STAP эс гэж үнэхээр оршдог уу?

Stap

 

Та бүхэнд 1 сарын 30-ны дугаартаа STAP эсийн талаар мэдээллэж байсан билээ. Энэ нь Японы томоохон судалгааны төв болох Рикэний эрдэмтэн, судалгааны хэсгийн дарга Обоката Харүкогийн нээлт байсан бөгөөд уг нээлтийн судалгааны ажил дээр асуудал гарсан талаар та бүхэн сонссон биз ээ. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ үүний талаар бичье гэж бодлоо.

STAP эсийн талаарх судалгааны ажил нь анх 1 сарын 29нд шинжлэх ухааны дэлхийн хамгийн том сэтгүүл болох Nature сэтгүүлд нийтлэгдсэнээр нэг өдрийн дотор дэлхий дахиныг шуугиулаад авсан юм. Уг нийтлэлийн агуулга нь энгийн нас бие гүйцсэн эсийг хүчиллэг орчинд байлгах болон физик цочрол өгөх гэсэн энгийн аргаар үүдэл эс үүсгэх талаар байсан юм. Мөн энэхүү үүдэл эс нь iPS эсээс ч илүү чадварлаг тул нөхөн сэргээх эмчилгээнд томоохон дэвшил авчрах нээлт гэж үзэгдэж байсан юм. Гэвч уг эрдэм шинжилгээний ажил нь хэд хэдэн асуудалтай байгаа талаар хожим нь(2 сарын 17) Nature сэтгүүлд нийтлэгдсэн юм. Энэхүү нийтлэлд Обоката гуайн судалгааны ажлын өгүүлбэр өөр хүний судалгааны ажлаас хуулсан байгаа болон оруулсан зураг нь асуудалтай байна гэсэн хэд хэдэн асуудал, мөн үүдэл эсийн талаар мэргэшсэн эрдэмтэд Обоката гуайн аргаар STAP эс хийх гэж үзсэн ч болохгүй байсан талаар бичсэн байсан юм. (Хүчиллэг орчинд оруулаад эсүүд нь шууд үхсэн бололтой) Иймээс уг асуудлын үнэн зөвийг шалгахаар Рикэнээс судалгааны хэсэг гаргаж, 6н асуудлын талаар шинжлэн 2 удаа олон нийтэд тайлан тавьжээ. 2 удаагийн тайлангийн эхнийхэд нь 6 асуудлын 2-г санаатай бус гэж үзэн хасаж үлдсэн 4н талаар нарийн шинжилгээ шаардлагатай гэж тайлагнажээ.

AJ201401310183M

Үлдсэн 4 нь судалгааны ажлын аргын (судалгааны ажил нь abstract, introduction, method, results, discussion зэрэг хэсгээс бүрдэнэ) хэсэгт бичсэн өгүүлбэр өөр хүний судалгааны ажлаас хуулсан, судалгааны агуулгатай зөрсөн, ДНХ-н электрофорезын зурганд өөр зурагнаас хайчилж наасан, уг судалгаатай хамааралгүй докторын ажлынхаа зургийг оруулсан гэсэн асуудлууд юм. Сүүлийн тайлангаар эхний 2 асуудал нь нотлох зүйл байхгүй тул хасагдаж сүүлийн 2-г санаатайгаар үйлдсэн гэж үзэгдсэн байна. Тиймээс STAP эсийг үнэхээр хийж чадсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Сүүлд үлдсэн 2 асуудлын эхнийх нь электрофорезын зургийн нэг баганыг тасдан өөр зурагны тэр хэсгийг оруулан эвлүүлсэн байсан бөгөөд Обоката гуай үүнийгээ ямар нэгэн асуудалтай зүйл гэж үзээгүй хэмээн тайлбарлажээ. Нөгөө зурган дээр нь илүү цэвэрхэн гарсан болохоор зургаа эвлүүлсэн гэжээ. Иймэрхүү туршилт үнэхээр ярвигтай байдаг бөгөөд маш цэвэрхэн үр дүн гаргаж авах нь хэцүү юм. Гэсэн хэдий ч тийм эвлүүлэг хийж болохгүй гэдэг энгийн оюутан хүн ч мэдэх зүйл юм. 2дахь асуудлын талаар санаандгүй буруу зургаа оруулсан гэжээ. Мөн  судалгааны ажил дээр иймэрхүү асуудлууд гарсан ч STAP эс нь үнэхээр байдаг бөгөөд  STAP эсийг хийх арга нь зохиогчийн эрх зэрэг асуудлын улмаас зааж өгч чадахгүй гэж байгаа юм байна.

Мөн шинжилгээний явцад Обоката гуайн судалгааны ажлын дэвтэр нь 3хан ширхэг байсан бөгөөд туршилтынхаа үр дүнг компьютертээ хадгалдаг байсан бололтой. Энэ нь бусад судлаачдаас үзэхэд байж боломгүй зүйл бөгөөд судалгааныхаа ажлыг дор бүр нь он сар өдөртэй тэмдэглэж үр дүнгээ тэндээ бичиж явах ёстой юм. Энэ дэвтэр нь байгаагүй тул хэзээ STAP эс олдсон зэрэг тэмдэглэл байхгүй болохоор уг судалгаа нь үнэн бус гэж үзэгдэж байгаа юм байна.

2014.04.16

Ө.Нарандулам

Эх үүсвэр: Nature сэтгүүл,
Зураг:http://blog.miraikan.jst.go.jp/topics/20140130stap.html

Хуваалцах

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*