Дүнгийн төлөө гүйх үү болих уу?

Ингэхэд дүн бидний амьдралд хэрэгтэй юу? хэрэггүй юу?

Хэрвээ дүн тавьдаггүй байсан бол бид хичээл хийх байсан болов уу… Бага сургуулиас эхлээд их дээд сургуулийн аль ч түвшний сургалтанд хэрэглэгдэх сургалтын хэмжүүр дүнг бид нар хэрхэн хүлээж авах ёстой юм болоо…

Японд сүүлийн үед хэрэглэгдэх болсон дүн гаргах аргачилал ба 10,20,30,70 хувь.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийт ангийн 10 хувь онц, 20 хувь сайн, 30 хувь дунд үлдсэн хувь дунд ба дундаас доош үнэлгээг авна гэсэн утгатай юм. Зуун хүүхэдтэй анги байлаа гэж үзэхэд 10 хүүхэд л онц гэсэн үнэлгээг авах боломжтой болдог. Ийм тогтолцоог эсэргүүцэн зарим их сургуулийн багш нар дунд хэрэглэхгүй зөрөх тохиолдол байдаг ч гэсэн ерөнхийдөө бол бүгд л хэрэглэж байна. Ихэвчлэн 100-аар тоологдох хүүхэдтэй ангид энэ зарчмыг хэрэглэх багш нар олон байх ч 10-аас дээш хүүхэдтэй л бол ийм дүнгийн аргачлал хэрэглэгдээд байна уу даа гэж анзаарагдсан юм.

Энэ нь оюутан бидний хувьд тийм ч хялбар тусахгүй байгаа нь мэдээж. Гэхдээ үүнээс үүдээд их сургуулийн дүн бидэнд цаашдаа хэрэгтэй юу хэрэггүй юу гэх мэтчилэн олон олон санаа хэлцлүүд гарч ирсээр байгаа.

Жишээ нь японд ажилд орох шалгалтанд дүнгийн жагсаалтыг хардаггүй компаниуд олширсоор байгаа тухай эргэн тойрны ажил хайж байгаа найз нараасаа ихэд сонсох боллоо. Харин түүний оронд компаниуд ам ярилцлагыг эхэнд тавин, чамд олдож байгаа 10 минутыг хэрхэн оновчтой ашиглаж чадсанаараа чи сайн ажилд орж чадах хувь ихэссээр байгаа бололтой.

Мэдээж тэтгэлгээр суралцахад дүн чухал үүрэг гүйцэтгэх боловч нэгэнт аваад эхэлчихсэн бол сурч байх явцдаа элдэв асуудалд орооцолдохгүйгээр дунд түвшний дүнтэй яваад байвал тэтгэлэг зогсох аюул байхгүй тохиолдол олон л байдаг. Гэхдээ энэ нь мэдээж дүн чухал биш гэсэн үг биш бөгөөд тэтгэлэг авахын тулд янз бүрийн шалгууруудыг давах хэрэгтэй нь мэдээж.

Миний хэлэх гэсэн зүйл бол ахлах дунд сургуулийн дүн л бидний аминд хамгийн ихээр ордог, бидний карьерт нөлөөлдөг байж мэдэх юм. Гэвч бодоод үзэхэд арван жилийн төлөвшил гэдэг бол тухайн хүнийг цаашдаа хэрхэн явахыг нь тодорхойлоод өгдөг байж ч мэдэх ажээ. Арван жилдээ яалт ч үгүй хичээлээ үхэн хатан хийн, түүнийхээ үр шимд олон онцыг цуглуулж чадсан хүн их сургуульд ч ороод хүссэн хүсээгүй өөрийн зуршлаараа хичээлээ сайн хийсээр л байдаг.

Бид дүнг үзэн ядах үе цөөнгүй ч гэсэн ямар дүнтэй байгаа нь зүгээр л бидний хэр их хичээлээ хийсэн бэ гэдгийн л гэрчилгээ нь аж.
Сайн дүнтэй байна гэдэг нь мэдээж тухайн хүүхэд сайн сурсан байна л гэсэн үг. Гэхдээ тэр сайн дүн худлаа байвал яах вэ?…
Гадаадын арван жилийн сургуулиудад дүн хэрхэн шударга тавигддагийг мэдэхгүй ч гэсэн манай Монголд хуурамчаар сайн дүн тавиад явуулах тохиолдол олон байдаг. Энэ нь багш сурагчийн аль алины оролцоотой байгаа нь ажиглагддаг.

Сурагчийн талаас: Дүнгийн хойноос үхэн хатан гүйгчид

Зарим сурагч сайн дүн ямар хэрэгцээтэйг мэдэхгүй ч гэсэн яагаад ч юм мэдэхгүй дүнгийн араас үхэн хатан гүйдэг. Магадгүй ийм хүүхэд ангид лав дор хаяж нэг байгаа гэдэгт би итгэж байна. Ер нь бол хийснээсээ илүүг нэхдэг хэсэг гэсэн үг. Бүр болохгүй бол эд хэрэгсэл, аав ээжийн хэлэлцээрийн шат руу орно. Ийм тохиолдолд багш нар зүгээр л яагаад уучлаарай bye bye гээд хэлчихэж болдоггүй юм бол доо гэж би боддог.

Багшийн талаас: Яахав энийг канондаад аваад ирвэл бодож үзэж болох л юм…

Монголын дунд сургуульд анзаарагддаг зүйл бол шалгалтанд юу ирэхийг тодорхой хэлээд өгчихдөггүй явдал. Юу орж ирэх нь огт тодорхойгүй, нийтэд биш нэг хэсэг бүлэгт зориулсан шалгалтын материал бэлдчихдэг.Дараа нь анги тэр чигээрээ хэт муу үнэлгээ авах тохиолдол байдаг.Тэгээд яадаг вэ гэхээр жонхууны ажиллагаа явагдана.Үүнийг бид дүн засах ажиллагаа гэж нэрлэчихсэн.

Одооны дүн чинь ийм байна л даа, гэхдээ яахав ийм ном аваад ирвэл, энийг канондоод аваад ирвэл дүн чинь ийм болно гэх зэргээр өнөөх ангид муу хүүхэд байхгүй болно доо. (Гэхдээ энэ бол нийт багш нарт хамаатай бус нэг хэсэгт гэдэг нь ойлгомжтой.)

Дүн бидний амьдралд чухал. Гэвч үүнийг хэрхэн яаж авах вэ гэдэг нь бүр ч чухал. Мэдээж муу дүнтэй байлаа гээд тэр хүн тэнэг биш нь ойлгомжтой. Магадгүй ахиад нэг Эйнштэйн ч гараад ирж байгаа юм билүү. Харин хүүхдүүдийг дүнгээ хөдөлмөрлөж авдаг болгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Яавал сайн дүн цуглуулж болохыг нь л заагаад өгчихөж яагаад болохгүй гэж багш нар аа…Хэрвээ чи сурагч бол яагаад өөртэйгөө илүү тулж ажиллаж болохгүй гэж. Магад жаахан л хичээх юм бол сайн дүн авах гэдэг нь чиний хэрэглэдэг утаснаас чинь ойлгомжтой байж мэднэ шүү…

Г. Чимидлхам
Обирин их сургууль
2014.3.6

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles

IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*