ЭНГИЙНИЙГ ЭНГИЙНЭЭР ХЭЛВЭЛ…

Ном унш, өөрийгөө хөгжүүл, ирээдүйгээ “төсөөл”, өөдрөгөөр хар!

be-the-best-you-can-be-300x300Нийтлэлийг маань унших хүмүүсийн насыг мэдэхгүй тул өргөн хүрээг хамраад бичихээр шийдлээ. Мэдээж бичиг үсэг мэдэхгүй нярай лав байхгүй гэж бодоод target-уудаа арай өндрөөр үнэлээд шууд яриандаа оръё.
Олон хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж,  ямар ажил хийж, юуг бүтээж, яаж амьдрах талаараа байнга бодож байдаг. Тэр үед та нар чухам юуг урьтал болгодог вэ?
Би хувьдаа 5, 10, 15 жилийн дараах өөрийгөө төсөөлдөг байсан. Одоо ч тийм. Учир нь аливаа зүйлийг цаг хугацаатай бодно гэдэг өөрөө тэр зүйлээ маш бодит болгож, бүтээх алхмын эхийг тавьж байгаа гэсэн үг юм. 10 дугаар ангид байхдаа “Би 1 жилийн дараа Японы эдийн засгийн сургуульд орж сурч боловсроод, 5 жилийн дараа төгсөөд Эдийн засгийн чиглэлээрээ ажил хийж улс орондоо хэрэгтэй хүн болно. Тэгээд 15 жилийн дараа гэхэд шийдвэр гаргах түвшний хүн болж болохгүй байгаа бүхнийг болгож, хамаг амьтны тусын тулд бараг бүхнийг цогцлоох” юм болсон. Хараад байхад үүндээ ч хүрч л явна. Би Японд эконометрикд үндэслэсэн Санхүүгийн инженерийн мэргэжилээр сурч, 5 жилийн дараа Монгол улсын сангийн бодлого боловсруулагч ганц байгууллагад орчихсон явж байсан. Хүн бодитой мөрөөдөж, хүсч чадах л юм бол бүтэхгүй зүйл гэж үгүй гэдгийг би энэ үед ойлгосон юм.

Харин хамгийн чухал нь ямар мэргэжилтэй болохоо шийдэх тэр л үе. Би зоригтой ч гэх үү тэнэгтээ энэ мэргэжлийг сонгосон гэж боддог. Учир нь даацтай, бариад авч болдоггүй ганц салбар бол Эдийн засаг. Хуульч бол яг л үгнийхээ агуулгын дагуу хуульчаа л хийж, цааш тэлсээр өмгөөлөгч, шүүгч, прокурор хийнэ. Эмч бол бас л эмнэдэг ажлаа л хийнэ. Нарийсвал эрүү, шүд, нүүр, дотор, мэс засал гээд хязгаарлагдах маш гүнзгий шинжлэх ухаан юм. Харин эдийн засагч бол чухам “эдийг засдаг” хүн бол огт биш юм гэдгийг их сургуулийн 4 жилд яс махандаа шингэтэл ойлгосон. Өргөн агуулгатай, гүехэн салбарыг би Эдийн засаг гэх бөгөөд та харин энэ мэргэжлийг эзэмшсэнээр “юу” ч хийж болно. Цөөхөн хэд нь нарийсч макро, микро, хэрэглээний гээд явж өгөх байх. Тэд нарын ирээдүй ойлгомжтой байх бөгөөд энгийнээр хэлвэл “эрдэмтэн” болно. Харамсалтай нь хүн болгон эрдэмтэн болж чаддаггүй болохоор эдийн засгийн ухааныг сонгосон хүнд асар олон боломж, хөрвөх чадвар, хүрээ байдаг юм. Энэ мэргэжлийг сонгосондоо ч баярладаг. Учир нь мэргэжил бүрийн үндсийг би Эдийн засгийн ухаан гэж “рекламддаг” юм. Харин үүнтэй санал нийлэхгүй хүн байж болно шүү, энэ миний л бодол.

Чи “эдийн засагч” болно гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Эрдэмтэн, доктор болохгүй л бол яг эдийн засагч гэдэг мэргэжилтэн их цөөхөн дөө. Сүүлийн үед хувийн компаниуд “Зээлийн эдийн засагч, Хэрэглээний эдийн засагч” гэх мэт тодотголтой эдийн засагчуудыг үүсгээд байгаа ч яг үнэндээ зээл олгоход хяналт тавьж, бариад ирсэн материалыг шалгасны үндсэн дээр зээл олгож болох эсэхэд даргадаа хариу өгдөг хүнийг л хэлээд байгаа юм. Миний хийж байгаа зүйл ч гэсэн бас нэг иймэрхүү. Тодруулбал Гадаад бондын эх үүсвэрээр орж ирсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газрын үүрэг болгосны дагуу зарцуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, зарим нэг банк санхүүтэй холбоотой хуулиуд дээр ажиллаж санаа оноогоо хэлэх үндсэн гол үүрэгтэй юм. Тэгэхээр бас л эдийн засагч гэдэг ухагдахуунаас хазайх авч хамгийн дөхсөн ажлыг хийж байгаа гэж баясаад өглөө бүр инээж сэрдэг юм. Тиймээс эдийн засагч болохоор зэхэж буй та нэг газрын хүний нөөц ч хийгээд явах боломжтой, маш өргөн агуулгатай тул өөрийн ирээдүйгээ маш тодоор нарийн харсны үндсэн дээр мэргэжилээ сонгоорой. Мэргэжил бүхэн сайхан шүү дээ.
Ямар ажил хийх вэ?

Чи юу сурсан түүнийгээ л хийх ёстой гэдэг бол энгийн, нийтлэг ойлголт. Гэвч яг хөдөлмөрийн зах зээлд гарахад чиний юу сурсан гэдгээс илүү чи юу чаддагаа хийсэн нь чамд болон ажил олгогчид “ашигтай”. Учир нь ажил олгогчид өвчнөө мэддэггүй эмч хэрэггүй, эрэлт нийлүүлэлтээ мэдэхгүй эдийн засагч хэрэггүй, эрүү, иргэний хуулиа ялгадаггүй хуульч хэрэггүй.
Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр би сурсан мэргэжлээрээ ажиллана гэхээс илүү чи юуг хийвэл чамд болон бусдад “worth” буюу үнэ цэнэтэй, үр өгөөжтэй болох вэ гэдгийг маш сайн бодох ёстой юм. Харин үүн дээр нэмээд чи юуг хийх дуртай вэ гэдгээ оруулах ёстой. Миний их сургуулийн 4 жил нухсан зүйл бол хэрэглээний зарим программыг ашиглаад эдийн засгийн загварчлал, үнэ, ханшийн өөрчлөлтийн тооцоо хийж урдчилсан прогноз гаргах арга, ухаан байсан юм. Үүнийг л би 4 жил нухсан. Эдийн засгийн ухаан дотроо бол “лам, бөө, эсхүл Нострадамус” гэсэн үг. Юмыг урдчилж хэлдэг гэдэг утгаараа. Харин би өөрөө банк, санхүүгээс гадна хуульд дуртай байсан юм. Ингээд би хуулийг эдийн засгийн ухаанд үндэслэн боловсруулж, нийгэмд хэрэгтэй, үр өгөөжтэй зүйл хийдэг газрыг олсон юм. Яг түүнийгээ л хийж байна.
Тиймээс өөрийнхөө юунд дуртайг сайн бод, дараа нь юуг сайн хийдгээ бод. Эцэст нь юу хамгийн өгөөжтэй, үнэ цэнэтэй байхыг бод. Ингэж чадвал чи жинхэнэ хүссэн ажлаа олно.

Эхлээд шүүслэг бас амттай харагд, сонирхлыг нь тат!
Дараа нь юу чаддагаа харуулж “үнэлүүл”

Ямар мэргэжлээр сурахаа оллоо, ямар ажилд орохыг хүсч байгаагаа мэдлээ. Харин ажилаа хайх үлдлээ.
Олон жилийн өмнө би Японд их сургуулиа төгсөөд ажилд орох шалгалт өгч байхдаа нэг эссэг  “Би бол сендвичний завсар хавчуулагдсан шүүслэг бас маш амттай мах” гэж эхлүүлж байлаа. Ингэхгүй бол миний сараачсан үгсийг тоож унших газар байхгүйг би мэддэг байсан юм. Намайг сургуулиа төгсөөд ажилд орох жил Японы их дээд сургуулийн оюутнуудын ажилд тэнцэх хувь дөнгөж 62.5% байсан юм. Харин олон жилийн дараа буюу 2013/12/26 оны байдлаар 2014 оны 3 сард сургууль төгсөгчдийн ажилд орох хувь 86.4 (http://www.nikkei.com/article/DGXNASDD260G6_W3A221C1T
J2000/) болж өссөн учир одоо 2014 онд их сургуульд сурч байгаа “ТА” өөрийгөө үнэхээр азтай нэгэн гэж ойлгоорой. Японы эдийн засаг чухам сайжирчээ. Намайг ажил хайж байх үед 3 оюутны нэг нь л ажилтай болж бусад нь улирах эсхүл магистрт хүчээр орох сонголттой болж хоцорч байлаа. Ийм тулаан дундаас та өөрийгөө үнэлүүлж, өөрийнхөө бичсэн хэдэг үгсийг ажил олгогч нарт тоолгож уншуулна гэдэг элсэн нурам дундаас нэг ширхэг зүү болон гялалзахтай адил байсан юм.
Энд би “сендвичний завсар хавчуулагдсан шүүслэг бас маш амттай мах”-ны талаар дэлгэрэнгүй ярья. Монгол улс ОХУ, БНХАУ гэсэн 2 том талхны завсар хавчуулагдсан нэгэн жижигхэн мах. Гэхдээ шүүслэг, бас амттай. Зажлах тусам шүүс нь аманд мэдрэгдэж, хазахад зажлууртай сайн чанарын мах гэж ойлгоход болно. Тухайн үед бүр Rare Earth Element, зэс, алт, нүүрс гээд байхгүй юмгүй мундаг улс бөгөөд чухам ухаад л үзэхэд тэнгэрт тултлаа баяжих боломжтой байсан учир би эссэндээ тэр агуулгыг сендвичээр төлөөлүүлэн маш сайн илэрхийлж чадсан юм. Сендвичний талхнаас илүү доторх нь чухал байдаг шүү дээ.
Үүнтэй зэрэгцээд өөрийгөө ч гэсэн магтаад авлаа. “Намайг харахад би маш шинэ, бас амттай. Харин хазах тусам улам сайхан амттай болж танд үр өгөөжөө өгнө. Улмаар ажиллуулаад үзвэл та намайг авсандаа хэзээ ч харамсахгүй” гэсэн санааг үг өгүүлбэр бүртээ нарийн мэдрэмжтэйгээр гаргаж байлаа. Ингээд агуу том компанид ярилцлаганд дуудагдаж, ажил олж авч байсан тул хүний нөөцийн менежмент хөгжиж амжаагүй байсан Монголд ирээд ажлын ярилцлагыг хялбархан давдаг амжилттай “ажил хайгч” болж хувирсан юм. Ийнхүү тэнцэх тусам улам урам орж, цаашлаад “том” компани руу мацаж, хүссэнээрээ сарвайж  чаддаг болсон юм. Харин хэдхэн жилийн дотор Монголын дотоодын компаниудын хүний нөөц эрс сайжирч, Япон, АНУ-д хэрэглэгддэг олон аргыг нэвтрүүлснээр дэлхийн түвшинд ойртох нэг алхмаа хийсэн нь авууштай. Хувь хүнийг мэдлэг туршлагын үүднээс үнэлэхээс гадна зан чанарыг нь үнэлдэг програмтай болсноос гадна ажил олгогч нарын мэдлэгийн түвшин, ярилцлагын чадвар нь эрс нэмэгджээ. Энэ л шалгуурыг та зөвхөн өөрийн гэсэн онцгой чанараараа давж гарахыг “Ажил хайх” гэж хэлнэ. Учир нь ажил олгогч нарт бүх л хүн аавын сайхан хүү, ээжийн сайхан охин, сайхан сургуулийн сайн оюутан харагддаг юм. Тэр элсэн нурам дундаас нэг ширхэг зүү болон гялалзаж, өдрийн од болон гялтайх хэрэгтэй. Ажилд орно гэдэг нэг иймэрхүү л зүйл. Хүсэж, зорьж чадвал ТА хаана ч ямар ч ажилд орж болно. Энэ зөвхөн танаас л шалтгаална.
Мөрөөд, чадлынхаа хэрээр мөрөөд. Хэзээ ч чамд олдохгүй тэр цэцгийн үрийг сэтгэлдээ тарь. Тэгвэл тэр үүрд чинийх байх болно.

Хэрэв танд хүсэл мөрөөдөл гэж байдаг бол өдөр бүр түүнийхээ төлөө тэмц. Уулын оргил өөд мацахтай адил өдөр өдрөөр бага багаар мөрөөдөл рүүгээ тэмүүл. Өдөр бүр ном унш, интернетээр тэнэж биш ухаж унш, хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь гээ. Өөрийгөө цаг тутам хөгжүүл. Таны тархи тэр их хогийг багтаахад хэтэрхий багадах ч хэрэгтэй зүйлээ олж авахын хэрээр урамшин, тэлж өгдөг гайхалтай зүйл. Яриа нийлдэг хүмүүстэйгээ бодол санаа, мөрөөдлөө ярь. Хүмүүсийн ихэнх нь мөрөөдлөө хүнд хэлж болохгүй гэж муйхарладаг. Та хэлж, байнга өөртөө болон өрөөлд сануулж байх нь хэлэхгүй хав дарснаас хамаагүй дээр. Байнга ярьж, түүнийгээ бодит мэтээр төсөөлж, өөртөө соронз мэт татах нь та мөрөөдлөө өөртөө тэр хэмжээгээр ойртуулж байгаагийн шинж. Ядаж л таны мөрөөдлийг сонссон хүн өөр нэг хүнээс тэр мөрөөдөл биелэх боломжийг олж сонсоод хамгийн түрүүнд танд ирж хэлнэ шүү дээ. Харин мөрөөдлийг чинь сонсоод хулгайлна, санаа авна, түрүүлээд хийчихнэ гэж бодож байгаа бол та өөрийгөө дэндүү түүхий байна гэж бодоорой. Мэдээж өөр хүн урьтаад хийчихвэл та цаг хугацааг алдсан байна, эсхүл энэ таны хийх зүйл биш байсан байж  таарна. Ер нь өөр хүн тийм амархан хийчихээр зүйлийг “мөрөөдөөд” ч яадгийм, бас хийж чадахгүй байх вий гэж бодон байж өөрийгөө шаналгах бүр ч хэрэггүй. Мөрөөдөл чинь хэний ч хийж, бүтээж чадахгүй ганцхан чиний л чадах тийм зүйл байх ёстой. Хэний ч санаагүйг сэдэж түүнийгээ ажил болгож, бүтээж чадаж байгаад л амжилт ирж биелэлээ олдог тул мөрөөдөхөө бүү зогсоо. Бас өөрийгөө хэзээ ч бүү гол.
Саяхан кино академийн дээд шагнал гардуулах 86 дахь “Оскар”-ын шилдэг туслах эмэгтэй жүжигчний шагналыг өвөртлөсөн Африкийн жүжигчин Lupita Nyong’o-гийн хэлсэн үгийг нэг сонсоод үзээрэй. Тэр өглөө бүр сэрэхдээ бурхнаас “Миний арьсны өнгийг жаахан ч гэсэн цайруулаад өгөөч” гэж гуйж сэрдэг ч бурхан нэг ч удаа түүний арьсыг цагаан болгоогүй бөгөөд тэр том болох тусам арьс нь улам хар болж шөнөөр зөвхөн нүд, шүд нь л харагддаг болов. Үүнээсээ тэрээр маш их айдаг байсан бөгөөд үзэсгэлэнтэй болохыг үнэхээр их хүсдэг байжээ. Цагаан царайтай, хөөрхөн охин болоод үнсгэлжингийн дүрд тоглохыг хүсдэг байв. Гэвч дэлхийд цасан цагаанаараа бахдуулж, үнсгэлжингийн цагаан даашинзыг өмссөн нэг ч жүжигчин Оскарын шагналыг өвөртлөж чадаагүй юм. Тэрээр гоо сайхан хэзээ ч өөрт нь ирэхгүйг мэдсэн тул тэр бүхнийг сэтгэлдээ хадгалж, сэтгэлээрээ үзэсгэлэнтэй байхаар шийджээ. Жинхэнэ үзэсгэлэн хүний гадна талд биш дотроос гэрэлтдэгийг тэрээр боолчлолын үеийн гайхамшиг болж бүтээсэн дүрээрээ гаргаж чадсан бөгөөд түүгээрээ кино наадмын дээд шагналыг хүртэж чадсан юм. Хүн хэдий сайхан цэцэг гаднаа зүүж гангарснаас илүү тэр цэцгийн үрийг сэтгэл дотроо тарьчих нь хамаагүй үзэсгэлэнтэй харагдуулдагийн баталгаа энэ болов уу. Тэрээр одоо дэлхийн миссээс ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байгаа. Тийм ээ, мөрөөдөл заавал биелдэг юм.

2014.03.6
Б. Т

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*