Хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндээ алдаж буй СОНИ

СОНИ-ын том алдаа юу вэ?

Хөрөнгө оруулагчдын хувьд СОНИ-ын байр суурь

Японы алдарт СОНИ-г мэдэхгүй хүн гэж байхгүй. Шинийг бүтээгч чанарыг эрхэмлэгч СОНИ цагийн сайханд дэлхийн зах зээлд ноёрхож байлаа. Гэтэл өнөөдөр өнөөх алдарт СОНИ байгаа юу? Байгаа ч урьдынх шигээ хүчирхэг биш болж.  Асар их алдагдал хүлээж, хувьцаа нь навсайтлаа унасан нөхцөл байдалтай тулгарч байна. Алдартай хөрөнгө оруулагчдын дунд СОНИ нэр хүндээ ихээр алдаж байна. Яагаад? СОНИ-оос илүү Апплийн ирээдүй гэгээлэг байна. Япон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн компаниуд өрсөлдөх чадваргүй болж гэх зэргээр тэд  үзэж байна. СОНИ нь САМСУНГ, ХАЙЭР зэрэг шинээр хөгжиж буй орнуудын үйлдвэрүүдэд хүчээ алдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын СОНИ руу хандуулах анхаарлыг холдуулж байгаа юм.СОНИ ч гэлтгүй Япон гэр ахуйн цахилгаан хэрэглэлийн компаниудын хувьд дээшээ гэвэл АППЛИ, доошоо гэвэл САМСУНГ гэсэн 2 заагийн дунд хавчуулагдаж байгаа юм. Дээшээ гэвэл тэнгэр хол, доошоо гэвэл газар хатуу гэдэгчлэн яах ч аргагүй болсон хүнд нөхцөлд ороод байгаа юм.

Трансистор радио (трансистор ашигласан радио : Ингэснээр оврын хувьд жижгэрч, жингийн хувьд хөнгөрч, цахилгаан бага ашигладаг болсон),  Үалкман, Тринитрон (хар цагаан дэлгэцний бөмбөлөг гадаргууг хавтгай болгосон технологи), гар тоглоом зэргээрээ дэлхийн гэр ахуйн бараан зах зээлийг атгаж байсан агуу СОНИ ягаад ингэтлээ шалдаа буусан бэ?

СОНИ яагаад ийм нөхцөл байдалд унасан бэ?

Олон янзын шалтгаан байгаа боловч (иений ханшны нөлөө, Японы дотоод дахь зах зээл, өрсөлдөгч компануудын нөлөө гэх мэт) хамгийн том шалтгаан бол, маркетингийн үнэ цэнээ алдсан явдал юм. 1990-ээд онд Америк загварын байгууллагын  хуваарилалтын систем (Дивисионал организатион 事業部制 : нэг том төв компани дор олон секторт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг бүтээх тогтолцоо. Компанийг олон талаар хөгжүүлж, цар хүрээг нь тэлэх давуу талтай ч, хооронд нь нэгтгэх, зангидах, шинийг бүтээхэд хэцүү болох гэсэн сул талтай)  оруулж ирсэн явдал юм.

СОНИ гэдэг анхандаа “ШИНЭ ЗҮЙЛ ЮУ БАЙНА, ТҮҮНИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮЙЛДВЭРЛЭНЭ” гэсэн маркетингийн үнэ цэнэтэй байлаа. Технологийг голчилдог байсан СОНИ Америк загварын байгууллагын хуваарилалтыг оруулснаар, өөрсдийн гол үнэ цэнэ болох ҮЙЛДВЭРЛЭХ ЧАДВАР-аа алдаж эхэлсэн. Байгууллагын хуваарилалт ёсоор бол, ашиг олох сектор нэн тэргүүнд тавигдаж, шинийг бүтээх сектор зардал гаргах сектор гэж үнэлэгдэн, байгууллага доторх үнэ цэнээ улам алддаг. Зардал гаргадаг сектор аль болох бага зардал гаргая гэж үзэн, аливаа шинэ бүтээгдэхүүн технологи гаргая гэхэд зардал гаргагч гэж үзэн үгийг нь тоохгүй болно гэсэн үг.

СОНИ-г ийм нөхцөлд аваачсан хүн бол Нобуюки Идэй гэж үзэх хүн маш олон. Тэрээр технологийн талаар юу ч мэдэхгүй хирнээ СОНИ-ын лидерээр ажиллаж, СОНИ-г улам өргөн цар хүрээтэй компани болгохыг зорьж Америк загварын хуваарилалтын системийг оруулсан юм. Энэхүү системийг оруулснаар СОНИ тэр чигээрээ алдсан гэж бас хэлж болохгүй. СОНИ энэхүү системээр санхүүгийн болон медиа, интернэт үйлчилгээ зэрэг салбарт хүчээ үзэж, улам хүрээгээ тэлж чадсан юм.

Гэвч энд нэг бодож үзэх хэрэгтэй зүйл нь, ШИНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ ҮНЭ ЦЭНЭ болон ЦАР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭХ ҮНЭ ЦЭНЭ хоёр нь асар их ялгаатай бөгөөд хоёуланг нь нэг дор хэрэгжүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл юм. СОНИ-ын анхлан мөрдөж ирсэн БУСДААС ТҮРҮҮНД ШИНИЙГ ҮЙЛДВЭРЛЭНЭ гэсэн тэр үнэ цэнийг алдагдуулж, өөр юманд гол анхаарлаа шилжүүлж,  дээрээс нь ямар ч технологийн мэдлэггүй хүнээр лидерээ болгож удирдуулснаар өнөөгийн энэ нөхцөл байдал үүсэхгүй байх байв. Цар хүрээгээ тэлж болох ч нэг байгууллагын дор олон үзэл санаатай, олон салаа зорилготой хүмүүс ажиллах нь тийм ч амар ажил биш. Тэднийг бүгдэнг нэгтгээд амжилттай удирдана гэдэг асар хэцүү нь ойлгомжтой. Зарим нэгэн СОНИ-д ажилладаг хүмүүс хэлэхдээ СОНИ тэр цагаас хойш ямар компани гэдэг нь мэдэгдэхээ больсон гэж цохож байсан.

2014.3.18

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*