Цуврал1.Дэлхий даяар хэрэглэгдэх шинэ мөнгөн дэвсгэрт

“Бит Kойн”-ыг энгийнээр тодорхойлбол, интернэт орчинд гүйлгээ хийх дижитал валют юм. 2008 онд Сатоши Накамото гэгдэх үл мэдэгдэх хүн анх энэхүү ухагдахууны талаарх судалгааны ажлаа интернэтээр дамжуулан  олон нийтэд ил гаргасан.  Түүний энэхүү судалгааны үндсэн дээр тулгуурлан “Бит Kойн” нь анх 2009 онд үүсчээ. (Сонирхолтой нь энэ хүний талаар нарийн мэдээлэл одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.) Энэ судалгааны ажлын гол зорилго нь улсын төв банкнаас хараат бус мөнгөн тэмдэгтийн системийг бүтээх юм. Учир нь өдгөө дэлхийн зарим улс орнуудад иргэд нь өөрсдийн улсын мөнгөн дэвсгэртэд итгэхээ больж, улмаар тухайн улс нь өөр улсын мөнгөн дэвсгэртийг хэрэглэх явдал цөөнгүй бий. Жишээлбэл, Зимбабве улсын мөнгөн тэмдэгт болох зимбабве доллар нь үнэ цэнээ алдан цаас болж хувирсан (Зимбабвед зуун триллион долларын цаасан мөнгө хүртэл хэвлэгдсэн байдаг. Энэ мөнгөөр Зимбабвед 3 ширхэг өндөг л авч чадна) бөгөөд өдгөө Америк долларыг ашиглаж байгаа.

Zimbabwe dollar

Сатоши Накамотогийн судалгааны ажлыг уншиж сонирхол нь ихэд хөдөлсөн дэлхийн олон орны програмистууд “Бит Kойн” хэмээх энэхүү ер бусын мөнгөн тэмдэгтийн системийг бүтээжээ. “Бит Kойн”-ы хүчээ авсан гол шалтгаан нь Европт үүссэн эдийн засгийн хямралтай холбоотой.  2013 оны 3 сард Кипрт банкы данс нь ажиллагаагүй болж хадгаламж нь байхгүй болж, банкны систем нь замбараагүй байдалд орсон. Улмаар ард иргэдийн улсдаа итгэх итгэл нь суларч, улсын болон төв банкны бодлогоос үл хамаарах шинэ мөнгөн тэмдэгт болох “Бит Kойн”-д хүмүүс татагдаж эхэлсэн.

“Бит Kойн” нь хэдийгээр эдийн засгийн тогтворгүй байдлаас  үүссэн ч тавхан жилийн дотор дэлхийн 80-аад оронд тархаж чадсан. Энгийн үйлчилгээний газрууд “Бит Kойн”-ыг аль хэдийнээ нэвтрүүлээд эхэлжээ. ““Бит Kойн”-ыг хүлээж авна” гэсэн бичигтэй үйлчилгээний газрууд Европ, Америк болон Азийн зарим оронд элбэг харагддаг болсон.

bitcoin

Тухайлбал, Токиод зарим баар цэнгээний газруудад уух юмаа иенээс гадна “Бит Kойн”-оор худалдаалж байна. “Бит Kойн” нь үйлчилгээний газруудад ашиглагдаж эхэлсэн нь жуулчдад сайшаалтай ч, хар тамхины худалдаа гэх мэт гэмт хэргийн далд ертөнц дэх худалдааг улам цэцэглүүлж байгаагаараа муу талтай.

“Бит Kойн”ы давуу тал

  • “Бит Kойн”-ыг утас болон компьютер дээрээ “Бит Kойн”-ы өөрийнх нь албан ёсны аппликэйшныг нь татаж аван өөрийн гэсэн ID тай болбол хэн ч гэсэн худалдаж авч болно. “Бит Kойн”-ы аппликэйшнд шинэ ID бүртгүүлэхэд зээлийн карт шиг үнэн зөв мэдээлэл оруулах шаардлагагүй. Тиймээс хувийн нууц мэдээллээ бусдад алдахгүй гэх давуу талтай юм.
  • “Бит Kойн”-оор зээлийн карт шиг интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авч болно. Улс дамнан худалдаа хийх тохиолдолд валют солих шаардлагагүйгээрээ том давуу талтай. Мөн улс хооронд маш түргэн хугацаанд мөнгө шилжүүлж чаддагаараа давуу талтай. Энэ үед банкны олон дамжлагыг дамжих шаардлагагүй.
  • Мөнгө шилжүүлэх, зээлийн картаар гүйлгээ хийх зэрэгт үнэгүй эсвэл маш бага хэмжээний хураамжтай байдаг.
  • Хувьцаа шиг хөрөнгө оруулах хэлбэрээр ашиглаж болно. Хувьцааны нэгэн ижил “Бит Kойн” нь тухайн өдрийн ханшаас шалтгаалан үнэ нь өсч буурдаг. “Бит Kойн”-г хэрэглэх хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд “Бит Kойн”-ы үнэ цэнэ нь ганцхан жилийн (2013 онд) дотор 100 дахин үнэ цэнэ нь нэмэгдсэн. 2013 оны 1 сард 1 бит койн=1171 иен байсан нь 11 сард 120000 иен болтлоо өссөн.

chart

Бит койны сул тал

  • Шинээр хэрэглэгч болж байгаа хүмүүс хувийн мэдээлэлээ үнэн зөв оруулах шаардлагагүй гэдэг давуу тал нь эсрэгээрээ гэмт хэрэгтэй холбогдолтой худалдан авалтыг өөгшүүлж байна. Зээлийн картын хэрэглээ нь хувийн мэдээлэл шаарддаг учир ил тод худалдаа хийж чаддаггүй. Харин “Бит Kойн”-ыг хуурамч мэдээлэлтэй байсан ч чөлөөтэй ашиглаж болдог. Хувийн мэдээллээ нууцлангаа хар тамхи гэх мэт мансууруулах бодисыг хэн ч гэсэн онлайн худалдаагаар амархан авч чаддаг болж байгаа юм.
  • Үнийн эрсдэлтэй. “Бит Kойн”-ы үнэ нь огцом өсч унадаг эрсдэлтэй. 2013 оны 12 сарын 19-ны байдлаар 1 бит койн 63000 иен болтлоо огцом буурсан. Гол шалтгаан нь 12 сарын 5-нд Хятад улс “Бит Kойн”-ы хэрэглээг хориглосон мэдэгдэл хийснээс улбаатай. “Бит Kойн”-ы нийт арилжаалагдсан мөнгөн дүнгийн гуравны нэгийг Хятад улс эзэлж байсан болохоор Хятадын засгийн газар “Бит Kойн”-г ашиглахад хориг тавьсан.
  • Өдийг хүртэл бидний мөнгөн тэмдэгт хэмээн бодож ирсэн мөнгөн тэмдэгттэй харьцуулахад энэ валют нь ямар ч баталгаагүй. Энгийн мөнгөн дэвсгэрт нь мөнгөн дэвсгэрт гэж ашиглагдаж ирсэн гол шалтгаан нь улсын нэрээр (бүр цаашилбал алтаар баталгаажуулсан байдаг) баталгаажигдсан байдагт оршино. Гэвч интернэт орчинд үүссэн энэ хийсвэр мөнгө нь огт баталгаажигдаагүй мөнгө юм. Ямар нэгэн улс, албан байгууллага ямар ч баталгаа өгөөгүй байгаа. Нэг үгээр хэлбэл өөрийн хөрөнгөө “Бит Kойн”-оор солиод алдсан тохиолдолд өөрөө бүх хариуцлагаа үүрнэ гэсэн үг юм.

Улсын захирч ирсэн мөнгөн тэмдэгтийг халчихаж мэдэхээр энэ валютыг хэрхэн шийдэх талаар улс орон дор бүрнээ арга хэмжээ авах гэж хичээж байна. Тухайлбал, Хятад улсын төв банкнаас “Бит Kойн”-ыг ашиглаж болохгүй гэсэн дүрэм хүртэл гарсан. Франц улс “Бит Kойн”-ыг аюултай гэж анхааруулсан. Норвеги улс ч мөн адил эсрэг байр суурьтай байгаа. Япон улсын хувьд “Бит Kойн”-ыг ашиглаж болох эсэх талаар авч хэлэлцэнэ хэмээн тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. “Бит Kойн”-д тохирсон хуулийн орчин одоохондоо байхгүй учир улс орнууд хэрхэх учраа олохгүй тээнэглэзсээр байна.

Э.Энххулан
Шиншү их сургууль, 4-курс
2014.02.11

 Мэдээллийн эх сурвалж:

  1. Бит койны албан ёсны сайт: https://bitcoin.org/en/
  2. J-cast news: http://www.j-cast.com/2013/12/19192220.html?p=all
  3. Сатоши Накамотогын судалгааны ажил: https://bitcoin.org/bitcoin.pdf
  4. NHK クローズアップ現代 「仮想通貨 VS国家 ビットコインの衝撃」

Хуваалцах
Үүлэн
About Үүлэн 16 Articles
Санхүү эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, финтек судлаач. Шинэ мэдээ мэдээлэлийг боловсруулж чанартай нийтлэл бичихийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*