Шийтгэл

1002350_647224295336828_883685455_n-300x222Энэ бол Францын нэгэн улсын сургуульд болсон явдал. Одоо 18 настай энэ хүү сургуулиа орхиод хоёр жил болж байгаа. Түүнийг гаднаас нь харвал жирийн биш. Биеийн ихэнхи хэсэг, толгойн зарим хэсэг нь хүнд хэлбэрийн түлэгдэлтэй бөгөөд 2 жилийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж сая нэг тэнхэрсэн.
Арван зургаан настайдаа өөрийгөө шатаах гэж оролдон түүнээс хойш сургуульдаа яваагүй. Шалтгаан нь тэр ангийхныхаа тоглоом тохууны бай байнга байхаас залхан, тэвчээр нь барагдсандаа өөрийгөө шатаагаад тэр бүгдийг дуусгая гэж боджээ.

Дэлхийн бүх орны сургууль дунд гадуурхалт ба тоглоом, зарим тохиолдолд тоглоом нь эцэстээ шоглоом болж төгсдөг энэ асуудал байгаа. Хэдэн жилийн өмнө Монголын жирийн нэгэн улсын сургуульд явуулсан судалгааг би уншиж байсан юм. Тэр судалгаанд бага дунд ангийн сурагчид хамрагдсан байсан бөгөөд асуулт нь маш энгийн “Чи ямар нэг байдлаар дээрэлхүүлж байсан уу?”… Харамсалтай нь нийт нэг ангийн л гэхэд 50 аас дээш хувь нь дээрэлхүүлэх, түүний дээр дээрэмдүүлэх, зодуулах гэх мэт асуудалд өртөж байсан гэсэн хариу гарсан байсан. Манай орны ердийн ерөнхий боловролын сургуулийг авч үзвэл сэтгэл зүйн дайралтаар нэгнийгээ доош нь хийх (эсрэг тал нь хүлээж авах) гэсэн асуудлаас илүүтэйгээр бие ба эд хөрөнгийн зүгээс биенийгээ дарамтлах дээрэлхэх гэсэн асуудал давамгайлна.

Жишээ нь тэрхүү судалгаанаас үзвэл дээд ангийн хүүхдүүд нь доод ангийн хүч сул, бие жижиг хүүхдүүдээс мөнгө, эд зүйлийг нь булааж авах, зодох гэсэн асуудал бол жирийн л нэг үзэгдэл ажээ. Ганц удаа энэ үйлдлээ хийгээд зогсохгүй дахин дахин давтсаар байдаг. Хүүхдийг хичээлдээ ирэх замд, хичээл тарах замд гэхчилэн бүлэглэн зогсож иймэрхүү үйлдлээ давтдаг. Ийм зүйлээс болж хүүхэд сургуульдаа явах бүртээ байнга айдас хүйдэс тээн, хичээлдээ анхаарахаа ч мартдаг. Гэхдээ өнөөдөр би энд дээрэлхүүлдэг хүүхдийн асуудлаас илүүтэйгээр хэргийг үйлдээд байгаа этгээдийн талаар илүү онцолмоор байна.

Дээр дурьдсан 18-тай хүү нь тэрхүү явдлаас хойш медиагийн гол бай болж олон ч нэвтрүүлгээр орсон бөгөөд үзэгчдээс хүүд багагүй олон захидал иржээ. Тэр дунд нэгэн захидал хүүгийн сонирхолыг ихэд татсан нь нэгэн оюутан залуугийн бичсэн захидал байв.
Захиаг бичсэн залуу ингэж бичжээ:
“Би багадаа багагүй алдартай, олны анхаарлын дунд байдаг байлаа. Тэр дунд зарим хүүхдүүдийг шоглох, дээрэлхэх явдал ч байсан. Тэр үед түүнийг огтхон ч асуудал биш мэтээр, зөвхөн хөгжилтэй байхын тулд, уйтгартай сургуулийн амьдралыг жаахан хөгжилтэй болгоё, жаахан бусдын дунд алдартай болъё, өөрөө дээрэлхүүлж байснаас дээр гэсэн үүднээс хийдэг байсан гэдгээ одоо бодоход ухаарч байна. Би чиний тухай яриаг сонсоод өөрийн тухай маш ихийг бодож үзсэн…” гэх мэтчилэн бичжээ.

Үүгээр юуг хэлэх гэсэн бэ гэхээр: Хүүхдүүдийг дээрэлхэж байгаа, нэгнийгээ гадуурхаж байгаа, дээрэмдэж байгаа хүүхдүүд дунд нэгнийгээ даган, бусдын анхаарлыг татах гэсэн зорилго тээх тохиолдол олон байдаг.
Үүнийг магадгүй өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал зэрэгтээ холбон тайлбарлаж болох… Гэхдээ сургууль, багш нар, гэр бүлээс үзүүлэх боловсрол, хүмүүжлийн талаас нь илүү авч үзмээр байна. Биенийгээ дээрэлхэн, доог тохуу хийн, дээрэм зэргийг үйлдэж байгаа хүүхдүүдийн талаар ярихдаа тэдний нийгэмшлийн талаар авч үзэх хэрэгтэй болов уу.

Нийгэмших гэж юу вэ? Нийгмийн боловсрол гэж юу вэ?
Нийгэмших гэдэг бол нийгэм судлалын үг бөгөөд тухайн нийгэмд оролцож буй хэн бүхэн тэр нийгмийнхээ боловсрол, ялангуяа үнэт зүйл (юуг дээдэлдэг), хэм хэмжээг зэргийг ухаарч ойлгох явдал юм аа гэж хамгийн энгийнээр тайлбарласан байна. Үүнийг сургуулиар дамжуулан хүүхэд залуусд ойлгуулах явдлыг боловсрол гэж хэлж байна.
Ихэнх тохиолдолд иймэрхүү хэрэг тариад байгаа нөхдүүдийг загнаад л явуулах, аль эсвэл эцэг эхэд нь хошуу хүргээд л өнгөрдөг. Тэр бүрт эцэг эхээс бас л ахиад хүүхдэд дарамт ирнэ. Дарамт, хатуу үг, сөрөг энергиэс өөр юу ч хүүхдэд ирэхгүй. Гэтэл хүүхдүүдийг нийгэмшүүлэхийн тулд өөрийх нь юуг хийх ёстойг, хэн байх ёстойг сургууль өөрөө зааж өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд нь зөвлөх ёстой.

Хүүхдүүдийг хичээл дээр сэтгэгдлээ хэлдэг, бичдэг, илтгэдэг, өөрсдийн үзэл бодлоо үгээр зөв илэрхийлэх аргаар нийгэмшлийн боловсролыг олгож болно гэсэн санааг олон улс орон хэрэгжүүлж байна. Асуудлыг сурагчид өөрсдөө авч үзээд, шийдэх аргыг нь хайдаг.

Жишээ нь японы бага дунд сургуулийн нэгэн багшийн заах арга барилын талаар энд бичье.
Сурагчдыг баг болгон хуваагаад нийтэд нь нэг асуулт тавина. Асуулт өөрөө маш энгийн бас сонирхолтой байх ёстой.
Миний үзсэн жишээн дээр тэр багш “Сургуулийн орчинд чихэр, жимс, бас бус зүйл зардаг байх нь зөв үү, буруу юу? Зөв бол яагаад , буруу бол яагаад?”
Багийн бүх гишүүд тус бүр нэг нэг санааг гаргаад түүнийг багаараа гарч тайлбарлах ёстой бас мэтгэлзэх ёстой.
Тэр дунд, хичээлд эхэндээ идэвхи сул оролцдог байсан сурагч байсан ч гэсэн багшаас ирэх асуултууд сонирхолтой энгийн байх тусам оролцоо нэмэгдэж бусадтайгаа илүү харилцаатай болж байгаа нь харагдсан.

Мөн тэр багшийн хичээл дунд байсан нэг сонирхолтой агуулга нь хичээлийн төгсөлд хэн нэгнийг нэр цохон самбарын урд зогсооно. Ангийн бүх хүүхдүүд түүнд урмын үг ба урьд нь анзаарч байсан сайхан зан чанаруудынх нь талаар хэлнэ. Өөрийнхөө анxаарч ч байгаагүй сайн чанарууд, хийсэн үйлдлээ сонссон хүүхдүүд өөрийн эрхгүй баярлаж, урам зоригоор бялхаж байгаа нь нүдэнд харагдана.

Энэ бол хүүхдийг зөв нийгэмшүүлж байгаа явц. Нийгэм өөрөө гэрэл гэгээтэй, эвтэй найртай байх хэрэгтэй. Түүндээ тохируулаад хүүхдүүдээ улс боловсруулна гэсэн энгийн ухагдахууныг л баримтлахад нэгнийгээ дээрэлхэж, доош нь хийж, янзыг нь үзэж байгаа өчүүхэн асуудлууд байтугай тэрнээс цаадах нийгмийн асуудлууд ч байхгүй болно гэдэгт итгэлтэй байна.

Ганбаатар Чимэдлхам
Обирлин их сургууль
2014.01.29

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*