“Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг Самурай босгоод өрөнд унах уу?

Mongolia-300x199Саяхан О. Баярсайханы “АНУ-ын эдийн засаг сайжрав уу?” гэдэг  гарчигтай нийтлэлийг уншлаа. Эдийн засгийн факультетийн 4 дүгээр курсын оюутнаас гарах ёстой чанартай сайхан нийтлэл болсон санагдлаа. Авч байгаа жишээ, хэрэглэж байгаа өгөдлүүдийг нь хараад яг л АНУ, Японд авч хэрэгжүүлдэг эдийн засгийн бодлогуудыг түүхээс нь авахуулаад хэрэглээний хэмжээнд сурч авсан санагдана. Энэ мэтчилэн эдийн засгийн гаргалгааг нарийвчлан хийж, дүгнэх чадвартай олон сайхан боловсон хүчин бэлтгэгдээд эх орондоо ирж байгаа гээд бодохоор урам ороод сайхан байна шүү. Харин ирэхээсээ өмнө бодит байдалтайгаа сайн танилцаарай. Ирээд огт харамсахгүй болтлоо сайн судлаарай. Мөрөөдсөн мөрөөдөл, зурсан зураг, бодсон бодол чинь энд ирээд тэс өөр байх вий. Сурсан зүйл чинь сайн, эзэмшсэн мэргэжил чинь үнэлээд баршгүй байж болно.  Харин үүнийг Монголын хөрсөнд буулгах гэхээр нэг л болж өгөхгүй байх тохиолдол бий. Үүнд ямар ч бодлогогүй, барьцгүй нийгэм эдийн засгийн чиглэл, улс төрийн хэт их нөлөөлөл, хувийн ашиг сонирхолыг илүүд үзсэн удирдлага нөлөөлдөг болов уу гэлтэй.
Эдийн засгийн шинжлэх ухааны зах зухаас нь самардаж суугаа оюутнууд та бүхэн “Монгол улсыг 2014 онд хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл” гэсэн агуу том гарчигтай бодлогын баримт бичгийг интернет ухаад хаанаас ч олж болно. Төрөлх эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил аль зүгрүү хэлтийж байгааг та энэ баримт бичгээс үзэх боломжтой. Хүний хэрэглээний үгнээс хол хазайсан, уншаад ойлгоход хэцүү үгээр илэрхийлсэн байгаа нь үнэн ч нэг тогтоод уншвал өнөөгийн нийгмийг маш сайн ойлгох болов уу. Харин аль ч тохиолдолд та шүүмжлэгч биш өөрчлөлтийг эхлүүлэгч байхыг эрмэлзээрэй. Миний хэлэх дуртай Abraham Lincoln-ийн  “He has a right to criticize, who has a heart to help.” үг байдаг. Энэ үг л яг одоогийн монголын нийгэмд хэрэгтэй мэт.

Ингээд “мундаг” гэж бодсон та нартайгаа мунхаг би Монгол улсын яг одоогийн байдлыг нэг ажиглая. Авсан өр болгондоо “гоё” нэр өгдөг “балай” улс дэлхийн хаана ч байхгүй. Яахав Самурай бондын талаар бол угаасаа тийм нэртэйгээр арилжаалагдаад заншсан тул тэрийг нь өвлөсөн. Харин Чингис, 580 саяын хувьд, түүний зарцуулалтын хувьд бага зэрэг харамсалтай зүйлсийг хийж байгааг нь өдөр бүр хараад суухад өр өвдөм санагдана. Олон улсад “хөгжмөөр байна” гэж зарлан байж хэдэн хувийн хүүтэй гаргасан бондын мөнгөө засмал замд зарцуулаад “лөө лөө” болсон ганц хоёр орны “муу” жишээ бий. Муу гэдэг үгийг тодотгосны учир нь замын төсөлд зарцуулаад эдийн засгаа суга өсгөсөн улс байдаггүйг дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүх харуулсныг хаанаас ч уншаад олохоор.
Нэгэн жишээ дурдъя. АНУ-ын хурдны замын мөнгө хураах цэг дээр авдаг татварын хэмжээний 5% нь үйл ажиллагааны зардалд явж, үлдсэн 95% нь улсын төсөвт орлого болон ордог. Харин өнөөгийн Монголын системд өнөөх тасалбарын 80% нь үйл ажиллагааны “зардал” болоод үлдсэн 20% нь ашиг болон оронгоо алдаад замаасаа замхарсаар 10% нь л төсөвт бүрэлдэж байна. Бүтээмжгүй ажлын сонгодог жишээг би энэхүү замын асуудлаас эхлээд тоймгүй их  юм тоочиж болохоор байна.
БНСУ-ын жишээг дурдъя. БНСУ 1952-1963 онд маш их гадаад өртэй байсан юм.  Харин тэд тэрхүү зээлсэн хөрөнгөө шинэ салбар, аж үйлдвэрээ хөгжүүлэхэд зарцуулж, эргээд өрөө маш амжилттай төлж байсан түүхтэй. Үүнийг маш хатуу хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, экспортыг дэмжсэн стратегийн бодлого, эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй төслүүдийг сонгосон, өдөр тутам томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн явц, хэрэгжилтэд анхаарч ажилладаг байсантай холбож үздэг. Тиймээс ч БНСУ-ын хувьд тухай үед улсын өр нь нэмэгдэж байсан ч хөрөнгө оруулагчид БНСУ-ын Засгийн газарт итгэл үзүүлж, санхүүжилтээ өгч байсан юм.
Харин манайх хамаа намаагүй замын компаниуддаа хувааж өгчихөөд хэзээ эргэн төлөлт нь ирнэ гэж хүлээж суугааг би огтоос ойлгодоггүй. Яагаад санхүүжилтийн өгөөж өндөртэй, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтанд бус наалдсан хөрсөндөө насаараа шингэдэг “асвальт”-д зориулаад эргээд түүнийгээ замын компаниудаасаа бус ард түмний халааснаас эргэн төлөлт хийхээс өөр аргагүй байдалд хүргээд байгаа юм бол? Ялангуяа энд шүүмжлүүштэй хандах зүйл бол гадаадын зах зээлээс өндөр хүүтэй хөрөнгө оруулалт татаж ирээд түүнийгээ Монгол компаниуддаа биш эргээд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад өгчихөж байгаа юм. Тухайлбал төмөр замыг БНСУ-ын компанид, хурдны замуудын ихэнхийг БНХАУ-ын компанид гээд арай гэж гадаадаас өндөр хүү төлж гуйж ирсэн мөнгөөрөө гадаад хүнийг тэжээгээд байхаар Монголын эдийн засаг урагшилж өгөхгүй байх нь тодорхой шүү дээ. Монголын  Засгийн газар өр тавиад, түүнийгээ ямар ч эргэн төлөлтгүй төслүүдэд, ямар ч бодлого төлөвлөгөөгүй зарж байна гэдэг нь өөрийнхөө цаашдын санхүүжилтийн боломжоо улам бүр алдаж, өрийн дарамтад орох, дараа дараагийн бондын хүү нэмэгдэх зам руу орж, цаашид энэ замаар явбал улсын эдийн засаг бүрмөсөн хараат болж байгааг харах хэрэгтэй. Дээрээс нь өр тавихаас илүү өөрийн нөөц боломжоо маш сайн ашиглах ёстой юм. Бондоор санхүүжилт босгохоос илүү гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авах хууль эрх зүйн орчноо сайжруулан, олж ирсэн хөрөнгө оруулалтаараа үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын төслийн Монгол компаниудаараа хийлгэн, гадаадын зааварчилгааг нэвтрүүлэх маягаар ажлаа явуулбал үр өгөөжтэй болов уу.

Японы эдийн засгийг судлалж байгаа та бүхэн 失われた10年 гэдэг үгийг олон сонсож байсан байх. Энэ нь Япон улс Хөөсөн эдийн засгийн уналтын 1990-2000 оныг хэлдэг бөгөөд эдийн засгийн тодорхой чиглэл, бодлогогүйгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг газар, байр, зам, орон сууц, үл хөдлөх хөрөнгө руу оруулж, тэр нь сүүлдээ хямарч, бүгд өртэй болж дууссан. Энэ хугацаанд Япон хамаг аж үйлдвэрээ бусдад алдаж, төр нь эдийн засгаа сэргээх гэж байнга бонд гаргаж, түүнийгээ буруу зарцуулснаар сүүлдээ улсын өр нь дийлдэхээ больсон. Хэрэв та эх орныхоо эдийн засгийн хөгжилд санаа зовнидог бол энэ түүхийг нэг судлаад үзээрэй. Үүнээс гарах гаргалгааг хүн бүр өөр өөрийн хэмжээндээ Монгол орны хөрсөнд буулгахаар хэмжээнд өвөртлөөд эх орондоо ирвэл та том зүйл бүтээхийн эхлэлийг хийлээ гэж бодоорой. Удахгүй тэр бодлогын хариуг гаргасан хүнийг төр өөрөө хайгаад ирэх болов уу. Тийм ээ, бидэнд шүүмжлэгч биш өөрчлөлтийг эхлүүлэгч хэрэгтэй байна. Харин тэр хүн нь ТА байж болно.  “He has a right to criticize, who has a heart to help.”.  Урагшаа, Шинэ Монголчууд аа!

2014.01.25
Б. Т

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*