаг бөгөөд, “the study of people’s efficiency in their working environment” гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл хүний ая тухтай орчинг бүрдүүлэх ухаан гэсэн утгатай юм. Тэр ер нь хэнд хамаатай юм бэ? Гэж та бодож магадгүй. Гэхдээ би энэ ухааныг инженерчлэлийн нэгэн салбар гэж батлах гэсэн юм. Тэр ч байтугай нилээн чухал ухаан юм.

Хөгжилтэй орнуудад энэ ухаан нилээн хөгжсөн харагддаг. За ер нь энэхүү нийтлэлийг бичиж байгаа миний бие айхтар олон орон явж үзсэн хүн ч биш л дээ. Гэхдээ энэ талаар олон улсын тухай судалж бол үзсэн. Мөн Японд ирээд 4н жил болж байгаагийн хувьд анзаарсан зүйлс тодорхой хэмжээнд бий болов уу?
Би нэг л зүйл асууя, та дотроо нэг бодоод үзээрэй. Та тэргэнцэр дээр суудаг хүн, эсвэл харааны бэрхшээлтэй хүн байлаа гэж бодъё. Та тэгвэл хүний тусламжгүй ганцаараа гадуур ажлаа хөөцөлдөөд, хүнээс хараат бусаар гадуур явж чадах уу? (ялангуяа Монголдоо) Хариулт нь бараг 100% үгүй биз. Тэр байтугай 2012 оны зун эрүүл биетэй би хүртэл Сүхбаатарын талбайн(одоогийн Чингисийн талбай) хажуудах замаар  гарах гэж ногоон гэрэлд нь амжихгүй гүйж гарч байлаа (одоо зассан болов уу мэдэхгүй). 20хон настай би гүйж гарч байхад 60 настай өвөө эмээ нар маань амжиж гарч чадах уу??? Би айхтар шинэ зүйл шийдэж, мундаг шинэ дизайны талаар огт бичээгүй шүү. Зүгээр л жаахан л бодож тунгаахад болох асуудал юм.

traffic_hourglass1

Яг үнэндээ эргономик ухаан нь хөгжлийн бэрхшээлтэй болон настай иргэдэд зориулагдаагүй. Хүн болгоны аятай тухтай орчинг бүрдүүлснээр хөгшин залуу, хөл хүнд эмэгтэйчүүд, хүүхэд гээд хүн болгонд тохирсон тааламжтай орчин нь өөрөө бүрдэх юм. Жишээ нь Японд, барилга дотор заавал цахилгаан шат байдаг, бас тэр нь ихэнхдээ шөнө ч ажилладаг. Настай хүн ч бай, тэргэнцэртэй болон таягтай хүн ч бай, энгийн хүн хүнд ачаатай ч бай цахилгаан шатаа ашиглаад чөлөөтэй явчихна. Мөн барилгын үүд болгон шатыг орлуулсан налуу замтай байдаг. Тэр налуугаар энгийн хүн ч алхаж ордог. Та тэргэнцэр бол бүтэхгүйг нь мэдэж байгаа, ядаж суга таягтай шатаар гарахад ямар хэцүүг төсөөлөөд үзнэмз. Монголд автобусанд таягтай хүн бараг суулгах ч үгүй биз. Автобус нь хашлага уруугаа ойртож ч зогсдоггүй шүү дээ!!! За тэгээд зам заасан тэмдэглэгээ, онгорхой муу усны нүх, засвар хийж буй үед явган хүн машин замаар шахуу явах гэх мэт асуудал бол энгийн үзэгдэл мэт болсон.

Тэгэхээр энэ нь өнөөгийн Монгол орны маань хувьд заавал мундаг мэргэжилтэй хүний шаардах ажил биш байгаа юм. Зүгээр л одоо байгаагаасаа яагаад илүү орчинг бид бүрдүүлж болохгүй гэж? Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж байгаа манай орон ганц эвдэрсэн замын хашлага, хэдэн гэрлэн дохио, замын цагаан зураас татах мөнгөгүй лав биш байх. Хот тохижилт гээд яриад байдаг, энэ тал дээр бас илүү анхаарлаа хандуулах цаг ирсэн мэт санагддаг. Ганцхан бодоод төгс загвар гарахгүй байж болох ч, дахин дахин засаж сайжруулах шаардлагатай гэж би боддог юм. Монгол хэл огт мэдэхгүй жуулчин, эсвэл анх удаа Улаанбаатар эсвэл өөр хот бүр цаашлаад өөр аймгийн төв болон сумын төвд очиж байгаа хүн, хөгжлийн бэрхшээлтэй болон настай иргэд гээд ямар ч хүн ямар ч бэрхшээлгүйгээр замаа олоод явдаг, хэрэгтэй мэдээлэл нь нүднийх нь өмнө гарых нь доор байдаг болоосой гэж би хүсдэг.

images

Эргономик гэж эхлээд хот тохижилт шиг болчих шиг боллоо. Уг нь бол энэ нь хөгжингүй оронд бол маш нарийн судлагддаг юм. Жишээ нь нэг машин дээр авч үзэхэд, машины сандалын хэлбэр болон өндөр, хаалганых нь бариул болон цоож, цонхны бариул гэх мэтийг хүний нүд болон гарны хөдлөх орчинг нарийн судалж байна.

Цаашлаад таны сууж байгаа сандал болон ширээ, хэрэглэдэг компьютер болон түүний хулгана ба гар гээд олон зүйл дээр алдаа оноо харагдсаар л байдаг юм. Эргономик дизайны алдаагаас үүдэж Human Error (хүний санамсаргүй алдаа) гэх мэт асуудлууд гарах тохиолдол олон удаа гарсан байдаг байх нь. Хамгийн саяхны гэгдэх нэгэн том ослоос дурьдахад, 2012 оны 6 сарын 3нд болсон, ойролцоогоор 160 хүний амийг авч одсон Нигери улсын Dana Airlines-ийн онгоц нь хүний буюу нисэгчийн буруугаас болж осолдсон юм. Мөн машин дээр гэхэд, хааз болон тормозоо андуурч гишгэх тохиолдол олон байдаг билээ. Энэ ч гэсэн Human Error-т орох юм. 

Тэгэхээр, миний дурьдсан Чингисийн талбайн хажуудах гэрлэн дохио ч гэсэн Human Error юм. Барилга дээрээс юм унаж ирэх ч гэсэн Human Error юм. Бид хэн нэгэн буруутанг олж шоронд суулгаж нэгнийхээ мууг үзчихээд санаа амрах бус, дахин тийм явдал гаргахгүй байх талаас нь бүх нийтийг аюулгүй байлгах тухай бодох ёстой юм.

 Тэгэхээр Ergonomic Design нь Human Error-тойгоо салшгүй холбоотой бөгөөд, аливаа юмны хэлбэр дүрс, байршил, өнгө үзэмж, хэмжээ зэрэг нь таны тав тухтай, аюулгүй орчинг бүрдүүлэх чухал зүйл болох билээ. Одоогоор хүн болгон анзаарахгүй байгаа ч, хөгжихийн хэрээр чухал нэгэн инженерийн салбар болон хөгжих биз ээ.

2014.1.17

Итгэл овогтой Өгөөмөр
Акита их сургууль

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*