Украйнд юу болоод байна вэ?

Европ, ОХУ-г холбосон эдийн засгийн хувьд тун ашигтай байрлалтай Украйн улсад юу болоод байгааг сонирхож үзээд энэ талаар нийтлэл бичье гэж их удаан бодсон юм. Тэгээд үүнээс гарах үр дагавар дэлхий нийтэд яаж нөлөөлөх вэ? Монголчуудад энэ хамаатай юу үгүй юу гэх мэт олон асуултын хариултыг хайж олон юм уншсаны эцэст миний хайсан бүх хариулт байгаа нийтлэл нэг байсан нь явж явж өнөөх Баабарын нийтлэл байлаа. Би юу ч уншаад, яаж ч ойлгоод энэнээс илүүг нэгтгэж бичих чадал одоохондоо байхгүй гэдгээ мэдсэн учраас уг нийтлэлийг та бүхэн уншиж үзээсэй гэж энд нийтлэж байгаа юм.

Товчхондоо бол Украйны ард иргэд ОХУ-г биш Европын холбоог дагаж цаашдаа хөгжих сонирхолтой байсан боловч ерөнхийлөгч Виктор Янукович Кремльд айлчлахдаа энэ бодлыг нь талаар болгоод ОХУ-аас олон тэрбумын зээл, байгалийн хийн тогтвортой үнийн талаар гэрээ байгуулчихаад ирсэнд ард иргэд бухимдаад бөөн юм болсон хэрэг. Тэгээд жагсаал цуглаан, эсэргүүцлийн үр дүнд 5 сард дахин сонгууль явуулахаар болсон бололтой. Крымын хувьд угаасаа л Украйны мэдлийн биш газар нутаг, ард иргэд байсан нь 1990 оны ЗСБНХУ-н задралын дараа Украйнд автономит маягаар шилжсэн улс байсан юм. Оросын Ойрх дорнодыг хянах зорилготой цэргийн бааз зэрэг нь Крымд байдаг учраас энэ нь ОХУ-н хувьд эрсдэлд оруулж болохгүй тун чухал газар болгоод байгаа учраас Оросууд цэргээ оруулаад, бүх нийтийн санал асуулга явуулаад Орост нэгтгэхээр болчих шиг боллоо. Үүнээс илүү олон янзын мэдээлэл, санаа бодол их байна. Гэхдээ хүний бичсэн юмтай давхцуулж та бүхнийг чилээгээд яахав. Нийтлэлч Баабарын бичсэн урт боловч сонирхолтой, хэрэгтэй нийтлэлийг сонирхоно уу?

Олон үндэстэн ястнаас бүрдсэн, асар том цэрэг зэвсгийн нөөцтэй хоёр хөршийн дунд орших Монголчууд нүдээ аниад, чихээ таглаад өнгөрч болохооргүй сэдэв санагдсан учраас хүний нийтлэлийг хуулан байж та бүхэнд хүргэж байгаа юм шүү.

(Энэнээс бүр өмнө 1-р сард бичиж байсан нийтлэл нь маш сонирхолтой нийтлэл байсан. Сонирхсон хүн нь уншиж үзээрэй. http://baabar.niitlelch.mn/content/5778.shtml)

 Крымын хямралын Монголд үзүүлэх нөлөө

 Улс орныг хэсэглэн хуваах, өөртөө нэгтгэх, тоглоомын улс байгуулах зэрэг нь нэн эртнээс хэрэгжиж ирсэн улс төрийн үйлдэл юм. Эрт балрын үеийг эс дурдахад XVIII зууны хуучдаар Орос, Герман, Австри гурав Польшийг гурван удаагийн хэлэлцээрээр задлан хувааж аваад гуравдахь гэрээгээр тийм улс байхгүй болгож байсан. Энэ улс Вэрсалийн гэрээгээр 1918 онд дахин газрын зураг дээр буй болсон боловч 1939 онд Риббэнтроп-Молотовын гэгдэх гэрээгээр дөрөвдэх удаагаа устан Орос, Германы хооронд хуваагдан алга болж байлаа. Финландын Карелийн хойгийг Ленинград хоттой хэтэрхий ойр байна гэдэг шалтгаанаар 1939 онд дайн хийн зөвлөлтүүд булааж авсан ба энэ нь 1945 онд Ялтын гэрээгээр ялагч гүрэн ЗХУ-ын саналаар тэр чигтээ батлагдсан. Курилын дөрвөн арал гэгдэх Японы эзэмшил нутаг ямар ч олон улсын гэрээгээр батлагдаагүй боловч хүчирхэг ялагч гүрний өөдөөс хэн ч, яаж ч чадахгүй учир одоо болтол Оросын мэдэлд байгаа.

Панам хэмээх тусгаар улс буй болсон нь Номхон ба Атлантын далайг холбосон сувгийн үр дүн юм. Брүнэй хэмээх тусгаар хаант улс бол Британий “Бритиш пэтролиум” хэмээх төрийн мэдлийн нефтийн компаний бүтээл. Колони орнууд өөрийн жамаар салан тусгаарладаг нь жам ёсны үзэгдэл. Ердөө гуравхан хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улстай байсан Африк өдгөө бие даасан 50 улстай боллоо. Хамгийн сүүлд ЗХУ задран 15 тусгаар улс боллоо. Югослав тарж 7 тусгаар улс боллоо. Чехословак хуваагдсан. Гэтэл үүний зэрэгцээ эрх ашгийн хуваарилалтаар зохиомол улс ч буй болгодог үзэгдэл гарах болсон. Сербийн нутагт лалын шашинт албаничууд олон жилийн турш дүрвэж ирдэг байв. Югослав задрангуут цагаач албаничууд тусгаарлана хэмээн дөвчигнөсөн нь НАТО болон АНУ-ын дэмжлэг хүлээн тусгаар улс гэсэн статусыг тэдний зүгээс хүлээжээ. ХХ зууны геополитикт үл нийцэх ийм бусармаг жишиг буй болгосон нь эргээд бусад хүчирхэг орнуудад барьцах сэдэл буй болгосны жишээ гэвэл 2008 онд Гүржийн уугуул нутаг дахь цагаач осетин, абхаз үндэстэнд өөрийгөө тусгаарлах бололцоо олгосон юм. Ийм жишээ 1939 онд зөвлөлтүүд Румынээс булаан авсан Молдовт давтагдан, орос цэргийн хамгаалалтад Днестрийн бүгд найрамдах улс хэмээх тоглоомын улсыг буй болгожээ. Япончууд 1934 онд Зүүн хойд Хятадын нутагт Манж Го хэмээх тоглоомын улс буй болгосон нь хожим Хятадтай дайн хийх гол түшиц газар нь болжээ.

Одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол Крымын хойг. Энэ сарын 16-ы өдөр Крымын оршин суугчдаас Оросын холбоонд нэгдэх бүх нийтийн санал асуулга болох ба үр дүн нь нэгэнт тодорхой учир Оросын Дум Крымыг өөрийн болгох асуудлыг үүнээс тав хоногийн дотор батлан хуульчлахаар товлочихоод байгаа. Орос Украины зөрчил ямархуу үр дүнд хүрэх вэ?
Крым Орост нэгдэж, хариуд нь Украин НАТО-ын гишүүн болж, Европын холбоонд нэгдэнэ. Энэ бол эхний хувилбар. Крымыг тоглоомын тусгаар улс болгоно гэсэн хоёр дахь хувилбар байна.
Хуучны статус кво хадгалагдаж юу ч өөрчлөгдөхгүй гэсэн гурав дахь хувилбар.
Үүнээс хамгийн магадтай нь эхний хувилбар юм. Крымын жижиг хойгоос болж дайн гарах магадлал бага. Цэрэг зэвсгийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг орны нэгд тооцогдох Орос улсын эсрэг өрнөдийнхөн юу ч хийж чадахгүй. Энэ үнэ цэнэ багатай жижиг нутгаас болж цөмийн аюул дуудах нь хэтэрхий өртөгтэй, аюултай тоглоом.

Асуудал Оросын уламжлалт империалист үзэл санааны ялалтаар дуусдаг байж. Гэтэл үүний үр дүн яаж үргэлжлэх вэ? Өнөөгийн дэлхий бол 1943-1945 онд болсон Каир, Тегеран, Ялт, Подстамын гэрээний үр дүн юм. 1973 оны Хелсинкийн гэрээ, 1990 онд хүйтэн дайн зогссоны учир хийгдсэн олон улсын ба хоёр талын олон цуврал гэрээ зэрэг нь дэлхийн дайны дараа хийгдсэн тохиролцоонд зохих засвар оруулсан боловч үндсэн үзэл санаа нь хадгалагдсаар яваа. Дэлхий нийтээр баримталж буй энэ баримтлал Крымын санал асуулгаар хүчингүй болж хүн, төрөлхтөн дундад зууны жишиг рүүгээ орох үр дүн эндээс харагдаж байна. Хэрэв алив газар нутагт байгаа үндэстний болон шашин, уламжлалын цөөнхийг санал асуулгаар тусгаарлана гэвэл манай дэлхийд эгшин зуур 800 орчим шинэ тусгаар улс үүснэ хэмээн судлаачид тооцоолжээ. НҮБ-ын барилга байгууламж хаанаа ч хүрэхээ болих нь л дээ.

Өнөөдөр Оросыг илээр дэмжиж байгаа нэг ч орон байхгүй. АНУ-ын эсрэг нэгдсэн фронтод хамаарч байгаа Хятад, Оросын дэмжлэгээр хүчирхэг статуст багтахыг мөрөөдөгч Энэтхэг зэрэг хүчирхэг гүрнүүд байтугай хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас өдгөө үнэнч вассалийн харилцаанд байгаа Беларусь, Казахстан хүртэл дуугаа хурааж байна. Үндэстний болоод шашин, уламжлалын цөөнхтэй орон болгон энэ шинэ жишгийг дэмжих нь өөрт нь тун аюултай нөлөө үзүүлэх учир байр сууриа илэрхийлэхээс айж байгаа юм. Хэдийгээр Кремлийн эрх баригчид энэхүү үзүүлэн тоглолтоо АНУ тухайн үедээ Гренад, Ирак, Ливи, Афганистанд халдсантай зүйрлэн тайлбарлаж байгаа боловч эдгээр халдлага нь газар нутаг булаан авах зорилго огтоос агуулж байгаагүй учир Оросын шинэ жишиг улс орон болгонд аюултай дохио өгч байгааг ойлгож буй.

Хэрэв Обама хэлсэндээ хүрч Крымын хямралын дараа Оросыг эдийн засгийн хувьд дарамтлан хориг тавьж үүндээ Европын орнуудыг татан оролцуулах юм бол энэ нь юун түрүүн Хятадад тун ашигтай тусна. Ийм хориг арга хэмжээнд хятадууд оролцохгүй нь тодорхой. Оросын Европ руу гаргаж буй байгалийн баялаг, түүхий эдийг Хятад бүхлээр нь шингээж чадна. Хятадын хэмжээ хязгааргүй том зах зээл нь Оросын экспортын хувьд Европыг бүрнээ орлож чадна. Европ түүхий эдийн хувьд гачигдалд орох бол Хятад энэ талаар бялхана. Одоо дөнгөж 80 гаруйхан тэрбум доллар байгаа хоёр орны худалдаа эгшин зуур хэд дахин өснө. Энэ бол сүүлийн үед улам саарч буй Хятадын эдийн засгийн өсөлтөд том аврал болох буй зээ.

Гэвч асуудлын нөгөө тал нь Хятадад тун халгаатай. 2000 оны сонгуулиар Тайваний төрийн эрхэнд гарсан Чэнь Шуйбин ард иргэдээсээ тусгаар улс болох санал асуулга явуулж ихэнхийх нь дэмжлэгийг хүлээж, улмаар НҮБ-аар зөвшөөрүүлэхээр хөөцөлдөж байсан. Энэ бол “нэг Хятад” хэмээх Бээжингийн бодлогод том цохилт болох байлаа. Тайваний ард түмэн тусгаар тогтнолын төлөө байсан. Ийм санал асуулга явуулах гэж байгаа бол олон улсын жишгийг дагуу нийт Хятад улсыг хамруулан санал асуулга явуулах ёстой гэж Бээжингийн зүгээс албан ёсоор мэдэгдэж байв. Гэвч эдийн засгийн хувьд интеграцид орчихсон тул Дэн Сяопиний нээлттэй бодлогоос хойш тайваньчууд АНУ-аас гэхээсээ эх газрын Хятадаас хамааралтай болжээ. Гоминьданы төлөөлөгч Ма Иньжоу энэ байдлыг ойлгож Хятадтай дайсагнах, тусгаар тогтнол зарлахаас зайлсхийх бодлого баримталснаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. 2049 он хүртэл өнөөгийн статус квог хадгалах гэрээ хийсэн. Үүний хариуд Бээжин Тайванийг гол дайснаа гэж үзэхээс татгалзаж эдийн засгийн, тэрбайтугай улс төрийн харилцаагаа хэвийн болгож ах дүү шиг харилцах болжээ. Хятад Крымын асуудлыг дуу шуугиантайгаар дэмжвэл Тайвань асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэхээр сөргүүлэн тавих эрхтэй болно. АНУ болоод Европын зүгээс Төвдийн асуудлаар сэтгэл санааны эв нэгдлээ байнга илэрхийлдэг. Хэрэв Хятад Крымын хэргийг дэмжих юм бол өрнөд болон АНУ-ын зүгээс Төвдийн тусгаар тогтнолыг Төвдийн автономит бүсд оршин сууж буй иргэдийн санал асуулгаар шийдэхийг шаардан, эрх зүйн маргаан дэгдээх нь утга учиртай, логиктой болох юм. Төвдийн асуудлын араас юун түрүүн Шинжаан Уйгарын маргаан шууд үүснэ. Энэ үүднээс нь үзвэл Крымын хямрал нь Хятадад ашигтай гэхээсээ хортой тал нь давамгайлна. Энэтхэгт ч ялгаагүй. Тэдэнд хоолойд нь тулаад байгаа асуудал бол Халистаны салан тусгаарллын хийрхэл. Хэрэв Энэтхэг нь Британы колони байгаагүй бол энэ нутагт хамгийн багадаа 60 тусгаар улс буй болох байсан. Гэтэл дэлхийн дэг журам өөрчлөгдөн дундад зуун руугаа орвол “formar Indian” гэсэн (“Formar Yugoslavian” гэсэн албан ёсны тодорхойлолт бүхий нэртэй улс бий шүү дээ) албан нэртэй 60 байтугай улс шинээр үүснэ.

Крымын хямрал Монголд яаж нөлөөлөх вэ? Монгол бол дэлхийн II дайны төгсгөлд шинээр буй болсон дэг журмын дагуу тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн улс. Нэгдүгээрт, дэлхийн дайнд оролцож ялагч гүрнүүдийн талд зогссон, хоёрдугаарт, Ялтын гэрээгээр статус квогоо дэлхийн бодлого тодорхойлогч их гүрнүүдээр зөвшөөрүүлсэн, гуравдугаарт, Монголын тусгаар тогтнолыг юун түрүүн зөвшөөрөх ёстой ялагч хоёр том гүрний тохиролцоогоор Монголын ард түмэн өөрийн тусгаар тогтнолыг санал асуулгаар (референдум, плебисцит гэсэн хоёр үг нь ялгаатай, 1945 онд Монголд референдум биш плебисцит болсон юм) илэрхийлсэн билээ. Дэлхий хуваагдаж хэн нь хэндээ харъяалагдахыг нэгэнт тогтчихсон ертөнц. Тиймээс хуваагдлаас өмнө амжиж зөвлөлтүүд 1944 онд Туваг өөртөө нэгтгээд үүнээ олон улсын төвшинд баталгаажуулсан. Нэгэнт хуваагдсан дэлхийн шинэ дэг журмыг ойлгоогүй Цэдэнбал улс орноо Зөвлөлттэй нэгтгэхээр 1944, 1949, 1953 онд онд гурван удаа өргөдөл хүсэлт барин гүйсэн боловч оросуудад энэ санаархлынхаа төлөө зад загнуулан няцаагдсан. Чухам дэлхий хуваагдлаа хийчихсэн учир 1952 онд Маогийн чөлөөлөх арми Төвдийг эзлэн авахад өөрсдийгөө олон жил дэлхийгээс тусгаарлан нүдээ аньж, чихээ бөглөж суусан төвдүүд өөрснөө л шоконд орсон болохоос хорвоо тэр чигээрээ энэ үйлдлийг олон улсын гэрээ хэлэлцээрт таарч тохирсон хууль ёсны үйлдэл хэмээн хүлээн зөвшөөрч байлаа.

Крымын хямрал гүнзгийрч Өрнөдийн хориг хэрэгжиж эхэлбэл Орос Хятадын худалдаа огцом өргөжин, хаялгад нь өдгөө ихээхэн доройтоод байгаа Монголын эдийн засаг сэхэх бололцоо гарч болох юм. Хятад нь Оросоос юун түрүүн байгалийн хий, газрын тос, эрчим хүч их хэмжээгээр импортлох шаардлагатай. Ялангуяа байгалийн хийн хэрэгцээ яаралтай хэрэг болж байна. 2018 он гэхэд нүүрсээр ажилладаг станцуудынхаа 20 хувийг шинэчлэн, агаарт цацаж буй нүүрс хүчлийн дутуу ислийн хэмжээг эрс багасгахаар төлөвлөн нэгэнт ажлаа эхэлсэн тэдэнд байгалийн хий өнөө маргаашгүй их хэмжээгээр шаардлагатай болсон. Эрхүү орчимд буй Ковыктайн хийн ордыг ашиглалтад оруулан урагш хоолойгоор тээвэрлэх төсөл янз бүрийн шалтгаанаар хойшилсоор 20 жил боллоо. Одоо Якутск, Эрхүүг хамарсан хий дамжуулах “Сила Сибири” гэсэн аварга төсөл хэрэгжиж эхэлж байна. Жилийн дараа хэд хэдэн ордоос татсан хоолой Эрхүүд төвлөрөх ба үүнээ Манжуур болон Казахстанаар дамжуулан Хятад руу гаргахаар төлөвлөж буй. Энэ хоёр зам аль алин нь дөрвөн мянган км ба уул нурууд туулах учир асар их өртөгтэй бол Монголоор дайрахад тал газраар хоёр дахин бага зам туулж тэр хэрээрээ хоёр дахин хямд ба түргэн байх болно. Хятадын яаралтай хэрэгцээ, Өрнийн хориг энэ хоолойг Монголоор дамжуулах, улмаар эрчим хүч, нефтийг мөн дайруулах зэрэг эдийн засгийн таатай нөхцөл үүсч болох юм.

Гэвч аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний эв нэгдэл гэх мэт амин асуудал байна. Улс орон задрах, салан тусгаарлахад үндэстний, шашны, уламжлалын ялгаанаас илүү сэдэл өгдөг зүйл бол байгалийн баялаг, газар зүйн онцлог байрлал байдаг. Үүнээс болж салан тусгаарласан маш олон жишээ бий. Крым тусгаарлаж байгаа нь тэнд нефтийн орд нээгдсэн, нөгөө талаас Хар тэнгисийн стратегийн ашигтай байрлал гэсэн гол хоёр шалтгаанаас үүдэлтэй. Тусгаарлах, нэгтгэх зэрэг хүчирхэг гүрний сонирхол юун түрүүн нутгийн “сүгсэлзүүрүүд” дээр тогтон тэднийг л сүгсэлзүүлж ашигласнаар эхэлдэг. Ийм сэдэл байх аваас галыг нь гаднаас нь өрдөж санхүүжилтийг нь хангана. Киевийн зүгээс Крым рүү бүх санхүүжилтээ хаасан бол үүнийг одоо Москвагаас ханган нийлүүлж байгаа, гэхдээ гурав дахин их. Крымын иргэд урьдахаасаа гурав дахин их цалин тэтгэмж хүртэх боллоо.

1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баруун таван аймгийг тусгаарлан тусдаа ерөнхийлөгчтэй болох тухай яриа шуугиан зарим сүгсэлзүүрээс гарч байсан. Тоглоом шоглоом шиг сонсогдож байсан тэр яриа гадны хүчирхэг гүрний сонирхол татах аваас цааш ноцож болох сэдэв. Өмнөговь аймгийн дарга “Өмнөговийн байгалийн баялаг бол өмнөговийн ард түмний өмч учир зөвхөн өмнөговьчууд ашгийг нь хүртэх ёстой” хэмээн төрийн бодлоготны өндөр эрх тушаалын нэрийн өмнөөс ёслол төгөлдөр мэдэгдэж байлаа. Энэ бол зүгээр нэг гудамжны сайн дурын уран сайханч сүгсэлзүүрийн үг биш шүү. Орон нутгийн засаг захиргаанаас албан ёсоор баталсан “Увс хүн” хөтөлбөрт увс хүнийг генийн тусгай зохицол байгууламжтай онцгой хүн учир нийт монголчуудыг дагуулан урагшлуулах нигуртай тухай маш тодорхой өгүүлсэн байдаг. Тэнэг жишээ халдвартай байдаг. Хэрэв Крымын явдлаар дамжин тухайн орон нутаг дахь иргэдийн санал асуулгаар тусгаарлах, бие даах, бусдад дагаар орох асуудал жишиг болох аваас…

2014.03.24
Sugar feat Baabar

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*