Та золиос болж байсан уу?

Хүн бүхэн маш хурдан амжилтанд хүрэх, 14 хоногт шахуу хамгийн хурднаар англи хэл сурах, ажил үйлсээ хурдан бүтээх, аль болох хурдан хөрөнгө мөнгөтэй болох гэх мэт байж болох хамгийн хурдан хугацаанд өөрийн хүслээ гүйцэлдүүлэхийг хүсдэг. Тэр нь ч зөв. Гэхдээ энэ бүх хүслээ биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд та хэнд ханддагт вэ? Өөртөө юу эсвэл өрөөл бусдад уу? Үүнд л гол асуудал оршдог.

Арго гэх эрхмийг танихгүй хүн одоо Mонголд үгүй биз. Гадны хэлийг хурдан сурах дэвэргэн хүсэлдээ автсан хүний хүсэл дээр нь дөрөөлөөд овоо хэдэн төгрөг өвөртөлж чадсан хүн. Энэ хүнийг би муулах ч гэсэнгүй сайлах ч гэсэнгүй. Гэхдээ энэ хүнийг би мундаг сэргэлэн, бизнес сэтгэлгээтэй хүн гэж хэлнээ. Хулгай хийж, авилга авж мөнгө олсонгүй болж л байна шүү дээ. Ёстой чадаж байгаад арга үгүй. Бизнесмэн хүн зах зээлийн нийгэмд хүмүүс юуг ихээр хүсэж байгааг маш сайн харж тэдэнд тааруулж бизнес хийдэг биздээ. Арго бол тэдний л нэг нь болж таарч байгаа юм. Түүний сургалтанд сууж, номыг нь худалдан авч, лекцэнд нь суусан хүмүүс 14 хоногт англи хэл сурч чадаагүйдээ түүнийг луйварчин, мулгуу гажигтай амьтан гэх мэтээр доромжилдог. Аргод буруу байгаа биш түүнд итгэж, хурдан хэл сурах гэсэн шуналаасаа болж хэдэн төгрөгөөрөө “золиос” болсон хүмүүст өөрт нь л хамаг буруу нь байгаа биш гэж үү?  Ямар ч хэлийг сурахад хувь хүний хичээл зүтгэл, түүнд зарцуулж байгаа цаг хугацаа, хэл сурах чин хүсэл л хамгийн чухал биз. Тэрнээс хэн нэгэнд итгээд, хэлний сургалтанд нь суулаа гээд 14 хоногт гадаад хэл сурчихна гэж юу байхав.

Одоогийн нийгэмд ажиглагддаг бас нэгэн “золиос” бол сүсэг бишрэлээсээ болж золиослогддог хүмүүс. Монголчууд бид эрт дээр үеээсээ их сүсэг бишрэлтэй ард түмэн. Энэхүү сүсэг бишрэл, итгэмтгий зангий нь далимдуулаад ойрын хэдэн жил худал үнэн нь мэдэгдэхгүй бөөлдөг, онгод тэнгэр дууддаг улаач гэх хүмүүс борооны дараах мөөг шиг олширчээ. Хэн нэгэн ойр дотных нь хүн хүндээр өвдөөд, унаж тусаад байвал бөө дээр очиж асуудаг хүмүүс их байдаг. Тэгээд эдгээр хүмүүст нөгөө бөө гэх хүн нь “Энэ хүнийг чинь бөөгийн онгод тэнгэр нь дуудаад байна, бөө болохгүй бол үхнэ” гэх мэтээр хэлж, гүн итгэл үнэмшил төрүүлж мөнгө авдаг жишээтэй. Бас “Ажил үйлсийг минь хурдан бүтээгээд өгөөч, эсвэл заяаны ханийг минь дуудаад өгөөч” гэх мэтээр бөөд хандан очдог хүмүүсээс хөөрхөн хэдэн цаас салгачихдаг тохиолдол цөөнгүй. Орчин үеийн бөө гэх тодотголтой хүмүүс иймэрхүү байдлаар бизнес хийдэг болчихоод байгаа нь нууц биш юм. Гэхдээ иймэрхүү бизнес хийж байгаа хүмүүст бүх бурууг тулгах нь хэцүү. Түүнд итгэж очин “золиос” болдог хүнд өөрт нь ч бурууг оноох нь зүйтэй боловуу…

Үүнээс гадна манай нийгэмд олширч байгаа бас нэг зүйл бол мухар сүсэгтэй хүмүүс. Өөрийгөө хутагт хувилгаан, үзмэрч, зөнч, мэргэ төлгөч хэмээн зарлаж, ард ир­гэдийг мунхруулан нийгэмд худлаа цуу тараан айдас төрүүлж, улмаар шинжлэх ухааны үнэ цэнийг бууруулж байна. Жишээлбэл 12 сарын 21 нд дэлхий сүйрэх тухай цуурхалд маш олон хүн итгэж, зарим нь гудамжинд тасарч унатлаа согтууруулах ундаа хэрэглэж, мөн эд хөрөнгөөр хохироосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл олон гарсан талаар цагдаагийн байгуулгаас мэдээллийн хэрэгслээр дамжуулж байсан цаг саяхан.

Яагаад ард иргэд иймэрхүү цуурхал, мухар сүсэгт автагдаж “золиос” болсоор байна вэ?  Яагаад өөрийн оюун ухаанаараа иймэрхүү зүйлд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргаж чадахгүй байна вэ? Магадгүй дараах хүчин зүйлс учир шалтгаан нь болох байх. Нийгэм дэх шударга бус байдал, түүнээс улбаалсан амьдралын бэрхшээл, өвч­ин шаналал, ядуу­рал, мэдлэг боловсролын дорой байдал гэх мэт. Эдгээр хүчин зүйлс дотроос хамгийн зонхилох шалтгаан нь магадгүй ядуурал, боловсролын доройтол байж болох юм. Өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, цалин орло­го гээд байх зүйлгүйгээсээ болоод өөрт болон гэр бүлдээ тохиолдож буй зовлон бэрх­шээлээ даван гарахын тулд аврал эрэн үзмэрч, лам, бөө, удганд хан­ддаг. Мөн шинжлэх ухааны үндэслэлгүй хэн нэгний цуу ярианд итгэн сэтгэл санаагаар унан архи ууж, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролын хомсдолтой хүмүүс гэж дүгнэхээс өөр аргагүй.

  Мэдээж хүн юуг шүтэж, юуг сүсэглэх нь тухайн хүний өөрийн дур. Бөө, удган, аливаа шашин бүгд худлаа гэж үгүйсгэх гэсэнгүй, бас бүү итгэ гэж ч хэлэх гэсэнгүй. Дэлхий дахин болон Монгол улсын үндсэн хуульд ч шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөө хүн бүрт бий. Бөө, Будда, Христос алийг нь ч шүтэх нь хүний эрх юм. Иймд бусдын сүсэг бишрэл, шашин шүтлэгийг зөв, буруу, сайн, муу гэх зэргээр дүгнэх нь хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл болно. Гэхдээ бөө ч юмуу, ямар нэг бурхан шашны урсгал шүтэхдээ өөрсдийн амь бие, ухамсарт байдлаа алдах нь зүйд нийцэхгүй ба өөрийгөө золиослож буй хэрэг гэж бодож байна.

Эцэст нь дээрх жишээнүүдэд дурдсан шиг хүн амжилтанд хүрэх, ажил үйлсээ хурдан бүтээх, өөрт тохиолдсон зовлон бэрхшээлээ даван гарахын тулд өөртөө биш өрөөлд итгэн хандах нь зөв гэж үү? Шалгалт нь дөхсөн оюутан байлаа гэж бодоход гандан луу явж ном уншуулах нь зөв үү? Эсвэл өөртөө итгээд хийх ёстой юмаа хийх нь зөв үү? Хүн ер нь гагцхүү өөрөө өөртөө л итгэж, зөв сэтгэлтэй байж, ухаан санаагаа цэвэр ариун байлгах нь л чухал гэж би боддог. Хүн бүр өөрийн ухаанаар бодож, өөртөө зорилго тавьж, өөрийгөө хүндэтгэж, өөр өөрийнхөөрөө амьдрах учиртай байх. Ирээдүйгээ хүн өөрөө л бүтээнэ үү гэхээс хэн нэгэн цаанаас туулах ёстой зам, хувь заяаг нь зурчихсан байдаг юм биш байх. Хүн өөрөө хувь заяаныхаа эзэн нь гэдэг шүү дээ. 21-р зуунд бид бодит шинжлэх ухаан, мэдлэг боловсролоороо зам хийж амьдрах нь илүү зүйтэй боловуу гэж бодож байна. Хурдан амжилтанд хүрэх гэж, хүссэнээ өөрийн болгох гэж, хурдан зовлон бэрхшээлээсээ ангижрах гэж өрөөлд хандах нь тухайн хүний өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө үл хүндэтгэж буйг тодоор илэрхийлдэг юм шиг санагддаг. Ийм хүмүүс л нийгэмд өөрөө өөрийгөө “ЗОЛИОС” болгоод байгаа юм биш үү?

Н.Баянмөнх
Нийгата их сургууль, барилга архитектур инженерийн анги
2014.2.5

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

1 Comment

  1. Аз жаргалд хүрэх 100н алхам номонд шашин шүтэж, хэн нэгэнд итгэж найдах нь аз жаргалыг бий болгодог нэг зам юмаа гэж уншиж байсан юм байна. Нээрээ л хүн гэдэг болохгүй бүтэхгүй худал хуурмаг гэдгийг нь мэдсээр байж хэн нэгний яриа, сэтгэл хөдлөлд дорхноо автдаг сэтгэлийн амьтан шүү дээ. Тэгэхээр золиос гэхээсээ илүү ХЭТ ТУЙЛШИРАХ гэвэл тохирох байх.. Аливаад хэт туйлширсанаар бид өөрийн хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг золиослосон байх нь олон. Тийм учираас зөвхөн өөртөө итгэж өөрийгөө хүчлэх бус бусдад итгэсэн ч болно, гагцхүү тунг нь яг тааруулах нь чухал гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published.


*