Гар утастайгаа ХАМТ УНТАХ зөв үү?

10270149_640578139330524_934226836_nТехнологийн хурдацтай хөгжлийг дагаад хүн төрөлхтний хэрэгцээ шунал ч замбараагаа алдаж, ухаалаг утас, таблет хэрэглэдэггүй хүн, хясдаггүй залуус үгүй болжээ. Ямар сайндаа 3 настай дүү маань аав, ээж, ах эгчийнхээ ухаалаг утасны тоглоомонд автаад, сав л хийвэл нэхэж, 4 инчийн дэлгэцийг цаг наргүй ширтэн сууж байхав. Баярлалаа “Алимхан”1 минь, баярлалаа “3 од”2 минь..

Гэвч эдгээр ухаалаг утас, таблет, тэднийг интернетийн ертөнцөд хөтлөгч утасгүй Wifi сүлжээ зэргийн хэрэглээ өргөжих тусам, ялгаруулах цахилгаан соронзон долгион нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үү гэдэгт зовних хүн цөөнгүй биз ээ. “Унтахдаа утсаа толгойноосоо хол тавь, Утастайгаа битгий унт” гэж аав, ээж маань үглэхийг би л лав их олон сонссон. Тийм учраас энэхүү асуудлын угт нэвтэрч, цахилгаан соронзон долгионы бодит нөлөөллийн талаар уг нийтлэлээрээ уншигчдадаа хүргэе ээ.

Цахилгаан соронзон долгионд хэт ягаан болон хэт улаан туяа, радио долгион, гэрэл, рентген туяа гээд олон төрлийн долгион хамрагддагийг бид мэднэ. Тэгэхээр эрт дээр үеэс л хүний эргэн тойронд цахилгаан соронзон долгион оршин байсан ба хүний биеэс ч гэсэн хэт улаан туяа цацардаг байна. Цахилгаан соронзон долгионы нөлөөллийг давтамжийнх нь өндөр намаар ялгах бөгөөд ерөнхийд нь дараах байдлаар авч үзэж болно(Хүснэгт №1). 3000ТГц(TГц:терагерц3) буюу түүнээс өндөр давтамжтай цахилгаан соронзон долгионыг диссоциацын буюу бодисын атомыг салгах чадвартай долгион(Х цацраг, Гамма цацраг г.м) гэх ба түүнээс нам давтамжийн цахилгаан соронзон долгионыг диссоциацын бус буюу бодисын атомыг салгах чадваргүй долгион гэнэ. Харин 3ТГц хүртэлх давтамжтай долгионыг цахилгаан долгион гэж нэрлэдэг ба энэ нь ердийн үед бидний эргэн тойронд орших туяа болно. Эндээс үзэхэд нөгөө айхтар, атомын цахилгаан станцаас ялгарах аюултай, их хэмжээгээр хүртвэл хүний генд өөрчлөлт оруулж, хорт хавдрын шалтгаан болдог цацраг идэвхит туяа чинь 3000ТГц-с өндөр давтамжтай цахилгаан соронзон долгион байх нь. Харин цахилгаан долгион нь энэ мэт атомыг салгах хүртэл нөлөөгүй боловч, хүний биед огтхон ч нөлөөгүй гэвэл бас тийм биш юм.

Хүснэгт №1. Долгионы давтамж ба түүний төрлүүд

Давтамжийн цар Нэршил Долгионы жишээ
0-3ТГц Цахилгаан долгион Цахилгаан сүлжээ,тв,  радио, утас г.м
0-3000ТГц Диссоциацын бус цахилгаан соронзон долгион тв, радио, утас, үзэгдэх гэрэл, хэт улаан туяа г.м
10кГц-300ГГц Цахилгаан долгионы стандартад хамаарах долгион тв, радио, утас г.м
3000ТГц ба түүнээс дээш Диссоциацын цахилгаан соронзон долгион Хэт ягаан туяа, Х цацраг г.м

Цахилгаан долгионыг хүний биед үүсгэх нөлөөгөөр нь мөн 2 хэсэгт хуваадаг(Хүснэгт №2). Эхнийх нь өндөр давтамжтай буюу 100кГц-с(кГц:килогерц4) өндөр давтамжтай цахилгаан долгион ба үүний хүчтэй долгионыг шингээснээр хүний биеийн дулаан нэмэгддэг аж. Харин 2-дахь нь нам давтамжтай буюу 100кГц-с нам давтамжтай цахилгаан долгион ба үүний хүчтэй долгионыг шингээснээр хүний биеэр гүйдэл гүйж, мэдрэл болон булчинд нөлөөлдөг байна.

Хүснэгт №2. Цахилгаан долгионы ангилал ба нөлөө

Давтамжийн цар Нэршил Нөлөө
0-100кГц Нам давтамжтай цахилгаан долгион Мэдрэл болон булчин цочрох үйлчилгээ
100кГц-3000ТГц(3000ТГц-с давбал диссоциаци) Өндөр давтамжтай цахилгаан долгион Дулааны үйлчилгээ

Ингээд цахилгаан соронзон долгион болон цахилгаан долгионы талаар ерөнхий мэдээллийг дээр дурьдсан учир, одоо нийтлэлийн маань гол сэдэв болох “Гар утас”-ны талаар авч үзэцгээе. Гар утасны ялгаруулах долгион нь ойролцоогоор 3ГГц(ГГц:гигагерц5)-н давтамжтай юм. Дээрх ангилалаас авч үзэхэд, гар утасны долгион нь өндөр давтамжийн цахилгаан долгион болох ба хүний биеийн дулааныг нэмэгдүүлэхээс өөр нөлөөгүй аж. Өдийг хүртэл хийгдэн ирсэн олон судалгаагаар ч түүнээс өөр нөлөө олж бүртгэгдээгүй байна. Гэхдээ энд нэг асуудал гарч ирдэг нь цахилгаан долгионы хүчний их сул болно. Тухайлбал, хэт хүчтэй цахилгаан долгионыг биедээ шингээх нь хүний биеийн дулааныг ихээр нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулах аюултай.

Тв, радио, утасны операторын станцаас цацагдах цахилгаан долгионы хүчний тухайд, түүнд хязгаарлалт тавьсан стандарт гэж зүйл байдаг ба эдгээр станцуудад тухайн стандартыг давсан орон зайд, энгийн хүний орж гарахыг хориглодог. Мөн гар утас үйлдвэрлэгчид ч уг стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, худалдаалах эрх авдаг байна. Гар утасны тухайд сүлжээгээ дамжуулагч станцуудаар дамжуулан авдагийг бид мэднэ. Орчин үед, гар утасны операторууд хот дотор олон тооны дамжуулагч станцуудыг байршуулах “Селл” хэлбэрийн сервисийг ашиглаж байгаа нь, нэг дамжуулагч станцид ноогдох талбайг багасгаж, улмаар сүлжээний үр ашгийг нэмэгдүүлж, хамгийн гол нь цахилгаан долгионы хүчийг сулруулж байгаа аж. Ингэснээр хүний эрүүл мэндэд учруулах нөлөө буурч, гар утасны цэнэг удаан барих зэрэг сайн талтай ажээ. Мөн гар утаснаас ялгарах цахилгаан долгионы энергийн нэг хэсэг хүний биед шингэж, дулаан болох ба үүнд ч мөн тогтсон стандарт байдаг. Уг стандартыг SAR6(specific absorption rate) гэж нэрлэдэг ба үүнийг ноцтой давахгүй л бол хүний биед гар утаснаас хамаарах сөрөг нөлөө байхгүй гэж үздэг байна. SAR нь нэг ёсондоо хүний биеийн 10г тутамд дурын 6 минутын турш шингээгдэх энергийн хэмжээг илэрхийлсэн хэмжигдэхүүн ба гар утасны SAR нь 2Вт/кг байх ёстой хэмээн тогтоогдсон байдаг. Энэхүү тоо нь аюултай хэмжээнээс даруй 50 дахин бага утга учир, уг стандартыг бага хэмжээгээр давлаа ч гэсэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, дээр дурьдсанчлан гар утаснаас үүдэн биеийн дулаан нэмэгдэхтэй холбогдсон стандарт, хязгаарууд байдаг тул түүнээс үүдэх сөрөг нөлөө бараг байхгүй гэж үзэж болно. Мөн гар утасны цахилгаан долгионоос үүдэн хорт хавдар болон бусад өвчин үүснэ гэсэн нотолгоо, тохиолдол огт олдоогүй байна. Сул цахилгаан долгионыг удаан хугацааны турш авснаас үүдэн хорт хавдар үүсэх үү үгүй юу гэсэн судалгааг өдийг хүртэл амьтан дээр хийсээр ирсэн ч, одоогийн байдлаар аюултай зүйл тогтоогдоогүй байна. Иймд гар утастайгаа ХАМТ УНТСАН ч онол практикт аюулгүй байх нь. Гэхдээ миний зүгээс зөвлөхөд, орон нутаг, суурин биш газар амьдардаг хүмүүс маань аль болох утсаа хол тавьж унтаж байгаарай. Учир нь орон нутгийн сүлжээ дамжуулах станцууд хоорондоо зайтай, хол байдгаас оногдох талбай нь ихэсч, гар утасны ялгаруулах цахилгаан долгионы хүч ихсэх магадлалтай юм. За ер нь тэгээд онцын сөрөг нөлөөгүй байлаа ч гэсэн, өдрийн цагаар байнга халаасалж байдаг утас хойно, ядаж унтахдаа өөрөөсөө холдуулж байх нь хамгийн аюулгүй биз ээ.

2014.4.17

Э.Өнөболд

Үгийн тайлбар

  1. Алимхан – Apple Inc.
  2. 3 од – Samsung Inc.
  3. Терагерц – секундэд 1012 удаа хэлбэлзэх давтамж
  4. Килогерц – секундэд 1000 удаа хэлбэлзэх давтамж
  5. Гигагерц – секундэд 109 удаа хэлбэлзэх давтамж
  6. SAR – шингээлтийн багтаамж

Эх сурвалж: Японы дотоод хэргийн яамны вэб хуудас.
http://www.soumu.go.jp/soutsu/tokai/denpa/jintai/

Хуваалцах

1 Comment

  1. Надад энэ мэдээ ер таалагдсангүй.гар утасны долгионоос үүссэн тархины хавдар gliom той хүмүүс үхсээр л бхад ямар ч сөрөг нөлөөгүй гэж ярихаа болиочээ.хамт унтах бүр аюултай.хүний унтахад шаардлагатай melatonin гормоныг бууруулдын.

Leave a Reply

Your email address will not be published.


*