Боловсролтой хүн гэж хэн бэ?

Ямарваа нэгэн зүйлийг мэргэжлээ хэмээн сонгон, их сургуулийн хаалгыг татан тэр зүйлийхээ зах зухаас суралцаж, мэргэшиж яваа залуус бидний оюутан гэгдэх энэ цаг мөч бол олон талаараа амьдралд бэлтгэгдэх чухал үе мөчлөг билээ. Өөрийн сонгосон мэргэжлээ гүнзгийрүүлэн судалж мэргэжилтэн болохоос гадна, боловсролтой хүн болох, боловсролтой хүн болоход бэлтгэгдэх гэдэг энэ үеийн гол зорилго байдаг болов уу. Их сургууль төгссөн бол бид дээд боловсролтой хүн гэж дуудагддаг, харин энэ нэршил яг ямар хүнийг нэрлэх вэ гэдэг тал дээр энэ удаагийн нийтлэлийн гол санааг буулгахыг зорилоо.

Их сургуулийн дөрвөн жил багшийн өгсөн даалгаврыг яг таг биелүүлээд, шалгалтуудаа 100 хувь өгч, А гэдэг дүнг эрээлжлүүлэн өрүүлсэн ч тийм амархан боловсролтой хүн болчихгүй гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлэх бизээ.
Тэгвэл боловсролтой хүн гэж яг ямар хүнийг нэрлэх вэ?
Энэ асуултанд залуус бидэнд хамгийн ойлгомжтой хариулж өгсөн хүн бол Баабар гуай бөгөөд түүний бичсэн Дори идэр дүүдээ ном зайлшгүй мөн болов уу гэж бодож байна.

Тэрээр энэхүү номоо 18 нас хүрч буй идэр насны дүү Доридоо зориулж бичсэн бөгөөд, хүүхэд нас нь өнгөрч, “хүн” болох процесс нь ид явагдаж эхлэх үед юун дээр анхаарах хэрэгтэйг, яагаад боловсролтой хүн болох шаардлагатайг, боловсролтой хүний мэдвэл зохилтой зүйлсийг бичсэн ба ухаарах хүнд хагас үг хангалттай гэдэг утгаар санаа өгөхийн тулд бичсэн хэмээн өөрөө тайлбарлажээ. Энэхүү номыг уншаад хүн болгонд л өөр өөрийн бодол төрөх нь ойлгомжтой ч, миний бодлоор залуу хүн бол заавал нэг сөхөөд харахад илүүдэхгүй ном гэж бодож байна.

Энэхүү номонд:

  • Боловсролтой хүн техник технологийн дэвшлийг илүү хурдан хүлээж авамтгай байдаг.
  • Боловсролтой хүн үнэн зөв мэдээлэлд хамгийн түрүүнд хүрэх ба энэ чадвараараа хуурамч болон дам цуу мэдээллийн үнэнийг хурдан анализ хийж дүгнэлт гаргах чадвартай байдаг. Мэдээллийн эрин зуун болсон энэ үе, алхам бүртээ шийдвэр гаргаж байх болсон энэ нийгэмд анализ дугнэлт хийх чадвар ямар чухал болох нь ойлгомжтой.
  • Боловсролтой хүн мэргэжил сайн эзэмшдэг талтай ба боловсролгүй хуульч, боловсролгүй сэтгүүлч, боловсролгүй эмч, боловсролгүй инжинер мэргэжилдээ сайн байж болох боловч ерөнхий статисткаараа боловсролтой нь илүү байдаг.
  • Боловсролтой хүн соёл эзэмшихдээ сайн, хаанахын ч ямар ч заншлыг хэрэгтэй үедээ дагаж чаддаг, хүнтэй эвтэй харилцдаг, ядахнаа л хоол ундаа аятайхан идчих чадварыг дороо олно.
  • Боловсролтой хүний амьдрал утга учиртай, зорилготой болдог. Боловсролын хүчээр хүн өөрийгөө төдийгүй нийгмээ, түүхээ, хүний болон амьд ертөнцийг орчлон хорвоог мэдрэн өөрийн байгаа цэгээ тодорхойлж чадна. Орчлон ба цагийн агуу ихийг мэдэрснээр энэ зайн дотор юу хийж, юу бүтээх ёстой нь ойлгогдож, элдэв орон зайны болон хуушуурын адгууслаг зодоон тэнцээнээс ангид байн, орон зайд биш, цагт шүтэх бишрэл бий болно.
  • Амьдралын арван хувь нь хувь төөргөөс, ерэн хувь нь чиний түүнд хандах реакцаас хамаарна. Хүн хувь заяаныхаа боол болдоггүй, үнэн хэрэгтээ оюун ухааныхаа боол болдог! Уйлж төрдөг, гомдоллож амьдардаг, харамсаж үхдэг ердийн амьдралыг боловсрол л өөрчлөх байх.
  • Боловсролтой хүн бусдыгаа бодвол илүү нөлөөтэй байдаг. Нөлөөллийнхөө хүрээг тэлэх нь хүнд байтугай адгуусанд байдаг үндсэн совингийн нэг.
  • Боловсролгүй хүний найз нөхдөөсөө олж байгаагаас илүүг боловсролтой хүн дайснаасаа олж чадна.
  • Хүнд авъяас чадвар, ухааныг бурхан хайрладаг, мэдлэгийг хүн өөрөө өөртөө буй болгодог, мэдээлэл бол хар аяндаа урсан орж ирж байдаг. Ухаан, мэдлэг, мэдээлэл гурвыг хольж ойлгох нь элбэг. Ухаанд суурилсан мэдлэг бөх, мэдлэгт суурилсан мэдээлэл ач холбогдолтой байдаг. Хар аяндаа орж ирж байгаа мэдээлэл нь мэдлэггүй суурин дээр системчлэгддэггүй учраас эмх замбараагүй хов болно. Боловсролтой болох гэж байгаа нь энэ гээд дайралдсанаа үзэж харан, уншиж бясалгаад явбал нас ч хүрэхгүйгээс гадна нэгэнт хүний тархи хогийн сав биш учраас онцын хэрэгцээгүй мэдээллүүд чинь нийт системээ гацаагаад хэрэгцээтэй зүйлээ амьдралд ашиглаж чадахаа болино.
  • Дараа үеийнхэн нь өмнөхөө давамгайлахгүй юм бол аль ч нийгэмд дэвшил байхгүй. Иймээс тэрхүү алдсаныг минь одоогийн залуучууд битгий давтаасай гэж боддог. Зөвхөн өөрийхөө алдсан сургамж, алдаагаа засах гэж оролдсон туршлага дээр үндэслэн орчин үеийн боловсролтой залуус гучин наснаасаа өмнө ямархуу зүйлстэй танилцсан байх ёстой талаар жагсаалт гарган толилуулж байна.

гэжээ.

Энэхүү ном нь байгаль ертөнцөөс эхлээд шашин, гүн ухаан, өрнө дорнын сэтгэлгээ, түүх, монгол судлал, эдийн засаг, психлоги, уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, хөгжим дүрслэх урлаг гэх зэрэг салбаруудаас хүний мэдэж байвал зохилтой ойлголтууд, бүтээлүүд, төлөөлөгчдийг танилцуулан бичжээ.

Энэхүү номыг уншснаар өөрийгөө ямар төвшинд явж байгаа эсэхийг мөн, үүнээс хойш юу сонирхож, юу уншвал зохистой гэх зэргийг мэдэх боломжтой ба өөрийгөө гаднаас нь харж дүгнэх бас том боломжийг олгох болов уу.

Арван жилийн сурагч байхад сургууль дээр маань нэг мундаг хүн ирж яриа хийхдээ, одоогийн залуучууд дунд мэдлэг боловсролоороо 「I」 хэлбэрийн залуус их байна. Энэ сайн хэрэг ч「Т」 хэлбэрээр хөгжихийг санал болгож байна гэж хэлж байсан. 「I」 хэлбэр нь өөрийнхөө мэргэжил юмуу ямар нэг зүйл дээр төвлөрөн маш гүнзгийрүүлэн судалж хөгжихийг хэлж байгаа бол, 「Т」 хэлбэр нь ганцхан зүйлд биш дээшээ ч доошоо ч хоёр хажуу талруугаа ч гүнзгийрүүлэн судалж хөгжих санааг илэрхийлж байсан. Үүнтэй ч би санал маш их нийлж байсан ба залуусдаа уриалах гэсэн зүйл маань ганц өөрийн сонгосон мэргэжил, хичээлээр өөрийгөө хязгаарлалгүй, энэ ертөнц дээр мэдэхгүй өнгөрөөж болохгүй гэсэн зүйлс болгоныг сонирхож, мэдэж авах цаг үе бол яахын аргагүй бидний одоогийн энэ залуу нас маань юм болов уу гэсэн санаа юм.

Ингээд “Уншиж судлах, бодож тунгаах цагтай байна гэдэг нь нэг төрлийн тансаг хэрэглээ” гэдэг үгээр энэхүү нийтлэлээ төгсгөе.

Обирин их сургууль
Д. Дуламсүрэн
2014.1.22

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*