Сэргээгдэх эрчим хүч ба Тогтсон үнээр худалдан авах систем

aaa Юуны түрүүнд уншигч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Миний бие Япон дахь Шинэ Монгол оюутны холбоог төлөөлөн өөрийн 3 дахь нийтлэлийг ийнхүү үзэглэж сууна. Өмнөх 2 нийтлэлээрээ Атомын энерги болон Биомасс энергийн тухай тус тус цухасхан танилцуулсан юм. Тийм болоод ч тэр үү, аль эсвэл урин дулаан хаврын улирал шинэ бүхнийг дагуулан хаяанд ирээд буй болоод ч тэр үү, энэ удаагийнхаа нийтлэлээр Японд бол “Шинэ энерги” гэж нэрлэгддэг сэргээгдэх эрчим хүч(СЭХ)-тэй холбогдох ерөнхий мэдлэг мэдээлэл хийгээд өөрийн бодлыг багцлан сийрүүлье гэж бодлоо.

 СЭХ гэж чухам юу вэ гэдгийг энд би тайлбарлах нь цагийн гарз биз ээ. Ерөнхийдөө та бидний сайн мэдэх, хааяа нэг хөдөөний айлд үзэгддэг “Нарны зай” гэгдэх хар хөх хавтан, “Салхин үүсгүүр” гэгдэх цагаан сэнснээс үүсдэг энерги чинь юм шүү дээ. Нар, салхинаас гадна газрын дулаан, түлшний батерей, далайн татлага, түрлэг зэргийг ч ашиглан СЭХ гаргаж авах нь бий. Манай орны хувьд энэ салбарт сүүлийн үед “Цэвэр энерги(Clean energy)” гэх нэр багагүй сонсогдох болсон билээ. Ньюком группын харьяа  Клин энержи  ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Монголын анхны “Салхит” салхин цахилгаан станцыг Мянганы Сорилтын Сангийн тусламжтайгаар барьж байгуулаад байгаа юм. Энэхүү Салхит салхин цахилгаан станц нь тус бүр 1.6МВт хүчин чадалтай нийт 31 салхин сэнснээс бүрдэх ба, жилдээ дунджаар 170ГВт цаг эрчим хүчийг цэвэр салхинаас үүсгэн төвийн цахилгаан сүлжээнд нийлүүлнэ хэмээн тогтоогджээ. Мөн Салхит салхин цахилгаан станц нь жил бүр 1.6 сая тонн цэвэр ус, 150 мянган тонн нүүрс хэмнэхээс гадна 180 мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд цацагдахаас сэргийлэх юм байна. Энэхүү тоо баримтаас хараад л уг төслийн ач холбогдлыг ямар өргөн хүрээтэй вэ гэдгийг мэдэж болохоор байгаа байх аа.

 Энэхүү бүтээн байгуулалтын талаар анх уншиж мэдээд маш ихээр баяртай байснаа нуух юун. Гагцхүү нэгэн тодорхойгүй зүйл байсан нь уг Салхитын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх нөхцөл яг ямар юм бол гэсэн зүйл байв. Тухайлбал “төрийн бус байгууллага” болох Ньюком группын харьяа Клин Энержи ХХК болон Эрчим хүчний яамны хооронд яг ямар нөхцөлтэй гэрээ хэлцэл байдаг юм бол?  Уг эрчим хүчийг кВт бүрийг ямар үнээр ЯАМ худалдаж авдаг юм бол? гэсэн асуултуудын хариуг мэдмээр санагдаж байгаа юм. Намайг эдгээрийг асуухаар уншигч та магадгүй “Тэрийг чи мэдэж яах гээв?, чамд ямар хэрэгтэй юм?” гэж бодож байж магадгүй юм. Ямар хэрэгтэй болохыг би одоо таньд танилцуулъя.

 Өндөр хөгжилтэй орнуудад СЭХ-ний хөгжлийг дэмжих FIT(Feed-in tariff) хэмээх системийг нэвтрүүлсэн байдаг юм.  Энэхүү системийн нэрийг  утгачилан орчуулвал “Тогтсон үнээр худалдан авах систем” болох ба аливаа ТББ болон айл өрхийн нар, салхи гэх мэтээс үйлдвэрлэсэн СЭХ-г төр нь урьдчилан тогтсон үнээр худалдаж авч байх гэсэн тогтолцоо ажээ. Тухайлбал, би гэрийнхээ дээвэр дээр нарны зайн хавтангуудыг суурилуулан нарны гэрлийг эрчим хүч болгон хувиргаж, гэр бүлийнхээ цахилгааны хэрэгцээг хангачихаад, дээр нь илүүдсэн эрчим хүчээ төрдөө тогтсон үнээр зарж байна гэсэн үг юм. Атомын энергиэс татгалзах хандлагатай байгаа Герман, Япон зэрэг орнуудад энэхүү тогтолцоог түлхүү нэвтрүүлсэн байгаа ба үүгээрээ ч дотооддоо СЭХ-ийг үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах пүүс компаниуд хийгээд, айл өрхийг дэмжиж байгаа юм. Гагцхүү энэ тогтолцоог авч явахын тулд төрөөс урьдчилан их хэмжээний мөнгөн хуримтлалыг бий болгох хэрэгтэй болох ажээ. Мөн энэхүү FIT тарифыг тогтмол хугацаагаар шинэчлэн явдаг ба Японы хувьд анх нэвтэрч эхэлсэн 2010 онд 1кВт эрчим хүч 48 йен байсан бол, 2012 онд 42 йен, цаашлаад энэ оны 3 сараас 34 йен, 2015 оноос 30 йен болон тус тус буурах төлөвтэй байгаа юм байна. Энэхүү үнийн уналтын шалтгаан нь СЭХ үүсгүүр болох нарны зайн модуль, сэнсний чадал жил ирэх тусам сайжирч, үнэ нь ч буурч буйд байгаа ажээ.

 Харин манай оронд ямар системээр хувийн хэвшлийнхний үйлдвэрлэсэн СЭХ-г худалдан авах вэ? Манай улсад одоохондоо техник, технологи хараахан Япон, Герман шиг өндөр хөгжөөгүй, тэдэн шиг гэртээ СЭХ үүсгээд төвийн шугамд нийлүүлж чадахгүй байх л даа. Гэсэн ч ингэж хэлээд суух биш, чаддаг болохын тулд арга замыг хайх нь бидний хийх ёстой зүйл билээ. Мөн Клин Энержи ХХК, Салхит салхин цахилгаан станцын тухайд ч дээрх FIT хэлбэрийн систем хэрэгжиж байх учиртай юм. Ингэж үзээд миний бие багахан хэмжээний вэб судалгаа хийж үзэх явцад, Клин Энержи ХХК-н вэб хуудсан дээр бол энэ талаар бичигдсэн юм байсангүй. Цаашлаад Эрчим хүчний зохицуулах хорооны вэб хуудсыг нягталж үзлээ. Ингэхэд харин “Тарифын байнгын аргачлал” нүүрт 2004 оны 63-р тогтоол болох “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэ, тарифыг тооцох аргачлал” хэмээх тогтоол гарч ирэн, уншиж  үзэхэд нөгөө FIT-тэй маань нилээн дөхөж байлаа. Гэсэн ч цаашлаад гол нь үнийг мэдэх зорилго өвөртлөн Цахилгаан дулааны үнэ тариф буланг нээж үзэхэд, харамсалтай нь нэгдүгээрт, хэрэглэгчдэд борлуулах гэснээс бус хэрэглэгчээс худалдан авах гэсэн тариф нэг ч байсангүй. Хоёрдугаарт тэдгээр хэрэглэгчдэд борлуулах тарифуудын алин руу нь ч орсон “Хуудас олдсонгүй” гэсэн хариу өгч байлаа.

 Ингээд дээрхээс дүгнэвэл, манай оронд баруун европын үүл мананг бодвол жилийн 365 хоног наран шарж, далайн салхи нь уулсдаа халхлагддаг Японыг бодвол, асар уудам тал нутаг байна. Энэ бүхэн л СЭХ-ний нөөц баялаг юм. Магадгүй ирээдүйд, нүүрс, зэснээс илүүг бидэнд өгөх их  чухал баялаг байж болно. Бид ч гэсэн ирээдүйд гэрийнхээ дээвэр дээр нарны зайн панел суурьлуулж, салхин сэнс зоож, илүү гарсан цахилгаанаа улсдаа заран, агаарын бохирдлыг багасгаж болохгүй гэж үү? Эрчим хүч улсын ирээдүй болсон өнөө үед энэ их боломжийг бид хэрхэн бодит хөгжилтэйгээ холбон ашиглаж чадах вэ? Хариулт нь миний хувьд техник, технологи, мэдлэг боловсрол байх болно. Харин та юу гэж бодож байна вэ???

2014.2.28

Э. Өнөболд

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*