Нэгэн төрлийн бяцхан дайн

a

Та пенициллин тариулж үзэж байсан уу гэсэн асуултанд үгүй гэж хэлэх хүн бараг байхгүй биз ээ. Тэгвэл пенициллин гэж юу вэ гэхэд хариулж чадах хүн хэр олон байдаг бол? Энэ удаагийн нийтлэлдээ пенициллиний талаар дээрх асуултанд хариулж бичихээр бэлдлээ.

2

Зураг. Пенициллиний төрлийн мөөгөнцөр

Анх 1929 онд Английн бактерлогич Александр Флеминг пенициллинийг нээсэн бөгөөд үүгээрээ 1945 онд Физиологи, Анагаах ухааны төрлөөр Нобелийн шагнал хүртсэн байна. Тэрээр плэйтэн дээр өвчин үүсгэгч бактер болох стафилококкыг өсгөвөрлөж байхад түүнээс гадна хөх мөөгөнцөр ургасан байхыг анзаарчээ. Уг үзэгдлийг мэргэжлийн хэлээр контаминаци гэх бөгөөд нэг төрлийн бичил биетнийг өсгөвөрлөж байхад өөр төрлийн бичил биетэн холилдохыг хэлнэ. Энгийн үед контаминаци болоход туршилтаа шинээр эхлэх шаардлагатай ч, энэ үед Флеминг гуай нэгэн шинэ зүйлийг ажиглажээ. Тэр нь хөх мөөгөнцөрийн эргэн тойронд өвчин үүсгэгч бактер ургаагүй байсан юм. Энэ нь хөх мөөгөнцөр өөрөөсөө нэгэн бодисыг ялгаруулж тэр нь бактерын үржлийг зогсоож байгаагаас үүдэлтэй юм. Тэрхүү бодисыг хөх мөөгөнцөр (penicillin notatum)-ийн нэрнээс санаачилан пенициллин гэж нэрлэсэн нь өнөөгийн бидний хэрэглэж буй антибиотикын эхлэл болжээ.

3 Зураг. Стафилококкыг өсгөвөрлөсөн плэйт

Тэгвэл пенициллин нь хэрхэн үйлчилдэг юм бол? Дээр дурдсаны дагуу пенициллин нь бактерын үржлийг нь зогсоох үйлчилгээтэй юм. Бактер нь гадаад орчноос өөрийгөө хамгаалахын тулд эсийн ханаар хучигдсан байдаг бөгөөд үржиж олшрохын тулд энэхүү эсийн ханыг нийлэгжүүлэх урвал зайлшгүй хэрэгтэй юм. Пенициллин нь стафилококк зэрэг грамм нэмэх*1 бактерын эсийн ханын найрлага болох пептид глюканыг нийлэгжүүлэхэд оролцох пептидазэ*2-тай химийн холбоо үүсгэж идэвхижилтийг нь бууруулдаг байна. Хүний биеийн эсэд эсийн хана байдаггүй тул хортой үйлчилгээ үзүүлэлгүйгээр бактерыг устгах чадвартай юм.

無題

Зураг. Пенициллин G

Дээр дурдсаны дагуу пенициллин нь ашигтай тал олон ч грам нэмэх бактераас ялгаатай эсийн ханын бүтэц бүхий грам хасах бактерт муу үйлчлэх ба байгалийн дасан зохицох үзэгдлээс үүдэн пенициллинд тэсвэртэй бактерууд гарч ирэх гэсэн асуудлууд байдаг юм. Тэсвэртэй бактер нь β–лактамазэ*3 гэсэн энзимийг нийлэгжүүлж пенициллиний бактерын өсөлтийг зогсоох хамгийн чухал хэсэг болох β–лактам бүтцийг задлах болон пенициллин асилазэ*3 гэгдэх энзимээр пенициллинийг тасалж идэвхигүйжүүлдэг байна. Тиймээс нэг төрлийн пенициллинийг хэрэглэж байхад өвчин үүсгэгч бактер нь дасан зохицож, дээрх чадвартай болсноор пенициллин нь үйлчилгээгээ алддаг байна. Иймэрхүү дасан зохицсон бактерын өсөлтийг бууруулахын тулд гол бүтэц болох β–лактамаас бусад бүтцэд өөрчлөлт оруулах замаар дахин бактерт үйлчилдэг болгон шинэчилсээр иржээ.

無1題

Зураг. Анпициллин

Пенициллины грам хасах бактерт муу үйлчилгээтэй гэсэн сул талыг нөхсөн нээлтийг АНУ-н эрдэмтэн Ваксман 1944 онд хийжээ. Энэ нь Streptomyces griseus гэгдэх бактераас ялгаж авсан стрэптомайсин (streptomycin) юм. Энэ нь пенициллиний үйлчилдэггүй грам хасах бактерт үйлчилдэг юм. Үүнээс хойш олон төрлийн антибиотикыг бактераас ялгаруулах болон нийлэгжүүлэх замаар нээж иржээ. Шинэ антибиотик нээхэд түүнд дасан зохицох бактер гарч ирж, дасан зохицохоор нь дахиад шинийг нээсээр бид энэ жижигхэн амьтантай тэмцэж ирсэн юм.

*1 грам нэмэх хасах гэдэг нь бактерын бүрхүүл болох эсийн ханын бүтцийн ялгаагаар ангилсан ангилал юм

*2 пептидазэ нь грам нэмэх бактерын эсийн ханын нийлэгжилтэд оролцдог энзим урвал хурдасгагч ийн нэг төрөл

*3 β–лактамазэ, асилазэ нар нь мөн энзимийн нэг төрөл бөгөөд пенициллинд тэсвэртэй бактеруудад агуулагддаг

Эх үүсвэр
「応用微生物学第2版」 清水昌 文永堂出版株式会社 2011

Иватэ их сургууль хөдөө аж ахуйн факултетын 3р курс
Ө.Нарандулам

2014.3.14

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*