Мэргэжил бүхэн сайхан

Хөгжиж буй улс  болон хөгжингүй улс хоорондын ялгаа юу вэ гэсэн асуулт таньд тавибал та юу гэж хариулах вэ? Мэдээж өндөр барилга, хүмүүсийн харьцаа, хэрэглэж буй технологи, эдийн засаг, бодлого, баримтлал гээд л олон зүйлийн талаар хэлэх болов уу гэж бодож байна. Харин Японд сурч буй миний бие энэ бүхнээс гадна мэргэжил сонголтын тал дээрх ялгааг олж харсан билээ.

Монголд ерөнхий боловсрол эзэмшиж буй сурагчаас “Том болоод ямар хүн болох вэ” гэж асуувал ихэнх нь эмч, том дарга, захирал гэх мэтээр хариулдгийг уншигч та ч сайн мэдэж байгаа байх. Харин Япон улсын хүүхдүүдээс адил асуултыг тавьхад багш, сувилагч, эмч, амьтны эмч, халамжийн төвд ажиллах гэх мэт хариултууд өгөх нь ерөнхий байдаг харагдсан. Энэ нь нэг бодлын хөгжиж буй улсын хүүхдүүд улс орноо хөгжүүлэхийн тулд том дарга болмоор байна, мөнгөтэй баян болж улсаа хөгжүүлмээр байна гэсэн бодолтой холбоотой байж болох юм. Гэвч хүн болгон баян том дарга болмоор байна гээд өндөр барилгын хамгийн дээр нь суух гэж оролдвол хэн тэр барилгын суурийг тавьж, хэн тэр өндөрлөгт хүрэх хүртэл нь давхар давхраар бүтээж явах билээ?

Том мөрөөдөлтэй байна гэдэг сайн зүйл, тэгэхдээ том мөрөөдлөө эхлүүлэхийн тулд хүн бүр доороос нь эхэлж юмыг харж, бие биенээ хүндлэхийг сурч мэргэжил бүхэн энэ улсыг минь хөгжүүлэхэд гар, биеэ оруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.

Өнөөдөр Монгол улс маань газар нутагтайгаа харьцуулахад тун цөөхөн хүн амтай орон болов ч ажилгүйдлийн тоо 9.3 хувьтай явж байна. Цөөн хүн амтай, бүтээн байгуулалт ид явагдаж буй  орны хувьд  ийм хэмжээний ажилгүйдлийн түвшин байна гэдэг тун зохисгүй болов уу. Олон олон барилга байшин барьж бүтээж байв ч Монгол хүн бус гаднаас ажилчид оруулж ирж байгаа нь юуны хэрэг билээ. Энэ асуудалд боловсрол болон Монгол хүний ажил голомтгой зан байгаа боловч, бид бие биенээ ажлын төвшингөөр ялгаварлан гадуурхдаг доош нь хийдэг үйл зан байгаа нь энэ асуудлын бас нэгэн тал юм .

24 цагийн 12 цагт нь уурхайн гүнд ажиллаж буй хүмүүс, нар, бороог үл тоон барилгаа урагшлуулж буй барилгачид, буруу үйлдлээс болж усны шугамаа эвдлэхэд засаж өгөх сантехникч хүмүүс, тариалангийн талбайд ядрахаа мэдэхгүй ногоо, идшээ хурааж буй улс гээд л бүгд л энэ улсын хөгжилд өөрийн гар биеийг тодорхой хэмжээгээр оруулж байгаа.

Тиймээс бие биенээ хүндэлж, өөрийн мэргэжлээр бусдыг доош хийн дарах бус, тэдгээр хүмүүст эзэмшсэн мэргэжил нь хичнээн сайхан, өөртэй чинь л адил энэ улсыг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулж байгааг нь урамшуулж, талархаж байгаарай.

Суурь муутай барилга хүчтэй салхинд унахад бэлэн байдаг шиг суурь муутай хөгжил ч бас нуран унахад амархан билээ. Харин тэр суурийг та би гэж ялгалгүй, дарга цэрэг гэж томролгүй, эрдэмтэн багш хэмээн цэцэрхэлгүй хүн болгон тавилцаж байгаа гэдгийг битгий мартаарай.

Б.Амина
Токиогийн Олон Улсын Их Сургуулийн оюутан

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*