Мэргэжлээ сонгоход тань

Мэргэжил гэдэг нь Латин хэлний Professio буюу аливаа үйлийг өөрийн болгон эзэмшиж, түүнийгээ бусдад зарлан тунхаглах гэсэн утгатай.

Мэргэжил сонгох нь ямар нэгэн их сургуульд элсэн орох тухай асуудал биш, хүний амьдралын ирээдүйн хувь заяаг тодорхойлж байдаг чухал үйл явц. Ийм учраас ажил мэргэжлээ сонгох энэхүү үйл явцад ихээхэн ул суурьтай, нухацтай хандах шаардлагатай.

Хүн идэвхтэй амьдралынхаа 40 орчим жилийг ажлын байранд өнгөрүүлдэг гэсэн судалгааны дүн бий. Нөгөө талаас хүний амьдралын өдөр бүрийн идэвхитэй цаг (08:00-18:00цаг) мөн л ажлын байранд өнгөрдөг. Тиймээс хүн нэг насны идэвхитэй амьдралаа ажил, хөдөлмөрт зориулж байдаг.

Тухайлбал та дор дурьдсан асуултад цаг гаргаж, чин сэтгэлээсээ үнэн, зөв хариулаад үзнэ үү?

Асуулт 1.
Таны ажил, амьдралд хандах хандлага хэр эерэг вэ?

Асуулт 2.
Та аливаад хэр хариуцлагатай ханддаг вэ?, хариуцлага үүрэг чадвартай юу?

Асуулт 3.
Та бусадтай хэр хамтран ажиллаж чаддаг вэ?, эерэг харилцааг бий болгож чаддаг уу?

Сурагч бүхэн ажил, амьдралын гараа болох мэргэжил сонголтыг зөв хийх ѐстой. Энэ бол сайхан ирээдүйн зөв эхлэл байх болно. Том зорилгын эхлэл нь оновчтой сонголт, зөв шийдвэр байдаг.Тиймээс дараахи 3 алхмыг танин мэдэж, тодорхойлох хэрэгтэй юм.

№1 Өөрийгөө танин мэдэх
Хэтэрхий олон хүн чухал зүйлд тэмүүлэхийн оронд тохитой булан олоод тэндээ шигдэж, гарахаа больдог. Та өөрөөсөө “Би сайхан амьдармаар байна уу? Амжилтад хүрмээр байна уу? Нэр нөлөөтэй болмоор байна уу?” гэдгийг асуух хэрэгтэй. Хэрвээ “тийм” гэж хариулсан бол доорхи хэдэн зүйлийг тодорхойлон, цаг гаргаж бичээд үзээрэй.

 a)Зорилго
Дийлэнхи хүүхдүүд ямар хичээлд илүү дуртайгаа, ямар чадвараа сайн хөгжүүлэхийг мэддэггүй, цагийг хий дэмий үрж, хичээл уйтгар төрүүлсэн, залхаах шинжтэй мэтээр төсөөлдөг. Энэ байдал хэтийн зорилго төрөөгүй, төсөөлж ч эхлээгүйтэй холбоотой. Зорилготой хүнд дэмий үрэх цаг, зав гэж байдаггүй юм. Чингис хаан маань “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гэж айлджээ.

 Хэтийн зорилго үгүй аваас:
i.Хүссэндээ үл хүрэх
ii.Бусдад итгэл үл төрүүлэх
iii.Өөртөө үл итгэх болж зовлон, бэрхшээлийн дунд амьдрах болдог.

Хэтийн зорилгоо тодорхойлж, тэмдэглэн бичиж хэрэгжүүлцгээе.

b) Давуу болон сул тал
Хүний амлалт ажил хэргээс нь зөрөх ѐсгүй. “Яг цагт нь” гэсэн зарчмыг өөрийн давуу, сул талыг сайтар тодорхойлсон хүн л мөрдөж ажиллаж чаддаг.

Давуу тал
Үнэнч шударга
Хувийн сахилга бат, уйгагүй байдал
Сурах тэмүүлэл, эерэг хандлагатай

Сул тал
Амласнаа эсвэл үүргээ биелүүлдэггүй
Өөрийнхөө үйлдлүүдийг хариуцах чадваргүй
Ажлаа хугацаанд нь амжуулдаггүй

Гэх зэргээр тодорхойлж цаасан дээр бич. Сул талыг сургалт, туршлагатай болох замаар арилгаж болно.

c)Мөрөөдөл ба хэрэгцээ
Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл, таашаал өөр өөр байдаг. Хийх дуртай ажил, таалагддаг зүйл, тааламжтай орчин гээд бүх хүүхэд өөрийн гэсэн дотоод ертөнцтэй. Хүн бүр өөрийн таатай газраа, дуртай ажлаа хийж, хангалуун сайхан амьдрахыг зорьдог. Тэгвэл чиний сонгох мэргэжил ирээдүйн мөрөөдөл, зорилготой чинь нийцэж байх ѐстой. “Чи сонирхож байна уу?” эсвэл “Мөрөөдөж байна уу?” гэдгийг сонголт, шийдвэр гаргахын өмнө ялгаж ойлгох хэрэгтэй.

 Бид мөрөөдлийнхөө тусламжтайгаар өсч хөгждөг. Агуу суутнууд мөрөөдөгчид байдаг. Тэгвэл бид юу хийх ѐстой вэ?:

 1.Мөрөөдөж зүрхэл:
Ямар нэг илүү их зүйлийг хийх хүсэлтэй бай.

 2.Мөрөөдөлдөө бэлд
Мөрөөдлөө биелүүлэхийг гэрийн даалгавар болгон боломжтой үе ирэхэд бэлэн бай.

 3.Мөрөөдлөө хадгал:
Түүнийгээ хийж, хэрэгжүүл

 4.Мөрөөдлөө бусадтай хуваалц:

Бусдыг (багш, эцэг, эх, найзууд зэрэг) мөрөөдлийнхөө нэг хэсэг болгож чадвал бидний мөрөөдөл бодсоноос ч том зүйл болж, түргэн хэрэгжих болно.

Мөрөөдөл нь биелнэ гэж итгэсэн хүн үргэлж мөрөөдлөө биелүүлэх үүрэг, хариуцлагыг мэдэрч, түүнийхээ төлөө уйгагүй тэмүүлдэг. Сонирхол бол өөрт тохиромжтой тохиолдолд л ямар нэг зүйлийг хийх тодорхой хязгаартай үйлдэл, уйгагүй тэмүүлэл биш. Ямар нэг зүйлийг хийх хариуцлагыг өөр дээрээ авсан бол ямарч шалтаг заадаггүй, учир нь тэр мөрөөдөл байдаг. Ямар нэг зүйлийг зүгээр л сонирхож байгаа хүмүүсийг сургаж, бэлтгэх хэрэггүйгэж үздэг. Учир нь сонин дээрээ сортолзоод, сонирхол нь буурахаар залхдаг. Харин өөртөө хариуцлага хүлээж байгаа хүнийг л сургаж бэлд гэж зөвлөдөг. Учир нь тэд мөрөөдөлдөө үнэнч байж, уйгагүй тэмүүлэлтэй суралцдаг. Тиймээс таны мэргэжил сонирхол төдий сонголт уу? эсвэл мөрөөдөл чинь байнауу? гэдгийг нягтлан шалгах хэрэгтэй юм.

№2 Би ямар салбарт тохирох хүн бэ? гэдгийг тодорхойл
Судлаачид дэлхий дээр 40000 гаруй мэргэжил байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Тооны хувьд олон байгаа эдгээр мэргэжлүүдийг бүгдийг нь судалж, мэдэхэд хувь хүнд бэрхшээлтэй учир үндсэн таван төрөлд хувааж бүлэглэсэн. Оросын эрдэмтэн, сэтгэл зүйч Е.А.Климов: “Хүмүүс сэтгэлзүйн хувьд 5 бүлэгт хувааддаг бөгөөд үүнийг нь нээж чадвал өөрт тохирсон мэргэжлийг олж болно” гэж үзсэн байна. Үүнд:

 1.Хүн-байгаль
2.Хүн-хүн
3.Хүн-тэмдэгт
4.Хүн-техник
5.Хүн-уран сайхны дүр

Сурагч ТА: “Аль бүлэгт хамаарах сэтгэл зүйн шинжтэй байна вэ?” гэдгийг таньж, тогтоож чадвал ямар мэргэжил сонгохоо шийдвэрлэж болно. Тухайлбал “хүн-хүн”бүлэгт хамаарах хүүхэд бол харилцааны  ур чадвар шаардах ажил мэргэжлийг, “хүн-уран сайхны дүр” бүлэгт хамаарвал урлагийн салбарт үр бүтээл гаргана гэсэн үг юм.

№3 Өнөөгийн хэрэгцээ шаардлага буюу ирээдүй хэнийг хүлээн зөвшөөрөх вэ? гэдгийг судла
Ирээдүйд хэнийг, ямар ур чадварыг хүлээн зөвшөөрөх вэ? гэдгийг мэддэг, түүнд суралцдаг байх нь чухал юм. Олон улсын хэмжээнд болон Монголын бизнесийн байгууллагуудад хийсэн судалгаанд үндэслэн ирээдүйд өндөр үнэлэгдэх чадваруудын  жагсаалтыг 3 бүлэгт ангилан танилцуулья.

1.Хандлага зөв байх
  – Ажлын ѐс зүй буюу өөрийгөө идэвхжүүлэх, цаг төлөвлөх чадвар
– Эрүүл мэнд, гадаад төрхөндөө байнга анхаарал тавих чадвар
– Хүмүүст нөлөөлөх (ялангуяа борлуулалт, манлайллын хувьд) чадвар

2.Хариуцлага үүрэг чадвартай байх
– Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах,мэдээллийг цэгцэлж боловсруулах чадвар (компьютер ашиглах)
– Статистик, хүснэгт, график гэх мэт тоон аргуудыг хэрэглэх чадвар
– Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг байх чадвар

3.Хамтын ажиллагаа буюу харилцааны ур чадвартай байх
– Аман харилцааны чадвар
– Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах үндэслэл дэвшүүлэх чадвар
– Хүмүүстэй тулж ажиллах, холбоо харилцаа тогтоох буюу багаар ажиллах чадвар
– Асуудлыг шийдвэрлэх чадварууд багтаж байна.

Эцэст нь чадварлаг залгамж халаагүй улс орон хөгжиж, амжилтад хүрч чадахгүй. Тиймээс сурагчид та бүхэн ирээдүйн өөрчлөлтөд бэлэн байж, эх орондоо өндөр хувь нэмэр оруулах үйлсэд бэлтгэгдэх ѐстой. Өөрчлөлт бол энэ ертөнцийн үйл явдлын өрнөлийн бүтээгч хүч.

Иймд мэргэжил хэмээх энэ үнэт хөрөнгийг эхлээд зөв сонгож, дараа нь сайн эзэмшиж, эцэст нь үргэлж хөгжүүлж байвал амьдралд тань аз жаргал үргэлж хамт байж, улс орон маань хөгжих нь гарцаагүй бизээ.

Ишлэл http://luvsandorj.com

Нийгата их сургууль
Архитектур Барилгын инженерийн анги
Н.Баянмөнх

2014-3-12

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*