“PS4″ “Sony”-г аврах уу?

 “Sony”-ийн шинэ консол тоглоом болох “PlayStation4″ (цаашид “PS4″ гэх) Хойд Америк, Европ, Азийн орнуудад худалдаанд гарч, 5.3 сая хувийг борлуулж чадаж зорилгоо даван биелүүлсэн байна. 2 сард Японд худалдаанд гарсан бөгөөд хэрэглэгчдийн сэтгэгдэл маш өндөр байгаа аж. “Sony” олон жил хэрэглэгчдээ хүлээлгэсний эцэст “одоо л нэг сэтгэл догдлуулсан бүтээгдэхүүнийг гаргаж чадлаа” гэж хэрэглэгчид нь үнэлж байна. “Sony” нь энэ удаа “Facebook” зэрэг Олон Нийтийн Сүлжээний Системийг (цаашид “SNS”) ашиглан бүтээгдэхүүний танилцуулгаа явуулахаас гадна тоглонгоо интернэтэд холбогдох боломжтой болсон нь тоглоом сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм. Үнэ нь ч хэрэглэгчдийн хувьд боломжийн 399 доллараар худалдаалагдаж байгаа юм. (“XboxOne”-с 100 доллар хямд) Өрсөлдөгчөөсөө 100 доллар хямдаар шинэ сор бүтээгдэхүүнээ зарна гэдэг бол маш том зоригтой бөгөөд эрсдэлтэй алхам. “Sony” “PS4″-д “PlayStation Plus” хэмээх төлбөртэй гишүүнчлэлийн үйлчилгээг нэвтрүүлж нэгэн орлогын эх үүсвэрээ нэмсэн нь томоохон хөрөнгийн үүсвэр нь болж байгаа юм. Цаашдаа ч худалдан авалт нилээд өсөх хандлагатай байна.
Сүүлийн уед ухаалаг гар утасны тоглоом ихээр хөгжиж, консол тоглоомын эрин үе дуусах шатандаа орж байсан юм. “PS4″ гарч ирснээр консол тоглоомын эрин үеийг дахин авчрах таамаглал ч гараад байгаа аж.

“Sony”-д тулгарч буй асуудлууд

(1) Ашигтай ажиллаж чадах эсэх?

“PS4″ богино хугацаанд “Sony”-г ашигтай ажиллах хэмжээнд хүртэл өсгөж чадахгүй юм. Өдгөө “Sony” нь зурагтын салбарт асар хүнд нөхцөл байдалд байгаа бөгөөд аль хэдийн орон тооны цомхотгол явуулж, зурагтын салбараа дотор нь хуваан жижиглэж, компьютерийн салбараа зарж эхэлж байгаа. Энэ хүнд нөхцөлд “PS4″ маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. “PS4″ борлуулалт сайн байлаа ч 2014 оны 3 сард л гэхэд “Sony” 110 тэрбум иений алдагдалтай ажиллаж байгаа. Энэхүү шархыг нөхөж, ашигтай ажиллах чадах нь маш хэцүү нь ойлгомжтой. “Sony”-ийн хувьд хамгийн аюултай байгаа салбар бол гэр ахуйн цахилгаан хэрэгслийн бараа болон хөгжмийн салбар бөгөөд асар их хэмжээний алдагдлыг хүлээгээд байгаа юм. Энэхүү салбарыг маш хурдан зогсоох хэрэгтэй. Хирай захирал аль хэдийн зурагтын салбарыг дотор нь задалж, компьютерийн салбарыг зарж, 5000 хүний орон тооны цомхотгол явуулахаа зарласан. Эдгээр нь алдагдлаа түр зуур зогсоох нэгэн аргаас л хэтрэхгүй бодлого юм. Ганц энэ хэдэн бодлогоор зардлаа багасган ашигтай ажиллаж чадахгүй. Өөр хэрэгтэй зүйл бол нэн тэргүүнд ашигтай ажиллах салбарыг байгуулах ажил юм.
“Sony” электроникийн салбартаа (1) тоглоом (2) ухаалаг гар утас (3) дижитал имидж гэсэн 3 багана дээр тулгуурлаж байгаа. Энэхүү 3 баганаар уламжлалт хүчирхэг салбар болох электроникийн салбартаа ашиг олохыг эрмэлзэж байгаа аж. Энэ удаагийн “PS4″ “Sony”-д маш том гэрэл гэгээг авчирч байгаа ч “PS4″ нь электроникийн салбарын ердөө ганц л баганаас хэтрэхгүй. Бусад тулгуур баганаа ч ашигтай ажиллуулах хэрэгтэй байгаа. Гэвч “Sony” бусад салбартаа тодорхой хэмжээний мэдэгдэхүйц өөрчлөлтийг гаргаж чадахгүй л байна. Нэн ялангуяа ухаалаг гар утасны салбарт бол их ирээдүй муутай байна. Ухаалаг гар утасны салбар нь хойшид ч улам өрсөлдөөн ширүүсэх талбар ба “Sony” ухаалаг гар утасны салбарт эзлэх зах зээлийн хэмжээгээрэээ дэлхийн том 5 компанид ч орж чадахгүй байгаа. Мөн “Sony” нь зурагтын салбараа дотор нь задалж байгаа ч цаашдаа хаа нэгтээ зарах нь ойлгомжтой. Мэргэжилтнүүд зурагтын салбартаа эртнээс шийдэмгий арга хэмжээ авах байсан ба одоогийн авч буй арга хэмжээ нь оройтсон гэж үзэж байна.

(2) Ухаалаг төхөөрөмжний тоглоом

Сүүлийн үед тоглоом сонирхогчид ухаалаг төхөөрөмж руу шуурч буй. Тоглоом зохиогчид ч ухаалаг төхөөрөмжинд илүү тоглоом бүтээж эхэлсэн. Ер нь тоглоом зохиогчид консол нь 10 саяас дээш хувь борлогдоход тухайн консолд зориулсан тоглоомыг зохиодог аж. “PS4″ тэрхүү 10 сая давтлаа зарагдах уу гэдэг эргэлзээ ч бий. Хэрэв хүрэхгүй бол” PS4″-т зориулсан тоглоом ховордож хэрэглэгчдээ алдах том аюул бий. “PS4″ нь “Sony”-ийн хувьд хамаг технологийн шинэ шийдэл, хүч чадал, авьяасаа шингээсэн бүтээгдэхүүн болох нь гарцаагүй. Гол нь цаашдаа хэрхэн хэрэглэгчдийн хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанарыг хадгалж явах вэ гэдэг нь чухал болоод байна.

(3) Компанийн соёлоо эргүүлэн дэлгэрүүлж чадах уу?

Үнэндээ “Sony”-ийн туулсан замнал гадны орны бизнес сургуулиудад ашиглагдахуйц том үлгэр жишээ юм. Дайны үнсэн товоргон дундаас гарч ирсэн жижиг компани 40 жилийн дотор дэлхийд нэртэй компани болж чадсан юм. Үүний гол нууц нь “дэлхийд хамгийн шинэ зүйлийг хамгийн түрүүнд” хэмээх эрхэм зорилго, гайхалтай технологийн чадвар. Транзистрадио, өнгөт зурагт, “Walkman”, “Playstation” зэргийг гаргасан том хүч нь эдгээрт оршиж байсан юм. Гэвч 1995 онд Идей Нобуюки захирлаар томилогдсоноос хойш “Sony” ихэд өөрчлөгдсөн. Богино хугацааны ашиг олохыг эрмэлзсэний үр дүнд урт хугацаа зарцуулж байж гардаг шинийг бүтээх гэсэн салбараасаа илүү хормын дотор ашиг олчих санхүүгийн салбар зэргийг голчилсон юм. Өдгөө “Sony”-ийн хувьд хамгийн ашиг олж байгаа салбар бол амь насны даатгал болон санхүүгийн салбар юм. Өнөөх шилдэг технологийг бүтээдэг “Sony” маань ийнхүү байхгүй болсон юм. “Sony” үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш голчилж ирсэн цөм болох “Шинийг бүтээх” хэмээх соёлоо ийнхүү алдсан юм. Идей Нобуюки захирал болон түүний дараах захирал Howard Stringer хоёрын үед “Sony” ийн “шинийг үйлдвэрлэгч” гэсэн статус байхгүй болов. Улмаар “Sony” цахилгаан хэрэгслийн салбарт ялагдал хүлээсэн юм. “Sony” дахин “Шинийг бүтээх” соёлоо сэргээж чадахгүй л юм бол цаашдаа хүндхэн л ирээдүй хүлээж байгаатай эдийн засагчид санал нийлж байгаа юм. “PS4″ дангаараа “Sony”-г аварч чадахгүй. “Sony”-г аврахын тулд “Sony”-ийн хувьд хамгийн хүчирхэг, хамгийн чухал салбараа хөгжүүлэх нь нэн чухал юм.

О.Баярсайхан
Шиншү их сургууль, Эдийн засгийн факультетийн төгсөгч
2014 он 03 сарын 31 өдөр

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*