Үлэмжийн чанар

 

Хөгжим…, ний нуугүй хэлэхэд миний хамгийн их ярих дуртай сэдэв хөгжмийн тухай юм л даа.., ижилхэн хөгжим сонсдог хүнтэй эсвэл хөгжмийг ухан сонсдог, хөгжимд донтогсодтой таарвал мөн ч их олзуурхаж, тэр хүний тухай илүү ихийг сонирхож эхэлдэг.., яагаад гэвэл хөгжим надад маш их зүйлийг өгсөн. Бас намайг өөрчилж, өөрийгөө олоход маань хэд хэдэн шат ахиулсан эд байгаа юм. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хөгжмийг мэдэрч, үнэлж дүгнэдэг байх харин яагаад хөгжим сонсдог вэ гэвэл, өөрийгөө амрааж, тайвшруулах, гоё мэдрэмжийг авах, хамгийн гол нь хайрцаглагдахгүй байхын тулд болов уу гэж ойлгодог.

Би саяхан Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын салхийг дэлхийд үнэртүүлсэн төлөөлөгчдийн оролцсон сайхан нэвтрүүлгийг үзсэн юм. Энэ бол Монгол тулгатны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг ба хөгжмийн зохиолч Б.Шарав гуай болон Н.Жанцанноров гуай нарын оролцсон дугаар байлаа. Тэр сайхан аялгуунууд хүний тархинд, зүрхэнд бий болж, тэр хүнээс урган гарч бусдыг уярааж сэтгэлийн их амар амгалан жаргал зовлонг амтлуулах гэдэг үнэхээр агуу зүйл юм. Магадгүй тэр хоёр хүн өөр улсад төрсөн бол өөр хөгжим хийж, тэдний зүрх сэтгэлд өөр эгшиг аялгуу эгшиглэх байсан байх. Тэр хоёр хүний үлэмжийн чанарт Монгол газар шороо, Монгол ёс заншил, Монгол гэсэн эрхэм чанарууд агуулагдаж, төрөхөөсөө эхлээд түүгээр ундаалан бойжсон учраас тэдний зүрхэнд Монгол аялгуу төрөн гарсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэрхүү нэвтрүүлгийг үзээд Монгол хүн жинхэнэ хөгжим хийж чадсан байна гэх итгэмээргүй ч юм шиг бахархсан бас гайхсан нөгөө талаар харамссан сэтгэгдэл төрсөн. Тэр хүмүүсийн бүтээл аль хэдийнээ чихэнд хоногшсон ч огт дэлгэрэнгүй судлаж байгаагүй өөртөө жаахан харамсаж, дэлхийд данстай үлдээсэнд нь бахархаж, орчин үеийн Монгол хөгжим яагаад тэдний хэмжээнд хүрэхгүй байгаад мөн харамсаж байлаа. Монгол урлаг дэлхийд шагшигддаг, Монгол хүмүүс урлагийн гайхалтай сайхан мэдрэмжтэй, гоц содон авъяастай хүмүүс гэдэгт би маш их итгэлтэй байдаг ба энэ хоёр хүнээс эхлээд олон хүн баталсан. Харин өнөө үед Монголын урлаг ямар хэмжээнд байгааг та мэдэж байгаа байх. Тэр хоёртой дүйцэх урлагийн төлөөлөгчид шинэ залуу үеэс огтхон ч төрөөгүй нь үнэхээр эмгэнэлтэй.  Тэр авъяас мэдрэмж гээч нь Монгол хүнийг орхиод одов уу аль эсвэл өөр хүчин зүйлсүүд байна уу?

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь хө
Үзээд үзээд ханашгүй нь

 Данзанравжаа хутагтын Монгол түмэн, хүй олон үрсдээ үлдээсэн энэ сайхан мөртүүд, эгшиглэнт аялгуу хүн бүхэнд баяр жаргал өгч сэтгэлийг нь баясган ухаан санааг нь ариусгаж нэгэн төрлийн бясалгал болдог гэхэд хэлсдэхгүй биз ээ. Энэ дууны эхний 4 мөртөөс эхлээд л эмэгтэй хүний гоо сайхан, сэтгэл уярам шинж чанаруудыг бахдан биширч буйг  буулгасан байдаг. Гоо сайхныг мэдрэх, бахдах, шүтэх нь хүний адгууснаас ялгарах нэгэн том чанар бөгөөд нэгэн том мэдрэхүй юм. Хүнд харах, сонсох, үнэртэх, хүрэлцэх, амтлах гэсэн гол 5 мэдрэхүй байдаг бол энэ дуунд тэдгээрийг нэгтгэсэн нэгэн том мэдрэхүйн тухай дуулагддаг ба хүнд хүргэгдэг. Нэг удаа дуулахад бүтэн нэг маань уншсантай тэнцэнэ гэх өвгөд хөгшидийн маань яриа ч бий. Энэхүү уртын  дууг мөн Монгол түмний урлагийг ойлгох шүтэн бишрэх хийж бүтээх Монгол хүний торгон мэдрэмж үлэмжийн агуу чанарыг илтгэдэг гэж би ойлгодог.

IQ өндөртэй хүн рок метал хөгжим сонсдог, IQ багатай хүн R&B хөгжим сонсдог гэх мэтчилэн чих дэлдийлгэм мэдээ, эрдэмтдийн судалгаатай таарч байсан байж магадгүй, зарим хүмүүст нэг их сонин биш санагдсан байж болох ч би л хувьдаа их л олзуурхаж хүлээж авсан. Яагаад гэвэл хүнийг сонсдог хөгжмөөр нь дүгнэчих гээд байдаг явцуурхсан бодол маань жаахан ч гэсэн баталгаажсан болхоор тэр. Аа бас ном сонин уншиж явахад хүндэлдэг хүмүүс маань хөгжмийн тухай сонирхолтой яриа ярих нь бас надад их хүч нэмэрлэж билээ. Жишээлбэл С.Зориг агсаний нэвтрүүлгийг үзэж байтал Пинк Флоидийг сонсдог гэлээ, мөн Баабар гуайн номыг уншиж байхад мөн л хөгжмийн тухай их л сайхнаар бичсэн байлаа. За тэгээд мөн дуртай зохиолч яруу найрагч Өлзийтөгсийн номонд мөн хөгжмийг магтаж гарсан байсан нь намайг хувийн бодолдоо жаахан ч гэсэн итгэлтэй болгосон.
Надад яагаад хөгжмийн тухай бичихэд бусад хүмүүс хүлээж авахгүй ч юм шиг, нэг их хэрэгцээгүй юм ярьж байгаа ч юм шиг сэтгэгдэл бусдад төрүүлэх байх гэсэн айдас төрөөд байгааг сайн ойлгохгүй байгаа ч.., бидний үеийн миний эргэн тойронд над шиг хүн цөөхөн байгаатай холбоотой байх. Мөн ардчиллаас хойшхи Монголын хөгжмийн боловсролтой шууд холбоотой боловуу гэж бодож байна. Бага байхад дуу хөгжмийн хичээл дандаа л хамгийн хэрэгцээгүй хичээл мэт санагддаг, бусад хүмүүст ч нийтлэг тийм ойлголт байсан байх. Хичээл дээр зүгээр нэг дууны үг цээжилж ангиараа дуулаад, багш нар ч сургууль ч цаанаасаа нэг халтуурдах хандлагатай байсан. Арга ч үгүй байх хөгжим урлаг гэдэг хоол хүнс дулаан орон байр шиг хүний анхдагч хэрэгцээ бишээс хойш.

  Гэтэл Японы бага сургуульд хүүхэд бүрт нот заадаг ба бараг бүгд л төгөлдөр хуур тоглож сурна.., филармоны дугуйлан хүртэл хичээллүүлж хүүхдүүд үлээвэр, цохивор шандаст гээд л хүссэн хөгжмөө тоглоно. Тэр талаар мэргэшхийг хүссэн мөрөөдөлд нь ч хаалт байхгүй..,  за тэгээд намайг эд өсвөр насан дээрээ явж байхад Монголд урлагийн мэргэжил шиг хэрэггүй мэргэжил байхгүй мэт л эцэг эхчүүд эсэргүүцдэг байлаа. Бүжиг дуу хөөх гээд л жаахан оролдвол эрс эсэргүүцнэ.., аргагүйдээ ардчилалын шуурганд хамгийн хүчтэй өртсөн салбар болохоор. Тэр үеийн эцэг эхийхээ бодлыг ч буруутгах арга байхгүй, ямар ч эцэг эх хүүхдээ  баталгаагүй  ирээдүйг сонгуулахгүй шүү дээ.

 Одоо бол харин өөр болжээ, Монголд маань төрөл бүрийн дугуйлан хаа сайгүй хичээллэдэг боллоо, сургуулиуд урлагийн дугуйлангуудтай боллоо, уран зураачид, хөгжмийн зохиолчид, дизайнерүүд, мэргэжлийн фото зурагчид олширч Монголчууд маань урлаглаг амьдралруу шилжиж байна. Хамгийн гоё зүйл нь интернет гэгч бий болж хүссэн дуугаа хуссэн үедээ сонсож болж байна. Хаана ямар шинэ содон зүйл болж байгааг нэг минут ч хоцрохгүйгээр мэдэх боломжтой болоод байна.

Урлаг хөгжихөд хийж бүтээж байгаа хүмүүсийн төвшнөөс гадна хүлээн авагчдын төвшин, ойлгож чадах хүмүүс маш том үүрэгтэй. Урлаг бол нийгмээсээ нэг алхам урагш түрүүлж явах ёстой ба нийгмээ зөв тийш нь залж, төлөвшүүлж, хүмүүжүүлж байж сая жинхэнэ утгаараа оршин тогтнох болов уу. Нийгмийн төлөө улс орны хөгжлийн төлөө урлагийн боловсролдоо анхаар гэж хэлэх нь утгагүй боловч таны өөртөө оруулсан хувь нэмэр мэдэрсэн зүйлс бүхэн эргэн тойрныхон болон харъяалал цаашлаад нийгэм, улс орны хөгжилд нөлөөлсөөр байдгийг санаарай. Залуусаа урлагийн боловсролоо дээшлүүлцгээе!

Бид бол урлагийн хувьд алдагдсан жилүүдийн хүүхдүүд, алдарт сонгодгууд, барууны байлдан дагуулагчид байтугай эх орныхоо уламжлалт урлагаа судлах боломж бидэнд байгаагүй..,  харин одоо бол орчин цаг өөр болж дутуугаа нөхөх боломжтой болсон. Рок метал хөгжим, элэктро диип, амбиэнт гэх зэрэг дэлхий нийтийг шуугиулж байгаа урсгалуудыг сонсож үзээгүй бол яагаад сонсож үзэж болохгуй гэж..? Эх орноосоо өөр хаана ч мэдэрч хичээллэж чадахгүй язгуур урлагаар яагаад хичээллэж болохгүй гэж?

Обирин их сургууль
Дашзэвэгийн Дуламсүрэн
2014.2.26

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*