Сакура (桜)

Анх Японд ирэхэд дотуур байрны гадаа байсан модон дээрх ягаан цэцгийг нэг их анхаарч байгаагүй юм. Яагаад ч юм нэг их гоё харагдаагүй тэр цэцэг жил ирэх тусам харах тоолонд их гоё санагддаг болсоор 5 дахь удаагаа хагдраад дууслаа. Утга учрыг нь ойлгоод хараад ирэхээр илүү сайхан, илүү үзэсгэлэнтэй харагддаг юм болов уу даа.

Японд сакура гэдэг цэцэг жил болгоны 3 сараас 5 сар хүртэл урдаасаа хойшоогоо 7-14 хоногооор цэцэглээд, хагдраад явдаг юм байна. Эхнийх нь цэцэг аль хэдийнээ унасан байхад сүүлийнх нь дэлбээлж эхлээ ч үгүй байна гэсэн үг. Бас богинохон хугацаанд боловч сайхан цэцэг дэлбээлүүлж хосуудад болзох газар, найзуудад уулзах боломж олгоод дуусдаг гэдгээрээ богинохон боловч утга учиртай амьдрахыг бидэнд сануулдаг бололтой. Ийм ч болохоор зарим Япончууд сакураг цэцэгсийн дундах самурай гэж тооцдог гэнэ. Бас дэлбээлэх хугацаа нь Япон дахь ажил, хичээлийн шинэ жилтэй давхцдаг учир шинэ эхлэл, шинэ зорилгыг билэгдэж хүмүүсийн сэтгэл санааг хөгжөөдөг гэнэ. Мөн анх Японд ургаж эхэлсэн гэдгээрээ Японы үндэсний цэцэг гэж тооцогдон, их хүндлэгддэг бололтой.

Япончуудын энэ бүх ойлголт Зэн буддизм, Бүшидо зэрэг гүн ухаануудаас гаралтай юм гэсэн. Тэр талаар уншиж мэдсэн зүйл бага учир зүгээр л өөрийн бодлоо бага зэрэг сийрүүлье гэж бодлоо. Энэ жижигхэн ягаан цэцэг олон талаараа хүний амьдралтай төстэй санагдлаа. Түрүүн хэлсэнчлэн урдаасаа хойшоо унаад хагдраад явдаг ч голдоо тасардаггүй гэдэг нь хүн үүссэнээс хойш үргэлжлүүлэн амьдарч байгаа бидэнтэй төстэй ч юм шиг. Хүн болгоны амьдрал сакураны дэлбээлээд өнгөрөх 7 хоног шиг богинохон байсан ч бид нийлээд нэгэн том цогц зүйл болж, сакура хаврын турш 120 сая Япончуудыг баясгадаг шиг нэгэн том зорилгын төлөө байх ёстой юм болов уу? Тийм бол тэр зорилго нь юу вэ?

Дэлхий үүссэнээс хойш одоог хүртэлх хугацааг яг нэг жил гэж тооцвол хүний ул мөр гарч эхэлсэн нь тэр жилийн 12 сарын 31ний 23 цаг 59 минутаас хойш байдаг юм гэсэн. Энэ агуу том ертөнц, агуу их цаг хугацаанд бид өчүүхэн хэсэг нь байгаа биз. Тэр дундаа хүн үүссэнээс хойших хугацаанд бидний амьдарч өнгөрүүлэх хугацаа нь хэдхэн жил шүү дээ. Азтай нэг нь 100 жил, тэгээд л ер нь тэрнээс бага. Гэхдээ бид энэ өчүүхэн хугацааг утга учиртай байлгаж чадвал хорвоогийн тоосыг хөдөлгөсний хэрэг нь гарах юм болов уу. Хэдхэн хоног дэлбээлээд хагдраад дуусдаг ч 7 хоног ч болов бусдад аз жаргал бэлэглэсэн гэдгээрээ “Сакура” өөрөөрөө бахархдаг байх гэж надад бодогддог юм. Бид ч гэсэн бусдад аз жаргал түгээж, бусдын амьдралд сайн сайхнаар нөлөөлж чадвал бидний өөрсдийн маань амьдрал илүү утга учиртай болох байх.

 “Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

  Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном” гэдэг бид бүхний амьдралын утга учир, зорилго маань байх болтугай.

З.Сугар

Осака

Хуваалцах
About Uguumur Itgel 98 Articles
IHI корпорацид инженер, Механик инженер мэргэжилтэй, Уг веб хуудасны техник хариуцсан дэд ахлагч, эгэл даруу нэгэн :)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*