Хүнлэг энэрэнгүй нийгэмд амьдрах миний сонголт

Хүн болж төрж хорвоогийн тоосыг хөдөлгөхийн утга учир юу юм бол оо? Гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүсээ жаргалтай болгож гэмээнэ би өөрөө жаргалтай болдог юм болов уу? Эсвэл хүн атаархам их амжилтанд хүрч тэрбумтан болох юм уу, бүх цаг зав залуу насаа ажилдаа зориулж хүнд хэрэгтэй юм хийнэ гэж лабораторитоо шигдэн шинэ юм бүтээхийг ч хэлдэг байж болох юм, аль эсвэл бүр ганц олдох залуу насаа сайхан өнгөрөөж байна гээд амьдралаа алдаж баар цэнгээний газар хэсч хэсчихээд насны эцэст нь тухайн үедээ л амьдрах мөнгөө олоод амьдрах нь амар ч юм болов уу. Ингээд бодохоор асуулт их байна аа. Ер нь сүүлчийнхийг нь л сонгочихъё л доо. Тэр нь амар юм биш үү.

 Хүнлэг энэрэнгүй нийгэм гэж ярьдаг ч гэсэн одоогийн нийгэм яг үнэндээ хэрэггүй болчихсон шүү дээ. Засрах найдвар бол угаасаа л байхгүй. Тэгэхээр сайхан арцалдаад л уралцаад л амьдрах хэрэгтэй. Юун хариу нэхээгүй тус, хүнд сайхан сэтгэл гаргах. Чи өөрөө “сайхан сэтгэл”, тэр чинь 20-р зууны эд. Тэртээ тэргүй ганцаараа ирж ганцаараа явах хорвоод хүнд сайхан сэтгэл гаргаж юугаа хийх вэ дээ. Тэрний оронд сайхан уулзсан хүнээ ашиглаад, далаар нь мад тавиад явж байсан нь дээр. Тэр нэг юмтай ахиж хэзээ ч уулзана гэж сайхан зан гаргаж бөгс үнсэж байдаг юм. Лай! Хэрэгтэй хүнийхээ л бөгсийг үнсэх хэрэгтэй. Тэр том дарга нарт долгинох энэ тэр чинь ер нь бол амьдралын хууль. Нэг л их гэгээхэн цагаахан амьтад “юун аймар юм, яаж тэгдэг байна аа” л гээд байдаг, яг яс юман дээрээ бүгд л тэгэж амьдарч байгаа. Би яг мэдэж байна. Харин албан тушаал эрх мэдэлгүй, аль эсвэл жоохон маанаг гаруудыг бол ашиглаж, дарамталж л амьдрах хэрэгтэй. Амьтан ч гэсэн ойртсон нэгэнрүүгээ дайрдаг л гэдэг шиг. Хавьтсан ойртсоныгоо ээлж дараалан ашиглаад явахад уулзаж учрах хүнээс чинь түрүүлээд хорвоогийн тоос хөдөлгөх хоног чинь дуусна доо. Таван цаас ч гэсэн нэг гараас илүү тоншчиход хаа юм, нэг өдөр хоолонд орчихно. Гэдэс цатгалан байвал хамаг юм их сайхан болоод явчихна шүү дээ. Тэр хүнээс новширч авсан энэ тэр ямар хамаа байна. Ходоодоо борлуулж л байвал.

 За тэгээд залуу хүн юм чинь сайхан шоудах хэрэгтэй. Болбол өнжөөд нэг, болохгүй бол баасан гараг бүр “гараад” байвал амьдрал их сайхан болно шүү дээ. Хүн ашиглаж олсон стрессээ тэгж л тайлна даа. Юун ном уншиж, спортоор хичээллэх. Шал доожоогүй юм бодох юм. 21-р зууны соёлтой боловсролтой, хөгжсөн залуу хүн гэдэг чинь ном уншиж нурмайж сууж биш, орилж хашгирч таазаа хөдөлгөж байж стрессээ тайлдаг байхгүй юу. Гэхдээ мэдээж тэгэхдээ өөрөөсөө мөнгө гаргаж хэзээ ч болохгүй. Болж өгвөл бааранд танилцсан маанаг залуугийн цээжинд нь наалдаж аальгүйтэж байгаад уух пиво, идэх чипсээ даалгачих хэрэгтэй. Нэг сайхан шоудахын төлөө бол “ганц шөнө” энэ тэр лай л байна. Ганц олдох залуу нас шүү дээ. Хальт таалагдаад л, овоо зузаан түрийвчтэй ч юм уу аятайхан бие хаатай бол тэгээд л … пожалуйста… За тэгээд бүр найраагүй бол арай гэнэн нэг найзынхаа толгойг эргүүлж байгаад мөнгө гаргуулах хэрэгтэй. Яг манай найзууд бол тэгнэ гэж байхгүй л дээ. Бүгдээрээ надтайгаа адилхан чоно. Яадаг юм тэгж л амьдрах хэрэгтэй. Тэртээ тэргүй бид нар үсрээл 3-5 жил л найзлах юм чинь. Найз гэдэг юм чинь ер нь нэг тийм мөчлөгтэй байдаг юм гэсэн. Ахлах сургуулийн найз их сургуульд ороод хэрэггүй, их сургуулийн найз ажилд ороод бүр хэрэггүй. Нэг мэргэжил юм чинь лай чинь өрсөлдөгч болчихоод хүнд шавар хаагаад байх биз. Эртхэн холдсон нь дээр. Гэхдээ иймэрхүү бодлоо нөгөөдүүлдээ мэдэгдээд хэрэггүй дээ. Түрүүлээд ар нуруунаас хутга шаачих ч юм бил үү. Нүүрэн дээр нь сайхан инээгээд л байх хэрэгтэй. Сайхан сайхан үг их байна. Миний хам, миний анд, миний хайр энэ тэр гээд л уран үг уянгалуулаад л чихийг нь таглаад байх хэрэгтэй. Хааяа нэг холбоо барьсан гэсэн нэр зүүхээ мартваа. Фэйсбүүк дээр нэг сайхан бүгдэд харагдахаар найзыгаа санаж байна шүү гээд л нэг хамтдаа авхуулсан зураг хийгээд зарлаад тунхаглачих. Утсаар ярьж мэссэж бичсэнээс хамаагүй дээр. Энэ чинь цаагуураа бас өөр бодлоготой байхгүй юу. Олон нийтэд найзыгаа санаж байна, хайртай дуртай гээд зарлачихаар чинь бусад хүмүүс ч гэсэн чамайг их сайн найз юм байна гээд бодчихно. Юмыг яаж мэдэхэв сүүлд хэрэг болох ч юм бил үү. Нүхээ ухаж л байсан нь дээр.

 За тэгээд хүнд туслана гэдэг бол өөрөө их тэнэг ойлголт л доо. Би чинь өөрийнхөө л төлөө амьдарч байж, өөрийнхөө цаг зав хүч энергийг хумслаал тэр нэг гарт очиж юм хийж өгөх гэж лай. Хийсэн юмных нь үр дүн надад ямар ч падлийгүй бол тэрэн шиг тэнэг юм байхгүй. Харин нэг таван цаас өгдөг хүнийг бол туслах нэрээр шулах сайхан шүү. Тэгж чадахгүй ядарсан амьтадруу бол хялайгаад ч хэрэггүй. Харин ч унасан дээр нь дэвсэх хэрэгтэй. Сүүлд нь босч ирээд надад лай болох ч юм бил үү. Ер нь ижилхэн байсан нөхдүүд дээшлээд явчихлээр уур хүрнэ гэж. Дотроос нэг юм огшоод л буцлаад ирж байгаа юм чинь. Тийм юм болгохгүйн тулд унасан дээр нь дэвсэх л хамгийн чухал.

 Төрөх нь үнэн, үхэх нь үнэн орчлонд бусад нь ер нь худлаа байсан ч яадаг юм. Хавьтсанаа хатгаж, ойртсоноо ашиглаж, унасныг дэвсэж, зуурдын найз нарыг мангартуулж, ашигтай хүнийхээ төлөө бүхнээ зориулж, өнжөөд нэг “гарч” залуу насаа “ENJOY” хийж амьдрах хэрэгтэй шүү хүмүүс ээ. Гэхдээ тэгээд сайн сайхнаар юм бүхнийг хараад үнэнчээр амьдрах сонголтыг хийх хүн байж болно оо болно. Гэхдээ л та нар хол явахгүй дээ…

 Өөрийн санаанд буусан санаагаа егөөдсөн аясаар бичсэн нийтлэл маань энэ хүрээд төгслөө. За тэгээд энэ бүхэн мөхөс миний мөчидхөн бодол гэдгийг ойлгоорой. Мэдээж цаг заваа зохицуулаад ажил сургууль, шоу цэнгээнээ амжуулаад явдаг хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Нэг нэгэндээ туслаад нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуус ч олон байгаа. Тийм хүмүүс буруугаар ойлгохгүй байхыг хүсье.

З.Сугар
2014.1.20

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*