Мияата Осамү: Элит хүн бол…

Энэ удаагийн боловсрол буландаа уншигч таньд нэгэн эрхэмтэй хийсэн ярилцлагаа хүргэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Түүнийг Мияата Осамү гэдэг ба насаараа NHK телевизийн хөтлөгч хийж тэтгэвэртээ гараад байгаа юм. Монголд анх удаа очиж үзсэнээс нь хойш дариу 10 гаруй жил өнгөрч тэр явцдаа Шинэ Монгол гэдэг нэгэн гэр бүлийн нэгээхэн том гишүүн нь болсон билээ. Танилыхаа саналаар Шинэ Монгол сургуульд анх очиж үзээд ихэд сэтгэл нь хөдлөн хүүхдүүдтэй уулзаж Японы талаар олон олон сонирхолтой зүйлсийг ярьж өгч, хамгийн гол нь япон хэлний зөв цэвэр дуудлагыг зааж өгнө. 2005 оноос хойш жил бүр Шинэ Монгол сургуульд очин, өглөө бүр хүүхдүүдтэй мэндэлж, анги бүрээр орж хүүхэд бүхэнд яриагаа хүргэхийг бодно. Энэ явцдаа мөн Улаанбаатар хотын хэмжээнд япон хэл дээр илтгэлийн тэмцээн зохиодог ба энэ тэмцээнд орж түрүүлэхийн тулд хүүхдүүд маш их хичээж хэлнийхээ ч мэдлэгийг дээшлүүлж,  урам зоригоор мялаагддаг. Харин Японы улсад Шинэ Монгол сургуулийн төгсөгчидтэй маш ойр дотно харилцаатай байдаг ба өөрийнхөө хүсэлтээр тус сургуулийн Япон дахь суурин төлөөлөгч болоод байгаа. Ярилцлага хийх хүсэлтийг маань дуртайгаар хүлээн авч, маш сонирхолтой, бодууштай яриа өрнүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Д.Д: Боловсрол гэж таны хувьд юу вэ?

 М.О: Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш уг нь физикийн багш хэдий ч Японд ирээд том охиныхоо ахлах сургууль дээр очиж танилцаад, япон ахлах сургууль үнэхээр мундаг юм байна гэж бодоод, Mонголд япон хэв маягийн сургууль байгуулахыг хүсэн Mонголд ахлах сургуулиа байгуулж байсан түүхтэй. Галбадрах багш Японд ирээгүй байсан бол Mонголдоо физикийн багшаа хийгээд л байж байсан байх. Шинэ Mонгол сургууль байгуулагдах болсон гол шалтгаан нь тэр байсан. Энэ үйл явдлыг Шинэ Mонгол сургуулийнхныг хэзээ ч битгий мартаасай гэж боддог. Учир нь Галбадрах багшийн тэр бодол байгаагүй байсан бол, та бүгд ч Японд ирж суралцахгүй байсан, Шинэ Mонгол гэдэг сургууль ор үндсээрээ байхгүй байх байсан.
Боловсрол гэдэг бол маш чухал зүйл. Япон гэдэг улс дэлхий дахинд хамгийн эрт үеээс эхэлж боловсрол гэдэг зүйлийг чухалчлан авч үзэж, хүүхдүүдэд боловсрол олгож ирсэн. Язгууртан, сэхээтэн айлын хүүхэд, мөнгөтэй айлын хүүхэд гэж ялгалгүй, бүх хүүхдэд эрх тэгш ижил хэмжээний боловсрол олгож ирсэн. Тэр үед бол тийм улс орон их цөөхөн байсан. Энэ утгаараа Япон бол хүний боловсролд маш их хүч хөдөлмөр оруулж ирсэн  улс юм. Бас нэг шалтгаан нь япон улс бол өөрийн гэсэн байгалийн баялгаар ховор орон болохоор бусад улсаас түүхий эд оруулж ирж түүнийгээ боловсруулж гадагш гаргахгүй бол баян хангалуун болохгүй. Байгалийн баялаг ихтэй улс орон бол яахав боловсролд анхаарахгүйгээр байгалийн баялгаа зараад хангалуун амьдарч болох байж магадгүй ч, Япон бол тийм биш учрааc маш эрт үеээс боловсролдоо маш ихээр анхаарч ирсэн уламжлалтай улс.
Шинэ Монгол сургууль Mонголд япон хэв шинжээр боловсролыг түгээж байгаа нь үнэхээр баярлууштай, мөн содон сайн хэрэг юм. Одоо ч Mонголд их танигдсан байх. Улаанбаатарт хүүхдээ Шинэ Монголд сургая гэсэн эцэг эхчүүд нилээн их байдаг гэж сонссон. Япон хүний үүднээс бид бүхэн, гадаад оронд япон сургууль байгуулагдаад тэнд сурах сонирхолтой маш олон хүүхэд байдагт маш их баяртай байдаг. Ер нь хүмүүсээ хөгжүүлж, сургахгүй бол мундаг орон болж чадахгүй. Сургаж, усалж, боловсруулсан хүмүүс нь лидерүүд болоод улс орноо татаад, чиглүүлээд авч явна.
Монгол бол маш их байгалийн баялагтай орон учраас түүнийгээ зөвөөр ашиглаж улам сайхан хөгжих хэрэгтэй түүний тулд илүү ихээр боловсролдоо анхаарч хүч түрэн ажиллаасай гэж бодож байна .Одоо би Японы Чиба гэдэг аймагт япон хүний боловсролыг үүнээс хойш яаж хөгжүүлж улам үр өгөөжтэй чанартайгаар авч явах вэ гэдэг тал дээр харилцан ярилцах санал бодлоо хуваалцах бүлгэмийн гишүүн болсон байгаа. Боловсрол олгох арга барил гэдэг бол цаг үе өөрчлөгдөхийн хирээр тухайн цаг үетэйгээ таарч тохирсон хэлбэрлүү шилжиж байхгүй бол болдоггүй. Япон бол дайн дууссанаас хойш өнөөг хүртэл нэг арга барилаар явж ирсэн болохоор үүнээс хойш олон зүйл дээр өөрчлөхгүй бол болохгүй, тэр талаар олон янзын санаа оноог хэлж ярилцаж байгаа. Цаг хугацаагаа дагаад орчлон ертөнцийн бүх зүйл өөрчлөгдөж байдаг, зуу, хоёр зуун жилийн өмнө бол жирийн хүн японоос монгол руу тийм амархан явж очиж явч чадахгүй бүтэшгүй зүйл байсан. Aмерик ч Aфрик ч онгоцонд л суучих юм бол хүрчихдэг тийм сайхан боломж бүрэлдээгүй байсан. Харин одоо бол 5 цаг нисээд л Mонголд буучихна, ингэж их өөрчлөгдөж буй зүйлсийг эдэлж хэрэглэхэд хүмүүсийн хоорондын харилцаа холбоо дагаад өөрчлөгдөнө. Тэр зүйлсийг хэрэглэж чадах, орчин үеийн хүмүүстэй харилцаж чадах, тэдний хэмжээнд бодож сэтгэж чадах хэмжээний мэдлэг боловсролыг эзэмшихгүй бол болохгүй.
Чамтай адил Шинэ Монгол ахлах сургуульд суралцаад японд суралцахаар ирсэн хүүхдүүд бол үргэлж боловсролын салбартаа өөрчлөлт шинэчлэлтийг хийж байгаа энэ нөхцөл бололцоон дээр хичээл номондоо сайн шамдаж их зүйлийг сурч аваад Mонголдоо очоод монголынхоо ирээдүйн төлөө хичээгээх хэрэгтэй. Энэ бол миний чин хүслэн, үүний тулд би чадлынхаа хирээр та бүгдийг тусалж дэмжмээр байна. Та бүгдийг дэмждэг бас нэг шалтгаан бол, тавиад жилийн өмнө намайг хүүхэд байхад  Япон ч бас нилээн ядуу улс байсан, гэхдээ хүн бүр хичээж, хүчээ нэгтгэж олон зүйлийг сураад, янз бүрийн зүйлс ашиглаж  их зүйл хийж бүтээсний үндсэн дээр дэлхийд топ улсуудын эгнээнд жагсах болсон. Энэ бол боловсролын л ач тус. Хүчтэй боловсон хүчинг бэлтгэхгүй бол хүчтэй улс болж хэзээ ч чадахгүй.

Д.Д: Одоогийн Монгол улс эдийн засгийн тал дээр ядуу байгаагийн хажуугаар, түүнээс үүдэлтэй маш олон асуудалтай тулгараад байгаа. Жишээлбэл, төрийн эрх баригчид дээд албан тушаалын хүмүүсийн дунд хээл хахууль газар авч, нийгмийн доод түвшний хүмүүст архидан согтууралт, ядуурал, хулгай дээрэм гэх мэт зүйлсүүд даймжирсаар байгаа. Та яриандаа Япон их ядуу улс байсан гэж хэлсэн, Япон ядуу байх үед тиймэрхүү асуудлуудтай бас тулгарч байсан уу?

М.О: Японы Монголоос ялгагдах хамгийн том ялгаа нь нүүдэлчин ард түмэн болон тариаланч ард түмэн гэсэн ялгаа гэж боддог. Нүүдэлчин соёл бол гэр бүлээрээ нүүдэллэдэг, гэр бүлийн холбоо харилцаа, хэлхээс маш хүчтэй, хамгийн чухал зүйл байдаг ба хажуу саахалт айл нь морьтой нэг өдөр явах зайнд байх тохиолдол ч байдаг. Харин япончууд бол будаа тарьж амьдардаг байсан ард түмэн, нэг айл дангаараа будаа тарихад ургац муутайгаас гадна чанар муу болно харин тэр тосгонд амьдарч байгаа хүмүүс бүгд нийлээд будаа таривал ургац ч сайн амт чанар ч сайтай байдаг. Бүгд нийлж нэг юмийг хийх, өөрийн урд байгаа зүйлээ бодох биш бүх нийтийг бодож өөрийнхөө юу хийх ёстойг шийддэг.
Түүнтэй адилаар хичээл хийж, юм сурч мэдсэн ч өөрийнхөө төлөө ашиглахгүй, бусад хүмүүсийн төлөө ашиглах, жишээлвэл өөрийн ажиллаж байгаа байгууллагаа сайжруулая, бүс нутгаа сайжруулая, улсаа сайжруулая гэсэн бодлоор ажиллаж хийж бүтээдэг болохоор хүчтэй байдаг байх гэж боддог. Монгол хүмүүс Японд ирээд япон хүний тэр юмыг хийж бүтээх арга барил болон учир шалтгааныг харж ойлгож суралцаасай гэж бас боддог. Японы сургуульд  хамт сурч байгаа найзууд чинь юун түрүүнд ямар нэгэн групптэй болж, группээрээ ямар нэгэн юм хийхийг зорьж байгаа биз, тэр чинь япон хүний дотор суулгагдсан мөн чанар байгаа юм. Ямар нэгэн зүйлийг хийхэд ажлуудаа хуваагаад хүн болгонд хуваарилж, бүгд өөрт хуваарилагдсан зүйлээ нийтийн том ажилд ямар хувь нэмэртэй болохыг нь ухамсарлан маш сайнаар хийж бүтээх нь япон хүний арга барил. Энэ арга барилыг бас заавал сураасай гэж монгол хүүхдүүдэд захимаар байна. Том ч бай жижиг ч бай ямар нэгэн зүйлийг хийе гэж цугларсан хүмүүс тэр ажлаа бүхэлд нь харж, мэдсэний үндсэн дээр өөрөө ямар хувь нэмэр оруулвал зохистойг бодож тунгаах чадвартай байх хэрэгтэй, тийм л чадварыг мөн өөрсдөдөө заавал суулгаарай.  Нэг компанид ажилд орлоо гэхэд тэр компаны сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй, бүгд дарга болж болохгүй, бүгд шийдвэр гаргах хүн болчихвол хэцүүднэ. Хүн бүр өөрт оноогдсон ажлаа сайтар хийж бүтээсний үндсэн дээр маш том зүйлийг хийж чадна.

Д.Д: Японд ирээд суралцаж байгаа бид бүхэн олон зүйлстэй танилцаж, олон хүнтэй учирч янз бүрийн юмыг сурж мэдэж байгаа ч Японд ирсэн гэдэг утгаараа заавал хийж үзээрэй гэж захих зүйл юу байна?

М.О: Бүгд мэргэжилтэн болохыг зорьж Японд ирж байгаа. Дизаинер болохоор ирсэн хүүхэд дизаинерийн хичээлээ хийж, сэтгүүлч болохоор ирсэн хүүхэд тэр талаараа мэргэшиж байгаа. Тэр бол хийх ёстой мэдээжийн хэрэг, түүнээс гадна заавал мэдэхгүй өнгөрөөж болохгүй зүйл бол, тус бүрийн мэргэжилдээ анхаарч хичээллэж, хүчээ гаргаж байгаатай адил хэмжээгээр цаг зав, хүч хөдөлмөрөө зориулан японы соёлоос сурч мэдэх юм. Өөрөөр хэлбэл япон хүний юмыг юу гэж хүлээж авч, яаж бодож тунгаадгийг заавал сурах хэрэгтэй. Түүнээс гадна, японы уран зохиолыг заавал унших хэрэгтэй. Тэр дунд янз бүрийн япон хүн гарч ирнэ. Яагаад энэ хүн энэ үед ийм зүйл хийж байна вэ, яагаад энэ хүн ийм зүйл дээр уурлав, ягаад ийм зүйл дээр гуниглав гэдэг япон хүний сэтгэлийг мэдэрч ойлгох хэрэгтэй. Тэр бол япон хүний соёл. Мэргэжлийн зүйлсээ суралцаж, их мэдлэгийг хуримтлуулсан  ч тэрийгээ хүний төлөө хэрэглэх учраас хүн гэдэг ямар шинж чанартай, ямар байдаг вэ гэдэгийг мэдэхгүй бол болохгүй. Наранбаяр захирал ч Кёотогийн их сургуульд суралцаж байхдаа байгаль орчны хичээлээ хийгээгүй, японы уран зохиол уншиж байсан гэж тоглоом болгон ярих дуртай байдаг.

 Д.Д: Монгол руу яваад, монгол хүмүүстэй танилцаад нилээн удаж байна. Монгол хүн бол тийм хүн гэж хэлэх нэг үг ч юмуу, өгүүлбэр гэвэл юу гэж хэлэх вэ?

М.О: Би монгол хүнд маш их дуртай.

Д.Д: Яагаад дуртай вэ?

М.О: Яагаад гэвэл хамгийн түрүүнд япон хүнтэй ижилхэн царайтай(инээв). Царай ижил байна гэдэг их чухал, дотно танил мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээд тийм япон хүнтэй ижил царайтай, дотно сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс дээр үеийн япончуудтай адил амьдралтай байхаар яаж ийж байгаад туслахыг л бодсон юм даа. Яахав монголчууд бусдын төлөө гэхээсээ өмнө өөрийнхөө төлөө, өөрийгөө боддог тал байж магадгүй, гэхдээ орчин үеийн хүмүүс бүгд тийм болж байна. Өмнөх яриатай адилаар монгол хүн А, Б гэж хоёр хүн байлаа гэхэд А нь Б-гийн юмыг Б нь А-гийн юмыг авъяа гэж хичээнэ, харин япон хүмүүс байгаа юмаа нийлүүлээд өөр хэн нэгний юмыг нь авъяа гэж хичээдэг нь том ялгаа юм уу даа. Тэхдээ юун түрүүнд эд зүйлсийн хувьд хангалуун баян болох хэрэгтэй.

Д.Д: Эд баялаг гэж юу вэ, баян хүн, эд баялагтай хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?

М.О: Ямар ч байсан хамгийн түрүүнд эд зүйлсийн хувьд баян болох хэрэгтэй. Япон бол эд зүйлээр ядуу байсан, харин эд зүйлсээр баян болсны дараа олон янзын асуудлууд гарч ирсэн. Байгаль орчны бохирдол, үйлдвэрлэлийн хор уршиг гэх мэт, гэхдээ тэр зүйлсүүдийг тэр үед нь л шийдээд ирчихсэн тэр нь ч тийм буруу зүйлүүд байгаагүй гэж боддог. Тийм болохоор ямар ч байсан эхлээд монголчуудыг эд юмсаар, эдийн засгийн хувьд баян улс болох хэрэгтэй гэж бодож байна. Харин түүнийхээ дараа жинхэнэ баялаг гэж юу байдаг талаар бодож үзвэл дээр болов уу. Баян биш байж энэ бол баялаг гэж хэн ч юуг ч хэлж чадахгүй. Япон бол үйлдвэрийн хорт хог хаягдлын асуудалтай байхад баян улс биш байсан. Түүнээс болж маш олон хүн нас нөгчсөн тэр бол жинхэнэ эмгэнэлтэй зүйл.
Гэхдээ ойлгоосой гэж хүсч байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр, жишээлбэл машинтай хүн байж байгаад осолд ороод гэмтлээ гэхэд машингүй байсан нь дээр байсан юм гэж бодно, өөрөөр хэлбэл машинаас болж хохирсон, аз жаргалгүй болсон. Тэр хүн машинаас болж хохирсон учраас бүгдээрээ машин унахаа больцгооё гэвэл утгагүй биздээ. Түүнтэй адил эхлээд машинтай бол харин дараа нь яаж замын хөдөлгөөнд аюулгүй оролцох вэ гэдэгээ бодох хэрэгтэй.

Д.Д: Хамгийн ихээр уншаасай гэж хүсч байгаа ном байгаа юу?

М.О: Юу ч байж болно. Японы хуучны бүтээлүүд бол маш хүнд дээр үеийн хэллэг дээр бичигдсэн байдаг болохоор орчин үеийн номнуудаас юу ч байж болно нэгийг сонгоод дуустал нь уншаад үзэх хэрэгтэй.

Д.Д: Таны өмнө нь ярьж өгч байсан япончуудын тухайх кимонотой хүүхэлдэйтэй  зүйрлэсэн яриа байдаг түүнийгээ ахиад яриж өгч болох уу?

М.О: Аа тийм,  японд жаахан охидууд тоглодог кимоног нь сольж өмсүүлдэг маш олон кимонотой хүүхэлдэйн тоглоом байдаг. Түүгээр юуг зүйрлэсэн бэ гэхээр япон бол маш олон төрлийн кимонотой, түүнийгээ ч их сольж ирсэн. Гаднах кимоно нь л өөрчлөгддөг ч доторх хүүхэлдэй нь хэвээрэй байдаг шиг, япон улс түүнтэй адилаар доторх мөн чанараа гээгээгүй. Гадны орноос ямар ч юм японд орж ирсэн түүнийг япончууд дуурайж хийсэн ч яг л япон хэв шинжээр япон хүмүүст зохицуулж хийдэг. Анх үүссэн, японд оруулж ирсэн улсаас нь бүр сайжруулаад өөрсдийнх шигээ болгочихдог. Жишээлбэл, Япончууд өөрсдийн гэсэн бичиг үсэггүй байсан, Xятадаас ханз үсэг оруулж ирж япончуудад таарсан, япон хэлэнд тохирсон үсэг болгож, катакана хирагана гэсэн хоёр үсгийг тэндээс зохиосон. Юу ч гаднаас орж ирсэн далайцтайгаар хүлээж авч, түүнээс илүү зүйлийг нэмээд зохион бүтээчихдэг нь япончуудын гол онцлог шинж, харин ингэх явцдаа япон хүн гэсэн үндсэн чанараа огтхон ч гээгээгүй.

Д.Д: Цаг орчим бүрт хувисч өөрчлөгдөж буй одоо үед түүнд тааруулаад  өөрийгөө өөрчилж шинэчилж явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Энэ их өөрчлөлтийн явцад одоогийн хүүхэд залуус яг ямар зүйлрүү тэмүүлээд байгаа юм болоо ирээдүйд ер нь яаж өөрчлөгдөх бол?

М.О: Глобалчлал юм даа. Японд юу болж байгааг Монголоос нэг минут ч хоцрохгүй мэдэж болж байна. Дэлхийн хаана юу болоод байгааг хүсэх л юм бол интэрнэтээр хэзээд л бол хэзээд ороод үзчихэж чадна. Энэ сайн хэрэг ч нөгөөтэйгүүр маш олон асуудлууд үүсч гарна. Улс болгон өөр өөрийн гэсэн стандарттай байгаа учраас тэрэнд зохицож нийцэж амьдрах ч мөн их хүндрэлтэй болно. Мөн ямар ч зүйл дээр өөрийн гэсэн мөн чанараа тэр чигээр нь авч үлдэх, хадгалах гэдэг ч хэцүү асуудлуудын нэг болж гарч ирэх болов уу. Олон улсын, монгол иргэн болж төлөвшинө гэдэг ч мөн хэцүү даалгавар болж гарч ирэх байх.

Д.Д: За баярлалаа. Ярилцлагын төгсгөлд монголын залуу хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ ?

М.О: Үргэлж л хэлдэг үг л дээ. Тэгэхдээ энд бас ахиад хэлэе. Шинэ Mонгол сургуульд суралцаж байгаа хүүхдүүд ч бай, өөр сайн сургуульд суралцаж байгаа ч бай, гадаад оронд мэргэжлээрээ суралцаж байна гэдэг бол та бүхэн их ухаантай чадалтай хүүхдүүд гэсэн үг. Ийм ухаантай чадалтай хүүхдүүд бол өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг хэзээ ч зөвхөн өөрийнхөө төлөө ашиглаж болохгүй, тийм эрхгүй гэж хэлж болно. Ухаантай, чадалтай, толгой сайтай хүн гэдэг бол өөрийнхөө аз жаргалын төлөө толгойгоо ашиглаж болохгүй, өөрийнхөө улсын тусламж хэрэгтэй байгаа, ядарч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд толгойгоо ажилуулаасай гэж хүсч байна. Ухаантай, мэдлэг боловсролтой хүн бол бусад хүмүүсийн төлөө бүхнээ зориулаад өөрөө хохирч, аз жаргалгүй болоод, нас өөд болсон ч харамсах зүйлгүй гэдэг бодол тээж байгаа мэтээр л бусад хүмүүсийн тухай бодох хэрэгтэй, хичээх хэрэгтэй. Тэр бол элит гэж дуудагдах хүмүүсийн хийхгүй бол болохгүй зүйл. Ухаантай чадалтай, элит хүмүүсийн үүрэг бол энэ. Хүч чадлаар дутмаг ч юмуу ямар нэгэн байдлаар туслалцаа хэрэгтэй байгаа хүний төлөө сурч боловсорч хийж бүтээх нь та бүгдийн үүрэг, энийг л хэзээд бодож, хэзээд мартахгүйгээр л сэтгэл дотроо хадгалж яваасай гэж хүсч байна. Тийм учраас л бид та бүхнийг дэмждэг, тусалдаг. Хэрвээ та бүхэн зөвхөн өөрийнхөө сайн сайхныг л боддог бол тэр чинь хэнд ч хамаагүй, тэрийгээ хүссэнээрээ л хий, бидэнд бол огт хамаагүй,  харин бусдын төлөө ямар нэгэн зүйлийг хийж чадна гэж итгэж байгаа учраас л та бүхнийг яаж ийж байгаад дэмжихийг хүсдэг.

Д.Д: Маш сайхан яриа өрнүүлсэн таньд маш их баярлалаа.

Обирин их сургууль
Д.Дуламсүрэн
2014.3.19

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*