Дэлхий Дахинд: Афганистаны Сонгууль

electionӨнөөдөр Сирийн иргэний дайн, Украйн дахь үймээн, Афганистаны ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт  асуудлууд дээр дэлхий нийтийн анхаарал төвлөрөөд байгаа билээ.

Харин энэ удаагийн нийтлэлээрээ Афганистаны сонгуулийн талаар товчхон мэдээлэл хүргэхийг зорилоо.

АНУ-аар удирдуулсан эвслийн цэргүүд “Талибан”-ы засаглалыг түлхэн унагасан 2001 оноос хойш 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төр барьсан ерөнхийлөгч Хамид Карзайн залгамжлагчийг тодруулах сонгуулийн санал хураалт 4-р сарын 5-ны өдөр болж өнгөрлөө.

Гэвч энэхүү сонгуультай зэрэгцээд Афганистан дахь эмх замбараагүй байдал хурцдаж, зэвсэгт халдлага, дэлбэрэлтүүд ар араасаа болсоор байна.

Учир нь тус улсад энхийг сахиулж байсан эвслийн улс орнууд цэргүүдээ эргүүлэн татаж, тоо нь улам бүр буурч буй энэ үед лалын шашинт Талибанчуудын хүч нөлөө ч сэргэж эхлээд байгаа юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаад улсуудын хуйвалдаан гэж үзэж буй Талибанчууд сонгуулийн үеэр халдлага үйлдэхийг босогчдодоо уриалаад зогсохгүй жирийн иргэд, айл өрхүүдэд “Сонгуульд оролцвол амьгүй гэж мэдээрэй” гэсэн сүрдүүлэх бичиг хүртэл тараасан байна.

Сонгуулийн санал хураалтын албан ёсны өдөр болох 4-р сарын 5-нд Талибанчуудын хариуцлагыг өөр дээрээ авсан нийт 140-н том жижиг дэлбэрэлт халдлагууд болж 20 орчим хүн амь насаа алджээ.

Гэсэн хэдий ч амь насаараа дэнчин тавин байж сонгуулийн хороог зорьж саналаа өгсөн иргэдийн тоо 5-н жилийн өмнөх сонгуулийн ирцийг давж гарч чадсан байна.

4-р сарын 13 ны өдөр сонгуулийн  хорооны мэдээлснээр санал хураалтыг тоолох ажил ид дундаа явж байгаа боловч нэр дэвшигч дундаас Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла, Сангийн сайд асан Ашраф Гани нар саналын хувиараа эхний 2 байранд явж байгаа аж.

Сонгуулийн нэгдсэн үр дүн энэ сарын 24 нд урьдчилсан байдлаар зарлагдах ба  5-р сарын 14-нд эцэслэн батлагдах юм байна.

Xарин сонгуультай зэрэгцээд эргэн хүчээ авч буй Талибанчууд…

Яагаад 13-н жилийн өмнө нуран усан гэгдэж байсан Талибаны хүч дахин сэргэх болов?

– Бүхэл бүтэн 13 жил өнгөрсөн ч гэлээ одоог хүртэл улс орон туйлдсан хэвээрээ байна гэсэн иргэдийн бухимдал

– Талибаны үед эрх чөлөө хязгаарлагдмал байсан ч улс орон эмх цэгцтэй байсан одоо xарин …гэх зарим иргэдийн дургүйцэл

– Хамид Карзайн засгийн газрыг тойрсон хээл хахуулийн асуудал

-Талибанд нэгдэхээс өөр аргагүй байдалд орсон (сүрдүүлэг) зэрэг асуудлаас үүдээд Талибанд хүчин зүтгэх хүмүүс нэмэгдэж байгаа гэгдэж байна

Гэтэл яг ийм эгзэгтэй үед Эвслийн хүчний сүүлийн 51000 цэргийг НАТО энэ оны эцэс гэхэд татан авч, “Талибан”-тай тэмцэх үүргийг Афганистаны цэргийн хүчин дангаар хүлээх болоод байгаа юм.

Ийм учраас Афганистаны нутаг дэвсгэрээс олон улсын цэргийн хүчин гарч явсны дараа алслагдсан хот тосгодын иргэдийг хамгаалуулах зорилгоор АНУ-н санаачилга, хөрөнгөөр “Орон Нутгийн Хамгаалах Бүлгэм”(Afghanistan Public Protection Force, 自警団) гэх жижиг хэмжээний зэвсэгт бүлгэмүүдийг бэлтгэж байна.

Энэ төслийн хүрээнд жирийн иргэдийг богино хугацааны цэргийн сургуулилтанд хамруулан, зэвсгээр хангаж байгаа бөгөөд энэ дунд тосгодын иргэдийг хамгаалах биш дарамталж үймээн үүсгэж эхлээд байгаа бүлэглэл ч гарч эхлээд байна.

Орон нутгийн хамгаалах бүлэглэл нэрийн дор хүмүүсийг зэвсгээр хангах нь эргээд  дотоодын мөргөлдөөн дахин  үүсэх  үндэс болж магадгүй гэдгийг олон улсын зарим байгууллага анхааруулж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс Орон нутгийн хамгаалах бүлэглэлүүд нь Талибанчуудаас иргэдийг хамгаалахад ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэж үзсээр байгаа юм.

Энэ мэтчилэн Талибаны засаглал нураад 13 жил болсон Афганистанд өнөөдөр ч байдал хүндхэн байна. Магадгүй энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс Афганистаны цаашдын ирээдүй ихээхэн шалтгаалах ч, ард түмнээс хэр шудрага болсон гэж үнэлэгдэж чадахаас илүү их зүйл хамаарах буйзай.

Э.Хонгорзул

Эх Сурвалж:

http://www.nhk.or.jp/gendai/kiroku/detail_3479.html

http://www.asahi.com/articles/ASG4F6VXXG4FUHBI00M.html

http://www.afghanistan-un.org/

Хуваалцах
Баяраа
About Баяраа 85 Articles

Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж явах хүсэлтэй нэгэн. Эдийн засаг, менежмент, санхүүгийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаарх нийтлэл бичдэг. Хорвоо ертөнцийн ярвигтай асуудлыг энгийнээр ойлгомжтойгоор хүргэхийг зорьдог.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*