Социализмаас Капитализм, Капитализмаас Социализм руу

20-р зуунд дэлхийн газар нутгийн гуравны нэг, дэлхийн нийт хүн амын хоёрны нэгийг хамран дэлгэрсэн социализм буюу социалист тоталитаризм нийгэм нь цаашид оршин тогтнох чадваргүй болоод өөрөө аяндаа нурж унасан талаар бид заалгасаар ирсэн. 1989 онд Берлиний хана нурж, 1991 онд ЗХУ задран унаж, Хойд Солонгос, Куб зэргээс өөр социалист улс үлдээгүй нь марксизм, коммунизм нь хүн төрөлхтний үл гүйцэлдэх мөрөөдөл байсан гэдгийг нь бодитоор баталсан мэт.

Гэвч яг үнэн хэрэгтээ манай орон болон хуучин ЗХУ, бусад социалист зүүн Европын улсуудад бий болсон коммунизм, социализм нь Марксын өөрийнх нь бичиж боловсруулж зорьж байсан коммунист утопи биш байсан бөгөөд, харин ч зүгээр л нэг хүн (Чойбалсан, Сталин гэх мэт) эрх мэдлийг нэг гартаа хүчээр төвлөрүүлсэн төлөвлөгөөт эдийн засагт улс байсан байна. Иймээс ЗХУ нуран унаж, хүйтэн дайн дууссан нь Марксизм, коммунизм үндсээрээ нуран унасан гэсэн үг биш бөгөөд харин ч марксизм өөрийн жинхэнэ санаагаараа байж чадахаар буюу нэг удирдагч (дарангуйлагч) төвтэй нэг улсын үзэл суртлаар хэт гуйвуулагдсан агуулгаасаа ангижирч чадсан юм.

Цаашлаад марксизм, коммунизм нь өнөөдрийн либерализм, капитализмын эсрэг альтернатив хувилбар болж чадах талаар ч яригдах болов. Хаа сайгүй капиталист нийгмүүд зэрэгцэн оршиж байгаа өнөө цагт дэлхийн хэмжээний санхүү эдийн засгийн хямралууд, хүн төрөлхтний нийт баялгийн 80 хувь нь хүн амын 20-хон хувьд төвлөрсөн хэт тэгш бус өнөөгийн бодит байдал зэрэг асуудлууд нь капитализмын үндсэн шинж, зөрчлийн талаарх дэлгэрэнгүй судалгаанд үндэслэгдсэн марксист үзэл суртлын онолууд дахин сэргэж улам ач холбогдолтой болоход нь нөлөөлж байна.
Эцэст нь хэлэхэд энэ нийтлэлээрээ нийгмийн аль нэг тогтолцооны зөв буруу гэдгийг шүүх санаа агуулаагүй бөгөөд хэт нэг талын онол, үзэл суртлыг сурталчлахыг зориогүй болно. Xарин марксизм, коммунизм нь 20-р зуундаа нуран унасан гэх өнгөцхөн ойлголтод баригдалгүй, өнөөдөр ч гэсэн марксист онолууд нь судлаач эрдэмтдийн анхаарлын төвд байгаа гэдэг талаар мэдээлэл өгөхөд чиглэсэн болно.

Токиогийн Олон Улсын Их сургууль
Э.Хонгорзул

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*